4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. "усны нөөц" гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газарт байгаа гадаргын ус, газар доорх ус болон хур тунадсыг;
4.1.2. “гадаргын ус” гэж газрын гадарга дээр ил орших мөстөл, мөсөн гол, нуур, намаг, гол, мөрөн, горхи, рашаан, булаг шанд, тойром зэрэг байгалийн ус, усан сан, хөв, цөөрөм зэрэг ус нөөцлүүрт хуримтлуулсан усыг;
4.1.3. “газар доорх ус” гэж газрын гадаргаас доош хөрс, хурдас, чулуулгийн нүх сүв, ан цав, хөндий болон уст давхаргад хуримтлагдсан, хөдөлгөөнд орших чөлөөт болон даралтат усыг;
4.1.4. “хилийн ус” гэж Монгол Улсын хилийн шугамын дагуу ба хил дамнан оршиж буй гадаргын ба газар доорх усыг;
4.1.5. “мөстөл, мөсөн гол” гэж олон жилийн турш хуримтлагдсан цас нягтарч мөс болон тогтож, уулын орой, хажуу, хунх, хөндийд тархсан бөгөөд таталцлын хүчний нөлөөгөөр аажмаар шилжин хөдөлдөг байгалийн цас, мөсөн хуримтлалыг;
4.1.6. “цэвдэг” гэж хоёр жил буюу түүнээс дээш хугацаанд тэг ба түүнээс доош цельсийн хэмд оршиж байгаа мөс ба хөрс, чулуулгийн орчныг;
4.1.7. “усан сан” гэж усны нөөцийг хуримтлуулах, хадгалах, зохицуулах, ашиглах зорилгоор байгуулсан барилга, байгууламж, хөв цөөрөм, хур тунадасны ус нөөцлүүрийг;
4.1.8. “усан орчин” гэж усны сан бүхий газар, түүнтэй харилцан хамаарал бүхий усны экосистем болон усны амьд организмын амьдрах орчныг;
4.1.9. "усны ашиглах боломжит нөөц" гэж усны сав газрын экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр тодорхой хугацаанд усны эх үүсвэрийн тогтоосон нөөцөөс ашиглаж болох усны хэмжээг;
4.1.10. "усны сав газар" гэж гадаргын болон газар доорх усны урсац бүрдэх ус хурах талбай ба түүний ул хөрс, гео-орчин, тэжээгдэлийн муж, тархалтын талбайг хамарсан орон зайг;
4.1.11. “усны сан бүхий газар” гэж байнгын болон түр зуурын ус, урсацтай нуур, тойром, гол, мөрөн, горхи, булаг, шанд, рашаан, намаг, ус намгархаг газар, мөстөл, мөсөн гол, татам, байгалийн болон хиймэл усан сан, хөв, цөөрөм, суваг, шуудууны талбайг;
4.1.12. "гол, мөрний урсац бүрэлдэх эх" гэж гадаргын урсацын үндсэн хэсэг бүрдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эхийг;
4.1.13. "усны эх үүсвэр" гэж ус хангамжийн зорилгоор ашиглаж байгаа гадаргын болон газар доорх усыг;
4.1.14. "рашаан" гэж физик, химийн өвөрмөц шинж чанар бүхий бөгөөд эмчилгээ, сувилгааны ач холбогдлыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоосон байгалийн ус, шаврыг;
4.1.15. "рашааны орд" гэж газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтсон рашаан агуулж байгаа газрыг;
4.1.16. "онцгой хамгаалалтын бүс" гэж усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдох, доройтохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг;
4.1.17. "энгийн хамгаалалтын бүс" гэж усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хамгаалах зорилгоор онцгой хамгаалалтын бүсийн гадна тогтоосон зурвас газрыг;
4.1.18. "эрүүл ахуйн бүс" гэж ус хангамжийн эх үүсвэр болон рашааны ордыг хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг;
4.1.19. "усны барилга байгууламж" гэж усны түрэлт, урсацыг тохируулах, ус хуримтлуулах, хадгалах, дамжуулах, хуваарилах, түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний чанарыг сайжруулах, газар доорх ус олборлох, усны үер, гамшгаас хамгаалах, усны эрчим хүчийг ашиглах энгийн болон инженерийн хийц бүхий барилга байгууламжийг;
4.1.20. "услалтын систем" гэж бэлчээр, хадлан, тариаланг услах зорилгоор гадаргын болон газар доорх ус хуримтлуулах, дамжуулах, хуваарилах, түгээх, илүүдэл усыг зайлуулах зориулалт бүхий усны барилга байгууламж, тоног төхөөрөмжийг багтаасан цогцолборыг;
4.1.21. "ус хангамжийн эх үүсвэр" гэж худаг, ус татах, цуглуулах, цэвэршүүлэх байгууламж, түгээх зориулалт бүхий усны барилга байгууламжийг;
4.1.22. "усны нөөцийн менежментийн төлөвлөгөө" гэж сав газрын усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон үйл ажиллагааг нэгдмэл байдлаар зохицуулах баримт бичгийг;
4.1.23. "усны экологи-эдийн засгийн үнэлгээ" гэж усны нөөцийн байгалийн үнэ цэн, өгөөж, хэмжээ, чанар, экосистем, хэрэглээний ач холбогдлыг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг;
4.1.24. "усны нөөцийн хомсдол" гэж усны нөөц багасах, усны чанар, байгалийн үнэ цэн доройтохыг;
4.1.25. "усны бохирдол" гэж хүний шууд ба шууд бус үйл ажиллагаа, байгалийн хүчин зүйлийн улмаас байгалийн усны найрлага, физик, химийн болон биологийн шинж чанар өөрчлөгдөж, чанар нь доройтохыг;
4.1.26. "усны чанар" гэж усны чанарын стандартад нийцэх эсэхийг илэрхийлэх физик, хими, биологийн цогц шинж чанарыг;
4.1.27. "усны чанарын стандарт" гэж усны хими, физик, биологийн шинж чанарын үзүүлэлтүүд нь хүний эрүүл мэнд, усан орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хэм хэмжээг эрх бүхий байгууллагаар баталгаажуулсныг;
4.1.28. "бохирдуулах бодис" гэж хаягдал усанд агуулагдаж, хүрээлэн байгаа орчныг бохирдуулж байгаа бодис, тэдгээрийн хольцыг;
4.1.29. "аюултай бохирдуулах бодис" гэж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан жагсаалтад орсон бодисыг;
4.1.30. “хаягдал ус” гэж ахуйн хэрэглээ, үйлдвэрлэл, үйлчилгээ болон бусад үйл ажиллагаанд ашигласны дараа чанар, найрлага нь өөрчлөгдөн зайлуулагдаж буй, эсхүл бохирдуулах бодис агуулсан усыг;
4.1.31. "хаягдал усны стандарт" гэж усны бохирдлын эх үүсвэрээс гарч байгаа хаягдал усанд байж болох бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан баримт бичгийг;
4.1.32. "ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны стандарт" гэж ариутгах татуургын сүлжээнд нийлүүлж болохыг тогтоосон үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарах хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан баримт бичгийг;
4.1.33. "ус ашиглагч" гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ усны нөөц, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг;
4.1.34. "ус хэрэглэгч" гэж ашиг олох зорилгогүйгээр зөвхөн өрхийн хэрэгцээний унд, ахуй болон мал аж ахуй, газар тариаланд усны нөөц, усан орчныг хэрэглэдэг этгээдийг;
4.1.35. "ус бохирдуулагч" гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт нөлөөлж байгаа иргэн, хуулийн этгээдийг;
4.1.36. "усны тоо, бүртгэл" гэж усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэр, усны барилга байгууламжийн тоо, хэмжээ, чанар, ашигласан болон хаягдал усны хэмжээ, ус бохирдуулагч эх үүсвэрийн тооллого явуулж бүртгэх үйл ажиллагааг;
4.1.37. "ус, рашааны нөөц ашигласны төлбөр" гэж ус, рашааны нөөцийг ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах, шавхан зайлуулахад төлөх төлбөрийг;
4.1.38. "ус бохирдуулсны төлбөр" гэж хаягдал усны стандартад нийцсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх төлбөрийг;
4.1.39. "ус бохирдуулсны нөхөн төлбөр" гэж хаягдал усны стандартаас хэтэрсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх нэмэгдэл төлбөрийг;
4.1.40. “татам” гэж их ус, үерийн үед усанд автаж, гадаргын болон газар доорх усны харилцан солилцоо, ус намгархаг газрын экосистемийн үйл ажиллагааг хангадаг голын голдирол, нуурын усны захтай залгаа эргээр хязгаарлагдах байгалийн нам дор орон зайг;
4.1.41. "уст цэг" гэж энэ хуулийн 4.1.7, 4.1.11, 4.1.12, 4.1.13, 4.1.14, 4.1.15, 4.1.19, 4.1.20, 4.1.21 дэх заалтад заасан ус, усны эх үүсвэрийг;
4.1.42. "ус дахин ашиглах" гэж хаягдал усыг дахин ашиглах цэвэрлэсэн усны стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэж, зориулалтын дагуу ашиглахыг;
4.1.43. “намаг” гэж байнгын буюу түр хугацаанд ус, чийгийн нөлөөнд оршиж, усны ургамал, замаг давамгайлан ургадаг, ус чийгийн онцгой горим, хүлэржилт бүхий хөрстэй намгархаг газрыг;
4.1.44. "хөв" гэж хур борооны ус болон хайлсан цасны шар ус урсдаг сайр, гуу жалга, түр зуурын урсацтай сайр-горхины голдирлын урсгалыг тосож барьсан бага оврын боомт, ус хуримтлуулах, шингээх, газар доорх усыг зориудаар арвижуулах сан, ус гаргуур, илүүдэл ус хаяур зэргээс бүрдэх инженерийн хийцтэй усны барилга байгууламж бүхий усан санг;
4.1.45. “цөөрөм” гэж байнгын болон түр урсгал ус ба хур бороо, цасны усны түрэлт болон урсацыг тохируулах, усыг хуримтлуулах, шингээх, газар доорх усыг зориудаар арвижуулах зорилгоор энгийн ба инженерийн аргаар ухлаганд байгуулсан эсхүл байгалийн тогтцоор өөрөө үүсэж бий болсон нэг га хүртэлх талбайтай тогтоол усыг;
4.1.46. “эрэг” гэж урсгал ус, нуур, цөөрөм, тойром, усан сангийн хамгийн их устай эсхүл мөстэй байх үеийн татмын ирмэг газрыг;
4.1.47. “ус хагалбарын шугам” гэж сав газрын ус хурах талбайг хүрээлж буй уул, нуруудын орой, хярыг дагасан хилийн шугамыг;
4.1.48. “газар доорх усыг зориудаар арвижуулах” гэж хөв, цөөрөм байгуулан усыг газар доорх уст үе рүү шүүрүүлэн, чөлөөт гадаргатай уст үеийг зохиомлоор тэжээх үйл ажиллагааг;
4.1.49. “томоохон гол” гэж олон жилийн дундаж усны өнгөрөлт нь секундэд 20 шоо метр ба түүнээс дээш гол, мөрнийг;
4.1.50. “экологийн урсац” гэж гол мөрөн, нуурын болон ус намгархаг газрын экосистемийн бүтэц, үйл ажиллагаа, биологийн олон янз байдлыг хадгалахад шаардлагатай усны хэмжээг;
4.1.51. “усны ашиглалтын кадастр” гэж усны сан бүхий газрын байршил, хил зааг, усны нөөц, горим, чанар, ус ашиглалт, хэрэглээ болон усны барилга байгууламжийн талаарх мэдээллийг агуулсан, тогтмол шинэчлэгдэх нэгдсэн бүртгэлийг;
4.1.52. “шүүрлийн ус” гэж газар доорх ус болон гадаргын ус хөрс, хурдас, чулуулгийн нүх сүв, ан цав, ус нэвтрүүлэх үе давхаргаар дамжин байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр уурхайн малталт, карьер, барилга байгууламжийн суурь, хонгил, далан, усан сан болон бусад байгууламжид шүүрч орж ирсэн усыг;
4.1.53. “цэнгэг ус” гэж байгалийн гаралтай, нийт эрдэсжилтийн хэмжээ нь литр тутамд 1000 миллиграммаас ихгүй, хүн амын ундны усны чанарын стандартын шаардлагад нийцсэн гадаргын болон газар доорх усыг.