15.1. Хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, ажилтан нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
15.1.1. тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр боловсруулан батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулах;
15.1.2. тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад хууль тогтоомжийн хүрээнд хяналт тавих;
15.1.3. эрх нь зөрчигдсөн хүүхдийг дагнасан үйлчилгээгээр хангаж, хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж, асрамжийн зэрэг шаардлагатай үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах;
15.1.4. хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн ажлыг гэр бүл, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурлан холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;
15.1.5. хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн тухайн шатны байгууллага, ажилтан нь хүүхэд, гэр бүл, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг зөвлөгөө, мэдээллээр хангах, шаардлагатай бол сургалт зохион байгуулах, нийгмийн ажилтны үйл ажиллагааг дэмжиж, арга зүйн удирдлагаар хангах;
15.1.6. энэ хуулийн 14.2-т заасан журмын дагуу анхан шатны байгууллага, ажилтан, хамтран ажиллаж байгаа хуулийн этгээдээс мэдээ тайлан авч, цаашид авах шаардлагатай арга хэмжээний талаар зөвлөмж өгөх, хэрэгжилтийг хянах, холбогдох мэдээллийг нэгтгэн төв байгууллагад хүргүүлэх;
15.1.7. хүүхэд гишүүнчлэлтэй болон эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаа хэрэгжүүлэх хуулийн этгээдийн үйл ажиллагааг төрөөс дэмжин, байр, танхимаар хангах;
15.1.8. хүүхдийн эрхийн чиглэлээр гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
15.1.9. хууль тогтоомжид заасан бусад.
15.2. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн нийгмийн ажилтны ажлын шалгуур үзүүлэлтийг хүүхдийн эрхийг хангах талаар явуулсан ажил, үйлчилгээний үр дүнгээр үнэлнэ.
15.3. Аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, хэлтэс, газарт болон сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ажилтан нь хүмүүнлэгийн болон нийгмийн ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байна.