1. Оролцогч нь энэ хуулийн 31.13, 31.14 дүгээр зүйлд заасан мөрдөн байцаалтын хугацааг үндэслэлгүй сунгасан, мөрдөн байцаалтыг үндэслэлгүй түдгэлзүүлсэн прокурорын шийдвэрийн талаарх гомдлыг дээд шатны прокурорт нь гаргана.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдлыг энэ хуулийн 15.7 дугаар зүйлд заасан журмаар хянана.
3. Оролцогч нь энэ хуулийн 31.13, 31.14 дүгээр зүйлд заасан мөрдөн байцаалтын хугацааг үндэслэлгүй сунгасан тухай Улсын Ерөнхий прокурорын шийдвэр, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн прокурорын шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шүүхэд гомдол гаргаж болно.
4. Шүүх энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гомдлыг хүлээн авсанаас 72 цагийн дотор шүүх гомдлыг хянах ажиллагааг эхлүүлсэн захирамж гаргаж энэ талаар гомдол гаргагч, прокурорт мэдэгдэнэ.
5. Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүхийн захирамжийг хүлээн авсан прокурор ажлын 3 хоногийн дотор тайлбар, холбогдох материалын хамт хүргүүлнэ.
6. Шүүх шаардлагатай гэж үзвэл гомдол гаргагч, прокуророос тайлбар, нэмэлт материал шаардан авч болно.
7. Прокурор өөрөө зөвшөөрсөн тохиолдолд түүний гаргасан тайлбар, нэмэлт материалыг гомдол гаргагчид танилцуулж болно.
8. Шүүх гомдлыг хянаад дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
8.1. гомдлыг хангаж, прокурорын шийдвэрийг хүчингүй болгох
8.2. гомдлыг хангахгүй орхих.”