Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 12-р сарын 28 өдөр
Улаанбаатар хот
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино.
2 дугаар зүйл. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын хууль тогтоомж
2.1. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлыг энэ хуулиар тодорхойлно.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “хүний эрх хамгаалагч” гэж ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх, эрх чөлөөг эдлүүлэхийг хөхиүлэн дэмжиж, хүчирхийллийн бус арга замаар хүний эрхэм чанар, олон улсын эрх зүйн нийтээр зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг хүндэтгэж, хамгаалахад оролцож байгаа хүнийг;
4.1.2. “хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгэх” гэж төрийн байгууллага, ашгийн бус хуулийн этгээд, аж ахуйн нэгжээс энэ хуулийн 4.1.1-т заасан этгээдийн хууль ёсны үйлдлийг таслан зогсоохгүй, саад учруулахгүй, эсхүл эрх, эрх чөлөөнд нь хууль бусаар халдахгүй байх үүргийг;
4.1.3. “хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах” гэж төрийн болон Төсөл (2020-04-06) төрийн бус этгээдийн зүгээс энэ хуулийн 4.1.1-т заасан этгээдийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэгдсэн төрийн байгууллагын үүргийг;
4.1.4. "хүний эрх хамгаалагчийн эрхийг хангах” гэж энэ хуулийн 4.1.1-т заасан этгээдийн хууль ёсны үйлдлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зохистой нөөцийг хуваарилж, үйл ажиллагааны баталгаа бүрдүүлэх төрийн үүргийг;
4.1.5. "хүний эрх хамгаалагчийн эрхийг зөрчих” гэж Хүний эрх хамгаалагчийн хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаатай холбогдуулан түүнд болон түүний гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, хууль ёсны төлөөлөгчийг доромжлох, гүтгэх, хуурч мэхлэх, залилах, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах, эсхүл хүчирхийлэх, худал цуу тараах, үйл ажиллагааг нь дэмжихгүй байх, дэмжихгүй байхыг уриалах, албадах, заналхийлэх, мөрдөн мөшгих, амь нас , эрүүл мэнд , , эд хөрөнгөд нь гэм хор учруулах үйлдэл, эс үйлдэхүйг;
4.1.6. “гэр бүлийн гишүүн” гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан хүнийг;
4.1.7. “хамтран амьдрагч” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.6-д заасан хүнийг;
4.1.8. “эрсдлийн үнэлгээ” гэж хүний эрх хамгаалагчид учирч буй аюул, эрсдлийн зэргийг тодорхойлох, цаашид хамгаалалтад авах шаардлагатай эсэхийг үнэлсэн дүгнэлтийг.
5 дугаар зүйл. Хуулийн үндсэн зарчим
5.1. Хүний эрх хамгаалагч үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:
5.1.1. хүний эрхэм чанарыг хүндэтгэх;
5.1.2. хууль дээдлэх;
5.1.3. ялгаварлан гадуурхахгүй байх;
5.1.4. авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
5.1.5. хариуцлага зайлшгүй байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ, ХОРИГЛОХ ЗҮЙЛ
6 дугаар зүйл. Хүний эрх хамгаалагчийн эрх
6.1. Хүний эрх хамгаалагч Монгол Улсын Үндсэн хууль, хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаас гадна дараах эрхтэй байна.
6.1.1. Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалахад оролцох;
6.1.2. хүний эрхийн талаарх шинэ ойлголт, зарчмыг боловсруулах, хэлэлцэх, таниулах, тэдгээрийг хүлээн зөвшөөрүүлэхэд нөлөөлөх;
6.1.3. хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилгоор аливаа хэлбэрээр эвлэлдэн нэгдэх, төрийн бус байгууллага, эвсэл, холбоо, бүлэг, нэгдэл байгуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох;
6.1.4. хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор тайван жагсаал, цуглаан санаачлах, зохион байгуулах, оролцох, мэдээллийг түгээх;
6.1.5. үндэсний, гадаад улсын, бүс нутгийн эсхүл олон улсын байгууллага, эвсэл, сүлжээтэй харилцах, хамтран ажиллах;
6.1.6. хуулиар хориглосноос бусад арга замаар санхүүгийн нөөц, эх үүсвэрийг хайх, хүлээн авах, захиран зарцуулах;
6.1.7. хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд шаардлагатай Төрийн болон албаны нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хуулиар төрийн болон бусад байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад мэдээллийг төр, хувийн хэвшил, иргэний нийгмээс аливаа хэлбэрээр хүлээж авах, эрж хайх, олох, мэдэх, хэвлэн нийтлэх, хадгалах, бусадтай хуваалцах;
6.1.8. хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явцад олсон мэдээллийн эх сурвалжийг тухайн хүний эрхийн зөрчил арилж, эрх бүрэн сэргээгдэх хүртэл хугацаанд нууцлах;
6.1.9. хууль тогтоомжийн төслийг хүний эрхийн зарчимд нийцүүлэх зорилгоор олон нийтийн анхааралд хандуулах, тодорхой санал боловсруулах, үүнийгээ хүлээн зөвшөөрүүлэхэд нөлөөлөх, хэлэлцүүлэх, хууль тогтоогчид хүргүүлэх, хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, шаардлагатай санал зөвлөмж боловсруулах;
6.1.10. төрийн үйл хэрэгт оролцох, төрийн байгууллага, албан тушаалтныг хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хангах, хамгаалах чиг үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор шүүмжлэх, санал, хүсэлт тавих, гомдол гаргах, зөвлөмж хүргүүлэх, хүний эрхийн зөрчил, хууль бус үйлдэлд анхаарлыг нь хандуулах, энэ талаар бусдад мэдээлэх;
6.1.11. хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалах зорилгоор тухайн этгээдийн зөвшөөрлөөр төлөөлөх;
6.1.12. төрийн байгууллага, албан тушаалтан, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын зүгээс өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдлийн талаар олон улсын хүний эрхийн байгууллагад хандан гомдол гаргах;
6.1.13. хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, нийтийн сонсголд ажиглалт хийх, төрийн байгууллага, албан тушаалтан хууль тогтоомж болон олон улсын холбогдох хэм хэмжээг дагаж мөрдөж байгаа эсэхэд байр сууриа илэрхийлэх;
6.1.14. хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар аливаа хүнд өөрийнх нь хүсэлтээр зөвлөгөө өгөх, бусад туслалцаа үзүүлэх, санал болгох;
6.1.15. Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг албадан гаргах тохиолдолд тухайн этгээдийн хүсэлтээр уулзах, зөвлөгөө өгөх, туслах;
6.1.16. өөрт нь эсхүл гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, төрлийн буюу садангийн хүн эрсдэлд өртсөн, өртөх нөхцөл бодитой бүрэлдсэн тохиолдолд гэрч, хохирогч, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн этгээдтэй дүйцэхүйц хамгаалалт хүсэх;
6.1.17. хүний эрх хамгаалагчийн хувиар явуулсан үйл ажиллагааныхаа үед халдлагаас хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, сэтгэл санааны болон бодит хохирлоо барагдуулах, нөхөн төлбөр авах;
6.1.18. цахим мэдээллийг нууцалсан хэлбэрээр солилцох боломжтой байх, цахим мэдээллийн нууцлалд хууль бусаар халдахаас хамгаалуулах;
7 дугаар зүйл. Хүний эрх хамгаалагчид хориглох зүйл
7.1. Хүний эрх хамгаалагчид дараах үйлдэл, эс үйлдэхүйг хориглоно:
7.1.1. хүчирхийллийн арга, тайван бус замаар үйл ажиллагаа явуулах, явуулахыг уриалах;
7.1.2. хүний эрх хамгаалагчийн алдар хүнд, нэр төрийг хувийн ашиг сонирхолд ашиглах;
7.1.3. хүний эрх, эрх чөлөөг үл хүндэтгэх, зөрчих;

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАН, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖИЙН ХҮЛЭЭХ НИЙТЛЭГ ҮҮРЭГ
8 дугаар зүйл. Нийтлэг үүрэг
8.1. Төрийн байгууллага, албан тушаалтан, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж дараахь нийтлэг үүргийг хүлээнэ:
8.1.1. хүний эрх хамгаалагчийн эрхийг хүлээн зөвшөөрөх, зөрчихгүй байх, үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандах, хүний эрх хамгаалагч хүчирхийллийн бус, тайван замаар дарамт шахалт, сүрдүүлэг, аливаа айдаст авталгүйгээр үйл ажиллагаа явуулах боломж бүрдүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах;
8.1.2. хуульд заасан үндэслэлгүйгээр хүний эрх хамгаалагчид аливаа хэлбэрээр халдахгүй байх;
8.1.3. хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах зохицуулалтыг байгууллагын дотоод журамдаа тусгаж, хэрэгжүүлэх, ажилтнуудад сургалт зохион байгуулах;
8.1.4. хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйл ажиллагаа явуулж буй хүний эрх хамгаалагчид шаардлагатай газар, мэдээллийн эх сурвалжид чөлөөтэй нэвтрэх боломж олгох;
8.1.5. хүний эрх хамгаалагчид халдсан тухай мэдээлэл, гомдлыг шийдвэрлэсэн хариуг бичгээр Хүний эрх хамгаалагчийн хороонд хүргүүлэх.
9 дүгээр зүйл. Төрийн байгууллага, албан тушаалтны чиг үүрэг
9.1. Монгол Улсын Их Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1. хүний эрх хамгаалагчийн талаарх бодлого боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
9.1.2. хүний эрх хамгаалагчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг барагдуулах, нөхөн төлбөр олгоход шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд хуваарилах;
9.2. Хүний эрх хамгаалагчийн талаар эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
9.2.1. цагдаагийн байгууллага хүний эрх хамгаалагчид халдсан халдлагыг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан журмын дагуу таслан зогсоох, өөрийнх нь зөвшөөрснөөр хамгаалалтад авах, эсхүл энэ хуулийн 11.7-д заасан Хүний эрх хамгаалагчийг хамгаалах хорооны эрсдлийн үнэлгээний дүгнэлтийг үндэслэн хүний эрх хамгаалагчийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан журмын дагуу хамгаалалтад авах;
9.2.2. төрийн эрх бүхий байгууллага хүний эрхийг хамгаалах үйлдэлтэй нь холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулах тохиолдолд Хүний эрх хамгаалагчийн хороонд нэн даруй мэдэгдэх;
9.2.3. хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн тохиолдолд хуулиар хариуцсан чиг үүргийн хүрээнд шаардлагатай бүхий л арга хэмжээг авах.
9.2.4. хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн тохиолдолд хуулиар хариуцсан чиг үүргийн хүрээнд шаардлагатай бүхий л арга хэмжээг авах.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО
10 дугаар зүйл. Хүний эрх хамгаалагчийн хороо
10.1. Хүний эрх хамгаалагчийн хороо (цаашид “Хороо” гэх) нь төр, олон нийтийн төлөөлөл бүхий хүний эрх хамгаалагчийг хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байна. Хороо нь хүний эрх хамгаалагчид халдсан тухай мэдээлэл, гомдлын дагуу холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлэх, бичгээр хариу авах; эрсдлийн үнэлгээ хийх, хүний эрх хамгаалагчийг хамгаалах шаардлагыг үнэлж дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
10.2. Хороо нь Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд бие даасан, хараат бус байдлаар, иргэний нийгэм, ялгаварлан гадуурхалтад өртсөн бүлгүүдтэй нягт уялдаатай ажиллана.
10.3. Хороо ашгийн бус хуулийн этгээдээс нэр дэвшин сонгогдсон дөрвөн гишүүн, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч гэсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй байна.
10.4. Хорооны дарга нь Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн байна.
10.5. Хорооны бүрэлдэхүүнийг томилоход жендэрийн тэнцвэртэй байдал, үндэсний хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хүний эрх хамгаалагчдын олон талт төлөөллийг хангана.
10.6. Хорооны дарга, гишүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ өөрийн албан тушаалд хүндэтгэлтэй хандана.
10.7. Хорооны дарга, гишүүд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ.
10.8. Хорооны үйл ажиллагааны санхүүжилтийг Комиссын төсөвт тусгана.
11 дүгээр зүйл. Хорооны гишүүнийг сонгох
11.1. Ашгийн бус хуулийн этгээдийн төлөөллөөс Хорооны гишүүнд дараах шаардлагыг хангасан хүнийг нэр дэвшүүлнэ:
11.1.1. хүний эрхийг хамгаалах чиглэлээр идэвхитэй, тасралтгүй 7-оос доошгүй жил үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай;
11.1.2. олон улсын, үндэсний хэмжээний хүний эрхийн сүлжээнд ажилладаг;
11.1.3. Нэгдсэн Үндэстний Байгууллагын гэрээний хороод, Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг зэрэг олон улсын механизмд хөндлөнгийн хараат бус илтгэл бичсэн;
11.1.4. ёс зүйтэй байх.
11.2. Ашгийн бус хуулийн этгээдийн төлөөллөөс нэр дэвшүүлэх Хорооны 4 гишүүнийг дараах журмаар сонгоно:
11.2.1. Хүний эрхийн Үндэсний Комисс нээлттэй нэр дэвшүүлэх зарыг 6 сараас доошгүй хугацааны өмнө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, албан ёсны цахим хуудсаар түгээнэ.
11.2.2. Хүний эрхийн Үндэсний Комисс, тус Комиссын Иргэний нийгмийн зөвлөлийн, ашгийн бус хуулийн этгээдийн төлөөлөл бүхий ажлын хэсэг /цаашид ажлын хэсэг гэх/ нээлттэй зар түгээснээс хойш 6 сарын дараа нэр дэвшигчдийн жагсаалтыг нэгтгэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, албаны цахим хуудсаар танилцуулна.
11.2.3. ажлын хэсэг энэ хуулийн 11.1-д заасан шаардлагыг хангасан нэр дэвшигчдийг оролцуулсан нээлттэй сонсгол хийж, нэр дэвшигчдийн талаар хэлэлцүүлэг явуулна.
11.2.4. нээлттэй сонсголын дараа ажлын хэсэг шалгаруулалт хийж, шаардлага хангасан нэр дэвшигчдийн материалыг шалгаруулсан талаарх тэмдэглэлийн хамт Хүний эрхийн Үндэсний Комиссын Иргэний нийгмийн зөвлөлд хүргүүлнэ.
11.2.5. Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд саналаа нууцаар гаргаж, хамгийн олон санал авсан 4 нэр дэвшигчийг Хорооны гишүүнээр сонгогдсонд тооцно.
11.3. Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо нь тус тусын хуралдаанаараа нэр дэвшигчээ шалгаруулж Хүний эрхийн Үндэсний Комиссын хуралдаанд санал болгоно.
11.4. Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3-т заасан журмаар сонгогдсон хүнийг Хүний эрхийн Үндэсний Комиссын хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийг хамгаалах хорооны гишүүнээр батламжилна.
11.5. Хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа 5 жил байх ба нэг удаа улируулан сонгож болно.
11.6. Хорооны гишүүнийг дараах үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлөх асуудлыг Хорооны хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ:
11.6.1. төрийн улс төрийн, захиргааны, тусгай албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон;
11.6.2. биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар Хорооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжгүй болсон тухай өөрөө хүсэлт гаргасан;
11.6.3. гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон.
11.7. Энэ хуулийн 4.1.8-д заасан эрсдлийн үнэлгээ хийх аргачлал, дүгнэлт гаргах журмыг Хороо боловсруулж, Хүний эрхийн Үндэсний Комиссоос баталж, мөрдүүлнэ.
12 дугаар зүйл. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
12.1. Энэ хуулийг зөрчсөн хүн, албан тушаалтан, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан зохих хариуцлага хүлээлгэнэ.
12.2. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
13 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
13.1. Энэ хуулийг 2020 оны ....... сарын ... –ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

Төслийн хэрэглэгчид

Д. ЦОГТБААТАР

Д. ЦОГТБААТАР

Хуулийн төсөл санаачлагч
Д. ЦОГТБААТАР

Ц. МӨНХЦЭЦЭГ

Administrator

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх