Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 4-р сарын 06 өдөр
Ulaanbaatar city
УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийг үүсгэн байгуулах, биржийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоож биржийн арилжааг зохион байгуулах, хяналт тавих, биржийн арилжаанд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлох, эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль тогтоомж
2.1. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Ашигт малтмалын тухай хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хуулиар уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг зохион байгуулж, арилжаанд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлохтой холбоотой харилцааг зохицуулна.
3.2. Үнэт цаас, гадаад валютын арилжаа зэрэг биржийн бусад төрлийн харилцааг тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан бусад хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “биржийн арилжаа” гэж уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлоход биржээр дамжуулан худалдан борлуулах, түүнтэй холбоотой гэрээ, хэлцэл байгуулах үйл ажиллагааны цогц арга хэмжээг;
4.1.2. “биржийн арилжаанд оролцогч” гэж биржийн арилжааны зуучлагч, биржийн арилжаанд биржээр дамжуулан уул уурхайн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах этгээдийг;
4.1.3. “биржийн арилжааны зуучлагч /брокер/” гэж Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан биржид гишүүнчлэлтэй, биржийн арилжаанд оролцох суудлын эрх бүхий хуулийн этгээдийг;
4.1.4. “биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа” гэж биржээр арилжаалах бүтээгдэхүүнийг бусдын нэрийн өмнөөс худалдах, худалдан авах үйл ажиллагааг;
4.1.5. “биржийн дэнчин” гэж худалдан авагчаас биржийн арилжааны үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон брокерын санал болгосон арилжааны банкан дахь дансанд урьдчилан байршуулсан мөнгөн хөрөнгийг;
4.1.6. “биржийн зах зээлийн оролцогч” гэж биржийн арилжаанд оролцогч, шинжилгээний лаборатори, тээвэр зуучийн байгууллага зэрэг биржийн арилжаанд шууд болон шууд бусаар оролцох аливаа этгээдийг;
4.1.7. “биржээр арилжаалах бүтээгдэхүүн” гэж биржийн арилжааны нөхцөл, шаардлагыг хангасан уул уурхайн бүтээгдэхүүнийг;
4.1.8. “бүтээгдэхүүн арилжих гэрээний төрөл” гэж спот гэрээ, фьючерсийн гэрээ болон опцион гэрээг;
4.1.9. “опцион гэрээ” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.10-т заасныг;
4.1.10. “спот гэрээ” гэж уул уурхайн бүтээгдэхүүнийг шууд арилжих гэрээг;
4.1.11. “суудлын эрх” гэж биржийн арилжаанд тогтмол оролцох эрхийг;
4.1.12. “уул уурхайн бүтээгдэхүүн” гэж Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ангилагдах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдох ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүнийг;
4.1.13. “уул уурхайн бүтээгдэхүүний бирж” /цаашид “бирж” гэх/ гэж уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нээлттэй, ил тод, хараат бус, өрсөлдөөний үндсэн дээр зохион байгуулж, арилжааны гэрээ, хэлцлийг зуучлах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий энэ хуулийн 5.1-д заасан хуулийн этгээдийг;
4.1.14. “фьючерсийн гэрээ” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.11-т заасныг;
4.1.15. ”уул уурхайн бүтээгдэхүүний зохицуулалттай зах зээл” гэж уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжих зохицуулалттай үйл ажиллагааг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЗОРИЛГО
5 дугаар зүйл. Бирж байгуулах, биржид тавигдах шаардлага
5.1. Бирж нь төрийн өмчит компани хэлбэртэй байх бөгөөд биржийг үүсгэн байгуулах, өөрчлөх, татан буулгах шийдвэрийг Засгийн газар гаргана.
5.2. Биржийн бүтэц, зохион байгуулалт үйл ажиллагааны дүрмийг Засгийн газар батална. Дүрэмд дараах зүйлийг заавал тусгана:
5.2.1. биржийн дотоод хяналт, төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудитын албаны эрх, үүрэг;
5.2.2. уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн эрх, үүрэг.
5.3. Бирж нь үйл ажиллагаандаа компанийн сайн засаглалын зарчмыг мөрдөж, дараах техникийн болон дэд бүтцийн шаардлагыг хангасан байна:
5.3.1. арилжаа явуулах зориулалтын байр, төлбөр тооцоо хийх програм хангамж, тоног төхөөрөмж бүхий уул уурхайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн болон арилжааны нэгдсэн мэдээллийн сантай байх;
5.3.2. арилжаанд оролцогч нь биржийн арилжаа, төлбөр тооцооны сүлжээнд холбогдсон цахим сүлжээ, программ хангамж зэрэг техникийн шаардлага хангасан байх;
5.3.3. биржээр арилжаалах бүтээгдэхүүнийг хадгалах шаардлага хангасан агуулах, терминал, тээвэр ложистикийн төв, даатгалын тогтолцоо, шинжилгээний лабораторитой байх.
5.4. Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал, код, чанар стандарт, сорьцын жагсаалтыг Засгийн газар батална.
5.5. “Уул уурхайн бүтээгдэхүүний бирж” гэсэн тэмдэглэгээг зөвхөн энэ хуулийн дагуу байгуулагдсан бирж оноосон нэрэндээ хэрэглэх ба бусад этгээдийн оноосон нэрэнд хэрэглэхийг хориглоно.
5.6. Бирж нь уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах саналыг нийтэд мэдээлж, арилжааг зохион байгуулах болон түүнтэй шууд холбоотой үйлчилгээнээс өөр үйл ажиллагаа эрхлэхгүй.
5.7. Биржийн үйл ажиллагаанд ашиглагдах энэ хуулийн 5.3.3-т заасан агуулах, терминал, тээвэр ложистикийн төв, шинжилгээний лабораторийг бирж нь бүртгэж, итгэмжлэл олгосноор үйл ажиллагаандаа ашиглана.
6 дугаар зүйл. Биржийн удирдлага
6.1. Биржийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний чөлөөт цагт төлөөлөн удирдах зөвлөл байна.
6.2. Биржийн хувьцаа эзэмшигч нь Засгийн газар, биржид хувь нийлүүлсэн бусад этгээд байна.
7 дүгээр зүйл. Төлөөлөн удирдах зөвлөл
7.1. Биржийн төлөөлөн удирдах зөвлөл есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн дөрөв нь хараат бус гишүүн байна.
7.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг хувьцаа эзэмшигчид нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгон гурван жилийн хугацаагаар томилж, Компанийн тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.
7.3. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхийн саналаар томилно.
7.4. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 50-аас дээш хувийг тухайн төсвийн жилийн хугацаанд өөрчлөхийг хориглоно.
7.5. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь дараах шалгуурыг хангасан байна:
7.5.1. зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
7.5.2. уул уурхай, хууль, үнэт цаас, худалдаа, эдийн засгийн дээд боловсролтой, уг салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;
7.5.3. ял шийтгэлгүй байх;
7.5.4. төрийн улс төрийн албан тушаал хашдаггүй байх;
7.5.5. эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх;
7.5.6. үнэт цаасны зах зээлийн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан бус байх;
7.5.7. зөрчлийн улмаас ажиллаж байсан байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;
7.5.8. санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх.
7.6. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь энэ хуулийн 7.5, Компанийн тухай хуулийн 79.1-д зааснаас гадна дараах шалгуурыг хангасан байна.
7.6.1. төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх, сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал хашиж байгаагүй;
7.6.2. уул уурхайн компанийн эрх бүхий албан тушаалтан, түүний холбогдох этгээд бус байх;
7.6.3. уул уурхайн компанийн хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшдэггүй байх.
8 дугаар зүйл. Биржийн гүйцэтгэх удирдлага
8.1. Гүйцэтгэх удирдлага нь биржийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
8.2. Гүйцэтгэх удирдлагыг Гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ.
8.3. Гүйцэтгэх захирал, газрын захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, төлөөлөн удирдах зөвлөлөөс томилж, чөлөөлнө.
8.4. Гүйцэтгэх захирал нь дараах шаардлагыг хангасан байна:
8.4.1. үнэт цаасны арилжаа, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой, санхүүгийн салбарт удирдах албан тушаалд таваас доошгүй жил ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;
8.4.2. ял шийтгэлгүй, ёс зүй болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх;
8.4.3. төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон бусад шаардлага.
8.5. Гүйцэтгэх удирдлага Компанийн тухай хуульд зааснаас гадна дараах эрхийг хэрэгжүүлнэ:
8.5.1. хуульд төлөөлөн удирдах зөвлөл батлахаар зааснаас бусад Биржийн дотоод дүрэм, журам, заавар, аргачлал болон хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийг батлах;
8.5.2. биржийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэх, төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой санхүү бүртгэл, мэдээлэл, удирдлага, зохион байгуулалтын асуудлаар шийдвэр гаргах;
8.5.3. Биржийн жилийн төсвийг боловсруулан батлуулж, батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагааг зохион байгуулах, гүйцэтгэлийг тайлагнах;
8.5.4. шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх;
8.5.5. төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрхийн хүрээнд биржийг төлөөлөх, гэрээ, хэлцэл байгуулах;
8.5.6. хүний нөөцийн бодлого, цалингийн сүлжээ батлах, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, түүнд олгох урамшуулал, хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийн хэмжээг тогтоох, сахилгын шийтгэл ногдуулах;
8.5.7. биржийн нэрийн өмнөөс холбогдох мэдээ, тайланг харилцагчаас шаардан авах, тэдний тайлан тэнцэлтэй танилцах, шалгах, хууль тогтоомжийн дагуу хөрөнгийг барьцаалах, санхүүжилтийг түр зогсоох.
8.6. Гүйцэтгэх удирдлага дараах үүрэг хүлээнэ:
8.6.1. Биржийн үйл ажиллагааны дунд, урт хугацааны стратеги, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
8.6.2. санхүүгийн сахилга батыг сахиулах, Биржийн хэвийн үйл ажиллагааг хангуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
8.6.3. биржийн дотоод нэгжүүд болон хувьцааг нь эзэмшиж байгаа компанийн үйл ажиллагааны уялдааг хангах;
8.6.4. биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн судалгааг хийх, үнэлгээ хийх зориулалтаар мэдээллийн сан бүрдүүлэх;
8.6.5. биржийн арилжааны болон дотоод хяналт, шалгалтын тогтолцоо бүрдүүлэх;
8.6.6. биржийн өмнө хүлээсэн бусад этгээдийн үүргийг хангуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
8.6.7. үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангах;
8.6.8. уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг зохион байгуулахад удирдлагаар хангах, үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
8.6.9. уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны зэх зээлийн талаарх мэдээллийг цаг тухайд нь гаргаж, тэдгээрийн үнэн зөв байдлыг хариуцах;
8.6.10. уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны талаарх мэдээлэл, үр ашгийн байдал, цаашдын төлөв хандлагын талаар санал боловсруулан төлөөлөн удирдах зөвлөл болон хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулах;
8.6.11. биржийн санхүү, төлбөрийн чадвар, нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
8.6.12. хувийн ашиг сонирхолтой нь холбогдсон асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэхэд оролцохгүй байх;
8.6.13. төлөөлөн удирдах зөвлөлийн өмнө ажлаа улирал бүр тайлагнах;
8.6.14. хууль зааснаас бусад тохиолдолд өөр байгууллагад ажил, албан тушаал хавсран эрхлэхгүй байх;
8.6.15. энэ хуульд заасан биржийн мэдээллийг нийтэд тайлагнах явцад хяналт тавих.
8.7. Биржийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга, гүйцэтгэх удирдлага нар нь биржийн эрх бүхий албан тушаалтан байх бөгөөд эрх бүхий албан тушаалтан нь Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон тохиромжтой этгээдийн шаардлагыг хангасан байх.
9 дүгээр зүйл. Биржийн зорилго, зорилт
9.1. Биржийн зорилго нь уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нээлттэй, ил тод зохион байгуулж, бодит ханш тогтоох, арилжаалагдаж буй бүтээгдэхүүний биржийн үнэ ханшийн тухай, арилжааны тухай мэдээллийг арилжаанд оролцогчид болон олон нийтэд үнэн зөв, түргэн шуурхай хүргэх, биржийн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг худалдан авагчдад хүргэх, арилжааны хэлцлийн үр дүнд үүссэн төлбөрийн үүргийг тодорхойлон бүртгэх, төлбөрийг найдвартай гүйцэтгэх тогтолцоо бүрдүүлэх замаар Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад оршино.
9.2. Бирж нь зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:
9.2.1. уул уурхайн бүтээгдэхүүний зохицуулалттай зах зээлийг бий болгон хөгжүүлэх;
9.2.2. уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдагч, худалдан авагчдыг холбох найдвартай тогтолцоо бүрдүүлэх;
9.2.3. уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжих гэрээ, хэлцэл болон үнийн ил тод, бодитой байдлыг хангахуйц бүртгэл, арилжаа, төлбөр тооцооны мэдээллийн систем бүрдүүлж хөгжүүлэх;
9.2.4. биржийн арилжааны үр дүнд үүссэн төлбөрийн үүргийг тодорхойлж, бүртгэх, үүргийн гүйцэтгэлийг найдвартай хангах тогтолцоо бүрдүүлэх;
9.2.5. биржийн зах зээлд гадаад, дотоодын худалдан авагчийг татан оролцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
10 дугаар зүйл. Биржийн чиг үүрэг
10.1. Бирж нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
10.1.1. биржийн арилжааг зохион байгуулах;
10.1.2. биржийн арилжааны гэрээ, хэлцлийг бүртгэх;
10.1.3. биржээр арилжаалах бүтээгдэхүүний ангилал, төрөл, тоо хэмжээ, чанарын хяналтыг зохион байгуулах;
10.1.4. биржээр арилжаалах бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг судлах, мэдээлэх;
10.1.5. олон улсын зах зээлийн үнэд нийцсэн нээлттэй, ил тод, арилжааны зарчимд тулгуурлан тогтсон бүтээгдэхүүний үнийг зарлах;
10.1.6. биржээр арилжаалах бүтээгдэхүүний үнэд нөлөөлж буй хүчин зүйл, хэтийн төлөвийг судлах;
10.1.7. биржийн арилжаанд оролцогчийг шаардсан мэдээллээр хангах;
10.1.8. биржийн арилжаанд оролцогчийн эрх ашгийг хамгаалах, арилжааны явцад хийгдсэн гэрээ, хэлцэлтэй холбогдох маргааныг уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дэргэдэх маргаан таслах зөвлөлөөр шийдвэрлүүлэх;
10.1.9. биржийн гишүүнд суудлын эрх, гишүүн бус оролцогчид арилжаанд оролцох эрх олгох;
10.1.10. биржийн арилжаанд оролцогчийг сургалт, мэдээллээр хангах;
10.1.11. биржийн арилжаанд оролцогчийн хүсэлтээр биржээр арилжаалах бүтээгдэхүүний ангилал, төрөл, чанар, тоо хэмжээг хянан баталгаажуулж, магадлагаа гаргах;
10.1.12. биржийн арилжааны явцад зохиомлоор үнэд нөлөөлөх, үгсэн хуйвалдах оролдлого, зах зээлийг урвуулан ашиглах үйлдэл хийж байгаа эсэхэд хяналт тавих, таслан зогсоох;
10.1.13. биржээр арилжаалах бүтээгдэхүүний агуулах, терминал, шинжилгээний лабораторид итгэмжлэл олгох, цуцлах асуудлыг төрийн холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;
10.1.14. биржийн арилжааны үр дүнд худалдан авагчаас үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон байршуулах дэнчингийн хэмжээг тогтоож, мөрдүүлэх;
10.1.15. биржээр арилжаалагдсан бүтээгдэхүүнийг чанар стандартын дагуу ангилж тухайн бүтээгдэхүүний биет хэмжээ, үнийн мэдээллийг биржийн арилжаанд оролцогч тус бүрээр гарган, сар бүр Татварын ерөнхий газарт хүргүүлэх
10.2. Төлөөлөн удирдах зөвлөл нь Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлөөр биржийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой дараах харилцааг зохицуулсан журмыг баталж, мөрдүүлнэ:
10.2.1. биржээр арилжаалах бүтээгдэхүүнийг коджуулах, гарал үүсэл, чанарыг баталгаажуулах;
10.2.2. биржээр арилжаалах бүтээгдэхүүнийг бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, чанарын хяналтыг зохион байгуулах;
10.2.3. биржийн арилжааны гэрээний стандарт тогтоох, хэрэгжилтэд хяналт тавих;
10.2.4. биржийн арилжааг зохион байгуулах;
10.2.5. биржийн арилжааны ханш тогтолтод хяналт тавих;
10.2.6. биржийн арилжааны үр дүнд үүссэн тооцоог тодорхойлох, төлбөрийг гүйцэтгэх, дэнчингийн хэмжээг тогтоох, байршуулах, нөхөн бүрдүүлэх;
10.2.7. биржийн арилжааны хэрэгжилтийг хангах, хяналт тавих;
10.2.8. биржийн арилжааны болон ханшийн мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журам;
10.2.9. биржээр арилжаалах бүтээгдэхүүнийг хадгалах агуулах, терминал, шинжилгээний лабораторид итгэмжлэл олгох журам.
10.2.10. харилцагчийн даалгаврыг хүлээж авах, биелүүлэх зэрэг харилцааг зохицуулсан журам;
10.2.11. арилжааны гэрээг бүртгэх журам.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
БИРЖИЙН АРИЛЖААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
11 дүгээр зүйл. Биржээр арилжаалах бүтээгдэхүүн
11.1. Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал код, чанар стандарт, сорьцын жагсаалтыг уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосны дагуу Засгийн газар батална.
11.2. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулах энэ хуулийн 11.1-д заасан уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина.
12 дугаар зүйл. Биржийн арилжааг зохион байгуулах
12.1. Биржийн арилжааг арилжааны журамд заасны дагуу зохион байгуулна.
12.2. Бирж арилжааг удирдан явуулах бөгөөд доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.2.1. биржийн арилжааны бэлтгэл хангагдсан эсэхийг хянаж, арилжааг эхлүүлэх;
12.2.2. биржийн арилжааны явцад шаардлагатай нөхцөл байдал үүссэн үед арилжааг түр зогсоох, арилжааг хаах;
12.2.3. биржийн арилжааны журмыг мөрдүүлэх.
12.3. Биржээр бүтээгдэхүүнийг арилжаалахад дараах төрлийн арилжааны гэрээг байгуулна:
12.3.2. фьючерсийн гэрээ;
12.3.3. опцион гэрээ;
12.4. Биржийн арилжаа амжилттай хийгдсэнээр гэрээг байгуулсан гэж үзнэ.
13 дугаар зүйл. Арилжааны гэрээг бүртгэх, хэрэгжилтийг хангах
13.1. Бирж арилжааны журмын дагуу арилжааны явцад хийгдсэн гэрээг тухай бүр бүртгэнэ.
13.2. Арилжааны гэрээний үүрэг хариуцлагыг брокер болон өөрийн нэрийн өмнөөс арилжаанд оролцсон этгээд хариуцна.
13.3. Арилжааны гэрээний үндэслэл болсон захиалга болон холбогдох бусад үндсэн баримтыг арилжааны гэрээ байгуулсан этгээд зохих журмын дагуу хадгалах үүрэгтэй.
13.4. Арилжаа хийгдэж гэрээ байгуулагдсанаар, гэрээний төлбөрийг гүйцэтгэнэ.
14 дүгээр зүйл. Биржээр арилжаалах бүтээгдэхүүний чанарын хяналт
14.1. Биржийн арилжаанд оролцогчийн хүсэлтээр биржид арилжаалахаар бүртгүүлсэн, арилжаалсан бүтээгдэхүүний чанарын хяналтыг бирж зохион байгуулна.
14.2. Бирж нь биржээр арилжаалах бүтээгдэхүүний биет хэмжээ, чанар стандартад хяналт тавих зорилгоор уг бүтээгдэхүүнийг хүлээн авахад байлцах эрхтэй.
14.3. Биржээр арилжаалах бүтээгдэхүүний чанар, стандарт нь худалдан авагчаас шаардсан чанар, стандартад нийцэж буй эсэхэд бирж хяналт тавина.
15 дугаар зүйл. Биржийн арилжааны үнэ, түүнийг мэдээлэх
15.1. Биржийн арилжааны үнийг хил залгаа улсын хилийн боомтын үнээр зарлана.
15.2. Биржийн арилжааны үнэ нь олон улсын зах зээлийн үнэд нийцсэн, тэгш, шударга, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчимд үндэслэнэ.
15.3. Биржийн арилжааны явцад талууд биржээс зарласан үнийг зөвшөөрснөөр гэрээний үнэ тогтоно.
15.4. Хүчингүй болсон, хүчин төгөлдөр бусад тооцсон болон биржийн бус зах зээлд хийгдсэн хэлцлийн үнийг биржийн арилжааны үнэ гэж үзэхгүй.
15.5. Арилжаанд оролцогчид дараах үйл ажиллагааг явуулсан нь тогтоогдсон бол бирж арилжааг зогсооно:
15.5.1. биржид тухайн үед тогтсон үнийн дээд, доод хязгаараас давсан ханшаар нэг төрлийн, ижил хэмжээний бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авахаар нэг зэрэг захиалга өгсөн эсхүл аливаа хэлбэрээр тохиролцоо хийсэн;
15.5.2. биржээр арилжаалах бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн талаар болон биржийн арилжааны зах зээлд оролцогчийн талаар худал мэдээлэл тараасан;
15.5.3. биржийн арилжаагаар эзэмшигч нь бодитой өөрчлөгдөөгүй хуурамч хэлцэл хийсэн;
15.5.4. биржийн хянан шалгагч, Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагчаас биржийн арилжааны журмыг зөрчиж зах зээлийг урвуулан ашигласан гэх нөхцөл байдлыг тогтоосон.
16 дугаар зүйл. Төлбөр тооцоо
16.1. Биржийн арилжааны явцад хийгдсэн хэлцэл, биржтэй байгуулсан гэрээг үндэслэн төлбөр тооцоог гүйцэтгэнэ.
16.2. Төлбөр тооцоог хийхэд баримтлах журмыг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлөөр биржийн төлөөлөн удирдах зөвлөл батална.16.3.Төлбөр тооцоог дотоодын арилжааны банк, үнэт цаасны төлбөр тооцооны байгууллагаар дамжуулан гүйцэтгэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТӨРӨӨС ЗОХИЦУУЛАХ
17 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
17.1. Биржийн талаар төрөөс баримтлах бодлогыг Улсын Их Хурал тодорхойлно.
18 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
18.1. Засгийн газар нь уул уурхайн бүтээгдэхүүний зах зээл, экспорт, импортын талаарх төрийн бодлогыг тодорхойлно.
19 дүгээр зүйл. Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
19.1. Биржийн үйл ажиллагааг зохицуулахтай холбоотойгоор уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
19.1.1. уул уурхайн бүтээгдэхүүний зах зээл, экспорт, импортын талаарх төрийн бодлогын хүрээнд биржийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллах;
19.1.2. биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал, код, чанар стандартын сорьцын саналыг боловсруулах;
19.1.3. биржийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг холбогдох этгээдээс авах;
19.1.4. биржийн үйл ажиллагааг зохицуулах асуудлаар Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллах, түүний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
19.1.5. Засгийн газраас үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн тусгаар байдалд чухал нөлөөлөлтэй гэж тогтоосон биржээр арилжаалах зарим төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох журмыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран батлах.
20 дугаар зүйл. Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрх
20.1. Биржийн үйл ажиллагаанд төрөөс тавих хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэгч байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо (цаашид “Хороо” гэх) байна.
20.2. Хороо нь биржийн үйл ажиллагаатай холбогдуулан дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
20.2.1. энэ хуулийн 19.1.1, 19.1.4-т заасан эрх;
20.2.2. биржийн үйлчилгээний хураамжийг биржээс ирүүлсэн санал, судалгааг харгалзан тогтоох;
20.2.3. уул уурхайн бүтээгдэхүүний зохицуулалттай зах зээлийн үйл ажиллагааг зохицуулах журмыг уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан батлах;
20.2.4. биржийн гишүүнд тусгай зөвшөөрөл, гишүүн бус оролцогчид эрх олгох, түдгэлзүүлэх, цуцлах, тусгай зөвшөөрөл, эрхийн нөхцөл шаардлагын хэрэгжилтэд хяналт тавих журам батлах;
20.2.5. биржид тавигдах шаардлагад хяналт тавих;
20.2.6. биржийн арилжаа хийгдэж төлбөр, тооцоо хийх журмыг батлах.
20.3. Хороо нь уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран биржийн арилжааны болон ханшийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, ашиглах, мэдээллийг нийтэд хүргэх журам батлах.
20.4. Бирж, биржийн арилжаанд оролцогч нь Хорооноос гаргасан шийдвэр, хянан шалгагчийн үүрэг, даалгаврыг биелүүлэх үүрэгтэй.

ТАВДУГААР БҮЛЭГ
БИРЖИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОГЧ
21 дүгээр зүйл. Биржийн арилжаанд оролцогч
21.1. Биржийн арилжаанд оролцогчийг дараах байдлаар тодорхойлно:
21.1.1. гишүүн оролцогч буюу биржээс тогтоосон шалгуур, шаардлагыг хангаж, арилжаанд оролцох тусгай зөвшөөрөл авсан суудлын эрхтэй брокер;
21.1.2. гишүүн бус оролцогч буюу биржийн арилжаанд зөвхөн өөрийн нэрийн өмнөөс өөрийн хөрөнгөөр суудлын эрхгүй оролцох этгээд;
21.1.3. биржийн арилжаанд брокероор дамжуулан оролцох уул уурхайн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах этгээд;
21.2. Гишүүн бус оролцогч нь бусдын нэрийн өмнөөс биржийн арилжаанд оролцох эрхгүй.
21.3. Гишүүн бус оролцогч нь Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газартай гадаад улсын хуулийн этгээд байж болно.
21.4. Гишүүн оролцогч нь Хорооноос биржийн арилжаанд оролцох эрхийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр авсан брокерын үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд байна.
21.5. Брокер нь биржийн гишүүнээр элсэж суудлын эрх авсан Монгол Улсын хуулийн этгээд байна.
21.6. Брокер нь энэ хуулийн 22 дугаар зүйлд зааснаас гадна доор дурдсан эрхтэй:
21.6.1. харилцагчийн захиалга, түүний биелэлтийг зохих журмын дагуу баталгаажуулах;
21.6.2. холбогдох журмын дагуу харилцагчийн захиалгыг биржид бүртгүүлэх;
21.6.3. харилцагчаа төлөөлөн биржийн арилжаанд оролцож, хэлцэл хийх;
21.6.4. биржийн арилжаанд оролцох журам, биржийн бараа бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, биржийн зах зээлд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагын талаар харилцагчид мэдээлэл өгч, баталгаа гаргуулах;
21.6.5. биржийн үйлчилгээний хураамжийг хугацаанд нь төлүүлэх;
21.6.6. биржийн арилжааны хэлцэл, түүний гүйцэтгэлтэй холбоотой бичиг баримтыг зохих журмын дагуу бүрдүүлэх, хадгалах, биржийн болон хянан шалгах эрх бүхий этгээдийн шийдвэрээр танилцуулах;
21.6.7. хууль тогтоомжид заасан бусад эрх.
22 дугаар зүйл. Биржийн арилжаанд оролцогчийн нийтлэг эрх, үүрэг
22.1. Биржийн арилжаанд оролцогч нь дараах нийтлэг эрх, үүрэгтэй:
22.1.1. биржээс баталсан дүрэм, журмыг дагаж мөрдөх;
22.1.2. биржийн арилжаанд шударгаар оролцох;
22.1.3. биржээр арилжаалах бүтээгдэхүүний захиалгаа бүртгүүлэх;
22.1.4. биржийн итгэмжлэгдсэн лабораториос хүлээн авсан биржээр арилжаалах бүтээгдэхүүний чанар, стандарт, сорьц, тоо хэмжээг үнэн зөв мэдээлэх, бүртгүүлэх;
22.1.5. буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад хохирол учруулсан бол хохирлыг барагдуулах;
22.1.6. биржийн шаардлагаар биржээр арилжаалах бүтээгдэхүүний талаар нэмэлт мэдээлэл өгөх;
22.1.7. биржийн арилжаа, үнийн талаар мэдээлэл авах;
22.1.8. биржээс тогтоосон дэнчингийн шаардлагыг хангаж, арилжаа биелж, хэлцэл хийгдмэгц хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх;
22.1.9. биржийн үйлчилгээний хураамжийг хугацаанд нь төлөх;
22.1.10. бирж дээр хийсэн гэрээ, хэлцлийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх, энэ тухай мэдээллээр эрх бүхий этгээдийг хангах;
22.1.11. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
23 дугаар зүйл. Биржийн арилжаанд оролцогчид хориглох зүйл
23.1. Биржийн арилжаанд оролцогч дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
23.1.1. арилжаанд оролцогч бусад этгээдийн нэр хүндийг гутаах, эсхүл өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй буюу гуйвуулсан мэдээ тараах, бусдыг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх;
23.1.2. үгсэн хуйвалдах, харилцан тохиролцох замаар биржээр арилжаалах бүтээгдэхүүний үнийг зохиомлоор тогтоох, зах зээлийг урвуулан ашиглах зорилготой аливаа үйлдэл хийх;
23.1.3. хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа.
24 дүгээр зүйл.. Бирж, түүний ажилтанд хориглох зүйл
24.1. Бирж нь өөрийн нэрийн өмнөөс болон бусад оролцогчийн нэрийн өмнөөс биржийн арилжаанд оролцохыг хориглоно.
24.2. Биржийн ажилтан дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
24.2.1. биржийн арилжаанд оролцох;
24.2.2. биржийн арилжааны брокерийн компани байгуулах;
24.2.3. биржийн арилжаанд оролцогчийн арилжааны нууцыг агуулсан мэдээ, мэдээллийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад тараах, задруулах;
24.2.4. биржийн арилжааны брокертай үгсэн хуйвалдаж биржийн арилжааг хууль бусаар явуулах;
24.2.5. биржийн арилжааны үнэ ханшид нөлөөлж болох мэдээллийг орхигдуулах, нуун дарагдуулах, зохих журмын дагуу мэдээлэл өгөхөөс татгалзах;
24.2.6. ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө бусдаас урамшуулал, мөнгөн шагнал, шан харамж авах.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ
25 дугаар зүйл. Биржийн үйл ажиллагаанд тавих хяналт
25.1. Биржийн үйл ажиллагаа болон арилжааны явцад тавих хяналт нь зохицуулах байгууллагын хяналт, дотоод хяналт болон хөндлөнгийн санхүүгийн хяналт гэсэн хэлбэртэй байна.
25.2. Биржийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх нь биржийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх байх бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлөөс томилогдсон дотоод аудитын алба энэхүү хяналтын тогтолцоог бүрдүүлэх, боловсронгуй болгоход гүйцэтгэх удирдлагад болон төлөөлөн удирдах зөвлөлд дэмжлэг үзүүлнэ.
25.3. Төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын хорооноос сонгосон хараат бус аудитын байгууллага биржийн жилийн санхүүгийн тайланд аудит хийж дүгнэлт гаргах бөгөөд дүгнэлтийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэж, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн хамт биржийн цахим хуудсаар дамжуулан ажлын 10 хоногийн хугацаанд нийтэд мэдээлнэ.
25.4. Бирж, түүний гишүүн биржийн тухай хууль тогтоомж, нөхцөл, шаардлагыг ханган ажиллаж байгаа эсэхэд Санхүүгийн зохицуулах хорооноос байнгын хяналт тавьж ажиллана.

ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
26 дугаар зүйл. Биржийн үйл ажиллагаатай холбогдсон маргааныг шийдвэрлэх
26.1. Бирж нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд биржийн арилжаанд оролцогч хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дэргэдэх маргаан таслах зөвлөл (цаашид “маргаан таслах зөвлөл” гэх)-тэй байх бөгөөд маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг биржийн төлөөлөн удирдах зөвлөл батална.
26.2. Биржийн арилжаанд оролцогч нь биржийн арилжаатай холбоотой гомдлоо арилжаа хийгдсэнээс хойш хуанлийн 30 хоногийн дотор маргаан таслах зөвлөлд гаргана.
26.3. Маргаан таслах зөвлөл нь маргааныг хүлээн авч хуанлийн 30 хоногийн дотор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
26.3.1. гомдлын шаардлагыг хангах;
26.3.2. гомдлыг шаардлагыг хэрэгсэхгүй болгох;
26.3.3. гомдлын хүрээнд арилжааны шийдвэрт өөрчлөлт оруулах
26.4. Биржийн арилжаанд оролцогч нь маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
27 дугаар зүйл. Маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх
27.1. Арбитрын хэлэлцээртэй бол зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, харилцагчийн хооронд гарсан маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ.
27.2. Энэ хуулийн 27.1-д заасны дагуу маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх тохиолдолд энэ хуулийн 26.2 хамаарахгүй.
28 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
28.1. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
29 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
29.1. Энэ хуулийг 20... оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх