Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 1-р сарын 07 өдөр
Улаанбаатар хот
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн эрх, төрийн өмчийн эд хөрөнгийн талаар хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагын бүрэн эрх, төрийн өмчтэй хуулийн этгээд, түүний албан тушаалтны эрх хэмжээ, төрийн өмчийн талаархи бодлогыг хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагааны зарчим, журмыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Үйлчлэх хүрээ
1. Энэ хууль нь Үндсэн хууль, Иргэний хуульд тодорхойлсон төрийн болон орон нутгийн өмчийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад үйлчилнэ.
2. Энэ хууль нь улсын болон орон нутгийн төсөв, Монгол Улсын эрдэнэсийн сан, Ирээдүйн өв сангийн бүрдүүлэлт, хуваарилалт, захиран зарцуулалттай болон Монгол Улсын Хөгжлийн банк, Хадгаламжийн даатгалын корпораци, Ирээдүйн өв сан корпорацийн болон Малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад үйлчлэхгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН ӨМЧИЙН ЗҮЙЛС
З дугаар зүйл. Төрийн өмчийн зүйлсийн тухай ойлголт, ангилал
Төрийн өмч нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмчөөс бүрдэнэ. Төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмч нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөд хуваагдана.
4 дугаар зүйл. Төрийн нийтийн зориулалттай өмч
1. Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ.
2. Төрийн нийтийн зориулалттай өмчид дараахь үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хамаарна:
2.1. иргэдэд өмчлүүлснээс бусад газар;
2.2. газрын хэвлий, түүний баялаг;
2.3. ус, түүний доторх баялаг;
2.4. ой, түүний дагалдах баялаг;
2.5. ургамал, ан амьтны нөөц;
2.6. түүх, соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал;
2.7. археологийн болон палентологийн олдвор;
2.8. хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар тогтоосон бусад эд хөрөнгө.
3. Төрийн нийтийн зориулалттай өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлэх ба үүнтэй холбогдон үүсэх харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.
4. Төрийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн / Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/ , бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж болно.
5 дугаар зүйл. Төрийн өөрийн өмч
1. Төрийн өөрийн өмчид энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох дараахь эд хөрөнгө хамаарна:
1. төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө;
2. төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө;
3. төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрд ногдох хувь хөрөнгө;
4. улсын төсвийн хөрөнгө болон төрийн бусад тусгай сан;
5. төрийн тусгай хэрэгцээний бэлтгэл нөөц;
6. хуульд заасан бусад төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө.
2. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг аж ахуйн зориулалтаар нь Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн ба эргэлтийн хөрөнгө гэж хуваана.
3. Төрийн өөрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
4. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг нийтийн зориулалттай өмчид, эсхүл өөр өмчид шилжүүлэх журмыг хуулиар тогтооно.
6 дугаар зүйл. Төрийн өмчид эд хөрөнгө олж авах
1. Төрийн өмчид эд хөрөнгийг дараахь хэлбэрээр олж авна:
1. энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгө;
2. үйлдвэрлэл, ажил үйлчилгээний үр дүнд бий болсон эд хөрөнгө;
3. эрх бүхий байгууллагын шийдвэрээр худалдан авсан эд хөрөнгө;
4. хандив, тусламж, бэлэглэл, өвлөх журмаар олж авсан эд хөрөнгө;
5. хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан үндэслэл, журмын дагуу нийгэмчилсэн, дайчлан буюу хураан авсан эд хөрөнгө.
6. концессын гэрээний дагуу шинээр бий болсон эд хөрөнгө.
2. Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна.
3. Төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдтэй хамтарч хөрөнгө оруулсан бол төсвөөс санхүүжүүлсэн хувь хөрөнгийн хэмжээгээр төрийн болон орон нутгийн өмчид хамааруулна.
7 дугаар зүйл. Төрийн өмчийн эд хөрөнгийг өмчлөх эрх дуусгавар болох
Төрийн өмчийн эд хөрөнгийг өмчлөх эрх Иргэний хууль, бусад хуульд заасан үндэслэлээр дуусгавар болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН ӨМЧИЙН УДИРДЛАГА
8 дугаар зүйл. Төрийн өмчийн талаархи Улсын Их Хурлын бүрэн эрх
1. Улсын Их Хурал төрийн өмчийн талаар дараахь бүрэн эрхтэй:
1. Улсын Их Хурал бүх ард түмнийг төлөөлөн төрийн өмчийн өмчлөгч байх;
2. төрийн өмчийн улсын нэгдсэн тооллогын дүнгийн тухай Засгийн газрын тайланг хэлэлцэх, төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх хэмжээг тогтоох;
3. төрийн өмчийг барьцаалах, орон нутгийн өмчид шилжүүлэх тухай шийдвэр гаргах;
4. төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах, түүнд өөрчлөлт оруулах;
5. төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой банкны хувьчлалын үндсэн чиглэлийг баталж, хувьчлал хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхэд Монголбанкаар дамжуулан хяналт тавина;
6. хуульд заасан бусад бүрэн эрх.
2. Нийгэмчлэх шийдвэрийг гагцхүү Улсын Их Хурал гаргах эрхтэй.
9 дүгээр зүйл. Төрийн өмчийн талаархи Засгийн газрын бүрэн эрх
Засгийн газар нь төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах бөгөөд энэ талаар дараахь бүрэн эрхтэй:
1. төрийн өмчийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
2. төрийн өмчит хуулийн этгээдийн өөрт олгогдсон эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах хэмжээ, хязгаарыг энэ хуульд нийцүүлэн тогтоох;
3. төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах, шилжүүлэх тухай шийдвэр гаргах;
4. хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах;
5. хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах;
6. төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эд хөрөнгөөс бусад өмчийн этгээдтэй хамтран хуулийн этгээд байгуулах, хөрөнгө оруулах, оруулсан хувь хөрөнгөө татан авах талаар тухайн хуулийн этгээдээс гаргасан саналыг хэлэлцэж шийдвэрлэх;
7. хуульд заасан тохиолдолд бусдын өмчлөлийн зүйлийг төрийн өмчид дайчлан авах шийдвэр гаргах, нийгэмчлэх санал, төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
8. төрийн өмчийн эд хөрөнгийн нэгдсэн тооллогын дүн, төсвийн гүйцэтгэлийн тайланг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;
9. / төрийн өмчит хуулийн этгээдийн улсын ба орон нутгийн төсөвтэй харилцах хуваарийг тогтоох, өөрчлөх;
10. төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой банкны төрийн өмчид ногдох хэсгийг хувьчлах хөтөлбөр, банкин дахь төрийн өмчийн эд хөрөнгийг үнэлэх журмыг Монголбанктай зөвшилцөн батална;
11. хуульд заасан бусад бүрэн эрх.
9 1 дүгээр зүйл. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага
1. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн.
2. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дарга, орон тооны бус найман гишүүнээс бүрдэнэ. Дарга, орон тооны бус гишүүнийг Засгийн газар томилж, чөлөөлнө.
3. Аймаг, нийслэлд төрийн өмчийн төлөөлөгч ажиллана.
4. Төрийн өмчийн төлөөлөгчийн эрх, үүрэг, ажиллах журмыг Засгийн газар батална.”
11 дүгээр зүйл. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараах бүрэн эрхтэй:
1. төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хянах;
2. төрийн өмчийн эд хөрөнгийн анхан шатны бүртгэл, тооллого, тайлан тэнцэл гаргах ажлыг зохион байгуулж удирдах, төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавьж, түүний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авах;
3. төрийн өмчит хуулийн этгээдээс дагаж мөрдөх төлөвлөлт, ашиг орлогын хуваарилалтыг холбогдох байгууллагатай тохиролцон тогтоох;
4. Засгийн газраас баталсан жагсаалтын дагуу эд хөрөнгийг хувьчлах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг тайлагнах;
5. орон нутгийн өмчийг удирдах ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
6. төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, түүний үйл ажиллагаанд хяналт тавих;
7. төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал, захиалгыг хянаж батлах, шинээр авах шийдвэр гаргах;
8. хуульд заасан бусад бүрэн эрх.
12 дугаар зүйл. Төрийн өмчийн талаархи яам, тусгай газрын эрх хэмжээ
1. Эрхэлсэн салбар, хүрээний төрийн өмчит хуулийн этгээдийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж, захиалга, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, шаардлагатай бусад асуудлаар санал боловсруулж холбогдох газарт оруулна.
2. ”Үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, эд хөрөнгийн талаархи бүрэн эрхийг уг асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД, ТҮҮНИЙ ЭД ХӨРӨНГИЙН ЭРХ
13 дугаар зүйл. Төрийн өмчит хуулийн этгээдийн ойлголт, ангилал
Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ. Төрийн өмчит хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь дор дурдсанаар ангилна:
1. төрийн байгууллага, албан газар;
2. төрийн өмчит үйлдвэрийн газар.
3. төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг.
14 дүгээр зүйл. Төрийн байгууллага, албан газрын эд хөрөнгийн эрх
1. Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ.
2. Төрийн байгууллага, албан газар төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг нь өөрт олгогдсон эд хөрөнгийн талаар дараахь эрх, үүрэгтэй:
1. өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах;
2. улсын төсвөөс олгосон хөрөнгийг Төсвийн тухай хуульд заасны дагуу зарцуулж, тайлагнах;
4. төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль дэргэдээ бие даасан гарааны компани байгуулахаас бусад тохиолдолд үндсэн хөрөнгөд хамаарах эд хөрөнгө олж авах, захиалах, данснаас хасаж шилжүүлэх, устгах саналаа төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тавьж, энэ хуулиар тогтоосон журмын дагуу зөвшөөрөл авах.
3. Төрийн болон орон нутгийн өмчийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хяналт, эмнэлгийн үйлчилгээнд тавих шаардлага, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар зохицуулна.
15 дугаар зүйл. Төрийн өмчит үйлдвэрийн газрын ангилал
1. Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэгт дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилна:
2. Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ.
3. Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийг улсын төсөвт үйлдвэрийн газар гэнэ.
16 дугаар зүйл. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын эд хөрөнгийн эрх
1. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь эд хөрөнгийн талаар дараахь эрх, үүрэгтэй:
1. өөрт олгогдсон үл хөдлөх хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах;
2. үндсэн хөрөнгийг энэ хуульд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах;
3. үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас эрх бүхий байгууллагаас баталсан нормативт хэмжээгээр өөртөө үлдээж захиран зарцуулах;
4. үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах.
2. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар үндсэн хөрөнгийг зөвхөн төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр данснаас хасах буюу борлуулах, устгах эрхтэй.
17 дугаар зүйл. Улсын төсөвт үйлдвэрийн газрын эд хөрөнгийн эрх
1. Улсын төсөвт үйлдвэрийн газар нь эд хөрөнгийн талаар энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан төрийн байгууллага, албан газартай нэгэн адил эрхтэй.
18 дугаар зүйл. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиргаа
1. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг үйлдвэрийн газрын Захирал удирдана. Захирлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, зохих салбар, хүрээний яам, агентлагтай зөвшилцөн томилох буюу өөрчилнө.
2. Захирлаар томилогдох этгээд дор дурдсан шаардлага хангасан байвал зохино:
1. дээд боловсролтой;
2. аль нэг хуулийн этгээд буюу түүний салбар нэгжийн удирдах ажлыг 2-оос доошгүй жил хийсэн, удирдлагын зохих дадлагатай;
3. удирдлагын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг.
3. Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, удирдаж байсан хуулийн этгээдээ дампууруулсан, эсхүл удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өөрчлөгдсөн этгээдийг 5 жилийн дотор захирлаар томилохыг хориглоно.
4. Захирал төрийн, хувийн өмчийн, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлд орох, тэдгээрийн захиргаанд буюу олон нийтийн болон шашны байгууллага, сангийн удирдах ажлыг хавсран гүйцэтгэхийг хориглоно.
5. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиргааны албан тушаалын жагсаалт, орон тооны нормативыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.
19 дүгээр зүйл. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиралтай байгуулах гэрээ
1. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлыг / цаашид “захирал” гэх/ томилохдоо гэрээ байгуулна. Гэрээнд дараахь нөхцөлийг тусгана:
1. энэ хуульд заасан эрх, үүрэг;2/ эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, хүргэх түвшин;
2. техник, технологийг шинэчлэх даалгавар;
3. хамт олны хөдөлмөр хамгаалал, нийгмийн талаар авах арга хэмжээ;
4. менежментийн бодлого;6/ захирлаас болон үүргээ биелүүлэх талаар төрөөс хүлээх үүрэг;
5. удирдаж байгаа үйлдвэрийн газарт нь өмчлөгчөөс олгосон эд хөрөнгө, түүний хэмжээ;
6. цалин, нэмэгдэл хөлс, энэ хуульд заасан урамшуулал;
7. ажлын нөхцөл /унаа, холбоо зэрэг/;
8. энэ хуульд заасан эд хөрөнгийн хариуцлага;
9. гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх журам, хугацаа;
10. хуульд харшлаагүй бусад нөхцөл.
2. Захирал гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх бодит шалтгаангүй бол түүнийг ажлаас халах үндэслэл болно.
20 дугаар зүйл. Захирлын эд хөрөнгийн эрх, үүрэг
1. Захирал дараахь эрх, үүрэгтэй:
1. тухайн үйлдвэрийн газрыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, итгэмжлэл олгох;
2. үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах;
3. үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөө боловсруулж, зохих байгууллагаар батлуулан биелэлтийг хангах;
4. үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох;
5. үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, технологийн нууцад хамаарах мэдээллийг тогтоох;
6. хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх;
7. тогтоосон журмын дагуу анхан шатны бүртгэлийг хөтөлж нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргах ажлыг зохион байгуулж, тэдгээрийн үнэн зөвийг хариуцах;
8. маргаантай асуудлаар үйлдвэрийн газраа төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах;
9. улсаас хатуу тогтоосноос бусад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох;
10. эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх, тушаал, заавар гаргах;
11. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
2. Захиралд энэ зүйлд заасан нийтлэг эрх, үүргээс гадна тухайн үйлдвэрийн газрын үйл ажиллагааны онцлогтой холбоотой бусад эрх, үүрэг эдлүүлэх талаар энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан гэрээнд тусгаж болно.
3. Захирал шаардлагатай мэргэжилтэн, албан тушаалтныг оролцуулан захирлын зөвлөл байгуулан ажиллуулж болох ба зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг захирлын тушаалаар батална.
Зөвлөлийн гишүүд захиралд гагцхүү зөвлөх эрхтэй ажиллана.
4. Захиралд дараахь урамшуулал үзүүлэхээр гэрээнд тусгаж болно:
1. үйлдвэрийн газрын ашгаас тодорхой хугацаанд тодорхой хувиар олгох;
2. гэрээний үүргийн биелэлтийг харгалзан тодорхой хэмжээний мөнгөн шагнал олгох.
5. Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон энэ хууль, гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна.
21 дүгээр зүйл. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, түүний эд хөрөнгийн эрх, онцлог
1. Төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гэнэ.
2. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг дараах байдлаар томилно.
1. төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллагын хуралд төрийг төлөөлөх этгээдийг уг хурлаар хэлэлцэх асуудал бүрээр өгөх саналын удирдамжийн хамт төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа этгээд томилох;
2. төрийн өмчийн оролцооны хувь хэмжээтэй хувь тэнцүүлэн тухайн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийг төлөөлөх гишүүний нэрийг төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа этгээд тухайн компанийн нэр дэвшүүлэх хороонд санал болгох бөгөөд нэр дэвшүүлэх хороо тэрхүү нэр дэвшигдэж байгаа этгээд нь хуульд заасны дагуу төрийг төлөөлөх этгээд мөн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилуулахаар хувьцаа эзэмшигчдийн хуралд шууд оруулах үүрэгтэй;
3. энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх этгээдийг Засгийн газар тогтоох.
3. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Гишүүдийн хуралд төрийг төлөөлж оролцохоор томилогдсон төрийн өмчийн төлөөлөгч нь тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон байна.
4. Төрийн өмчийн төлөөлөгч дараахь эрх үүрэгтэй:
1. гишүүдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд таслах эрхтэй оролцох;
2. төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн эд хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах талаар санал боловсруулж төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад оруулах;
3. олгогдсон эрх хэмжээнийхээ дотор төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх.
5. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон энэ зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасны дагуу тогтоосон этгээд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийг төлөөлж оролцох гишүүдийг томилохдоо дараах болзлыг хангасан нэр дэвшигчдээс томилно:
1. тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвартай;
2. тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх;
3. төрийн захиргааны албан хаагч болон энэ зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасны дагуу тогтоосон этгээдийн ажилтан байх.
6. Төрийн өмчийн төлөөлөгч болон төлөөлөн удирдах зөвлөлийн төрийг төлөөлөх гишүүнээр томилогдсон этгээд нь төрийн мэдлийн хувьцаа эзэмшигчээс баталсан удирдамж, зааврыг баримтлан ажиллана. Удирдамж, зааврыг зөрчсөн буюу зохих ёсоор биелүүлээгүй нь түүнийг томилсон шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
8. Төр төлөөлж Гишүүдийн хуралд оролцож байгаа төрийн өмчийн төлөөлөгч нь тухайн хуулийн этгээдийн бусад хувийн өмчлөгчөөс төлөөлөн удирдах зөвлөлд сонгогдож байгаа гишүүний талаар санал өгөхгүй.
9. Энэ хууль болон бусад хуульд нийцүүлж Засгийн газар төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн өмчийн төлөөллийн талаар тусгай журам тогтоож болно.
11. Төрийн өмчийн төлөөлөгч нь төлөөлөн удирдах зөвлөлтэй тухайн хуулийн этгээдийн хэтийн төлөвлөгөөг тохиролцож, түүний хэрэгжилтийг хянаж, дүгнэхээс бусад хэлбэрээр өдөр тутмын удирдлагын үйл ажиллагаанд оролцохгүй.
12. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон төрийн албан хаагч эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин хөлснөөс бусад төрлийн шан харамж, урамшуулал авахыг хориглоно.
13. Төрийн мэдлийн хувьцаа эзэмшигч нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс олгох ногдол ашгийн хувь хэмжээг тогтоох саналыг төлөөлөн удирдах зөвлөлд бичгээр гаргана.
14. Төлөөлөн удирдах зөвлөл энэ хуульд заасан тайлан, бусад мэдээллийг холбогдох байгууллагад хугацаанд нь гаргаж өгөх үүрэгтэй.
15. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нийт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааны санхүүгийн үр дүн, тэдгээрээс төсвийн байгууллагын санхүү болон мөнгөн хөрөнгийн гүйлгээнд нөлөөлөх байдал, ажлын үр дүнд хяналт тавина.
16. Төрийн өмчит, төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээл авч, үнэт цаас гаргана.
18. Энэ зүйлийн 16-д заасан зөвшөөрөлд төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн тухайн санхүүгийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр богино хугацаанд авах зээл, үнэт цаас хамаарахгүй.
19. Энэ зүйлийн 16-д заасан зөвшөөрөлд төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх зээл хамаарахгүй.
20. Энэ зүйлийн 16-д заасан зөвшөөрөлгүйгээр төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд нь зээл авах, үнэт цаас гаргахыг хориглоно.
21'. дүгээр зүйл.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналт
1. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлага жил бүрийн 3 дугаар сарын 01-ний дотор тухайн хуулийн этгээдийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх талаарх санал /цаашид “зорилтын санал” гэх/-ын төслийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
2. Зорилтын саналд ирэх 3 жилд эрхлэх үйл ажиллагаатай холбогдсон дараах зүйлийг тусгана:
1. байгууллагын 3 жилийн хэтийн зорилт;
2. үйл ажиллагааны төрөл, хамрах хүрээ;
3. нягтлан бодох бүртгэлийг хөтлөн явуулахад баримталсан бодлогын тухай тайлбар;
4. санхүүгийн төлөв, түүний дотор төлөвлөж байгаа ашиг;
5. төсөвт оруулахаар төлөвлөсөн ногдол ашиг;
6. төлөвлөж байгаа хөрөнгө оруулалт.
21. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн зорилтын саналыг хянаж, нэгтгэн санал дүгнэлтийн хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 03 дугаар сарын 15-ны дотор хүргүүлнэ.
31. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдтэй эцэслэн тохирсон зорилтын саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 04 дүгээр сарын 05-ны дотор хүргүүлнэ.
41. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлага нь төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай тухайн хуулийн этгээдийн зорилтын саналын талаар жил бүрийн 03 дугаар сарын 25-ны дотор тохиролцоно.
6. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газар болон Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд зорилтын саналыг танилцуулна.
7. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Компанийн тухай хуульд заасан журмын дагуу жилийн эцсийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан гаргана.
8. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн тайлан нь түүний зорилтын саналтай харьцуулан дүгнэж болох ижил үзүүлэлттэй байх бөгөөд шаардлагатай мэдээллийг агуулсан байна.
9. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 02 дугаар сарын 15-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийлгэнэ.
10. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд аудитын дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор тайлангаа аудитын дүгнэлтийн хамт төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
22 дугаар зүйл. Төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, бүртгэх
Төрийн өмчит үйлдвэрийн газар ба албан газрыг Засгийн газрын буюу хуулиар тусгайлан олгосон эрх бүхий байгууллагын шийдвэрээр байгуулах бөгөөд уг шийдвэр гарсан өдрөөр байгуулагдсанд тооцож дор дурдсан журмаар бүртгэнэ:
23 дугаар зүйл. Төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгах
Төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгахад Иргэний хууль болон бусад хуульд заасан үндэслэл, журмыг баримтална.

ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН ӨМЧИЙГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
24 дүгээр зүйл. Төрийн өмчийн эд хөрөнгийг олж авах
1. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар өөрийн чиг, үүрэг зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эд хөрөнгийн жагсаалтыг санхүүгийн жил эхлэхээс З сарын өмнө гаргаж, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Сангийн яамаар зардлын дээд хязгаарыг батлуулна.
2. Төрийн байгууллагаас бусад төрийн өмчит хуулийн этгээд батлагдсан зардлын хэмжээнд багтаан шаардлагатай хөрөнгийг өөрөө худалдаж авах ба төрөөс түүнд хариу төлбөргүйгээр олгож болно.
3. Төрийн өмчит хуулийн этгээд үл хөдлөх хөрөнгийг захиалгын үндсэн дээр зөвхөн төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр олж авна.
25 дугаар зүйл. Төрийн өмчийн эд хөрөнгийг үнэлэх, бүртгэх
1. Төрийн өмчийн эд хөрөнгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмаар үнэлж бүртгэнэ.
2. Зах зээлийн үнэ, валютын ханшны өөрчлөлт зэргийг харгалзан эд хөрөнгийг дахин үнэлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно.
3. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас бүтээгдэхүүн, ажил үйлчилгээндээ тогтоосон үнэ нь тухайн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний зах зээлийн үнийн талаар төрөөс баримталж байгаа бодлогод болон нийгмийн ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэх шинжтэй гэж үзвэл Засгийн газраас хянаж, өөрчлүүлэх тухай шийдвэр гаргаж болно.
4. Эд хөрөнгийн үнэлгээ, бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн дансанд тусгах заавар, журмыг Сангийн яам гаргана.
26 дугаар зүйл. Төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах
Төрийн өмчит хуулийн этгээд нь өөрт олгогдсон эд хөрөнгийг энэ хуулиар тогтоосон журмын дагуу эзэмшиж ашиглана.
27 дугаар зүйл. Төрийн өмчийн эд хөрөнгийг төрийн өмчийн бус этгээдэд эзэмшүүлж, ашиглуулах
1. Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр концессийн болон түрээсийн гэрээгээр, мөн хуулиар зөвшөөрсөн бол үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно.
2. Төрийн өмчийн газар, түүний хэвлий, төрийн болон орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг концессоор эзэмшүүлэх, ашиглуулах, концессын гэрээний үндсэн дээр шинээр бий болгох, шинэчлэн сайжруулахтай холбогдсон харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна.
28 дугаар зүйл. Төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх
1. Төрийн нийтийн зориулалттай өмчийг түрээслүүлэх журмыг Улсын Их Хурал, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно
2. Засгийн газраас тусгайлан журамласнаас бусад үл хөдлөх хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төрийн өмчит хуулийн этгээд эдэлнэ.
3. Түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан нөхцөлөөс гадна эд хөрөнгө түрээслүүлэх хугацаа, төлбөр, нөхцөл, хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, үүсэх үр дагавар, түүнийг арилгах журмыг заавал тусгана.
4. Түрээсэлсэн эд хөрөнгийг худалдах тохиолдолд түрээслэгчид Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан эрх /тэргүүн ээлжинд худалдан авах/ эдлүүлэх эсэхийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ.
5. Төрийн өмчийн түрээсийн төлбөрийг улсын төсөвт оруулна. Уг төлбөр тухайн эд хөрөнгийг худалдан авах үнийн төлбөрт үл хамаарна.
29 дүгээр зүйл. Төрийн өмчийн эд хөрөнгийг худалдах
1. Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно.
З0 дугаар зүйл. Төрийн өмчийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлэх
1. Төрийн өмчийн эд хөрөнгийг орон нутгийн өмч бүрдүүлэх зорилгоор үнэ төлбөргүй шилжүүлэх асуудлыг гагцхүү Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
2. Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр, Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлж болно.
3. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно.
4. Төрийн өмчийн эд хөрөнгөнөөс нэг удаагийн тэтгэмж, тусламж олгох журмыг Засгийн газраас тогтооно.
З1 дүгээр зүйл. Эзэмшилдээ байгаа илүүдэл буюу ашиглах хугацаа дууссан, шаардлага хангахгүй болсон эд хөрөнгийг худалдах, шилжүүлэх, устгах
1. Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг худалдах, шилжүүлэхэд энэ хуулийн 29, 30 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авна.
3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгийг худалдах, шилжүүлэх, устгахад дараахь журмыг баримтална:
1. худалдах, шилжүүлэх, устгах эд хөрөнгийн талаар өмч хамгаалах Байнгын зөвлөл дүгнэлт гаргасан байх;
2. илүүдэл эд хөрөнгө болон элэгдэл хорогдлын шимтгэлээр анхны үнийг нь нөхсөн, түүнчлэн нөхөөгүй боловч гэмтэж, засаж сэлбээд өөр зориулалтаар ашиглаж болох эд хөрөнгийн үнийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн тогтоох;
3. засаж сэлбэн ашиглах боломжгүй эд хөрөнгийг акталж устгах;
4. ашиглах хугацаа дуусаагүй боловч осол, гэмтлийн улмаас ашиглах боломжгүй болсон эд хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр энэ зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэх;
5. осол, гэмтэл гарсан шалтгааныг тогтоож, хэрэв тодорхой этгээдийн буруугаас уг осол, гэмтэл гарсан бол Иргэний хуульд заасан журмаар хохирлыг арилгуулах.
4. Энэ зүйлийн З дахь хэсгийн 1-д заасан өмч хамгаалах Байнгын зөвлөлийг үндсэн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал, эсхүл түүний үүрэг биелүүлдэг менежерээр толгойлуулж ерөнхий ня-бо, технологич зэрэг мэргэжлийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэйгээр захирлын шийдвэрээр байгуулна.
5. Гүйцэтгэх ажлын зориулалттай эд хөрөнгийг худалдан авах, үйлдвэрлэх, эргэлтийн хөрөнгөд бүртгэх, захиран зарцуулах, шилжүүлэх, устгахтай холбогдох харилцааг төрийн өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, тагнуулын төв байгууллагын даргатай хамтран баталсан журмаар зохицуулна.