3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “ой” гэж 5 метр болон түүнээс өндөр ургах боломжтой, 10-аас дээш хувийн титмийн бүрхэцтэй, 0.5 га-аас доошгүй талбайд зонхилон ургасан модлог ургамал, бут, сөөг, амьтан, бичил биет, хөрс, ус, агаарын харилцан үйлчлэл бүхий экосистемийг;
3.1.2. “ойн баялаг” гэж ойн модны нөөц, ойн дагалт баялаг болон экосистемийн үйлчилгээний нийлбэрийг;
3.1.3. “ойн экосистем” гэж байгалийн болон таримал ойд орших амьд болон амьгүй бүрэлдэхүүн, тэдгээрийн харилцан хамаарал, экологийн үйл явц, экосистемийн үйлчилгээний нийлбэрийг;
3.1.4. “заган ой” гэж говь, цөлийн бүсэд заг мод зонхилон ургасан, 0.3 га-аас доошгүй талбай, арваас дээш хувийн титмийн бүрхэц бүхий, хөрс хамгаалах, цөлжилтийг сааруулах ач холбогдолтой ойн экосистемийг;
3.1.5. “татмын ой” гэж гол мөрөн, нуур, булаг шанд, ус намгархаг газрын болон хиймэл нуур, хөв цөөрмийн татмын бүсэд ургасан ойг;
3.1.6. “ойн баялаг” гэж ойн модны нөөц, ойн дагалт баялаг болон экосистемийн үйлчилгээний нийлбэрийг;
3.1.7. ”ойн модны нөөц” гэж ойн талбай болон модны эзлэхүүнээр илэрхийлсэн хэмжээг;
3.1.8. “ойн дагалт баялаг” гэж самар, жимс, жимсгэнэ, мөөг, эмийн ургамал, давирхай, шүүс болон ойгоос бэлтгэж ашиглаж болох бусад баялгийг;
3.1.9. “ойн аж ахуйн арга хэмжээ” гэж ойжуулах, ойг нөхөн сэргээх, ойн арчилгаа, эрүүл ахуйн цэвэрлэгээний огтлол хийх, ой зохион байгуулалт, ойн тооллогын судалгаа, ойн хөнөөлт организмын судалгаа хийх, тэмцэх үйл ажиллагааг;
3.1.10. “ойн цэвэрлэгээ” гэж ойн түймэр, хөнөөлт организмд нэрвэгдсэн, хөгширсөн, хүчтэй салхи, их цасанд өртсөний улмаас амьдрах чадваргүй болсон босоо хатсан болон унасан мод, гишүү, мөчрийг цэвэрлэх замаар ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг;
3.1.11. “ойн арчилгаа” гэж ойн бүтэц, чанарыг сайжруулах зорилгоор хийгдэх арга хэмжээг;
3.1.12. “ойжуулалт” гэж ой байгаагүй газарт ой шинээр бий болгох үйл ажиллагааг;
3.1.13. “ойн нөхөн сэргээлт” гэж доройтсон ойг сэргээх үйл ажиллагааг;
3.1.14. “ойн эдийн засаг” гэж ойг хамгаалах, нөхөн сэргээх, ашиглах, боловсруулах болон экосистемийн үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдсон үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоог;
3.1.15. “ойн экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж ойн баялгийн нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээ болон экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг батлагдсан аргачлалд үндэслэн мөнгөн дүнгээр илэрхийлснийг;
3.1.16. “ойн нүүрстөрөгчийн шингээлт” гэж ойн экосистем нүүрстөрөгч шингээж, хуримтлуулах үйл явцыг;
3.1.17. “ойн нүүрстөрөгчийн ялгарал” гэж ойн экосистем доройтож, нүүрстөрөгч алдагдах үйл явцыг;
3.1.18. “ойн нүүрстөрөгчийн кредит” гэж хэмжиж бүртгэсэн нүүрстөрөгчийн шингээлт эсхүл ялгаруулахаас сэргийлсэн хэмжээг;
3.1.19. “мод” гэж 5 метрээс дээш өндөр ургах боломжтой, ганц голлосон иштэй олон наст модлог ургамлыг;
3.1.20. “сөөг” гэж 5 метрээс бага өндөртэй, олон салаалсан иштэй, олон наст модлог ургамлыг;
3.1.21. “хуш модны самрын биологийн ургац” гэж тухайн жилд хушин ойд ургасан самрын нийт ургацыг;
3.1.22. “ногоон байгууламж” гэж хот, суурин газрын орчинд байгаль орчин, нийгэм, гоо зүйн зориулалтаар байгуулсан модлог ургамал бүхий талбай, хотын ойг;
3.1.23. “таримал ой” гэж урьд өмнө нь ой байгаагүй газарт зориудаар модлог ургамал тарьж ургуулан бий болгосон ойг;
3.1.24. “нөхөрлөл" гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8-д заасны дагуу байгуулагдсан нөхөрлөлийг;