Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 4-р сарын 06 өдөр
Ulaanbaatar city
ШҮҮХИЙН БУС ЖУРМААР ӨР БАРАГДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь өр төлбөртэй этгээд болон зээлдүүлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах хүрээнд шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээдийг бүртгэх, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомж
2.1. Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Иргэний хууль , Компанийн тухай хууль3, Банкны тухай хууль4, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль5, Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль6, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль7, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хуулиар гэрээний харилцаанаас үүсэх өр төлбөрийн үүргийг шүүхийн бус журмаар барагдуулах үйл ажиллагаа /цаашид “өр барагдуулах үйл ажиллагаа” гэх/-тай холбогдсон харилцааг зохицуулна.
3.2. Зээлдүүлэгч хуулийн этгээдийн дотоод бүтцийн өр барагдуулах чиг үүрэг бүхий нэгжийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн болон бусад гэрээний үндсэн дээр хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор явуулж байгаа өр барагдуулах үйл ажиллагаанд энэ хууль үйлчлэхгүй.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагаа” гэж өр барагдуулах албаны өр цуглуулах, өрийн тохиролцоо хийх, түүнчлэн өр төлбөртэй холбогдох мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг;
4.1.2. .“бүртгэх байгууллага” гэж Санхүүгийн зохицуулах хороог;
4.1.3. “зээлдүүлэгч” гэж банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд болон тэдгээрээс зээлийн шаардах эрхийг хуульд заасны дагуу шилжүүлэн авсан этгээд, эрх залгамжлагч этгээдийг;
4.1.4. “өр төлбөртэй этгээд” гэж зээлдэгч буюу хууль, гэрээгээр хуулийн этгээдийн өмнө зээл, төлбөрийн үүрэг хүлээсэн иргэн, хуулийн этгээдийг;
4.1.5. “өр барагдуулах алба” гэж шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх зорилгоор энэ хуульд заасны дагуу бүртгэх байгууллагад бүртгүүлсэн хуулийн этгээдийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ӨР БАРАГДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛ, ӨР БАРАГДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
5 дугаар зүйл. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээд
5.1. Шүүхий бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг ашгийн төлөө хэлбэрээр байгуулагдсан хуулийн этгээд болох компани эрхэлнэ.
5.2. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээд нь энэ хуулийн 9.3-т заасны дагуу бүртгэх байгууллагад бүртгүүлснээр үйл ажиллагаа эрхлэх эрх үүснэ.
5.3. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээдийн нэр нь түүний оноосон нэр болон “өр барагдуулах алба” гэсэн тэмдэглэгээнээс бүрдэнэ.
5.4. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй аливаа этгээд өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх, эсхүл нэрэндээ “өр барагдуулах алба” гэсэн тэмдэглэгээ, эсхүл тэдгээртэй төсөөтэй тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.
5.5. Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан этгээд шууд болон шууд бусаар өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн нийт хувьцааны арав, түүнээс дээш хувийн хувьцааг эзэмших, эсхүл удирдлагыг хэрэгжүүлэхийг хориглоно.
5.6. Өр барагдуулах алба нь өр барагдуулах зорилгоор зээлдүүлэгч болон өр төлбөртэй этгээдээс их хэмжээний төлбөр шаардахыг хориглоно.
6 дугаар зүйл. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх үндэслэл
6.1. Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг энэ хуулийн 6.3-т заасан зээлдүүлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр энэ хуульд заасан шаардлага хангасан эрх бүхий этгээд эрхэлнэ.
6.2. Өр барагдуулах үйл ажиллагааг өр төлбөртэй этгээд болон зээлдүүлэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу өр төлбөрийг шаардах эрх үүсэх үндэслэл бүрдсэн өр төлбөрт үндэслэн явуулна.
6.3. Өр барагдуулах алба болон зээлдүүлэгчийн хооронд байгуулах гэрээг бичгээр хийх бөгөөд дараах нөхцөлийг тусгана:
6.3.1. талуудын эрх, үүрэг;
6.3.2. талуудын хариуцлага;
6.3.3. .өр төлбөртэй этгээдийн мэдээлэл;
6.3.4. өр төлбөрийн хэмжээ;
6.3.5. өрийн бүтэц /үндсэн төлбөр, хүү, торгууль гэх мэт/;
6.3.6. батлан даагчтай бол батлан даагчийн мэдээлэл;
6.3.7. барьцаатай бол барьцааны талаарх мэдээлэл;
6.3.8. үйлчилгээний төлбөрийн хэмжээ;
6.3.9. гэрээний хугацаа;
6.3.10. .өр цуглуулах, өрийн мэдээлэл цуглуулах журам;
6.3.11. зээлийн төлөлт болон өр төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд мэдэгдэх журам, нөхцөл;
6.3.12. гэрээний гүйцэтгэлийн талаар мэдээлэх журам;
6.3.13. гэрээг дуусгавар болгох нөхцөл, журам;
6.3.14. гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох нөхцөл, журам;
6.3.15. зээлийг гурвалсан гэрээгээр олгосон бол гуравдагч этгээдүүдийн өр төлбөрийн талаарх зохицуулалт;
6.3.16. өр барагдуулахтай холбоотой хуулиар хориглоогүй талуудын тохиролцсон бусад нөхцөл.
6.4. Өр барагдуулах алба гэрээний бүртгэлийг бичгээр болон цахимаар хийж, гэрээнд холбогдох баримт бичгийг хавсаргана
7 дугаар зүйл. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх журам
7.1. Өр барагдуулах алба нь хуулийн 6.3-т заасан зээлдүүлэгчтэй байгуулсан гэрээнд заасан үүргийн хүрээнд өр төлбөртэй этгээд болон түүний төлөөлөгч, гуравдагч этгээдтэй дараах байдлаар харилцана:
7.1.2. биечлэн уулзалт;
7.1.3. оршин суух эсхүл хуулийн этгээдийн хаягаар;
7.1.4. мессеж, дуут мессежээр;
7.1.6. албан мэдэгдэл, бичгэн хэлбэрээр.
7.2. Өр барагдуулах алба өр төлбөртэй этгээд, түүний төлөөлөгч, эсхүл гуравдагч этгээдтэй харилцахдаа дараах журмыг баримтална:
7.2.1. .өр барагдуулах албаны санаачилгаар долоо хоногт гурваас дээшгүй удаа болон ажлын нэг өдөрт нэгээс дээшгүй удаа 08.00 цагаас 22.00 цаг хүртэлх хугацаанд биечлэн уулзах;
7.2.2. өр барагдуулах албаны санаачилгаар ажлын өдөр 08.00 цагаас 22.00 цаг хүртэлх хугацаанд гурваас дээшгүй удаа утсаар холбогдох;
7.2.3. өр төлбөртэй этгээдийн хүсэлтээр өр төлбөртэй холбогдох баримт бичиг, мэдээллээр хангах;
7.2.4. талуудаас хүлээн авсан мэдээллийн аюулгүй байдлыг хангах.
7.3. Өр төлбөртэй этгээдийн зүгээс өр барагдуулах албатай харилцахад энэ хуулийн 7.2.1-7.2.3-т заасан хязгаарлалт үйлчлэхгүй.
7.4. Өр барагдуулах алба өр төлбөртэй этгээд, түүний төлөөлөгч, гуравдагч этгээдтэй харилцахдаа дараах хууль бус үйлдэл үзүүлэхийг хориглоно:
7.4.1. нэр төр, алдар хүндэд нь халдах;
7.4.2. амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө болон аливаа хэлбэрээр заналхийлэх байдлаар эрх, эрх чөлөөг нь зөрчсөн үйлдэл гаргах;
7.4.3. зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг албадах, сүрдүүлэх, дарамтлах, хуурамч бичиг баримт үйлдэх;
7.4.4. зээлдүүлэгчээс хүлээн авсан мэдээллээс хуульд заасан нууцад хамааруулсан мэдээллийг ил болгох;
7.4.5. хамааралгүй этгээдэд болон олон нийтэд өр төлбөрийн талаар мэдээлэх.
7.4.6. зээлийн гэрээний үүргийг биелүүлэх талаар төөрөгдүүлсэн эсхүл худал мэдээлэл өгөх;
7.4.7. шан харамж харах;
7.4.8. бусдад давуу байдал бий болгох;
7.4.9. хуулийн 7.2.1-т зааснаас бусад хугацаанд өр барагдуулах үйл ажиллагаа явуулах.
7.5. Өр барагдуулах үйл ажиллагаа явуулахдаа өр барагдуулах албаны нэр бүхий ялгах тэмдэг, хувцас ашиглахыг хориглоно.
8 дугаар зүйл. Өрийн тохиролцоо хийх
8.1. Өр барагдуулах алба энэ хуулийн 6.3-т заасан гэрээг байгуулснаас хойш ажлын 5 өдрийн дотор өр төлбөртэй этгээдэд мэдэгдэл хүргүүлнэ.
8.2. Зээлдүүлэгчтэй байгуулсан гэрээний нөхцөлийг өөрчлөх зорилгоор өр төлбөртэй этгээд нь өр барагдуулах албанаас мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор бичгээр хүсэлт гаргана.
8.3. Энэ хуулийн 8.2-т заасан хүсэлтэд зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөх болсон шалтгааныг нотлох нөхцөл байдал, орлого, зарлагын хэмжээ, оршин суух буюу байгаа газрын хаяг, боловсрол, өмч хөрөнгө, зээлдүүлэгчийн шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл болон өр төлбөрийг төлөхөд түүний өмч, хөрөнгө хүрэлцэхгүй байгаа эсэх талаарх нөхцөлийг тодорхойлсон баримтыг хавсаргана.
8.4. Өр барагдуулах алба энэ хуулийн 8.2-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор уг хүсэлтийг зээлдүүлэгчид хүргүүлнэ.
8.5. Энэ хуулийн 8.4-т заасан хүсэлтийг зээлдүүлэгч хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор санал болгосон өөрчлөлтийг судлан үзэж, өр барагдуулах албанд дараах мэдэгдлийн аль нэгийг бичгээр хүргүүлнэ:
8.5.1. өр төлбөртэй этгээдийн санал болгосон нөхцөлөөр зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөхийг зөвшөөрсөн тохиролцоо;
8.5.2. өөрийн зүгээс өөрчлөх санал, нөхцөл;
8.5.3. өр төлбөртэй этгээдийн санал болгосон нөхцөлөөр зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөхөөс татгалзсан тухай мэдэгдэл, түүний шалтгаан.
8.6. Өр барагдуулах алба энэ хуулийн 8.5-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан өр төлбөртэй этгээдэд хүргүүлнэ.
8.7. Өрийн тохиролцоо хийхтэй холбоотой зээлдүүлэгч, эсхүл өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээдийн үйлдэлд өр төлбөртэй этгээд бүртгэх байгууллагад гомдол гаргах эрхтэй.
8.8. Өр барагдуулах үйл ажиллагааны үед өр төлбөртэй этгээд эсхүл зээлдүүлэгч нь, шүүх, арбитрт нэхэмжлэл гаргасан тохиолдолд өр барагдуулах үйл ажиллагааг зогсоох бөгөөд өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээд нь энэ хуулийн 6.3-т заасан гэрээг цуцална.
8.9. Энэ хуулийн 8.8-д заасны дагуу шүүх, арбитрт нэхэмжлэл гаргах үед өр барагдуулах алба нь өр төлбөрийг гаргуулан авч чадаагүй тохиолдолд үйлчилгээний төлбөрийг бүхэлд нь шаардахыг хориглоно.
9 дүгээр зүйл.. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл
9.1. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээд бүртгэх байгууллагад бүртгүүлэхээр дараах баримт бичгийг хүргүүлнэ:
9.1.2. үүсгэн байгуулагч болон эрх бүхий албан тушаалтны мэдээлэл;
9.1.3. өр төлбөртэй этгээдтэй харилцах ажилтны мэдээлэл;
9.1.4. салбар байгуулах тохиолдолд салбарын мэдээлэл.
9.2. Энэ хуулийн 9.1-д заасан өргөдөл, холбогдох баримт бичгийг бичгээр, эсхүл цахимаар бүртгэх байгууллагад гаргана.
9.3. Бүртгэх байгууллага энэ хуулийн 9.1-д заасан өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хянаж, өргөдөл гаргагчийг өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл /цаашид “бүртгэл” гэх/-д бүртгэж, хувийн дугаар олгоно.
9.4. Бүртгэх байгууллага шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 9.3-т заасан хугацааг ажлын 5 өдрөөр нэг удаа сунгаж болох бөгөөд энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
9.5. Өргөдөл гаргагчийн ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу бол бүртгэх байгууллага энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргагч уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш баримт бичгийн бүрдлийг ажлын 10 өдрийн дотор хангаж бүртгэх байгууллагад ирүүлж болно.
9.6. Бүртгэх байгууллага энэ хуулийн 9.3-т заасан бүртгэлийг Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэлийн цахим санд оруулах бөгөөд холбогдох журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
9.7. Бүртгэх байгууллага энэ хуулийн 9.3-т заасан бүртгэлтэй холбоотой, хувь хүн, байгууллагын нууцтай холбоотойгоос бусад мэдээллийг холбогдох шийдвэр гарсны дараах өдөр олон нийтэд цахимаар, нээлттэй байршуулна.
10 дүгээр зүйл.. Бүртгэхээс татгалзах үндэслэл
10.1. Дараах тохиолдолд өргөдөл гаргагчийг бүртгэхээс татгалзана:
10.1.1. энэ хуулийн 9.1-д заасан мэдээллийг худал мэдээлэх;
10.1.2. энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан ажилтанд тавигдах шаардлагыг хангаагүй;
10.1.3. энэ хуулийн 5.5-д заасан хувьцаа эзэмшигчийн шаардлагыг хангаагүй;
10.1.4. энэ хуулийн 9.5-д заасан хугацаанд өргөдөл гаргагч шаардлагатай баримт бичгийг ирүүлээгүй.
10.2. Энэ хуулийн 10.1-д заасан үндэслэлээр өргөдөл гаргагчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд үндэслэлийн хамт өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
10.3. Өргөдөл гаргагч бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор холбогдох баримт бичгийг бүрдүүлж өргөдлийг дахин нэг удаа гаргаж болно.
11 дүгээр зүйл.. Бүртгэлээс хасах
11.1. Дараах тохиолдолд өр барагдуулах албыг бүртгэлээс хасна:
11.1.1. энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан хориглосон үйлдлийг зургаан сарын хугацаанд гурваас дээш удаа үйлдсэн;
11.1.2. нэг жилийн хугацаанд гурваас дээш удаа бүртгэх байгууллагын шаардсан мэдээллийг ирүүлээгүй, эсхүл худал мэдээлсэн;
11.1.3. үргэлжилсэн 12 сарын турш үйл ажиллагаа явуулаагүй;
11.1.4. шүүхийн шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон;
11.1.5. өөрийн санаачилгаар үйл ажиллагаагаа зогсоосон.
11.2. Бүртгэх байгууллага энэ хуулийн 11.1-д заасны дагуу бүртгэлээс хассан шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор энэ тухай өр барагдуулах албанд бичгээр мэдэгдэнэ.
11.3. Бүртгэлээс хассан тухай шийдвэрт өр барагдуулах алба шүүхэд гомдол гаргах эрхтэй.
11.4. Бүртгэлээс хассан шийдвэрт энэ хуулийн 11.3-т заасны дагуу гомдол гаргах нь уг шийдвэрийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.
11.5. Энэ хуулийн 11.2-т заасны дагуу бүртгэлээс хассан шийдвэр гарснаас хойш өр барагдуулах алба нь шинээр гэрээ байгуулах, эсхүл гэрээгээ бусад өр барагдуулах албанд шилжүүлэхийг хориглоно.
11.6. Бүртгэлээс хассан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 45 өдрийн дотор өр барагдуулах алба сайн дураар үйл ажиллагаагаа зогсоож, энэ тухай бүх гэрээ байгуулсан зээлдүүлэгчид мэдэгдэн гэрээний дагуу цуглуулсан мэдээлэл, баримт бичгийг шилжүүлж, байгуулсан гэрээ бүрийг дуусгавар болгоно.
11.7. Энэ хуулийн 11.6-д заасны дагуу өр барагдуулах алба гэрээг дуусгавар болгосноос үүссэн хохирлыг зээлдүүлэгчид нөхөн төлөх үүрэгтэй.
11.8. Энэ хуулийн 11.6-д заасны дагуу сайн дураар үйл ажиллагаагаа зогсоогоогүй бол тухайн өр барагдуулах албыг хуульд заасны дагуу албадан татан буулгана.
12 дүгээр зүйл.. Өр барагдуулах үйл ажиллагааны нууц
12.1. Өр барагдуулах үйл ажиллагааны нууцад өр төлбөртэй этгээд, зээлдүүлэгч, зээлийн гэрээний дагуу үүрэг бүхий гуравдагч этгээд, өр төлбөрийн мэдээлэл, өр барагдуулах гэрээний нөхцөл, өр барагдуулах үйл ажиллагааны явцад цуглуулсан бусад мэдээлэл хамаарна.
12.2. Өр төлбөртэй этгээд, гуравдагч этгээдийн бичгээр ирүүлсэн зөвшөөрлийн үндсэн дээр тэдгээртэй холбоотой өр барагдуулах үйл ажиллагааны нууцыг ил болгож болно.
12.3. Энэ хуулийн 12.1-д заасан мэдээллийг зээлийн зэрэглэл тогтоох эрх бүхий этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хүргүүлснийг өр барагдуулах үйл ажиллагааны нууцыг задруулсан гэж үзэхгүй.
12.4. Энэ хуульд заасны дагуу өр барагдуулах зорилгоор зээлдүүлэгчээс өр барагдуулах албанд гаргаж өгсөн мэдээллийг харилцагчийн нууц задруулсан гэж үзэхгүй.
13 дүгээр зүйл.. Өр барагдуулах албаны эрх бүхий албан тушаалтан болон ажилтанд тавих шаардлага
13.1. Дараах этгээд өр барагдуулах албаны эрх бүхий албан тушаалтан байж болохгүй:
13.1.1. нэгээс дээш жилийн санхүү, даатгал, хууль, эсхүл нягтлан бодох бүртгэлийн чиглэлээрх ажлын туршлагагүй;
13.1.2. өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэлээс хассанаас хойш нэгээс илүүгүй жилийн өмнө тухайн компанийн удирдах албан тушаалтан, эсхүл арав буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байгаагүй;
13.1.3. энэ хуулийн 13.2.1-13.2.5-д заасан этгээд.
13.2. Дараах этгээд өр барагдуулах албаны ажилтан байж болохгүй:
13.2.1. гадаад улсын иргэний харьяалалтай, эсхүл харьяалалгүй хүн;
13.2.2. Эрүүгийн хуулийн Арван долдугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, Арван наймдугаар бүлэгт заасан Эдийн засгийн гэмт хэрэг, 29.10 дугаар зүйлд заасан Терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт хариуцлага хүлээж байсан;
13.2.3. согтууруулах болон мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисоос хамааралтай;
13.2.4. төрийн алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас халагдсанаас хойш гурван жил өнгөрөөгүй;
13.2.5. энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан үндэслэлээр өр барагдуулах албанаас халагдсан.
13.3. Энэ хуулийн 13.2-т заасан шаардлагыг хангахгүй өр барагдуулах албаны ажилтан нь өр төлбөртэй этгээд, зээлдүүлэгч, гуравдагч этгээдтэй аливаа хэлбэрээр харилцахыг хориглоно.
14 дүгээр зүйл.. Баримт бичиг хадгалах
14.1. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээдийн хадгалбал зохих баримт бичгийн жагсаалт, хадгалах нөхцөлийг бүртгэх байгууллага тогтооно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ӨР БАРАГДУУЛАХ АЛБА БОЛОН ӨР ТӨЛБӨРТЭЙ ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ
15 дугаар зүйл. Өр барагдуулах албаны үүрэг
15.1. Өр барагдуулах алба дараах үүрэгтэй:
15.1.1. өр төлбөртэй этгээдтэй харилцаа хамааралтай эсэх, харилцаа хамааралтай бол түүний үндэслэл, гэрээний үүргээ биелүүлэхэд нөлөөлөх, эсхүл нөлөөлж болзошгүй бусад нөхцөл байдал болон хувийн ашиг сонирхол болон зээлдүүлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй бусад нөхцөл, өр төлбөртэй этгээд үүргээ биелүүлэхгүй байхад шууд болон шууд бусаар нөлөөлөх ашиг сонирхлын талаар зээлдүүлэгчид мэдээлэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд өр барагдуулах үйлчилгээ үзүүлэхээс татгалзах;
15.1.2. бүртгэх байгууллага болон Монголбанкны шаардсанаар үйл ажиллагаатай холбогдох мэдээллийг үнэ төлбөргүй гаргаж өгөх;
15.1.3. өр барагдуулах үйл ажиллагаанд холбогдох нууц мэдээллийг хадгалах;
15.1.4. сард нэгээс илүүгүй удаа үнэ төлбөргүйгээр өр төлбөртэй этгээдийн хүсэлтээр өр төлбөрийн талаарх задаргаа бүхий мэдээллийг зээлдүүлэгчээр баталгаажуулж, өр төлбөртэй этгээд хүсэлт гаргаснаас хойш ажлын 10 өдрийн дотор хүргүүлэх;
15.1.5. байршил, эсхүл нэрээ сольсон тохиолдолд бүртгэх байгууллагад гурван өдрийн дотор албан бичгээр эсхүл цахимаар мэдэгдэх;
15.1.6. зээлдүүлэгч, өр төлбөртэй этгээд, гуравдагч этгээдээс хүлээн авсан мэдээлэл, баримт бичгийн аюулгүй байдлыг хангах, тэдгээрийн зээлийн гэрээн дэх хувийн мэдээллийг хамгаалах;
15.1.7. өр төлбөртэй этгээдийн зээлийн мэдээллийг агуулсан цахим сантай байх;
15.1.8. гэрээнд заагаагүй төлбөрийг өр төлбөртэй этгээдээс шаардахгүй байх;
15.1.9. хуульд заасан хязгаарлалт, шаардлагыг дагаж мөрдөх;
15.1.10. өр төлбөртэй этгээдтэй утсаар эсхүл биечлэн харилцахдаа дуу, дүрсний бичлэг хийх, өр барагдуулах үйл ажиллагааг баталгаажуулан үлдээх програм хангамжтай байх;
15.1.11. зээлийн зэрэглэл тогтоох эрх бүхий байгууллагатай мэдээлэл нийлүүлэх талаарх гэрээ байгуулах;
15.1.12. эрх бүхий албан тушаалтан өөрчлөгдсөн, эсхүл бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдсөн бол өөрчлөлт орсноос хойш ажлын таван өдрийн дотор бүртгэх байгууллагад мэдэгдэх;
15.1.13. өр төлбөртэй этгээдтэй утсаар эсхүл биечлэн харилцах бүрт дуу, дүрсний бичлэг хийн баталгаажуулж, өр төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд хадгалах;
15.1.14. ажилтанд тавигдах шаардлагыг зөрчсөн, эсхүл хангаагүй ажилтныг халах;
15.1.15. компанийн хувьцааны арав болон түүнээс дээш хувийг дангаараа болон хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд бүртгэх байгууллагад тухай бүр хүргүүлэх;
15.1.16. өр барагдуулах үйл ажиллагаа, эрх үүргийг таниулах агуулга бүхий сургалтыг зохион байгуулж, ажилтанг хамруулах.
16 дугаар зүйл. Өр төлбөртэй этгээд, түүний төлөөлөгчийн эрх, үүрэг
16.1. Өр төлбөртэй этгээд, эсхүл түүний төлөөлөгч дараах эрхтэй:
16.1.1. өр төлбөрийн талаарх мэдээллийг өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээдээс гаргуулж авах;
16.1.2. бүртгэх байгууллагад өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээдийн талаар гомдол гаргах;
16.1.3. өрийн тохиролцоо хийж, зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлүүлэхээр хүсэлт гаргах;
16.1.4. хууль зүйн туслалцаа авах;
16.1.5. хуульд заасан бусад.
16.2. Өр төлбөртэй этгээд, эсхүл түүний төлөөлөгч дараах үүрэгтэй:
16.2.1. хаяг, овог, нэр, холбоо барих мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээдид мэдэгдэх;
16.2.2. өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээдийн шаардсанаар орлого, зарлагын түвшин, хаяг, өмч, хөрөнгө, хүлээгдэж байгаа орлогын талаарх үнэн зөв мэдээллийг гаргаж өгөх;
16.2.3. энэ хуульд заасны дагуу өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээдтэй өрийн тохиролцоо хийхэд хамтран ажиллах;
16.2.4. зээлдүүлэгчийн зүгээс санал болгосон зээлийн эргэн төлөлтийн нөхцөлийг авч үзэх, өөрт тохирохуйц нөхцөлийн талаар ажлын 10 өдрийн дотор зээлдүүлэгч, болон өр барагдуулах албанд хүргүүлэх;
16.2.5. харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу өр төлбөрөө төлж барагдуулах.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ӨР БАРАГДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ
17 дугаар зүйл. Бүртгэх байгууллагын бүрэн эрх
17.1. Бүртгэх байгууллага дараах бүрэн эрхтэй байна:
17.1.1. өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээдийг бүртгэх;
17.1.2. өр барагдуулах үйл ажиллагаанд хяналт тавих;
17.1.3. өр төлбөртэй этгээдийн өр барагдуулах албаны эсрэг гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх;
17.1.4. хуульд заасан бусад.
17.2. Бүртгэх байгууллага энэ хуульд заасан үндэслэлээр сануулах, тухайн зөрчлийг засах хугацаатай арга хэмжээ авахыг үүрэг болгох, эсхүл ажилтанг халах чиглэл өгөх арга хэмжээг авч, энэ тухай өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээдид бичгээр, эсхүл цахимаар мэдэгдэнэ.
17.3. Өр барагдуулах алба энэ хуулийн 17.2-т заасан арга хэмжээг хугацаанд нь авч, тайлагнах үүрэгтэй.
17.4. Өр барагдуулах алба энэ хуулийн 17.2-т заасан арга хэмжээг хугацаанд нь аваагүй бол бүртгэх байгууллага дараах арга хэмжээг авна:
17.4.1. бүртгэлээс хасах;
17.4.2. Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах.
17.5. Өр барагдуулах алба бүртгэх байгууллагын шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД
18 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
18.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
18.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
19 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
19.1. Энэ хуулийг 2022 оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл

Төслийн хэрэглэгчид

Б. БАТТӨМӨР

Б. БАТ-ЭРДЭНЭ

Initiator of the draft law
Б. БАТТӨМӨР

Ц. ДАВААСҮРЭН

Initiator of the draft law
Б. БАТТӨМӨР

Б. ПҮРЭВДОРЖ

Initiator of the draft law
Б. БАТТӨМӨР

С. ЧИНЗОРИГ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх