5.1. Шинэ сонгогдсон Ерөнхийлөгчийн Монгол Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөх ёслолыг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдааны танхимд үйлдэнэ.
5.2. Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулиар тогтоосон өдөр, цагт Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон тангаргийг дараах журмын дагуу өргөнө:
5.2.1. Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ажиллагааг нээж "Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө" хэмээн зарлан мэдэгдэнэ;
5.2.2. энэ хуулийн 5.2.1-д заасны дагуу зарлан мэдэгдсэний дараа бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч Тамгын газрын даргыг, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг тус тус дагуулан чуулганы танхимын зохих хэсэгт хүрэлцэн ирж, тусгайлан бэлтгэсэн ширээний ард зогсоно;
5.2.3. бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч хүрэлцэн ирэхдээ Төрийн тамгыг залж авчран ширээн дээр тавина. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үед Төрийн тамгыг хамгаалах үүргийг Төрийн ёслолын хүндэт харуулын дарга гүйцэтгэнэ;
5.2.4. шинэ сонгогдсон Ерөнхийлөгч индэрт гарч Монгол Улсын Үндсэн хуулийн эх хувь дээр баруун гараа тавиад тангаргийг дээдлэн дуудаж, ширээнээ эргэн очиж тангарагт гарын үсгээ зурж, Улсын Их Хурлын даргад тангараг бичгээ гардуулна;
5.2.5. энэ хуулийн 5.2.4-т заасны дагуу тангараг бичгээ гардуулсны дараа Төрийн далбааны дэргэд очиж ам дөрвөлжин цагаан эсгий дээр зүүн өвдөг сөгдөн Төрийн далбаанаас адис авна;
5.2.6. бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа Төрийн тамгыг нанжвандан хадаг дээр залж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгчид хүндэтгэлтэйгээр өргөн барина. Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардан авч, ширээн дээрээ зална;
5.2.7. Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан хүрэлцэн ирж тусгайлан бэлтгэсэн ширээний ард зогсоно;
5.2.8. Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болсон бол шинэ сонгогдсон Ерөнхийлөгчид Төрийн тамгыг Улсын Их Хурлын дарга энэ хуулийн 5.2.6-д заасны дагуу гардуулан өгнө;
5.2.9. тангараг өргөсөн Ерөнхийлөгч Төрийн тамгыг залмагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид баяр хүргэж, хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэнэ;
5.2.10. төрийн дуулал эгшиглэж байхад хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тухайн ёслолын ажиллагаанд оролцож байгаа бүх хүн босож зогсоно;
5.2.11. төрийн дуулал эгшиглэсний дараа Ерөнхийлөгч Улсын Их Хурал болон ард түмэндээ хандаж илгээлт гаргаж болно;
5.2.12. Ерөнхийлөгч илгээлт гаргаж дуусмагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэх бөгөөд үүний дараа Ерөнхийлөгч Монгол Улсын нэгдсэн тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэл үзүүлж адис авна;
5.2.13. бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч Тамгын газрын даргыг, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан Ерөнхийлөгчийн өргөөнд хүрэлцэн ирж, ажил хүлээлгэн өгөх ёслол болно;
5.2.14. Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан Ерөнхийлөгчийн өргөөнд хүрэлцэн ирж, ажил хүлээлгэн өгөх ёслол болно.
5.3. Бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцох боломжгүй бол Улсын Их Хурлын дарга түүнийг орлоно.
5.4. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Улсын Их Хурлаас томилогддог болон ажлаа шууд хариуцан тайлганадаг байгууллагын удирдах албан тушаалтан, улс төрийн намын удирдлага, хэвлэл, мэдээллийн ажилтан, иргэдийн төлөөлөл, гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, зочдыг урьж болно.
5.5. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын бэлтгэл хангах, ёслолыг зохион байгуулах үйл ажиллагааг Улсын Их Хурлын Тамгын газар Төрийн ёслолын албатай хамтран гүйцэтгэнэ.
5.6. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг олон нийтийн радио, телевиз болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд нэвтрүүлнэ.