“101 дүгээр зүйл.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд хориглох зүйл
101.1. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид дараах үйлдлийг хориглоно:
101.1.1.хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх;
101.1.2.энэ хуулийн 10.1.7, 10.1.8, 10.2-т заасан эрүүл мэндийн шаардлага хангаагүй ажилтныг ажлын байранд нэвтрүүлэх;
101.1.3.хүнс үйлдвэрлэхдээ бүртгэгдээгүй, хугацаа хэтэрсэн хүнсний нэмэлт хэрэглэх, эсхүл хүнсний нэмэлтийг хэмжээнээс нь хэтрүүлэн хэрэглэх, зориулалтыг өөрчилж хэрэглэх;
101.1.4. түүсэн ойн дагалдах баялгийн өнгө, зүс, амт чанарыг урт хугацаанд хадгалах зорилгоор хүнсний нэмэлт дур мэдэн хольж хэрэглэх, зах зээлд нийлүүлэх;
101.1.5.ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн дэх пестицидийн үлдэгдэл, малын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх антибиотикийн үлдэгдэл зөвшөөрөх дээд хэмжээнээс хэтэрсэн агууламжтай хүнс үйлдвэрлэх;
101.1.6.газар тариалангийн үйлдвэрлэлд ургамал хамгааллын бодис, бордоо зэргийг технологийн бус аргаар хэрэглэх;
101.1.7.Хяналтын байгууллага үйл ажиллагааг нь түр болон бүрмөсөн зогсоосон тохиолдолд үйл ажиллагаа явуулах.
101.2.Энэ хуулийн 101.1-д заасныг зөрчсөн дараах этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ:
101.2.1.Энэ хуулийн 101.1.1-101.1.2-т заасныг зөрчсөн буруутай этгээд;
101.2.2.Энэ хуулийн 101.1.3-101.1.6-д заасныг зөрчсөн нь лабораторийн шинжилгээний дүнгээр тогтоогдвол тариаланч, малчин, малын эмч, үйлдвэрлэгч, ойн дагалдах баялаг түүсэн, худалдаалсан этгээд.