5.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
5.1.1. ."усны нөөц" гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газарт байгаа гадаргын ус болон газрын доорх усыг;
5.1.2. “гадаргын ус” гэж газрын гадарга дээр ил орших мөстөл, мөсөн гол, нуур, намаг, гол, мөрөн, горхи, рашаан, булаг шанд, тойром зэрэг байгалийн ус, усан сан, цөөрөм, хөв гэх ус нөөцлүүрт хуримтлуулсан усыг;
5.1.3. газрын доорх ус” гэж газрын гадаргаас доош орших хөрсний ус, нүх сүв, ан цавын ус, артезийн ус болон хагас тусгаарлагдмал уст давхарга зэрэг геологийн бүтцэд тогтсон усыг;
5.1.4. “хилийн ус” гэж Монгол Улсын хилийг дамжин урсах болон хилийн шугамын дагуу оршдог гол, мөрөн, нуур, газрын доорх усыг;
5.1.5. “мөстөл, мөсөн гол” гэж удаан хугацаанд уулсын орой, хажуу, хунх, хөндийд хуримтлагдан тэдгээрээс доош хажуу, хөндий даган аажим шилжих, гулсах, хайлах хур цас, мөсийг;
5.1.6. “цэвдэг” гэж хоёр жил буюу түүнээс дээш хугацаанд 0’, түүнээс доош хэмд оршиж байгаа хөрс чулуулгийг;
5.1.7. усан сан” гэж усны нөөцийг хуримтлуулах, зохицуулах зорилгоор байгуулсан барилга байгууламж, тогтонги ус, хөв,цөөрөм хур тунадасны ус нөөцлүүрийг;
5.1.8. “усан орчин” гэж усны амьтан, ургамлын амьдрах орчин, усны сан бүхий газар болон тэдгээртэй харилцан хамааралтай усны экосистем, тэдгээрийн амьд организмын орчныг;
5.1.9. "ашиглах боломжит нөөц" гэж усны сав газрын экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр тодорхой хугацаанд усны эх үүсвэрийн тогтоосон нөөцөөс ашиглаж болох усны хэмжээг;
5.1.10. "усны сав газар" гэж гадаргын болон газрын доорх усны урсац бүрдэх ус хурах талбай ба түүний ул хөрс, гео-орчин, тэжээгдэлийн муж, тархалтын талбайг хамарсан орон зайг;
5.1.11. "усны сан бүхий газар" гэж мөстөл, мөсөн гол, нуур, тойром, гол, мөрөн, горхи, булаг, шанд, рашаан, намаг, усан сан, цөөрмийн эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг;
5.1.12. "гол, мөрний урсац бүрдэлдэх эх" гэж гадаргын урсцын үндсэн хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эхийг;
5.1.13. "усны эх үүсвэр" гэж ус хангамжийн зорилгоор ашиглаж байгаа гадаргын болон газрын доорх ус;
5.1.14. "рашаан" гэж физик, химийн өвөрмөц шинж чанар бүхий ба эмчилгээний ач холбогдлыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоосон байгалийн ус, шаврыг;
5.1.15. "рашааны орд" гэж газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтсон рашаан агуулж байгаа газрыг;
5.1.16. "онцгой хамгаалалтын бүс" гэж усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон дотоод зурвас газрыг;
5.1.17. "энгийн хамгаалалтын бүс" гэж усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хамгаалах зорилгоор онцгой хамгаалалтын бүсийн гадна тогтоосон зурвас газрыг;
5.1.18. "эрүүл ахуйн бүс" гэж ус хангамжийн эх үүсвэр болон рашааны ордыг хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг;
5.1.19. "усны барилга байгууламж" гэж усны түрэлт, урсцыг тохируулах, ус хуримтлуулах, хадгалах, дамжуулах, хуваарилах, түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний чанарыг сайжруулах, газрын доорх ус олборлох, усны үер, гамшгаас хамгаалах, усны эрчим хүчийг ашиглах энгийн болон инженерийн хийц бүхий барилга байгууламжийг;
5.1.20. "услалтын систем" гэж бэлчээр, хадлан, тариаланг услах зорилгоор гадаргын болон газрын доорх ус хуримтлуулах, дамжуулах, хуваарилах, түгээх, илүүдэл усыг зайлуулах зориулалт бүхий усны барилга байгууламж, тоног төхөөрөмжийг багтаасан цогцолборыг;
5.1.21. "ус хангамжийн эх үүсвэр" гэж худаг, татах, цуглуулах, цэвэршүүлэх байгууламж, түгээх зориулалт бүхий усны барилга байгууламжийг;
5.1.22. "усны нөөцийн менежментийн төлөвлөгөө" гэж сав газрын усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон үйл ажиллагааг нэгдмэл байдлаар зохицуулах баримт бичгийг;
5.1.23. ."усны экологи-эдийн засгийн үнэлгээ" гэж усны нөөцийн байгалийн үнэ цэн, өгөөж, хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдлыг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг;
5.1.24. "усны нөөцийн хомсдол" гэж усны нөөц багасах, усны чанар, байгалийн үнэ цэн доройтохыг;
5.1.25. "усны бохирдол" гэж хүний шууд ба шууд бус үйл ажиллагааны улмаас байгалийн усны найрлага өөрчлөгдөж, чанар нь доройтохыг;
5.1.26. "усны чанар" гэж усны чанарын стандартад нийцэх эсэхийг илэрхийлэх физик, хими, биологийн цогц шинж чанарыг;
5.1.27. усны чанарын стандарт" гэж усны хими, физик, биологийн шинж чанарын үзүүлэлтүүд нь хүний эрүүл мэнд, усан орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хэм хэмжээг эрх бүхий байгууллагаар баталгаажуулсныг;
5.1.28. "бохирдуулах бодис" гэж хаягдал усанд агуулагдаж, хүрээлэн байгаа орчныг бохирдуулж байгаа бодис, тэдгээрийн хольцыг;
5.1.29. "аюултай бохирдуулах бодис" гэж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан жагсаалтад орсон бодисыг;
5.1.30. "хаягдал ус" гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарч байгаа бохир ус, шингэн хаягдлыг;
5.1.31. "хаягдал усны стандарт" гэж усны бохирдлын эх үүсвэрээс гарч байгаа хаягдал усанд байж болох бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг эрх бүхий байгууллагаар баталгаажуулсныг;
5.1.32. ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны стандарт" гэж ариутгах татуургын сүлжээнд нийлүүлж болохыг тогтоосон үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарах хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг;
5.1.33. "ус ашиглагч" гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ усны нөөц, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг;
5.1.34. "ус хэрэглэгч" гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд усны нөөц, усан орчныг ашигладаг этгээдийг;
5.1.35. "ус бохирдуулагч" гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, хаягдал ус гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг;
5.1.36. "усны тоо, бүртгэл" гэж усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн тоо, хэмжээ, чанар, ашигласан болон хаягдал усны хэмжээ, ус бохирдуулагч эх үүсвэрийн тооллого явуулж бүртгэх үйл ажиллагааг;
5.1.37. "ус ашигласны төлбөр" гэж ус, рашааны нөөцийг ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласны төлөө төлөх төлбөрийг;
5.1.38. "ус бохирдуулсны төлбөр" гэж хаягдал усны стандартад нийцсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх төлбөрийг;
5.1.39. "ус бохирдуулсны нөхөн төлбөр" гэж хаягдал усны стандартаас хэтэрсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх нэмэгдэл төлбөрийг;
5.1.40. ."гол, мөрний татам" гэж голын голдирлын эргээс эхний дэнж хүртэлх газар, нугын зурвас бүсийг;
5.1.41. "уст цэг" гэж энэ хуулийн 5.1.7, 5.1.11, 5.1.12, 5.1.13, 5.1.14, 5.1.15, 5.1.19, 5.1.20, 5.1.21 дахь заалтад заасан ус, усны эх үүсвэрийг;
5.1.42. "ус дахин ашиглах" гэж хаягдал усыг дахин ашиглах цэвэрлэсэн усны стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэж, зориулалтын дагуу ашиглахыг;
5.1.43. “намаг” гэж байнгын буюу түр хугацаанд ус, чийгийн нөлөөнд оршиж, усны ургамал, замаг давамгайлан ургадаг, хүлэржсэн хөрстэй, намгархаг газрыг;
5.1.44. "хөв" гэж хур борооны ус болон хайлсан цасны шар ус урсдаг сайр, гуу жалга, түр зуурын урсацтай сайр-горхины голдирлыг хааж барьсан бага хэмжээний боомт, ус хуримтлуулах, шингээх, газар доорх усыг арвижуулах сан, ус гаргуур, илүүдэл ус хаяур зэргээс бүрдэх инженерийн хийцтэй усны барилга байгууламж бүхий жижиг усан сан, цөөрөм;
5.1.45. “цөөрөм” гэж байнгын болон түр урсгал ус ба хур бороо, цасны усны түрэлт болон урсцыг тохируулах, усыг хуримтлуулах, шингээх, газар доорх усыг арвижуулах зорилгоор энгийн ба инженерийн аргаар ухлаганд байгуулсан эсвэл байгалийн тогтцоор өөрөө үүсэж бий болсон 1 га хүртэл хэмжээний тогтоол усыг;
5.1.46. “эрэг” гэж усны хөвөөний, байгалийн хашиц газрыг;
5.1.47. “ус хагалбарын шугам” сав газрын ус хурах талбайг хүрээлж буй уул, нуруудын орой, хярыг дагасан хилийн шугам
5.1.48. “газрын доорх усыг зориудаар арвижуулах” гэж хөв цөөрөм байгуулан цэнгэг усыг газрын доорх уст үе рүү шүүрүүлэн, чөлөөт гадаргатай уст үеийг зохиомлоор тэжээх үйл ажиллагааг;
5.1.49. .“томоохон гол” гэж 20 шоо метр ба түүнээс дээш шоо метрийн урсацтай гол, мөрнийг;
5.1.50. “экологийн урсац” гэж усны нөөцийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад шаардлагатай гол, мөрний хамгийн бага урсцын хэмжээ;
5.1.51. “усны кадастр “гэж ус, усны нөөцийн байршил, хэмжээ, чанар, ашиглалтын байдлын нэгдсэн бүртгэлийг.