Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 4-р сарын 10 өдөр
Ulaanbaatar city
ОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Ойн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.1.25-3.1.35 дахь заалт:
3.1.25. “модлог ургамлын үр” гэж модлог ургамлыг үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээхэд ашиглаж байгаа модлог ургамлын үржлийн зориулалт бүхий үр хөврөл, дагавар үр, үрийг;
3.1.26. “үржлийн материал” гэж модлог ургамлыг үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээхэд ашиглаж байгаа ургал эрхтэн, үндэс, ногоон ба модожсон тайраадас, нугалаадас, бут үржүүлэг, зулам ба ургамлын бусад хэсгийг;
3.1.27. “магадлан итгэмжлэл” гэж ойн санг эзэмшигч болон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд зохих шалгуур үзүүлэлт, шаардлагын дагуу хөндлөнгийн байгууллагаас үнэлгээ хийж нотлох дүгнэлт гарган тогтоосон байдлыг;
3.1.28. .“модлог ургамлын үр, үржлийн материал бэлтгэх, боловсруулах” гэж тарьц ургуулах зориулалт бүхий боргоцой, үр, жимс зэрэг үрийн материал, навч нахиа, ургал эрхтэн, мөчир, бусад ургамлын хэсэг зэрэг үржлийн материал бэлтгэх, боловсруулах болон ойжуулалтын зориулалтаар тарьц, суулгац ургуулах үйл ажиллагааг;
3.1.29. .“ойн үрийн мужлал” гэж экологийн болон өндөршлийн хувьд төстэй бүс нутагт орших удамшил, гадаад илрэлийн хувьд адил шинж тэмдэг бүхий байгалийн ойн газар нутгийг;
3.1.30. “ойн аж ахуйн арга хэмжээ” гэж сор, шилмэл мод сонгох, үр, боргоцой бэлтгэх, боловсруулах, чанарын шинжилгээ хийх, тарьц, суулгац ургуулах, ойжуулах, төв суурин газрын ойжуулалт, байгалийн сэргэн ургалтад туслах, арчлах, мод бэлтгэлийн болон үрийн талбай тусгаарлах, мод бэлтгэх, боловсруулах, мод, сөөгийн плантаци, хамгаалалтын ойн зурвас, агро-ойн аж ахуй байгуулах, ойн мелиораци, ойн тооллого, ой зохион байгуулалт, ойн арчилгаа, цэвэрлэгээ, ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа, тэмцэл, түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, зэрэг цогц ажил үйлчилгээг;”
3.1.31. “бүсийн ойн аж ахуй” гэж ойн ургамалжилтын мужлал, ойн нөөцөд тулгуурлан зохион байгуулагдсан ойн нөөцийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг бүхий үндсэн нэгжийг;
3.1.32. “агро-ойн ойн аж ахуй” гэж тухайн нутаг дэвсгэрийн хөрс, уур амьсгал, ус зүйн нөхцлийг сайжруулах, бусад таримал болон байгалийн ургамлын ургах орчныг дэмжсэн ойн аж ахуйн цогц арга хэмжээг;
3.1.33. “ойн мелиораци” гэж ойжуулах замаар байгалийн ус, хөрс, уур амьсгалын нөхцөлийг сайжруулахад чиглэсэн ойн аж ахуйн цогц арга хэмжээг;
3.1.34. “таримал ой” гэж 0.5 га-аас дээш талбайд 2 метрээс өндөр үргэлжлэн ургасан, титмийн бүрхэвч 10-аас дээш хувьд хүрэх боломжтой тарьсан модод бүхий газрыг;
3.1.35. “ойн зурвас” гэж дэд бүтцийн барилга байгууламж, суурин газар, үйлдвэр аж ахуйн обьект, газар тариалан, хөдөө аж ахуйн цогцолборыг салхи, шороон шуурганаас хамгаалах, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах зорилгоор тарьсан 3-аас дээш эгнээ, 100 метрээс урт мод, бут, сөөг бүхий газрыг.
2/13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг:
13.2. Хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ой модны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.2.1. мод боловсруулах салбарын үйл ажиллагааг бодлого, зохицуулалтаар хангах;”
3/14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг:
14.2. Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ойг хамгаалах, нөхөн сэргээх, ашиглах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.2.1. ойг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаарх хууль тогтоомж, эрх бүхий төрийн байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, ойн аж ахуйн арга хэмжээг удирдан зохион байгуулах, мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;
14.2.2. улсын ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулах, бүсийн ойн менежментийн төлөвлөгөөг батлах, уялдаа холбоог хангах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;
14.2.3. улсын ойн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгуулж, санхүүжүүлэх;
14.2.4. ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, ашиглах зориулалтаар улсын төсвөөс олгосон хөрөнгийг хуваарилах, зарцуулалтад хяналт тавих, гүйцэтгэлийг тайлагнах;
14.2.5. ойн аж ахуйн арга хэмжээний стандарт, журам, заавар, аргачлал, удирдамж боловсруулах, батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
14.2.6. ойн салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах;
14.2.7. ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх шинэ техник, технологийг судлах, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, техник, технологийн дэвшлийг дамжуулах, нутагшуулах, шинжлэх ухаан, технологийн судалгааны үр дүн, инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
14.2.8. таримал ой ургуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжил арга зүй, удирдлага зохион байгуулалтаар хангах, талуудын уялдаа холбоог зохицуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;
14.2.9. агро-ойн ойн аж ахуйг кластер хэлбэрээр зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах, талуудын уялдаа холбоог зохицуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;
14.2.10. ойн аж ахуйн арга хэмжээ”-ний зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлд магадлал хийх ажлыг зохион байгуулах, эрх олгох, баталгаажуулах;
14.2.11. модлог ургамлын үрийн улсын нөөцийн сан байгуулах, баяжуулах, үйл ажиллагааг эрхлэх, үржлийн материал үйлдвэрлэх нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх;
14.2.12. модлог ургамлын үр, үржлийн материалын гарал үүслийн болон чанарын гэрчилгээний загварыг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
14.2.13. ой, хээрийг түймэр, хөнөөлт шавжийн тархалт, ойн нөөцийн хомсдол, газрын доройтол, бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, ойн ашиглалттай холбоотой гарсан зөрчлийг таслан зогсоох үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;
14.2.14. ой, хээрийн түймрийн аюултай үед ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлэх, эргүүл, харуул ажиллуулах, бүх нийтийг татан оролцуулах талаар нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах, түймрийн аюулын анги, зэрэглэлийг үндэслэн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт тодорхой үйл ажиллагааг зогсоох, хязгаарлах тухай саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад тавьж, шийдвэрлүүлэх;
14.2.15. ой, хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг сурталчлах, иргэд, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг ой, хээрийн түймэр унтраах арга ажиллагаанд сургах ажлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
14.2.16. хил дамнасан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах талаар бусад улстай гэрээ, хэлэлцээр байгуулж, хамтран ажиллах;
14.2.17. цаг агаарын болон ой, хээрийн түймрийн цагийн байдлын тухай мэдээллээр холбогдох байгууллага, хүн амыг хангах;
14.2.18. ашиглалтын бүсийн ойн менежментийг сайжруулах, ойн нөөцийг иж бүрэн, хаягдалгүй ашиглахтай холбоотой ойн техник, технологийг нэвтрүүлэх, хөгжүүлэх;
14.2.19. ойн экологи, эдийн засгийн үнэлгээг боловсруулах;
14.2.20. энэ хуулийн 7.2-т заасны дагуу ойн тооллого, ой зохион байгуулалт хийх, ойн мониторингийн системийг хөгжүүлэх, ойн сангийн өөрчлөлтөд хяналт, шинжилгээ хийх;
14.2.21. ойн мэдээллийн нэгдсэн сан хөтлөх, бүрдүүлэх, баяжуулах, мэдээллээр хангах;
14.2.22. таримал ойг улсын ойн санд хүлээн авах;
14.2.23. бүсийн ойн аж ахуй, ойн ангийн үлгэрчилсэн дүрмийг батлах;
14.2.24. Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан шаардлага хангасан иргэнийг бүсийн ойн аж ахуйн даргаар шууд, ойн ангийн даргаар аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн томилох, чөлөөлөх;
14.2.25. бүсийн ойн аж ахуй, ойн анги, ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, дүгнэлт гаргах;
14.2.26. ойн мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, хүчингүй болгох;
14.2.27. мод тарьж ургуулах үйл ажиллагаа эрхэлж буй ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, санхүүгийн цогц дэмжлэг үзүүлэх, мөнгөн урамшуулал олгох тогтолцоог хөгжүүлэх;
14.2.28. ойн нөөцийг хамгаалах дотоод хяналтыг зохион байгуулах.”
4/161 дүгээр зүйл.Бүсийн ойн аж ахуйн бүрэн эрх
161.1. Бүсийн ойн аж ахуй дараах эрх хэмжээтэй байна:
161.1. хариуцсан бүс нутагтаа ойн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах, ойн аж ахуйн арга хэмжээг бүс нутгийн онцлогт тохируулан, кластерийн зарчмаар хөгжүүлэх, бүсийн ойн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, дүнг төрийн захиргааны байгууллагад тайлагнах;
161.2. бүсийн ойн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгуулж, санхүүжүүлэх;
161.3. аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
161.4. ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаарх саналаа төрийн захиргааны байгууллагад тавих;
161.5. өөрийн харьяа ойн ангийг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
161.6. ойн ангийн даргыг томилох, чөлөөлөх тухай саналаа төрийн захиргааны байгууллагад мэдүүлэх;
161.7. бүс нутгийн ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээ, мод үржүүлэг, үр, үржлийн материалын стандартын хэрэгжилтэд хяналт тавьж дүгнэлт гаргах.
161.8. ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар бүс нутгийн түвшинд зохиож байгаа ажилд хяналт тавих;
161.9. бүс нутагтаа таримал ой ургуулах, суурин газрын ойжуулалт, цэцэрлэгт хүрээлэн, ойн зурвас байгуулах, агро-ойн аж ахуйг ажлыг кластер хэлбэрээр зохион байгуулах, мэргэжил зүйгээр хангах;
161.10. бүс нутгийн модлог ургамлын үр, үржлийн материал, байгалийн ургамлын үрийн агуулах, генийн сан бий болгох, нутгийн ургамлын шилмэл сортын үр, үржлийн материалын нөөц бүрдүүлэх, хадгалах;
161.11. байгалийн болон таримал ойн мэдээллийн нэгдсэн сан, хөтлөх, бүрдүүлэх, баяжуулах, мэдээллээр хангах;
161.12. таримал ойг улсын ойн санд хүлээн авах дүгнэлт гаргах.”
5/23 дугаар зүйлийн 23.4, 23.5 дахь хэсэг:
23.4. Ойн магадлан итгэмжлэлийг холбоогоор гүйцэтгүүлж болно. Ойн магадлан итгэмжлэлд тавигдах шаардлага, магадлан итгэмжлэх журмыг ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
23.5. Магадлан итгэмжлэлийн дүгнэлтийг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүлээн авч хянаж, баталгаажуулна.”
6/28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэг:
“28.6.Хил хамгаалах байгууллага хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу улсын хилийн шугам дайран гарсан ойд улсын хил тод харагдахаар зурвас гаргах, сэргээх ажлыг төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдсэний үндсэн дээр хийх бөгөөд дээрх зурвасаас гарсан модыг холбогдох журмын дагуу ашиглаж болно.”
7/30 дугаар зүйлийн 30.6 дахь хэсэг:
“30.6.Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлын нормативыг санхүү, төсвийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.”
8/“301 дүгээр зүйл. Модлог ургамлын үр, үржлийн материал бэлтгэх
301.1. Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажилд тухайн бүс, нутгийн гарал үүсэлтэй, стандартын шаардлага хангасан ойн үржлийн материалыг тариална.
301.2. Ойн үрийн мужлалын хилийн заагийг ойн шинжлэх ухааны байгууллагын саналыг үндэслэн ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтооно.
301.3. Байгалийн гамшгийн улмаас үр нөөцөлж чадаагүй, эсхүл үрийн бага ургацын жилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үр нийлүүлэх, үр шинэчлэх зорилгоор удамшлын болон тарилтын сайн чанарын үрээр ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлөөр модлог ургамлын үрийн улсын нөөцийн санг бүрдүүлнэ.
301.4. Модлог ургамлын үр, үржлийн материалын үйлдвэрлэлд төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг байгаль орчны болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
301.5. Тарьц ургуулах, худалдан борлуулах, ойн үрийн нөөцийн улсын санд нийлүүлэх зориулалт бүхий үрээс дээж авч, үрийн чанарын шинжилгээг ойн үрийн итгэмжлэгдсэн лабораторид хийж, үрийн чанарын гэрчилгээ олгоно.
301.6. Гарал үүслийн болон чанарын гэрчилгээтэй ойн үржлийн материалыг худалдан борлуулна.
301.7. Гарал үүсэл тодорхойгүй, эсхүл үр нь лабораторийн шинжилгээгээр стандартын шаардлага хангаагүй тохиолдолд тухайн багц үрийг худалдах, импортлохыг хориглоно.
301.8. Модлог ургамлын үр, үржлийн материал үйлдвэрлэх, худалдах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.”
9/31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэг:
“31.5.Энэ хуулийн 31.1-д заасан хандивын хөрөнгийг төвлөрүүлэх, зарцуулах, уг хөрөнгөөр мод тарьж ургуулах журмыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж мөрдүүлнэ.”
2 дугаар зүйл. 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн “төрийн захиргааны төв байгууллага” гэсний өмнө “Байгаль орчны асуудал эрхэлсэн” гэж, 13.1.4 дэх заалтын “жил бүр” гэсний өмнө “таримал ой, мод үржүүлгийн газар, модлог ургамлын үрийн бодлого боловсруулж баталж, биелэлтийг хангуулах” гэж, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн “Аймаг” гэсний өмнө “Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/, бүсийн тулгуур төвүүдэд бүсийн ойн аж ахуй” гэж, 27.5 дахь хэсгийн “химийн бодис” гэсний дараа “биологийн бэлдмэл” гэж, 28 дугаар зүйлийн гарчгийн “цэвэрлэгээ хийх” гэсний дараа “хилийн зурвас гаргах, сэргээх” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Ойн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг:
“4.3.Энэ хуулийн 4.2-т заасны дагуу таримал ой, түүний дагалт баялгийг өмчлүүлэх асуудлыг орон нутгийн ойн ангийн тодорхойлолтыг үндэслэн энэ хуулийн 30.5-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ.”
4 дүгээр зүйл. Ойн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн гарчгийг “Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүрэн эрх” гэж, 13 дугаар зүйлийн 13.1.11, 13.1.13, 13.1.14 дэх заалтын дугаарыг “13.1.10, 13.1.11, 13.1.12” гэж, 13.1.35 дахь заалтын дугаарыг “13.1.13” гэж, 17 дугаар зүйлийн 17.2.8 дахь заалтын “тэдгээрийн даргыг байгаль орчны газрын даргатай зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэснийг “тэдгээрийн даргыг томилох, чөлөөлөх асуудлаар ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөх”, 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсгийн “үйл ажиллагааг” гэснийг “арга хэмжээг” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл. Ойн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасан “төв” гэснийг, 13 дугаар зүйлийн 13.1.11 дэх заалтын “биелэлтийг дүгнэн, ажил гүйцэтгэгчийг санхүүжүүлэх;” гэснийг, 13.1.13 дахь заалтын “боловсруулах” гэснийг, 17 дугаар зүйлийн 17.3.8 дахь заалтын “ойн ангийн даргыг томилох, чөлөөлөх” гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл. Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.10, 13.1.12, 13.1.15-13.1.34 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл. Энэ хуулийг 202..... оны ... дугаар сарын ... -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
4. Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх