Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 11-р сарын 24 өдөр
Ulaanbaatar city
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ӨМЧЛӨГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулгын төсөл/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь зам тээврийн ослын болон авто зогсоол дээрх хөдөлгөөний улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх, даатгуулагч болон хохирогчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор автотээврийн хэрэгслийн өмчлөгчийг заавал даатгалд хамруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хариуцлагын даатгалын тухай хууль тогтоомж
2.1. Автотээврийн хэрэгслийн өмчлөгчийн хариуцлагын даатгалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Даатгалын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Автотээврийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “автотээврийн хэрэгсэл” гэж Автотээврийн тухай хуулийн 3.1.1-д заасныг;
3.1.2. “авто зогсоол” гэж автотээврийн хэрэгслийг байрлуулж, хадгалах зориулалт бүхий битүү, ил задгай инженерийн барилга, байгууламжийг;
3.1.3. “даатгагч” гэж даатгалын тухай хуулийн 4.1.5-д заасныг
3.1.4. “даатгуулагч” гэж даатгалын тухай хуулийн 4.1.6-д заасан, өмчлөгчийн автотээврийн хэрэгслийг зам тээврийн ослын болон авто зогсоол дээрх хөдөлгөөний үед бусад этгээдийн өмнө хүлээх хариуцлагаа даатгуулсан этгээдийг;
3.1.5. “жолооч” гэж замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.1-3.1.2-д заасан хэрэгслийг жолоодож яваа хүнийг;
3.1.6. “хариуцлагын даатгалын нөхөн төлбөр” /цаашид “нөхөн төлбөр” гэх/ гэж хариуцлагын даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгалын гэрээний дагуу даатгагчаас, энэ хуульд заасан бусад нөхцөлд Даатгалын тухай хуульд заасан Батлан даалтын сан /цаашид “Сан” гэх/ хохирогчид олгох мөнгөн хөрөнгийг;
3.1.7. “хариуцлагын даатгалын тохиолдол /цаашид “даатгалын тохиолдол” гэх/” гэж даатгуулагчийн тээврийн хэрэгслийг жолооч зам тээврийн осол болон авто зогсоол дээрх хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдлыг;
3.1.8. “хохирогч” гэж даатгалын тухай хуулийн 4.1.8-д заасныг;
3.1.9. “автотээврийн хэрэгслийн өмчлөгч” гэж тухайн тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах бүрэн эрхтэй этгээд ба энэ хуулийн дагуу хариуцлагаа заавал даатгуулах этгээдийг;
3.1.10. “автотээврийн хэрэгслийн эзэмшигч” гэж тухайн тээврийн хэрэгслийг физик хяналтад байлгах буюу байнгын хэрэглээнд байлгах этгээд ба эзэмшигч нь өмчлөгч байж болох этгээдийг;
4 дүгээр зүйл. Даатгалын зарчим
4.1. Автотээврийн хэрэгслийн өмчлөгчийн хариуцлагын даатгал /цаашид “хариуцлагын даатгал” гэх/ нь дараах зарчимд үндэслэнэ:
4.1.1. автотээврийн хэрэгслийн өмчлөгч нь хариуцлагын даатгалд заавал хамрагдах;
4.1.2. нөхөн төлбөрийг шуурхай олгох;
4.1.3. хариуцлагын даатгалд даатгуулаагүй өмчлөгчийн автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;
4.1.4. зам тээврийн ослын болон авто зогсоол дээрх хөдөлгөөний улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг барагдуулах санхүүгийн эх үүсвэр бий болгох;
4.1.5. хариуцлагын даатгалын хураамжийн хэмжээ нь даатгагчдын зардал, үр ашигт үндэслэн зохистой, хангалттай, шударга бусаар ялгаварлахгүй байх зарчмыг баримтална.
5 дугаар зүйл. Даатгуулах этгээд
5.1. Автотээврийн хэрэгслийн өмчлөгч бүр хариуцлагын даатгалд заавал даатгуулна.
5.2. Автотээврийн хэрэгслийн өмчлөгч хариуцлагын даатгалд даатгуулаагүй тохиолдолд автотээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах, техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно.
5.3. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх болон түр хугацаанд нэвтэрч зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч энэ хуулийн 6.1-д зааснаас бусад тохиолдолд хариуцлагын даатгалд заавал даатгуулна.
6 дугаар зүйл. Даатгалд үл хамрагдах нөхцөл
6.1. Монгол Улс гишүүнээр нь элсэн орсон олон улсын албан журмын даатгалын холбооны гишүүн орны даатгалын эрх бүхий байгууллагад даатгуулсан этгээд энэ хуулиар тогтоосон даатгалд хамрагдахгүй байж болно.
6.2. Замын хөдөлгөөнд оролцдоггүй байлдааны тусгай зориулалттай болон мөрдөх алба, цагдаа, тагнуул, батлан хамгаалах, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын автотээврийн хэрэгсэлд энэ хууль хамаарахгүй.
6.3. Хохирогч нь даатгалын гэрээнд заасан үнэлгээний хэмжээнээс давсан хохирлыг жолооч болон буруутай этгээдээс нэхэмжилсэн бол уг давсан хэсэгт энэ хууль үйлчлэхгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛЫН ГЭРЭЭ
7 дугаар зүйл. Даатгалын гэрээ, түүний хугацаа
7.1. Автотээврийн хэрэгслийн өмчлөгч нь зам тээврийн ослын болон авто зогсоол дээрх хөдөлгөөний үед бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилгоор энэ хуульд заасан нөхцөлийн дагуу даатгагчтай даатгалын гэрээ байгуулна.
7.2. Хариуцлагын даатгалын стандарт нөхцөлийг даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн дагуу боловсруулж, Хорооны саналыг тусгаж батална.
7.3. Даатгалын гэрээний дагуу даатгагчийн хүлээх хариуцлага нь даатгуулагчаас даатгалын хураамж төлөгдсөн өдрөөс эхэлж, гэрээний хугацааны сүүлийн өдрийн 24:00 цагт дуусгавар болно.
7.4. Даатгагч нь даатгалын гэрээний хугацаанд бий болсон уг гэрээтэй холбоотой бүхий л мэдээллийг даатгуулагчид үнэ төлбөргүй гаргаж өгөх үүрэгтэй.
7.5. Даатгалын гэрээг даатгалын тухай хуулийн 20.7.2-д заасан нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан байгуулж, байгуулсан даруйд даатгагч нь тухайн даатгалын гэрээг даатгуулагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ.
7.6. Даатгуулагч нь даатгалын гэрээг эрх бүхий этгээд шаардсан тохиолдолд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр шалгуулна.
7.7. Хариуцлагын даатгалын гэрээнд энэ хуулийн 7.2-т заасан гэрээний стандартыг заавал тусгасан байх ба энэ хуульд үл хамаарах даатгалын эрсдэлээс хамгаалах, даатгалын үнэлгээг нэмэгдүүлэх нөхцөлтэй сайн дурын даатгалыг даатгагчаас даатгуулагчид санал болгож болно.
7.8. Даатгагч нь хариуцлагын даатгалын гэрээний үндсэн нөхцөлийг даатгуулагчид гэрээ байгуулахын өмнө заавал танилцуулж, баримтжуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ХУРААМЖ
8 дугаар зүйл. Даатгалын үнэ
8.1.. Хариуцлагын даатгалын үнэлгээний дээд хэмжээ нь дараах хэмжээтэй байна:
8.1.1. амь нас, эрүүл мэндийн хохиролд нэг хохирогчтой бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөг хүртэл;
8.1.2. амь нас, эрүүл мэндийн хохиролд нэгээс дээш хохирогчтой бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөг хүртэл;
8.1.3. эд, хөрөнгийн хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөг хүртэл.
9 дүгээр зүйл. Даатгалын хураамж
9.1. Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан даатгалын үнэлгээнд ногдох даатгалын суурь хураамжийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувьтай тэнцүү байна.
9.2. Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурь хураамжийн хэмжээг дараах эрсдэлүүдэд суурилсан итгэлцүүрээр нэмэгдүүлэх буюу хорогдуулан тооцох бөгөөд Даатгалын хураамж тооцох итгэлцүүр хэрэглэх аргачлалыг Даатгалын тухай хуульд заасан Институт ирүүлсэн саналыг харгалзан Хороо батална. Үүнд:
9.2.1. автотээврийн хэрэгслийн өмчлөгч, жолоочийн хариуцлагатай байдлын эрсдэлээс хамаарах итгэлцүүр;
9.2.2. автотээврийн хэрэгслийн бүрэн бүтэн аюулгүй байдлын эрсдэлээс хамаарах итгэлцүүр;
9.2.3. даатгалын тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэрэгслүүдтэй хамаарах итгэлцүүр;
9.2.4. автотээврийн хэрэгслийн ашиглалт, төрлөөс хамаарах итгэлцүүр;
9.2.5. даатгалын гэрээний хугацаа, гэрээнд заасан нэмэлт эрсдэлээс хамаарах итгэлцүүр;
9.2.6. зам тээврийн ослын зөрчлөөс хамаарах итгэлцүүр;
9.2.7. автотээврийн хэрэгслийн ашиглалтын хүрээлэн буй орчин
9.3. Энэ хуулийн 4.1.5-т заасын зарчмын хүрээнд даатгалын хураамжийн хэмжээг тооцох буюу даатгалын суурь хураамж, эрсдэлд суурилсан итгэлцүүр, даатгагчдын зардал, үр ашгийн хэмжээнээс хамааруулж Холбоо мэргэжлийн актуарийн суурь үндэслэлтэй аргачлалаар тооцно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ
10 дугаар зүйл. Санхүүгийн бүртгэл, тайлан
10.1. Даатгалын мэргэжлийн оролцогч хариуцлагын даатгалын үйл ажиллагааны санхүүгийн бүртгэлийг хийж, зардал үр дүнг тооцсон холбогдох тайланг Даатгалын тухай хуульд заасан санхүүгийн тайланд хавсарган Хороонд ирүүлнэ.
11 дүгээр зүйл. Даатгалын үйл ажиллагаанд тавих хяналт
11.1. Энэ хуулийн 5.1-5.2 дахь хэсгийн заалтын хэрэгжилтэд Автотээврийн тухай хуулийн 6.1 дэх хэсэгт заасан автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8.1 дэх хэсэгт заасан Цагдаагийн байгууллага, энэ хуулийн 5.3-т заасан этгээдийн заавал даатгуулах хуулийн хэрэгжилтэд хилийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тус хяналт тавина.
11.2. Даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан даатгалын салбарын өгөгдлийн санг ашиглан, мөн хуулийн 17 дугаар зүйлд заасан Институт нь энэ хуулийн 13.4 дэх хэсэгт заасан этгээдийг хариуцлагын даатгалын мэдээллээр хангахад дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээнэ.
11.3. Даатгалын гэрээ байгуулж чадаагүй автотээврийн хэрэгслийн өмчлөгчийг даатгагчид хуваарилах үйл ажиллагааг Институт дараах байдлаар зохион байгуулна. Үүнд:
11.3.1. Олон удаагийн давтамжтай даатгалын тохиолдол гаргадаг гэсэн үндэслэлээр даатгагч албан ёсоор даатгахаас татгалзсан нөхцөлд тухайн этгээд Институтэд үндэслэл, тайлбарын хамт хүсэлт гаргана.
11.3.2. Институт нь даатгалын гэрээ байгуулж чадаагүй этгээдийг даатгагч нарт тэгш хуваарилах зарчмыг баримтлах бөгөөд хуваарилахаас өмнөх жилийн эцсийн тайлангаар хариуцлагын даатгалын хохирол нөхөлтийн харьцаа хамгийн бага тооцогдсон даатгагчаас эхэлж сонгох эсхүл уг бүтээгдэхүүний хувьд иргэд, даатгуулагчдаас Институтэд ирүүлсэн өргөдөл, гомдол хамгийн их даатгаггчаас эхэлж сонгоно.
11.3.3. Олон удаагийн давтамжтай даатгалын тохиолдол гаргадаг даатгуулагчийн хохирлын харьцаа 500 хувиас дээш байх тохиолдолд даатгагч даатгуулагчийг хариуцлагажуулах нэмэлт шаардлагыг Институт зөвшөөрсөний үндсэн дээр тавьж болно.
11.4. Хариуцлагын даатгалын үйл ажиллагаа эрхлэх даатгалын компани нь Институтийн гишүүнчлэлтэй байна

ТАВДУГААР БҮЛЭГ
ДААТГАЛЫН ТОХИОЛДОЛ, НӨХӨН ТӨЛБӨР
12 дугаар зүйл. Даатгалын тохиолдолд үл хамаарах хохирол
12.1.1. сэтгэл санааны хохирол;
12.1.2. хүрээлэн байгаа орчинд учирсан хохирол;
12.1.3. даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаа, хөрөнгө, эрүүл мэндэд учирсан хохирол;
12.1.4. автотээврийн хэрэгслийн тэмцээн, уралдаанд оролцсоны улмаас бусдад учруулсан хохирол;
12.1.5. автотээврийн хэрэгслийг хулгайлсан, дээрэмдсэн хугацаанд үүссэн хохирол;
12.1.6. энэ хууль болон даатгалын гэрээнд заасан үнэлгээний хэмжээнээс илүү гарсан хохирол;
12.2. Энэ хуулийн 12.1-д заасан хохирлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
13 дугаар зүйл. Даатгуулагч, жолоочийн хүлээх үүрэг
13.1. Даатгалын тохиолдлын үед даатгуулагч, жолооч дараах үүрэгтэй:
13.1.1. хариуцлагын даатгалд даатгуулсан тухайгаа хохирогчид мэдэгдэх;
13.1.2. даатгалын тохиолдол гарсан талаар даатгагчид мэдэгдэх;
13.1.3. даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд, эсхүл даатгалын тохиолдлын талаар маргаантай үед цагдаагийн байгууллагад мэдэгдэх;
13.1.4. даатгалын тохиолдол болон нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагч болон эрх бүхий этгээдийн шаардсан хугацаанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж өгөх.
13.2. Даатгалын тохиолдол гаргасан даатгалгүй этгээд нь хариуцлагын даатгалд даатгуулаагүй тухайгаа хохирогч, цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.
13.3. Энэ хуулийн 3.1.9-3.1.10-д заасан этгээд нь даатгалын тохиолдлын тодорхойлолтын маягтыг даатгалын тохиолдол гарсан даруйд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр бөглөж, баталгаажуулна.
13.4. Даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг тухайн даатгалын тохиолдол гарсан даруйд жолооч, даатгуулагч, хохирогч нар харилцан зөвшилцсөн бол даатгагчид энэ тухайгаа бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэж, түүний зөвшөөрлийн дагуу хохирлыг эргэн төлүүлэхээр жолооч барагдуулж болно.
13.5. Даатгуулагч, жолооч нь даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасаг нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан даатгалын үйл ажиллагаатай холбоотой өөрийн өгөгдлийг үнэн зөв өгөх.
14 дугаар зүйл. Хохирогчийн эрх, үүрэг
14.1. Даатгалын тохиолдол гаргасан жолооч зугтаасан бол хохирогч энэ талаар даатгагч, цагдаагийн байгууллага, Холбооны аль боломжтойд нь мэдэгдэх эрхтэй.
14.2. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөдөө учирсан хохирлын нотлох баримтыг даатгагч, Институтэд үнэн зөв гаргаж бичгээр, эсхүл цахим хэлбэрээр өгөх үүрэгтэй.
15 дугаар зүйл. Даатгагч, Институтийн эрх, үүрэг
15.1. Даатгагч, Институт нь нөхөн төлбөр буюу хохирлын хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгуулагч, жолооч, хохирогчоос шаардах эрхтэй.
15.2. Даатгагч, Институт нь даатгалын тохиолдол бий болсон талаарх мэдээллийг хүлээн авсан даруйд даатгалын тохиолдлыг шуурхай баталгаажуулах, энэ хуулийн 23.2-т заасны дагуу мэдээллийг мэдээллийн санд бодит цагийн горимоор нийлүүлэх, нөхөн төлбөрийн хүсэлт болон шаардлагатай баримт бичгийг бүрэн хүлээн авсанаас хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ.
15.3. Энэ хуулийн 13.1-т заасан үүргийн талаар даатгагч нь даатгуулагчид даатгалын гэрээ байгуулах үед танилцуулна.
15.4. Даатгагч хариуцлагын даатгалын гэрээний хугацаа дуусгавар болохоос гурваас доошгүй өдрийн өмнө даатгуулагчид мэдэгдэнэ.
15.5. Даатгагч, Институт нь даатгалын тохиолдлыг баталгаажуулах, нөхөн төлбөрийг шуурхай олгох зорилгоор цагдаагийн байгууллага болон бусад эрх бүхий байгууллагаас даатгалын тохиолдолтой холбоотой дүрс бичлэг, зам тээврийн ослын бүртгэлийг гаргуулж авах эрхтэй.
15.6. Даатгагч нь энэ хуулийн 23.2-т заасан мэдээллийг даатгалын тохиолдлыг шийдвэрлэсэн тухай бүр хариуцлагын даатгалын мэдээллийн санд бодит цагийн горимоор хүргүүлнэ.
16 дугаар зүйл. Даатгалын тохиолдлыг шалгах
16.1. Даатгагч, Институт нь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, даатгуулагчаас даатгалын тохиолдлын талаар мэдэгдсэн даруйд даатгалын тохиолдлыг шалгах үүрэгтэй.
16.2. Даатгагч нь хуулиар зөвшөөрсөн даатгалын хохирол үнэлэх дэвшилтэд технологийг ашиглан даатгалын тохиолдлыг баталгаажуулах, хохирлын хэмжээг тогтоох зорилгоор тухайн автотээврийн хэрэгсэлд техникийн үзлэг хийж болно.
16.3. Даатгагч, Институт нь энэ хуулийн 16.1-д заасны дагуу даатгалын тохиолдлыг шалгаагүй бол даатгуулагч, жолооч, хохирогч нь даатгагчаас өгсөн чиглэлийн дагуу зураг, дуу ба дүрс бичлэгээр баримтжуулах эсхүл Даатгалын тухай хуульд заасан даатгалын хөндлөнгийн хохирол үнэлэгч этгээдэд хандах эрхтэй.
16.4. Даатгуулагч, жолооч, хохирогч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас даатгалын тохиолдлын талаар даатгагчид мэдэгдэх боломжгүй байх тохиолдолд зураг, дуу ба дүрс бичлэгээр даатгалын тохиолдлыг баримтжуулж, мэдэгдэх боломжтой болсон даруйд даатгагчид хүргүүлнэ.
16.5. Даатгуулагч нь өөрийн автомашинд аливаа ослыг нотлох дүрс бичлэг хийх камер, хар хайрцагтай тохиолдолд даатгагчид мэдэгдэж, даатгагчийн зөвшөөрсний дагуу ослын газраас хөдөлж болно.
16.6. Даатгалын гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын тохиолдлыг шалгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох, хохирлыг үнэлэхтэй холбогдон гарах зардлыг даатгагч, Холбоо хариуцна.
16.7. Даатгагч нь доор дурдсан нөхцөл бүрдсэн тохиолдолд даатгалын тохиолдлыг цагдаагийн байгууллагын оролцоогүйгээр шийдвэрлэнэ:
16.7.1. даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй;
16.7.2. даатгалын тохиолдлын гэм буруугийн талаар талууд харилцан хүлээн зөвшөөрсөн.
17 дугаар зүйл. Хохирлын хэмжээг тодорхойлж, нөхөн төлбөр тооцох
17.1. Даатгагч, Институт нь хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээг хуульд заасан даатгалын тохиолдлыг баталгаажуулах эрх бүхий этгээд, эсхүл хуулиар зөвшөөрсөн даатгалын хохирол үнэлэх дэвшилтэд технологийг ашиглан хохирлыг үнэлсэн дүгнэлт, тодорхойлолтыг үндэслэн баталгаажуулах бөгөөд энэ хуулийн 19.2-т заасныг үндэслэн тооцно.
17.2. Хуульд өөрөөр заагаагүй бол даатгагч, Институт, даатгалын хохирол үнэлэгч болон хуульд заасан эрх бүхий этгээд нь хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг доор дурдсаны дагуу тодорхойлно:
17.2.1. хохирогч нас барсан бол энэ хуулийн 8.1.1, 8.1.2-т заасан мөнгөн дүнгээр Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу
17.2.2. хохирогч 70 буюу түүнээс дээш хувиар хөдөлмөрийн чадвараа байнга алдсан нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон бол энэ хуулийн 8.1.1, 8.1.2-т заасан мөнгөн дүнгээр, ингэхдээ тухайн даатгалын тохиолдолтой холбоотой тухайн иргэний эрүүл мэндийн хохиролд даатгагч эсхүл Институтаас өмнө төлсөн мөнгөн дүнг хасаж тооцно.
17.2.3. хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талууд санал нэгдсэн бол энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан дүнд багтаан тэдгээрийн харилцан тохиролцсон хэмжээгээр;
17.2.4. даатгуулагч, даатгагч талуудын санал зөрсөн бол энэ хуулийн 8.1.1, 8.1.2-т харгалзан заасан дүнд багтаан Даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйл, эсхүл Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу;
17.2.5. хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талуудын санал зөрсөн бол энэ хуулийн 8.1.3-т харгалзан заасан дүнд багтаан Даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйл, эсхүл Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу.
18 дугаар зүйл. Нөхөн төлбөр олгох
18.1. Хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон эсэхээс үл хамааран даатгагч, Институт нь даатгалын тохиолдол талаарх нотлох баримт бүрэн бүрдсэнээс хойш ажлын 3 хоногийн дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно.
18.2. Хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш ажлын 5 хоногийн дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно.
18.3. Даатгагч, Институт нь хохирогчид учирсан хохирлыг барагдуулахдаа даатгуулагч, жолооч, хохирогч нартай тохиролцсoны дагуу даатгалын үнэлгээнд багтаан хөрөнгийг засуулахаар, эсхүл хохирогчийг эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхээр тохиролцож болно.
18.4. Нөхөн төлбөрийн хэмжээг бүрэн тогтоох хүртэл хохирогчийн хүсэлтийн дагуу нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгож болно.
18.5. Нөхөн төлбөрийн хэмжээг бүрэн тогтоохоос өмнө хэд хэдэн хохирогчийн хүсэлтээр нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгохоор бол эхний удаад хохирогч бүрд ижил хэмжээгээр, хохирлын хэмжээ бүрэн тогтоогдсоны дараа хувь тэнцүүлэн олгоно.
18.6. Хэд хэдэн хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан хэмжээнээс хэтэрсэн бол хохирогч бүрд олгох нөхөн төлбөрийг хувь тэнцүүлэн олгоно.
18.7. Даатгагч, Институт нь хохирогчид олгосон нөхөн төлбөртэй холбоотой мэдээллийг бодит цагийн горимоор Даатгалын салбарын өгөгдлийн санд нийлүүлэх ба тус мэдээллийг нэгтгэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8.1 дэх хэсэгт заасан Цагдаагийн байгууллагад хүргүүлж ажиллана.
19 дүгээр зүйл. Нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх үндэслэл
19.1. Даатгагч нь дараах тохиолдолд хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэй:
19.1.1. хохирогчид хохирол учирсан нь даатгуулагчийн гэм буруутай холбогдолгүй болох нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол гэм буруутай этгээдээс;
19.1.2. даатгалын тохиолдол гарсан талаар энэ хуулийн 13.1, 13.2-т заасан үүргээ биелүүлээгүй бол тухайн этгээдээс;
19.1.3. даатгуулагч, жолооч нь даатгалын тохиолдол болсон газраас зугтаасан бол тухайн этгээдээс
19.1.4. даатгуулагч, жолооч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ даатгалын тохиолдол гаргасан бол тухайн этгээдээс;
19.1.5. жолоодох эрхгүй этгээдийн учруулсан хохирлыг тухайн этгээдээс;
19.1.6. хуульд заасан бусад тохиолдолд буруутай этгээдээс.
19.2. Холбоо нь дараах тохиолдолд хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэй:
19.2.1. хохирогчид хохирол учирсан нь жолоочийн гэм буруутай холбогдолгүй болох нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол тухайн буруутай этгээдээс;
19.2.2. даатгалгүй этгээдийн гэм буруугаас шалтгаалан хохирогчид хохирол учирсан гэдэг нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол тухайн этгээдээс;
19.2.3. даатгалын тохиолдол гаргаад зугтаасан даатгалгүй жолоочийн учруулсан хохирлын хувьд тухайн жолоочоос;
19.2.4. даатгуулагч, жолооч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ даатгалын тохиолдол гаргасан бол тухайн этгээдээс;
19.2.5. жолоодох эрхгүй этгээдийн учруулсан хохирлыг тухайн этгээдээс;
19.2.6. хуульд заасан бусад үндэслэл.
19.3. Энэ хуулийн 19.2-т заасан буруутай этгээд нас барсан эсхүл төлбөрийн чадваргүй болох нь шүүхээр тогтоогдсон бол Институт нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх эрх дуусгавар болно.
20 дугаар зүйл. Хохирогчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа
20.2. Институт нь дараах тохиолдолд хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг заавал даатгалын сангаас олгоно:
20.2.1. даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан;
20.2.2. даатгалын тохиолдлын буруутай этгээд тодорхойгүй;

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЛИЙН САН
21 дүгээр зүйл. Хариуцлагын даатгалын мэдээллийн сан
21.1. Хариуцлагын даатгалын мэдээллийн сан /цаашид “мэдээллийн сан” гэх/ нь Даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан даатгалын салбарын өгөгдлийн сангийн бүрдэл хэсэг байна.
21.2. Мэдээллийн санд даатгалын гэрээ, даатгалын тохиолдол, зам тээврийн ослын дуудлага, шалтгаан, цагдаагийн тодорхойлолт, даатгуулагчийн мэдүүлэг, нөхөн төлбөрийн нэхэмжлэл, хохирлын үнэлгээ, тээврийн хэрэгслийн засварын түүх, зөрчлийн тухай, хохирогчид олгосон нөхөн төлбөр, даатгагч, даатгуулагч, хохирогчийн болон хариуцлагын даатгалтай холбоотой бусад мэдээллийг оруулна.
21.3. Энэ хуулийн 21.2-т заасан мэдээллийг дараах байгууллагууд мэдээллийн санд бодит цагийн горимоор мэдээллэж ажиллана. Үүнд:
21.3.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8.1 дэх хэсэгт заасан Цагдаагийн байгууллага, Автотээврийн тухай хуулийн 6.1 дэх хэсэгт заасан автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зам, тээврийн ослын дуудлага, бүртгэл, зөрчлийн тухай болон цагдаагийн тодорхойлолт;
21.3.2. Даатгагчаас даатгалын гэрээ, даатгалын тохиолдлын баталгаажуулалт, нөхөн төлбөрийн нэхэмжлэл, нөхөн төлбөрийн шийдвэр, нөхөн төлбөр олголтийн талаар мэдээлэл болон бусад холбогдох мэдээлэл;
21.3.3. Эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэнд, амь насны хохирлын талаар мэдээлэл, хохирлын хэмжээ болон бусад шаардлагатай мэдээлэл;
21.3.4. Авто засварын үйлчилгээний байгууллагаас засварын түүх, хохирлын хэмжээ болон бусад шаардлагатай мэдээлэл.
21.3. Мэдээллийн сангийн өгөгдөл нь нээлттэй, бүх нийтэд хүртээмжтэй байх бөгөөд мэдээллийн сан нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.1-д заасан үндсэн систем, Даатгалын тухай хуулийн 20.7.2-д заасан мэдээллийн систем болон даатгагчийн мэдээллийн системтэй мэдээлэл солилцдог байна.

ДОЛООДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
22 дугаар зүйл. Гомдол, маргаан шийдвэрлэх
22.1. Хариуцлагын даатгалтай холбогдон гарсан гомдол, маргааныг Даатгалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
23 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
23.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
23.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
24 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
24.1. Энэ хуулийг 2029 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

М. МАНДХАЙ

М. МАНДХАЙ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх