Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 4-р сарын 03 өдөр
Улаанбаатар хот
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 дүгээр зүйл. Хуулийн зорилго
1. Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд оршино.
1.2 дугаар зүйл. Хууль ёсны зарчим
1. Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, хэрэглэх албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно.
2. Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно.
3. Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
4. Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.
5. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдэд түүний төрөл, хэлбэр, өмч хөрөнгө, оршин байгаа газар, үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
6. Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.
7. Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно.
1.3 дугаар зүйл.. Шударга ёсны зарчим
1. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, хэрэглэх албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирсон байна.
2. Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна.
1.4 дүгээр зүйл. Зөрчлийн тухай хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацаа
1. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд энэ хуулиар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
2. Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан болон агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд энэ хуулиар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
3. Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, хэрэглэх албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ.
4. Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, хэрэглэх албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.
5. Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, хэрэглэх албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.
6. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ
1.5 дугаар зүйл. Хөөн хэлэлцэх хугацаа
1. Зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол шийтгэл оногдуулахгүй:
1.1. энэ хуульд хүнд арван нэгжээс таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл сануулах, эсхүл баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн;
1.2. энэ хуульд хүнд таван зуун нэгжээс дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;
1.3. энэ хуульд хүнд арван мянган нэгжээс дээш хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил өнгөрсөн;
1.4. энэ хуульд торгох шийтгэлийг хохирол, хор уршгийн тодорхой хувиар тооцон оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн;
1.5. Өрсөлдөөний тухай хууль зөрчих зөрчил үйлдсэнээс хойш 3 жил өнгөрсөн;
1.6. Татварын тухай хууль зөрчих зөрчил үйлдсэнээс хойш 4 жил өнгөрсөн;
1.7. Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчлийг үйлдсэнээс хойш 20 жил өнгөрсөн.
2. Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1.1-1.3 дахь заалтад заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно.
3. Энэ хуулийн тусгай ангид зөвхөн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар заасан бол торгох шийтгэлийн хэмжээг арав дахин багасгаж энэ зүйлийн 1.1-1.3 дахь заалтад заасан торгох шийтгэлийн хэмжээтэй дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно.
4. Хэд хэдэн зөрчил үйлдсэн бол зөрчил бүрд хөөн хэлэлцэх хугацааг тус тусад нь тоолно.
5. Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно.
6. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно.
7. Хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, хэрэг бүртгэлийн хэрэг хаах, нээхээс татгалзах тухай шийдвэр, шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төсөл боловсруулагчид

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх