4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “зөвшөөрөлгүй гүйлгээ” гэж данс, төлбөрийн хэрэгсэл, хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй этгээд, эсхүл түүний эрх бүхий төлөөлөгчийн тухайн гүйлгээг хийх зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн, гүйцэтгэсэн гүйлгээг;
4.1.2. “мөнгө дамжуулагчийн данс” гэж данс эзэмшигчээс өөр этгээдийн заавар, хяналтаар, эсхүл цахим залилангаар олсон хөрөнгийг тухайн этгээдийн ашиг сонирхлын төлөө хүлээн авах, дамжуулах, хөрвүүлэх, гаргахад ашигласан банкны дансыг;
4.1.3. “санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч” гэж банк, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, банк бус санхүүгийн байгууллага болон хуульд заасан санхүүгийн бусад үйлчилгээг эрхэлж байгаа этгээдийг;
4.1.4. “сэжигтэй гүйлгээ” гэж энэ хуулийн зорилгын хүрээнд цахим залилантай холбоотой байж болзошгүй гэж үзэх тодорхой эрсдэлийн дохио, баримт, мэдээлэл бүхий гүйлгээг;
4.1.5. “сэжигтэй данс” гэж цахим залиланд ашигласан байж болзошгүйг илэрхийлэх тодорхой эрсдэлийн дохио, баримт, мэдээлэл байгаа боловч энэ хуулийн 4.1.15-д заасан шалгалтаар баталгаажаагүй банкны дансыг;
4.1.6. “үйлчилгээ үзүүлэгч” гэж энэ хуулийн 4.1.3, 4.1.7, 4.1.17-д заасан этгээд болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг;
4.1.7. “харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч” гэж харилцаа холбооны сүлжээ ашиглан утасны дуудлага, зурвас, өгөгдөл, интернэт холболтын үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийг;
4.1.8. “хохирогч” гэж цахим залилангийн улмаас хөрөнгө, хөрөнгийн эрхэд нь хохирол учирсан хүн, хуулийн этгээдийг;
4.1.9. “хөрөнгө буцаан олгох” гэж цахим залилангийн улмаас шилжсэн хөрөнгөөс хуульд заасан үндэслэл, журмаар шаардах эрхтэй этгээдэд буцаан шилжүүлэх ажиллагааг;
4.1.10. “хууртагдан зөвшөөрсөн шилжүүлэг” гэж төлбөр шилжүүлэгчийг хүлээн авагчийн хэн болох, шилжүүлгийн зорилго, агуулга, эсхүл бусад чухал нөхцөлийн талаар хуурч төөрөгдүүлсний улмаас тухайн шилжүүлгийг өөрөөр нь эхлүүлсэн, эсхүл зөвшөөрүүлсэн шилжүүлгийг;
4.1.11. “хэрэглэгч” гэж энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлэгчийн үйлчилгээг авах, эсхүл түүнээс санал болгосон үйлчилгээнд хамрагдсан хүн, хуулийн этгээдийг;
4.1.12. “цахим залилан” гэж цахим орчин, харилцаа холбооны сүлжээнд энэ хуулийн 3.3-т заасан технологи ашиглан бусдыг хуурах, луйвардах, бодит байдлыг нуун дарагдуулах, зохиомол байдал бий болгох, бусдын нэр, дүр төрх, бүртгэл, мэдээллийг ашиглан төөрөгдүүлэх, эсхүл итгэлийг нь урвуулан ашиглах замаар хөрөнгө, хөрөнгийн эрхийг хууль бусаар өөртөө, эсхүл бусдад шилжүүлэн авахад чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг;
4.1.13. “цахим залилангийн эрсдэл” гэж цахим орчин, харилцаа холбооны сүлжээнд залилан хийх, үргэлжлэх болон түүнээс хохирол учрах, нэмэгдэх магадлал, түүний болзошгүй үр дагаврыг;
4.1.14. “цахим залилангийн мэдээлэл” гэж цахим залилан, түүний эрсдэл, агуулга, гүйлгээ, данс, утасны дугаар, цахим шуудан, цахим хаяг, учирсан хохирол, авсан арга хэмжээний талаар энэ хуульд заасан үндэслэлээр цуглуулсан мэдээллийг;
4.1.15. “цахим залиланд ашигласан данс” гэж энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан шалгалтаар цахим залилантай холбоотой хөрөнгө хүлээн авах, хадгалах, дамжуулах, хөрвүүлэх, гаргахад ашигласан нь баримтаар баталгаажсан банкны дансыг;
4.1.16. “цахим платформ” гэж мэдээлэл, зар сурталчилгаа байршуулах, нийтэд түгээх, мэдээлэл хайх, эсхүл бараа, ажил, үйлчилгээ санал болгох, хэлцэл хийх, тэдгээрт зуучлах зориулалттай цахим системийг;
4.1.17. “цахим үйлчилгээ үзүүлэгч” гэж цахим платформ ажиллуулах, бусдын мэдээлэл, зар сурталчилгаа байршуулах серверийн үйлчилгээ үзүүлэх, домэйн нэр бүртгэх, удирдах, хэрэглээний программ түгээх үйл ажиллагааг тус тус эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийг;
4.1.18. “шуурхай мэдэгдэл” гэж залилангийн улмаас хөрөнгө шилжих, цааш дамжих, хохирол нэмэгдэхээс сэргийлэх зорилгоор холбогдох үйлчилгээ үзүүлэгч, эрх бүхий байгууллагад энэ хуулийн 15.1-д заасан сувгаар нэн даруй хүргүүлсэн, эрсдэлийг шалгахад шаардлагатай мэдээлэл бүхий мэдэгдлийг;
4.1.19. “шуурхай хамгаалах арга хэмжээ” гэж залилангийн хохирол учрах, нэмэгдэхээс сэргийлэх зорилгоор энэ хуульд тусгайлан заасан үндэслэл, эрх хэмжээ, хугацааны хүрээнд гүйлгээ, хөрөнгийн зарцуулалт, утасны дугаарын үйлчилгээ, цахим хаягийн үйлдэл, тодорхой агуулгын тархалтыг түр хязгаарлах арга хэмжээг;
4.1.20. “эрсдэлийн дохио” гэж тодорхой гүйлгээ, данс, утасны дугаар, цахим хаяг, агуулга, үйл ажиллагаа цахим залилантай холбоотой байж болзошгүйг илэрхийлсэн болон эх сурвалж, илэрсэн хугацаа, холбогдох нөхцөлөөр нь шалгах боломжтой мэдээлэл, техникийн шинж тэмдгийг;
4.1.21. “төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч”, “төлбөрийн үйлчилгээ”, “цахим мөнгө” гэсэн нэр томьёог Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.14, 5.1.16, 5.1.25-д заасан тус тус утгаар;
4.1.22. “виртуал хөрөнгө”, “виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч” гэсэн нэр томьёог Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2-т заасан тус тус утгаар;
4.1.23. “мэдээллийн эзэн”, “хүний хувийн мэдээлэл” гэсэн нэр томьёог Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.1.11-д заасан тус тус утгаар.
4.2. Нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн код, эсхүл баталгаажуулах бусад хэрэгсэл ашигласан нь гүйлгээг эрх бүхий этгээд зөвшөөрсөн, цахим залилангийн нөлөөгүй байсан, эсхүл үйлчилгээ үзүүлэгч үүргээ зохих ёсоор биелүүлснийг дангаар нотлохгүй.