Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 1-р сарын 12 өдөр
Ulaanbaatar city
МУЗЕЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилго нь музейн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг тогтоож, сан хөмрөг бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Музейн тухай хууль тогтоомж
2.1. Музейн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3 .1. Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт музейн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй үйлчилнэ.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёо
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. ”музей” гэж соёлын үнэт зүйлийг цуглуулах, судлах, хадгалах, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус соёл, шинжлэх ухааны байгууллагыг;
4.1.2. ”музейн үзэл баримтлал” гэж музейн төрөл, үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ, цуглуулгын болон үзүүллэгийн бодлогыг тодорхойлсон баримт бичгийг;
4.1.3. ерөнхий бүртгэл” гэж үзмэрийн хувийн дугаар, нэр, тоо, хэмжээ, тодорхойлолт бүхий бүртгэл, мэдээллийн баримт бичгийг;
4.1.4. “үзмэр” гэж ерөнхий бүртгэлд бүртгэгдсэн музейн өмчийн соёлын үнэт зүйлийг;
4.1.5. ”цуглуулга” гэж нэг болон хэд хэдэн шинжээрээ харилцан холбоотой, тодорхой цаг үеийг төлөөлөх шинжлэх ухаан, урлаг, танин мэдэхүйн ач холбогдолтой үзмэрийн цогц хэсгийг;
4.1.6. ”сан хөмрөг” гэж үзмэр, цуглуулга, түүний хадгалалт хамгаалалтын нөхцөлийг бүрдүүлсэн орон зайг;
4.1.7. ”үзүүллэг” гэж үзмэр, цуглуулгыг шинжлэх ухааны үндэслэлтэй, уран сайхны аргаар дэглэн үзүүлсэн орон зайг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
МУЗЕЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
5 дугаар зүйл. Музей байгуулах
5.1. Музейг төрийн болон орон нутгийн, хувийн өмчийн хэлбэрээр Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байгуулна.
5.2. Музейн үзэл баримтлалыг үүсгэн байгуулагч нь батална.
5.3. Музейн үйл ажиллагааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд эрхэлнэ.
5.4. Музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
5.5. Музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 8 жил байна. Тусгай зөвшөөрөл цуцлах, сунгах асуудлыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
5.6. Эрхэлж буй үйл ажиллагааны чиглэлээр музейг өмчийн хэлбэр харгалзахгүй мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүргийг үндэсний музей хэрэгжүүлнэ.
5.7. Үндэсний музей төрийн хамгаалалтад байна.
5.8. Төрийн болон орон нутгийн өмчийн музей нь олон нийтийн зөвлөлтэй байж болно. Зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6 дугаар зүйл. Музейн үйл ажиллагааны чиглэл
6.1. Музейн нь дараах үйл ажиллагааг эрхэлнэ:
6.1.1. соёлын үнэт зүйлийг эрэн сурвалжлах, нээж илрүүлэх, олж авах;
6.1.2. үзмэрийг бүртгэх, баримтжуулах, музейн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх;
6.1.3. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх;
6.1.4. үзүүллэг дэглэх, үйлчлэх;
6.1.5. гадаад, дотоодод үзэсгэлэн зохион байгуулах;
6.1.6. боловсрол, танин мэдэхүйн ажил зохион байгуулах;
6.1.7. сургалт зохион байгуулах;
6.1.8. эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, үр дүнг хэвлүүлэх, түгээх;
6.1.9. гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;
6.1.10. үзмэрийг гадаад, дотоодын үзэсгэлэнд оролцуулах;
6.1.11. иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн соёлын үнэт зүйлийг түр хугацаагаар үзэсгэлэн, үзүүлэгт дэглэж ашиглах;
6.1.12. хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа.
6.2. Музей нь үйл ажиллагааны хүрээнд Төсвийн тухай хуульд нийцүүлэн худалдаа, үйлчилгээ эрхэлж болно.
6.3. Аймаг, нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа музейн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор 4 жил тутам хараат бус хуулийн этгээдээр үнэлгээ хийлгэнэ. Үнэлгээ хийх аргачлал, үнэлгээ хийх этгээдэд тавих шалгуурыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.4. Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 6.3-т заасан үнэлгээний тайланг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
6.5. Төрөөс хувийн музейд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ. Мэргэжил, арга зүйн дэмжлэгийг энэ хуулийн 5.6-д заасан байгууллага хэрэгжүүлнэ.
7 дугаар зүйл. Музейн үзүүллэг, дэглэлт
7.1. Музей нь үзмэр, цуглуулгыг эргэлтэд оруулах, мэдлэг мэдээлэл түгээх, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх зорилгоор үзүүллэгийг тасралтгүй шинэчлэн дэглэх зарчим баримтлана.
7.2. Төрийн болон орон нутгийн өмчийн музей нь үзэл баримтлалд нийцүүлэн 6 жил тутам үзүүллэг, дэглэлтийн төлөвлөгөөг шинэчлэн баталж, хэрэгжүүлнэ.
7.3. Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгал болон археологи, палеонтологийн дурсгалыг түшиглэн байгуулсан музейд энэ хуулийн 7.2 дахь хэсэг хамаарахгүй.
8 дугаар зүйл. Музейн үйлчилгээний төлбөр
8.1. Музейн үйлчилгээнд 16 нас хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй хамрагдана.
8.2. Музейн үйлчилгээний төлбөрийг музейн захирал тогтооно.
8.3. Музейн захирал дараах тохиолдолд төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж болно:
8.3.1. музейг сургалт, эрдэм шинжилгээний болон бусад зориулалтаар соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрсөн арга хэмжээнд;
8.3.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан иргэнд;
8.3.3. Ахмад настны тухай хуулийн 3.1-д заасан иргэнд.
8.4. Энэ хуулийн 8.3-т заасан хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх хувь хэмжээг санхүү, төсвийн болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
МУЗЕЙН САН ХӨМРӨГ
9 дүгээр зүйл. Музейн сан хөмрөгийн төрөл
9.1. Музей нь үндсэн болон туслах сан хөмрөгтэй байна.
9.2. Үндсэн сан хөмрөгт музейн үзэл баримтлалд нийцсэн, чиглэл, зориулалт, хэлбэр төрх, үнэ цэнийг бүрэн илэрхийлэх үзмэр хамаарна.
9.3. Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад үзмэр туслах сан хөмрөгт хамаарна.
9.4. Сан хөмрөгийн өрөөг үзмэрийн онцлог шинж, хадгалалтын нөхцөл байдлыг харгалзан төрөлжүүлж зохион байгуулна.
9.5. Музейн сан хөмрөгт үзмэр оруулах, сан хөмрөгөөс үзмэр гаргах хөдөлгөөнийг дүрмээр зохицуулна. Дүрмийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9.6. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаас бусад соёлын өвд хамаарахгүй музейн үзмэр, цуглуулгыг даатгуулж болно.
10 дугаар зүйл. Музейн сан хөмрөгийн бүртгэл
10.1. Музейн сан хөмрөгийн бүртгэл, мэдээллийн үндсэн баримт бичиг нь ерөнхий бүртгэл байна.
10.2. Музейн бүх үзмэр нь сан хөмрөгт авсан он, музейн захирлын шийдвэрийн дугаар, тухайн шийдвэрт заасан дэсийн дугаар бүхий хувийн дугаартай байна.
10.3. Музейн ерөнхий бүртгэлд үндэслэн үндсэн болон туслах сан хөмрөгийн бүртгэлийг үйлдэнэ.
10.4. Энэ хуулийн 10.1, 10.3-т заасан бүртгэлийг музейн бүртгэл, мэдээллийн санч гараар бичиж хөтөлнө.
10.5. Энэ хуулийн 10.4-т заасан бүртгэлийг музейн бүртгэл, мэдээллийн санч хариуцан хадгалах бөгөөд музейгээс өөр газарт хадгалах, музейн захирлын зөвшөөрөлгүй бусдад дамжуулах, хэсэгчлэн болон бүтнээр нь хувилан олшруулах, засварлахыг хориглоно.
11 дүгээр зүйл. Музейн сан хөмрөгт соёлын үнэт зүйлийг цуглуулах
11.1. Музейн сан хөмрөгт соёлын үнэт зүйлийг цуглуулах үйл ажиллагааг сан хөмрөгийн зөвлөл зохион байгуулна. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан үлгэрчилсэн журмыг үндэслэн музейн захирал баталж, мөрдүүлнэ.
11.2. Музей нь дараах хэлбэрээр соёлын үнэт зүйлийг сан хөмрөгт цуглуулна:
11.2.1. музейн хайгуул, малтлага, судалгааны ажлын үр дүнд олж авах;
11.2.2. худалдаж авах;
11.2.3. өв, бэлэглэлийн журмаар авах;
11.2.4. эрх бүхий байгууллагын шийдвэрээр шилжүүлж авах;
11.2.5. өөрийн хөрөнгөөр бүтээлгэх;
11.2.6. хандив, тусламжаар авах;
11.2.7. хуулиар хориглоогүй бусад хэлбэрээр.
11.3. Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасан зохиогчийн эрхээр хамгаалах бүтээлийг музейн сан хөмрөгт авахдаа оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байна.
11.4. Төрийн болон орон нутгийн өмчийн музейн сан хөмрөгт соёлын үнэт зүйл худалдан авах журмыг Засгийн газар батална.
12 дугаар зүйл. Музейн сан хөмрөгөөс үзмэр хасах
12.1. Төрийн болон орон нутгийн өмчийн музейн сан хөмрөгөөс түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамаарах үзмэр хасах асуудлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар, бусад үзмэр хасах асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу зохицуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
13 дугаар зүйл. Музейн аюулгүй байдлын хангах
13.1. Музей дор дурдсан аюулгүй байдлыг хангасан байна:
13.1.1. музейн орчны;
13.1.2. барилга байгууламжийн;
13.1.3. сан хөмрөгийн.
13.2. Энэ хуулийн 13.1-д заасан аюулгүй байдлын стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу баталж мөрдүүлнэ.
13.3. Үүсгэн байгуулагч нь харьяалах нутаг дэвсгэрийн онцгой байдлын болон цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран музейн аюулгүй байдлыг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
13.3.1. гамшгийн үед сан хөмрөгийг аврах, үйлчлүүлэгч, музейн ажилтныг гамшгаас хамгаалах болон гамшгийн үеийн үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх дадлага, чадвартай болгох, бэлэн байдлыг хангуулах;
13.3.2. гамшигт өртөж болох эрсдэлийг тооцоолж, эрсдэлийн үнэлгээ (геологийн, газар зүйн, цаг уурын, барилга байгууламжийн, ашиглалт үйлчилгээний гэх мэт) хийлгэх, эрсдэлийг эрэмбэлэх ажлыг Гамшгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан байгууллагаар гүйцэтгүүлэх;
13.3.3. олон улсад шинээр нэвтрүүлж байгаа дэвшилтэт техник технологийг судалж нэвтрүүлэх.
13.4. Музейн сан хөмрөгийг гамшиг болон аюулын үед нүүлгэн шилжүүлэх журмыг Засгийн газар батална.
13.5. Музей гамшиг болон аюулын үед ажиллах нарийвчилсан төлөвлөгөөтэй байна.
13.6. Хог хаягдлын төвлөрсөн цэгээс 2000 метрийн, шатахуун түгээгүүр, тэсэрч дэлбэрэх, дэгдэмхий бодис хадгалах барилга байгууламжаас 1000 метрийн дотор музейн барилга байгууламж барих зөвшөөрөл олгох, музейн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

ТАВДУГААР БҮЛЭГ
МУЗЕЙН АЖИЛТАН
14 дүгээр зүйл. Музейн ажилтан
14.1. Музейд үзмэр цуглуулах, судлах, хадгалах чиг үүргийн хүрээнд үзмэртэй шууд харилцах нийтлэг албан тушаалын жагсаалтыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
14.2. Төрийн болон орон нутгийн өмчийн музейн захирал, сан хөмрөгч, бүртгэл, мэдээллийн санчийн албан тушаалд төрөл, садангийн хүнийг томилж ажиллуулахыг хориглоно.
15 дугаар зүйл. Музейн сан хөмрөгч
15.1. Музей сан хөмрөгчтэй байна.
15.2. Төрийн болон орон нутгийн өмчийн музейн сан хөмрөгчөөр дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг томилно:
15.2.1. дээд боловсролтой, музей, соёлын өвийг хамгаалах чиглэлээр мэргэшсэн;
15.2.2. гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;
15.2.3. музейн ёс зүйн дүрмийг зөрчиж, хариуцлага хүлээж байгаагүй;
15.2.4. сан хөмрөгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй, бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;
15.2.5. давхар ажил эрхэлдэггүй байх.
16 дугаар зүйл. Музейн мэргэжлийн ажилтны ёс зүйн нийтлэг хэм хэмжээ
16.1. Музейн мэргэжлийн ажилтан нь дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг дагаж мөрдөнө:
16.1.1. албаны шугамаар олж авсан хувь хүний өмчид холбогдох соёлын үнэт зүйлийн талаарх мэдээллийг бусдад задруулахгүй байх;
16.1.2. музейн сан хөмрөгт үзмэр худалдан авах үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх эсхүл бусдад давуу байдал олгохгүй байх;
16.1.3. музейн төрөл, үйл ажиллагааны чиглэлд хамаарах соёлын үнэт зүйлийг хувьдаа цуглуулахгүй байх;
16.1.4. соёлын үнэт зүйлсийн хууль бус худалдаанд оролцохгүй байх;
16.1.5. албаны шугамаар олж авсан мэдээллийг ашиг олох зорилгоор бусдад дамжуулах, дамлан худалдахгүй байх;
16.1.6. албан үүргээ гүйцэтгэсний төлөө бусдаас шан харамж авах, эсхүл шан харамж авахаар санал тавих, шаардахгүй байх.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
МУЗЕЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ
17 дугаар зүйл. Музейн үйл ажиллагаанд хяналт тавих
17.1. Музейн үйл ажиллагаанд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын байгууллага болон улсын байцаагч хяналт тавина.
17.2. Музейн үйл ажиллагаанд олон нийтийн зөвлөл хяналт тавьж болно.
18 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
18.1. Музейн тухай хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд, хувь хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
19 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
19.1. Энэ хуулийг 2020 оны ..... дугаар сарын .....-ний өдрөөс дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх