15.1. Өр барагдуулах алба дараах үүрэгтэй:
15.1.1. өр төлбөртэй этгээдтэй харилцаа хамааралтай эсэх, харилцаа хамааралтай бол түүний үндэслэл, гэрээний үүргээ биелүүлэхэд нөлөөлөх, эсхүл нөлөөлж болзошгүй бусад нөхцөл байдал болон хувийн ашиг сонирхол болон зээлдүүлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй бусад нөхцөл, өр төлбөртэй этгээд үүргээ биелүүлэхгүй байхад шууд болон шууд бусаар нөлөөлөх ашиг сонирхлын талаар зээлдүүлэгчид мэдээлэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд өр барагдуулах үйлчилгээ үзүүлэхээс татгалзах;
15.1.2. бүртгэх байгууллага болон Монголбанкны шаардсанаар үйл ажиллагаатай холбогдох мэдээллийг үнэ төлбөргүй гаргаж өгөх;
15.1.3. өр барагдуулах үйл ажиллагаанд холбогдох нууц мэдээллийг хадгалах;
15.1.4. сард нэгээс илүүгүй удаа үнэ төлбөргүйгээр өр төлбөртэй этгээдийн хүсэлтээр өр төлбөрийн талаарх задаргаа бүхий мэдээллийг зээлдүүлэгчээр баталгаажуулж, өр төлбөртэй этгээд хүсэлт гаргаснаас хойш ажлын 10 өдрийн дотор хүргүүлэх;
15.1.5. байршил, эсхүл нэрээ сольсон тохиолдолд бүртгэх байгууллагад гурван өдрийн дотор албан бичгээр эсхүл цахимаар мэдэгдэх;
15.1.6. зээлдүүлэгч, өр төлбөртэй этгээд, гуравдагч этгээдээс хүлээн авсан мэдээлэл, баримт бичгийн аюулгүй байдлыг хангах, тэдгээрийн зээлийн гэрээн дэх хувийн мэдээллийг хамгаалах;
15.1.7. өр төлбөртэй этгээдийн зээлийн мэдээллийг агуулсан цахим сантай байх;
15.1.8. гэрээнд заагаагүй төлбөрийг өр төлбөртэй этгээдээс шаардахгүй байх;
15.1.9. хуульд заасан хязгаарлалт, шаардлагыг дагаж мөрдөх;
15.1.10. өр төлбөртэй этгээдтэй утсаар эсхүл биечлэн харилцахдаа дуу, дүрсний бичлэг хийх, өр барагдуулах үйл ажиллагааг баталгаажуулан үлдээх програм хангамжтай байх;
15.1.11. зээлийн зэрэглэл тогтоох эрх бүхий байгууллагатай мэдээлэл нийлүүлэх талаарх гэрээ байгуулах;
15.1.12. эрх бүхий албан тушаалтан өөрчлөгдсөн, эсхүл бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдсөн бол өөрчлөлт орсноос хойш ажлын таван өдрийн дотор бүртгэх байгууллагад мэдэгдэх;
15.1.13. өр төлбөртэй этгээдтэй утсаар эсхүл биечлэн харилцах бүрт дуу, дүрсний бичлэг хийн баталгаажуулж, өр төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд хадгалах;
15.1.14. ажилтанд тавигдах шаардлагыг зөрчсөн, эсхүл хангаагүй ажилтныг халах;
15.1.15. компанийн хувьцааны арав болон түүнээс дээш хувийг дангаараа болон хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд бүртгэх байгууллагад тухай бүр хүргүүлэх;
15.1.16. өр барагдуулах үйл ажиллагаа, эрх үүргийг таниулах агуулга бүхий сургалтыг зохион байгуулж, ажилтанг хамруулах.