18.1. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь үйл ажиллагаа явуулах замаар хүүхэд хамгааллын үндэсний болон орон нутгийн тогтолцоог удирдан зохион байгуулна:
18.1.1. хүүхдийн эрхийн хэрэгжилтийн төлөв байдал, хүүхэд хамгааллын талаар хийсэн ажлыг Монгол Улсын Засгийн газар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өмнө хариуцан жил бүр тайлагнах;
18.1.2. нөхцөл байдлын үнэлгээ хийх, хариу үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, үйл ажиллагааг нь дүгнэх;
18.1.3. хүүхэд хамгааллын сургалтын хөтөлбөр батлан хэрэгжүүлэх, хүүхдийн эрхийн талаар мэдлэг, мэдээллийг сайжруулах арга хэмжээг авах, хүүхэд хамгааллын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах;
18.1.4. хүүхэд хамгааллын үйлчилгээний нэр төрөл, чанарыг дээшлүүлэх арга хэмжээг авах, мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний үндсэн дээр тухайн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах;
18.1.5. хүүхэд хамгаалалд бүх шатны төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэн, гэр бүл, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг дэмжих;
18.1.6. хүүхдийг гэр бүл, нийгмийн бүх орчинд эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах;
18.1.7. төрийн байгууллага, хуулийн этгээд, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан ажилтан, алба хаагчид, үйлчилгээ үзүүлэгчдийг сургаж, мэргэшүүлэхэд холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
18.1.8. хууль сахиулах байгууллагатай хамтран хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдсэн иргэн, хуулийн этгээд, хууль зөрчигч хүүхэд, гэрч, хохирогч хүүхдийн талаар мэдээллийн сан бүрдүүлж үйл ажиллагаандаа ашиглах;
18.2. Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага хүүхэд хамгааллын чиглэлээр дараахь үйл ажиллагаа явуулна:
18.2.1. нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхэд хамгааллын талаархи мэдээлэл, судалгаанд нэгдсэн дүгнэлт хийж, цаашид хийх ажлын чиглэлийг тодорхойлох;
18.2.2. төрийн байгууллага, хуулийн этгээд, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан ажилтан, алба хаагчдыг сургах, мэргэшүүлэх,
18.2.3. Хүүхдийн эрхийн тухай хууль болон энэ хуулийн хэрэгжилтэд гурван жил тутамд нэгээс доошгүй удаа анхан шатны хяналт шинжилгээ, үнэлгээ хийх;
18.2.4. нийгмийн ажилтан, хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэгчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
18.2.5. эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаархи мэдээллийн сан бүрдүүлж үйл ажиллагаандаа ашиглах, бүртгэл, статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу эрдсэлт нөхцөлд байгаа хүүхдийн халамж, хамгаалал үйлчилгээний талаар бүртгэл хөтөлж, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
18.2.6. эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд харагчийг сайн дурын болон хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрээр албадан сургалтад хамруулах ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран зохион байгуулах;
18.2.7. гэр бүлээсээ дайжсан, эсхүл эцэг, эх, асран хамгаалагчийн халамж анхаарал, хараа хяналтаас гадуур байгаа хүүхдийг бүртгэх, судалгаанд авах, гэр бүлд нэгтгэх ажлыг орон нутгийн Цагдаагийн байгууллагатай хамтран гүйцэтгэх.
18.3. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө.
18.4. Аймаг, нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө.