4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “номын сан” гэж мэдлэг, мэдээлэл, боловсрол, соёлын биет өв бүхий сан хөмрөгийг бүрдүүлэх, зохион байгуулах, хадгалах, хамгаалах, ашиглуулах, түгээх, иргэний унших, суралцах, бүтээлч чадварыг хөгжүүлэх үйлчилгээ үзүүлдэг байгууллага, нэгжийг;
4.1.2. “цахим номын сан” гэж зохиогчийн эрхийн зөрчилгүй цахим сан хөмрөгийг бүрдүүлж, боловсруулж, зохион байгуулан цахим сүлжээгээр зайнаас уншигчдад хайх, ашиглуулах үйлчилгээ бүхий тоон хаягтай номын санг;
4.1.3. “номын сангийн үйл ажиллагаа” гэж сан хөмрөгийн бүрдүүлэлт хийх, хадгалах, хамгаалах, зохион байгуулах, түгээх, хүний хөгжлийг дэмжих, насан туршийн боловсрол олгоход чиглэсэн цогц үйл ажиллагааг;
4.1.4. “цахим номын сангийн үйл ажиллагаа” гэж цахим сан хөмрөг бүрдүүлэх, дижитал хэлбэрт шилжүүлэх, хадгалах, хамгаалах, аюулгүй байдлыг хангах болон цахим сүлжээгээр дамжуулан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг;
4.1.5. “цахим номын сангийн үйлчилгээ” гэж уншигчдад цахим сүлжээгээр дамжуулан зайнаас ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг тусгай тоон хаягаар дамжуулан уншуулах үйлчилгээг;
4.1.6. “сан хөмрөг” гэж уншигчийн эрэлт, хэрэгцээг хангах зорилгоор бүрдүүлэн авч, бүртгэх, зохион байгуулах, хадгалж, ашиглуулж байгаа хэвлэмэл болон цахим ном, хэвлэлийн бүтээгдэхүүн, аудио, дүрс болон бусад хадгаламжийг;
4.1.7. “цахим сан хөмрөг” гэж цахим ном, хэвлэлийн бүтээгдэхүүний эх хувилбар, үүсэл, өөрчлөлтийн түүх, нотолгоо, бүрэн бүтэн байдал буюу үндэсний цахим өвийн урт хугацааны хадгалалтыг хариуцах тогтолцоог;
4.1.8. “номын сангийн ажилтан” гэж ажлын байранд тохирох мэргэжлийн боловсрол, ур чадвар, мэргэшил эзэмшсэн, номын сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой мэргэжлийн болон дэмжлэгийн үйл ажиллагааг гүйцэтгэх хүний нөөцийг;
4.1.9. “судлаач номын санч” гэж судалгааны арга зүй, мэдээлэл хайлт, өгөгдөл, ишлэл зүй, эрдэм шинжилгээний хэвлэн нийтлэлтэй холбоотой мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнийг;
4.1.10. “сэдвийн номын санч” гэж тодорхой шинжлэх ухаан, мэргэжлийн салбарын мэдлэгийг номын сангийн мэргэжилтэй хослуулан мэдээллийн эх сурвалжийг бүрдүүлэх, ашиглах, сургалт, судалгааны үйл ажиллагааг дэмжих чиг үүрэгтэй мэргэжилтнийг;
4.1.11. “номын сангийн грант” гэж номын сангийн үйл ажиллагаа, төсөл, судалгаа, хөгжлийн тодорхой зорилтыг хэрэгжүүлэхэд зориулан олгож байгаа буцаан төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэгийг;
4.1.12. “уншигч” гэж номын сангийн үйлчилгээг хүртэгч иргэн, хуулийн этгээдийг;
4.1.13. “тусгай хэрэгцээт уншигч” гэж хөгжлийн бэрхшээлтэй хүн болон номын санд биечлэн ирж үйлчлүүлэх боломж хязгаарлагдсан бусад иргэнийг;
4.1.14. “нийтийн номын сан” гэж тухайн нутаг дэвсгэрийн нийт хүн амд нээлттэй, арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэг, хэл, хөдөлмөрийн чадвар, эдийн засгийн байдал харгалзахгүйгээр үйлчилдэг, нийтийн хэрэгцээнд зориулсан номын санг;
4.1.15. “хүүхдийн болон ерөнхий боловсролын сургуулийн номын сан” гэж хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, хэрэгцээ, сонирхол болон сургалтын хөтөлбөрт нийцсэн ном, хэвлэл, мэдээллийн нөөцийг бүрдүүлж, хүүхдийн унших соёл, мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, мэдээлэлтэй ажиллах чадварыг хөгжүүлэх, бие даан суралцах, танин мэдэх үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ үзүүлдэг номын санг;
4.1.16. “академик номын сан” гэж их, дээд сургууль болон судалгааны байгууллагын сургалт, судалгаа, инновацын үйл ажиллагааг мэдээлэл, ном зүй, мэдлэгийн нөөцөөр хангадаг номын санг;
4.1.17. “тусгай номын сан” гэж тусгай хэрэгцээт бүлгийн уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн, төрөлжсөн үйлчилгээ үзүүлдэг номын санг;
4.1.18. “байгууллагын дэргэдэх номын сан” гэж төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрийн дэргэд тухайн байгууллагын ажилтан, албан хаагчдын мэдлэг, боловсрол, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор мэдлэг, мэдээлэл, ном хэвлэлээр хангадаг номын санг;
4.1.19. “бусад номын сан” гэж номын сангийн тухай хуульд тусгайлан заагаагүй бусад номын санг;
4.1.20. "унших соёл" гэж унших үйл ажиллагааг мэдлэг, мэдээлэл олж авах, сэтгэн бодох, бүтээлчээр хөгжих, насан туршдаа суралцах хэрэгцээ, дадал, хэвшил болгон төлөвшүүлэх үйл явцыг.