6.1. Хүний эрх хамгаалагч Монгол Улсын Үндсэн хууль, хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаас гадна дараах эрхтэй байна.
6.1.1. Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалахад оролцох;
6.1.2. хүний эрхийн талаарх шинэ ойлголт, зарчмыг боловсруулах, хэлэлцэх, таниулах, тэдгээрийг хүлээн зөвшөөрүүлэхэд нөлөөлөх;
6.1.3. хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилгоор аливаа хэлбэрээр эвлэлдэн нэгдэх, төрийн бус байгууллага, эвсэл, холбоо, бүлэг, нэгдэл байгуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох;
6.1.4. хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор тайван жагсаал, цуглаан санаачлах, зохион байгуулах, оролцох, мэдээллийг түгээх;
6.1.5. үндэсний, гадаад улсын, бүс нутгийн эсхүл олон улсын байгууллага, эвсэл, сүлжээтэй харилцах, хамтран ажиллах;
6.1.6. хуулиар хориглосноос бусад арга замаар санхүүгийн нөөц, эх үүсвэрийг хайх, хүлээн авах, захиран зарцуулах;
6.1.7. хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд шаардлагатай Төрийн болон албаны нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хуулиар төрийн болон бусад байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад мэдээллийг төр, хувийн хэвшил, иргэний нийгмээс аливаа хэлбэрээр хүлээж авах, эрж хайх, олох, мэдэх, хэвлэн нийтлэх, хадгалах, бусадтай хуваалцах;
6.1.8. хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явцад олсон мэдээллийн эх сурвалжийг тухайн хүний эрхийн зөрчил арилж, эрх бүрэн сэргээгдэх хүртэл хугацаанд нууцлах;
6.1.9. хууль тогтоомжийн төслийг хүний эрхийн зарчимд нийцүүлэх зорилгоор олон нийтийн анхааралд хандуулах, тодорхой санал боловсруулах, үүнийгээ хүлээн зөвшөөрүүлэхэд нөлөөлөх, хэлэлцүүлэх, хууль тогтоогчид хүргүүлэх, хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, шаардлагатай санал зөвлөмж боловсруулах;
6.1.10. төрийн үйл хэрэгт оролцох, төрийн байгууллага, албан тушаалтныг хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хангах, хамгаалах чиг үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор шүүмжлэх, санал, хүсэлт тавих, гомдол гаргах, зөвлөмж хүргүүлэх, хүний эрхийн зөрчил, хууль бус үйлдэлд анхаарлыг нь хандуулах, энэ талаар бусдад мэдээлэх;
6.1.11. хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалах зорилгоор тухайн этгээдийн зөвшөөрлөөр төлөөлөх;
6.1.12. төрийн байгууллага, албан тушаалтан, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын зүгээс өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдлийн талаар олон улсын хүний эрхийн байгууллагад хандан гомдол гаргах;
6.1.13. хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, нийтийн сонсголд ажиглалт хийх, төрийн байгууллага, албан тушаалтан хууль тогтоомж болон олон улсын холбогдох хэм хэмжээг дагаж мөрдөж байгаа эсэхэд байр сууриа илэрхийлэх;
6.1.14. хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар аливаа хүнд өөрийнх нь хүсэлтээр зөвлөгөө өгөх, бусад туслалцаа үзүүлэх, санал болгох;
6.1.15. Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадаадын иргэн,
харьяалалгүй хүнийг албадан гаргах тохиолдолд тухайн этгээдийн хүсэлтээр уулзах, зөвлөгөө өгөх, туслах;
6.1.16. өөрт нь эсхүл гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, төрлийн
буюу садангийн хүн эрсдэлд өртсөн, өртөх нөхцөл бодитой бүрэлдсэн тохиолдолд гэрч, хохирогч, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн этгээдтэй дүйцэхүйц хамгаалалт хүсэх;
6.1.17. хүний эрх хамгаалагчийн хувиар явуулсан үйл
ажиллагааныхаа үед халдлагаас хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, сэтгэл санааны болон бодит хохирлоо барагдуулах, нөхөн төлбөр авах;
6.1.18. цахим мэдээллийг нууцалсан хэлбэрээр солилцох
боломжтой байх, цахим мэдээллийн нууцлалд хууль бусаар халдахаас хамгаалуулах;