15.1. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд үйлчлүүлэгчтэй байгуулах зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний загварыг энэ хуулийн 19.1-д заасан Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөр батлуулсны үндсэн дээр үйл ажиллагаандаа хэрэглэнэ.
15.2. Зээлийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулах бөгөөд түүнд дараах нөхцөлийг тусгасан байна:
15.2.1. мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн нэр, салбар, хаяг болон зээлдэгчийн нэр, хаяг;
15.2.2. гэрээ байгуулсан он, сар, өдөр;
15.2.3. зээлийн хэмжээ;
15.2.4. зээлийн хүүгийн хэмжээ, зээлийн хүү тооцох аргачлал;
15.2.5. зээлийн эргэн төлөлтийн хуваарь;
15.2.6. зээлийн эргэн төлөлт хийх дансны дугаар;
15.2.7. барьцаа, батлан даалт байх эсэх;
15.2.8. хугацаанаас өмнө эргэн төлөлт хийх нөхцөл;
15.2.9. нэмэгдүүлсэн хүү байх эсэх;
15.2.10. бусад шаардлагатай нөхцөл.
15.3. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд зээлийн гэрээ байгуулахдаа зээлдэгчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтыг шалгах бөгөөд энэ хуулийн 15.2-т заасан нөхцөл бүрийг тайлбарлаж өгнө.
15.4. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд зээлийн гэрээтэй холбоотойгоор барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ байгуулах тохиолдолд барьцаалуулагч, батлан даагчтай бичгээр гэрээ байгуулж зээлийн гэрээнд хавсаргана. Барьцааны болон батлан даалтын гэрээнд дараах нөхцөлийг тусгасан байна:
15.4.1. мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн нэр, салбар, хаяг болон зээлдэгчийн нэр, хаяг;
15.4.2. гэрээ байгуулсан он, сар, өдөр;
15.4.3. барьцааны, эсхүл батлан даалтын хугацаа;
15.4.4. зээлийн хэмжээ;
15.4.5. барьцааны, эсхүл батлан даалтын хамрах хүрээ;
15.4.6. барьцаа хөрөнгийн үнэлгээ;
15.4.7. бусад шаардлагатай нөхцөл.
15.5. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ байгуулахдаа гэрээний нөгөө талын иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтыг шалгах бөгөөд энэ хуулийн 15.4-т заасан нөхцөл бүрийг тайлбарлаж өгнө.
15.6. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ болон бусад шаардлагатай баримт бичгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсанаас хойш хоёр жилийн хугацаанд хадгална.
15.7. Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд бүртгэлийн дэвтэр болон энэ хуулийн 5.1.7-д заасан цахим бүртгэлд зээлийн болон барьцааны гэрээг барьцаа хөрөнгийн зургийн хамт барьцаанд хөрөнгө авсан тухай бүр бүртгэнэ.
15.8. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэн зээлийн болон барьцааны гэрээг бүртгэлийн дэвтэрт зээлийн гэрээ байгуулсан тухай бүр бүртгэнэ.
15.9. Энэ хуулийн 15.7, 15.8-д заасан бүртгэлийн дэвтрийн загвар, бүртгэлийн дэвтрийг хөтлөх журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
15.10. Зээлийн, барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулахад аливаа шимтгэл, эсхүл хураамж авахыг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хориглоно.