Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 1-р сарын 07 өдөр
Ulaanbaatar city
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэн, мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээлийн хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаан дахь хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомж
2.1. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Иргэний хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хуулиар барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа, иргэнээс байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа /цаашид “мөнгөн зээлийн үйл ажиллагаа” гэх/ болон мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.
3.2. Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.
3.3. Хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
4 дүгээр зүйл. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд
4.1. Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг ашгийн төлөө хэлбэрээр байгуулагдсан хуулийн этгээд эрхэлнэ.
4.2. Байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол Улсын иргэн эрхэлж болно.
5 дугаар зүйл. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тавигдах шаардлага
5.1. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд дараах шаардлагыг хангасан байна:
5.1.1. мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх мөнгөн хөрөнгийн хэмжээ нь 10 000 000 төгрөг, түүнээс багагүй байх;
5.1.2. энэ хуулийн 8.1-д заасан мөнгөн зээлийн үйл ажиллагааны журмын талаарх сургалтад хамрагдсан байх;
5.1.3. мөнгөн зээлийн үйл ажиллагаанд зориулсан банкны харилцах данстай байх;
5.1.4. татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх;
5.1.5. татварын нэгдсэн системд холбогдсон кассын машин, хэвлэх төхөөрөмжтэй байх;
5.1.6. барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх бол барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага, стандартыг хангасан ажлын байртай байх;
5.1.7. барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх бол тухайн мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийг агуулсан, энэ хуульд заасан эрх бүхий албан тушаалтан тухайн мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбогдсон шаардлагатай мэдээлэл авах боломжийг хангасан цахим бүртгэлтэй байх;
5.1.8. барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх бол гүйцэтгэх удирдлага, менежер нь энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх;
5.1.9. байнга, ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэн бол Эрүүгийн хуулийн Арван долдугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, Арван наймдугаар бүлэгт заасан Эдийн засгийн гэмт хэрэг, 29.10 дугаар зүйлд заасан Терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт, эсхүл Зөрчлийн тухай хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан Үнэт цаас, банк, санхүү, гааль, татвар, мэргэжлийн хяналт, даатгалын журмын эсрэг зөрчилд хариуцлага хүлээж байгаагүй байх.
5.2. Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхлэх этгээдэд тавигдах нэмэлт шаардлага, үйл ажиллагаа явуулах нөхцөл, шаардлагыг Санхүүгийн зохицуулах хороо тогтоож болно.
5.3. Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн ажлын байр, байршилд тавигдах шаардлага, стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
6 дугаар зүйл. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн нэр
6.1. Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн нэр нь түүний оноосон нэр болон “барьцаалан зээлдүүлэх газар” гэсэн тэмдэглэгээнээс бүрдэнэ.
6.2. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлд бүртгүүлээгүй этгээд нэрэндээ “зээлийн үйлчилгээ”, “барьцаалан зээлдүүлэх газар” гэсэн тэмдэглэгээ, эсхүл тэдгээртэй төсөөтэй тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.
6.3. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд өөрийн нэрээр зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг бусдад зөвшөөрөхийг хориглоно.
7 дугаар зүйл. Гүйцэтгэх удирдлага, менежерт тавигдах шаардлага
7.1. Дараах этгээдийг барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн гүйцэтгэх захирал, эсхүл менежерээр ажиллахыг хориглоно:
7.1.1. насанд хүрээгүй, иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд;
7.1.2. Эрүүгийн хуулийн Арван долдугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, Арван наймдугаар бүлэгт заасан Эдийн засгийн гэмт хэрэг, 29.10 дугаар зүйлд заасан Терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт, эсхүл Зөрчлийн тухай хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан Үнэт цаас, банк, санхүү, гааль, татвар, мэргэжлийн хяналт, даатгалын журмын эсрэг зөрчилд хариуцлага хүлээж байсан этгээд;
7.1.3. энэ хуулийн 8.1-д заасан мөнгөн зээлийн үйл ажиллагааны журмын талаарх сургалтад хамрагдаагүй.
7.2. Тухайн этгээд гүйцэтгэх захирал, эсхүл менежерээр томилогдсоны дараа энэ хуулийн 7.1-д заасан нөхцөл үүссэн бол тухайн этгээд албан тушаалаасаа татгалзах, эсхүл томилсон этгээд нь түүнийг албан тушаалаас нь чөлөөлнө.
7.3. Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нэгээс дээш зээлийн үйлчилгээний салбар ажиллуулах бол салбарт бүрд менежер ажиллуулна.
8 дугаар зүйл. Мөнгөн зээлийн үйл ажиллагааны сургалт
8.1. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд болон түүний холбогдох ажилтан мөнгөн зээлийн үйл ажиллагааны журмын талаарх сургалтад хамрагдах үүрэгтэй.
8.2. Энэ хуулийн 8.1-д заасан сургалтын хөтөлбөр нь энгийн, ойлгомжтой, тодорхой байх бөгөөд сургалт үргэлжлэх хугацаа гурван өдрөөс илүүгүй байна.
8.3. Энэ хуулийн 8.1-д заасан сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж болно.
8.4. Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн 8.1-д заасан сургалтыг явуулах байгууллагад тавигдах шаардлага, сургалтын хөтөлбөр, арга, хэлбэр, сургалт явуулахтай холбогдсон журмыг баталж, сургалтын төлбөрийн хэмжээг тогтооно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛ
9 дүгээр зүйл. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлэх өргөдөл гаргах
9.1. Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн, энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан этгээд аймаг, нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргаж бүртгүүлнэ.
9.2. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн, энэ хуулийн 5.1.3-5.1.8-д заасан шаардлагыг хангасан дараах хуулийн этгээд Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргаж бүртгүүлнэ:
9.2.1. аймаг, нийслэлд хоёр, түүнээс дээш, эсхүл хоёр, түүнээс дээш аймагт зээлийн үйлчилгээний салбараа байгуулах;
9.2.2. аймагт 100 000 000 төгрөг, түүнээс дээш, эсхүл нийслэлд 300 000 000 төгрөг, түүнээс дээш хэмжээний мөнгөн хөрөнгөтэй хуулийн этгээд.
9.3. Энэ хуулийн 9.1, 9.2-т заасан өргөдөлд дараах мэдээллийг тусгана:
9.3.1. өргөдөл гаргасан он, сар, өдөр;
9.3.2. өргөдөл гаргагчийн нэр, хаяг;
9.3.3. хуулийн этгээд бол өргөдөл гаргагчийн гүйцэтгэх удирдлагын болон менежерийн нэр, хаяг;
9.3.4. мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах арга хэлбэр, зээлийн төлөлт хийгдэх дансны мэдээлэл;
9.3.5. мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах байршил;
9.3.6. мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхэд оруулж байгаа нийт мөнгөн хөрөнгийн хэмжээ;
9.3.7. энэ хуулийн 23.2.6-д заасан зар сурталчилгаанд ашиглах утасны дугаар болон олон нийтийн сүлжээнд ашиглах цахим хаяг.
10 дугаар зүйл. Бүрдүүлэх баримт бичиг
10.1. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээд Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан маягтын дагуу гаргасан, энэ хуулийн 9.1, 9.2-т заасан өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
10.1.1. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эсхүл түүний хуулбар;
10.1.2. барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх бол энэ хуулийн 25.2-т заасны дагуу даатгалд даатгуулсныг нотлох баримт;
10.1.3. шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;
10.1.4. энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан талаарх нотлох баримт;
10.1.5. мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг нотлох баримт;
10.1.6. бусад үйл ажиллагаанаас тусгаарласан, зөвхөн мөнгөн зээлийн үйл ажиллагаанд зориулсан банкны харилцах данс;
10.1.7. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
10.2. Байнга, ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн иргэн Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан маягтын дагуу гаргасан, энэ хуулийн 9.1-д заасан өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
10.2.1. иргэний үнэмлэх, эсхүл түүний хуулбар;
10.2.2. энэ хуулийн 10.1.3-10.1.7-д заасан баримт бичиг.
11 дүгээр зүйл. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл
11.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 9.1-д заасан өргөдөл, холбогдох баримт бичгийг, Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн 9.2-т заасан өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хянаж, энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан өргөдөл гаргагчийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл /цаашид “бүртгэл” гэх/-д бүртгэж, бүртгэлийн гэрчилгээ олгоно.
11.2. Бүртгэлд бүртгүүлсэн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хувийн дугаар олгох бөгөөд холбогдох журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
11.3. Аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “бүртгэх байгууллага” гэх/ шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 11.1-д заасан хугацааг ажлын 5 өдрөөр нэг удаа сунгаж болох бөгөөд энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
11.4. Өргөдөл гаргагчийн ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу бол бүртгэх байгууллага энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргагч уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан баримт бичгийн бүрдэлийг ажлын 5 өдрийн дотор хангаж харьяалах бүртгэх байгууллагад ирүүлж болно. Энэ хугацаанд өргөдөл гаргагч дутуу баримт бичгийг ирүүлээгүй бол бүртгэх байгууллага тухайн өргөдөл гаргагчийг бүртгэхээс татгалзсанд тооцно.
11.5. Өргөдөл гаргагч энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол бүртгэх байгууллага өргөдөл гаргагчийг бүртгэхээс татгалзаж, энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
11.6. Бүртгэх байгууллага энэ хуулийн 11.5-д заасан мэдэгдэлд татгалзсан үндэслэлийг тодорхой заана.
11.7. Өргөдөл гаргагч энэ хуулийн 11.6-д заасан бүртгэхээс татгалзсан үндэслэлийг арилгасны дараа бүртгүүлэх өргөдлөө дахин гаргаж болно.
11.8. Өргөдөл гаргагчийн ирүүлсэн баримт бичиг хуурамч болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол бүртгэх байгууллага бүртгэхээс татгалзана. Энэ тохиолдолд бүртгэх байгууллага тухайн этгээдийг бүртгэхгүй.
11.9. Бүртгэх байгууллага энэ хуулийн 11.1, 11.3-т заасан хугацаанд өргөдөл гаргагчид бүртгэсэн эсэх талаар мэдэгдээгүй бол тухайн өргөдөл гаргагчийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгэсэнд тооцно.
11.10. Бүртгэх байгууллага энэ хуулийн 11.1-д заасан бүртгэлийг Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэлийн цахим санд оруулах бөгөөд холбогдох журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
11.11. Бүртгэх байгууллага энэ хуулийн 11.1-д заасан бүртгэлтэй холбоотой, хувь хүн, байгууллагын нууцтай холбоотойгоос бусад мэдээллийг холбогдох шийдвэр гарсны дараах өдөр олон нийтэд цахимаар, нээлттэй байршуулна.
11.12. Энэ хуулийн 11.1-д заасан бүртгэл бүртгэсэн өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд хүчинтэй байна.
11.13. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх маягт, заавар, бүртгэл хөтлөх журам, бүртгэлийн гэрчилгээний загварыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
12 дугаар зүйл. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эхлэх этгээдийн бүртгэлийн хугацаа сунгах
12.1. Бүртгэх байгууллага мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлийн хугацаа дуусахаас гурван сарын өмнө бүртгэлийн хугацаа дуусах болон хугацааг сунгах журмын талаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд мэдэгдэнэ.
12.2. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 11.12-т заасан бүртгэлийн хүчинтэй хугацаа дуусахаас нэг сарын өмнө харьяалах бүртгэх байгууллагад бүртгэлийн хугацааг сунгуулахаар өргөдөл гаргаж болно.
12.3. Бүртгэх байгууллага энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлийн хугацааг таван жилийн хугацаагаар сунгана.
13 дугаар зүйл. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулах
13.1. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 11.1-д заасан бүртгэлийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг тухайн мэдээлэлд өөрчлөлт оруулснаас хойш ажлын гурван өдрийн дотор харьяалах бүртгэх байгууллагад гаргана.
13.2. Бүртгэх байгууллага мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг ажлын гурван өдрийн дотор бүртгэх эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд мэдэгдэнэ.
13.3. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд үйл ажиллагаагаа зогсоохоор шийдвэрлэсэн бол энэ тухайгаа харьяалах бүртгэх байгууллагад нэн даруй мэдэгдэж, бүртгэлийн гэрчилгээг буцааж өгнө.
13.4. Энэ хуулийн 13.3-т заасны дагуу мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд үйл ажиллагаагаа зогсоох тухайгаа зээлийн гэрээ байгуулсан үйлчлүүлэгч бүрд мэдэгдэж, төлбөр тооцоог дуусгах арга хэмжээ авах үүрэгтэй.
14 дүгээр зүйл. Бүртгэлийн гэрчилгээг дахин авах өргөдөл гаргах
14.1. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд бүртгэлийн гэрчилгээг гээсэн, эсхүл үрэгдүүлсэн бол энэ тухай харьяалах бүртгэх байгууллагад нэн даруй мэдэгдэж, бүртгэлийн гэрчилгээг дахин авах өргөдөл гаргана.
14.2. Энэ хуулийн 14.1-д заасан тохиолдолд харьяалах бүртгэлийн байгууллага ажлын гурван өдрийн дотор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд бүртгэлийн гэрчилгээг дахин олгоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЗЭЭЛИЙН, БАРЬЦААНЫ БОЛОН БАТЛАН ДААЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ
15 дугаар зүйл. Зээлийн, барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулах
15.1. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд үйлчлүүлэгчтэй байгуулах зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний загварыг энэ хуулийн 19.1-д заасан Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөр батлуулсны үндсэн дээр үйл ажиллагаандаа хэрэглэнэ.
15.2. Зээлийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулах бөгөөд түүнд дараах нөхцөлийг тусгасан байна:
15.2.1. мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн нэр, салбар, хаяг болон зээлдэгчийн нэр, хаяг;
15.2.2. гэрээ байгуулсан он, сар, өдөр;
15.2.3. зээлийн хэмжээ;
15.2.4. зээлийн хүүгийн хэмжээ, зээлийн хүү тооцох аргачлал;
15.2.5. зээлийн эргэн төлөлтийн хуваарь;
15.2.6. зээлийн эргэн төлөлт хийх дансны дугаар;
15.2.7. барьцаа, батлан даалт байх эсэх;
15.2.8. хугацаанаас өмнө эргэн төлөлт хийх нөхцөл;
15.2.9. нэмэгдүүлсэн хүү байх эсэх;
15.2.10. бусад шаардлагатай нөхцөл.
15.3. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд зээлийн гэрээ байгуулахдаа зээлдэгчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтыг шалгах бөгөөд энэ хуулийн 15.2-т заасан нөхцөл бүрийг тайлбарлаж өгнө.
15.4. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд зээлийн гэрээтэй холбоотойгоор барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ байгуулах тохиолдолд барьцаалуулагч, батлан даагчтай бичгээр гэрээ байгуулж зээлийн гэрээнд хавсаргана. Барьцааны болон батлан даалтын гэрээнд дараах нөхцөлийг тусгасан байна:
15.4.1. мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн нэр, салбар, хаяг болон зээлдэгчийн нэр, хаяг;
15.4.2. гэрээ байгуулсан он, сар, өдөр;
15.4.3. барьцааны, эсхүл батлан даалтын хугацаа;
15.4.4. зээлийн хэмжээ;
15.4.5. барьцааны, эсхүл батлан даалтын хамрах хүрээ;
15.4.6. барьцаа хөрөнгийн үнэлгээ;
15.4.7. бусад шаардлагатай нөхцөл.
15.5. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ байгуулахдаа гэрээний нөгөө талын иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтыг шалгах бөгөөд энэ хуулийн 15.4-т заасан нөхцөл бүрийг тайлбарлаж өгнө.
15.6. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ болон бусад шаардлагатай баримт бичгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсанаас хойш хоёр жилийн хугацаанд хадгална.
15.7. Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд бүртгэлийн дэвтэр болон энэ хуулийн 5.1.7-д заасан цахим бүртгэлд зээлийн болон барьцааны гэрээг барьцаа хөрөнгийн зургийн хамт барьцаанд хөрөнгө авсан тухай бүр бүртгэнэ.
15.8. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэн зээлийн болон барьцааны гэрээг бүртгэлийн дэвтэрт зээлийн гэрээ байгуулсан тухай бүр бүртгэнэ.
15.9. Энэ хуулийн 15.7, 15.8-д заасан бүртгэлийн дэвтрийн загвар, бүртгэлийн дэвтрийг хөтлөх журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
15.10. Зээлийн, барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулахад аливаа шимтгэл, эсхүл хураамж авахыг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хориглоно.
16 дугаар зүйл. Барьцаа хөрөнгө
16.1. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд барьцаанд хөрөнгө авахдаа зах зээлийн үнээс доогуур үнэлэхийг хориглоно.
16.2. Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйлсийн талаарх мэдээллийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн зээлийн үйлчилгээний салбар /барьцаалан зээлдүүлэх газар” гэх/ бүрд хүргүүлэх бөгөөд барьцаалан зээлдүүлэх газарт гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйлсийг барьцаанд авахыг хориглоно.
16.3. Барьцаалан зээлдүүлэх газар энэ хуулийн 16.2-т заасан сэжиг бүхий эд зүйлсийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
16.4. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгчид барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг хүргэх бөгөөд барьцааны шаардлагыг хангах эцсийн боломжит хугацаа нь барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг барьцаалуулагчид хүргүүлснээс, эсхүл гэрээнд заасны дагуу мэдэгдсэнээс хойш 10-аас доошгүй хоног байна.
16.5. Иргэний хуулийн 159.2-т заасны дагуу барьцаалуулагч шаардсан бол барьцааны зүйлийг худалдахын өмнө түүний үнэлгээг шинжээчээр тогтоолгож болох бөгөөд холбогдох зардлыг барьцаалуулагч хариуцна.
16.6. Зээлдэгч энэ хуулийн 16.4-т заасан хугацаанд барьцааны шаардлагыг хангаагүй бол мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд барьцааны зүйлийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж, худалдан борлуулсан орлогоос барьцааны шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг барьцаалуулагчид олгоно.
17 дугаар зүйл. Зээлийн, барьцааны болон батлан даалтын гэрээний гол нөхцөл
17.1. Зээлдэгч зээлийн гэрээнд дараах гол нөхцөлийг нөхөж бичнэ:
17.1.1. энэ хуулийн 15.2.3-т заасан зээлийн хэмжээ;
17.1.2. энэ хуулийн 15.2.4-т заасан зээлийн хүүгийн хэмжээ;
17.1.3. энэ хуулийн 15.2.5-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарь;
17.1.4. бусад шаардлагатай нөхцөл.
17.2. Барьцааны болон батлан даалтын гэрээнд дараах гол нөхцөлийг барьцаалуулагч, эсхүл батлан даагч нөхөж бичнэ:
17.2.1. энэ хуулийн 15.4.3-т заасан барьцааны, эсхүл батлан даалтын хугацаа;
17.2.2. энэ хуулийн 15.4.4-т заасан зээлийн хэмжээ;
17.2.3. энэ хуулийн 15.4.5-д заасан барьцааны, эсхүл батлан даалтын хамрах хүрээ;
17.2.4. бусад шаардлагатай нөхцөл.
17.3. Цахим хэлбэрээр байгуулах гэрээнд зээлдэгч, барьцаалуулагч, батлан даагч энэ хуулийн 17.1, 17.2-т заасан гэрээний гол нөхцөлийг цахимаар бөглөснийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд буюу зээлдүүлэгчээс зээлдэгч, барьцаалуулагч, батлан даагчид энэ хуулийн 17.1, 17.2-т заасан гол нөхцөлийг нөхөж бичих боломж олгосон гэж үзнэ.
18 дугаар зүйл. Төлбөрийн чадвараас хэтэрсэн зээл олгох
18.1. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд зээлийн гэрээ байгуулахаас өмнө зээлдэгчийн орлого, хөрөнгө, өр зээлийн талаарх мэдээллийг хянаж үзэж болно. Зээлдэгч өөрийн орлого, хөрөнгө, өр зээлийн талаарх мэдээллийг нотлох баримт бичгийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд урьдчилан гаргаж өгнө.
18.2. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд орлого, хөрөнгө, өр зээл, эргэн төлөлтийн хуваарь зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр зээлдэгчийн төлбөрийн чадварыг тодорхойлох бөгөөд түүний төлбөрийн чадвараас дээш хэмжээгээр зээл олгохыг хориглоно.
18.3. Энэ хуулийн 18.1-д заасан баримт бичгийг зээлдэгчийн орлого, хөрөнгө, өр зээлийг хянаж үзэхээс өөр зорилгоор ашиглахыг хориглоно.
18.4. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд 5 000 000 төгрөгөөс дээш хэмжээний мөнгөн зээл олгох тохиолдолд зээлийн мэдээллийн сангаас зээлдэгчийн авсан зээлийн талаарх мэдээллийг шалгана.

ТАВДУГААР БҮЛЭГ
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ХЯЗГААРЛАЛТ
19 дүгээр зүйл. Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл
19.1. Энэ хуульд заасан мөнгөн зээлийн үйл ажиллагаа болон мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд орон тооны бус Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-ийг байгуулна.
19.2. Зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, ажиллах журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
19.3. Зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага, цагдаагийн төв байгууллага, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим болон салбарын эрдэмтэн, судлаачдын төлөөллийг оролцуулна.
19.4. Зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
19.4.1. энэ хуулийн 15.1-д заасан гэрээний ерөнхий загварыг батлах, мөрдүүлэх;
19.4.2. мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох;
19.4.3. мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүг тооцох аргачлалыг батлах;
19.4.4. мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээдийн үйлчилгээний шимтгэлийн дээд хэмжээг тогтоох;
19.4.5. хуульд заасан бусад.
20 дугаар зүйл. Нэг удаа олгох зээлийн хэмжээнд тавих хязгаарлалт
20.1. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс нэг удаа олгох зээлийн дээд хэмжээг Зөвлөл тогтоож болно.
21 дүгээр зүйл. Зээлийн хүү
21.1. Энэ хуулийн 19.4.2-т заасан зээлийн хүүгийн дээд хэмжээг барьцаат болон барьцаагүй зээлд ялгамжтай байдлаар тогтоож болно.
21.2. Энэ хуулийн 19.4.2-т заасан зээлийн хүүгийн дээд хэмжээг тодорхойлоход мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн зээл олгохтой холбоотойгоор авсан бүх төлбөрийг төлбөрийн нэршил /төлбөр, хураамж, шимтгэл, урамшуулал, хөнгөлөлт гэх мэт/-ээс үл хамааран хүү гэж тооцно.
21.3. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 19.4.2-т заасныг зөрчиж зээлийн гэрээ байгуулсан бол хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн дүнгээр хүү авах эрхээ алдана.
21.4. Зээлдэгч энэ хуулийн 19.4.2-т заасан хүүгийн дээд хэмжээнээс хэтрүүлэн хүү төлсөн бол илүү төлсөн дүнг үндсэн зээлийн төлбөрт тооцон суутгана. Ийнхүү үндсэн зээлийн төлбөрийг бүрэн суутгасны дараа үлдэгдэл дүн гарч байвал зээлдэгч уг үлдэгдэл дүнг шаардах эрхтэй.
21.5. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна.
21.6. Мөнгөн зээлийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлд бүртгүүлэхгүйгээр иргэн байнга, ашиг олох зорилгоор олгосон зээлд хүү тогтоосон бол хүү авах эрхээ алдана.
21.7. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд зээлийн хүүг урьдчилан авахыг хориглоно.
22 дугаар зүйл. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хориглох зүйл
22.1. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:
22.1.1. барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд бол мөнгөн зээлийн үйл ажиллагаанаас өөр үйл ажиллагаа эрхлэх;
22.1.2. барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд бол энэ хуулийн 5.1.6-д заасан байршлыг бүртгэх байгууллагад бүртгүүлэлгүйгээр өөрчлөх;
22.1.3. барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд бол шөнийн 22:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах;
22.1.4. мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн тайлан тэнцэлд тусгаагүй мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг өөрийн үйл ажиллагаанд ашиглах;
22.1.5. иргэн, хуулийн этгээдээс хадгаламж авах, хадгаламжийн данс нээх;
22.1.6. энэ хуулийн 20.1-д заасан нэг удаа олгох зээлийн дээд хэмжээнээс хэтэрсэн зээл олгох;
22.1.7. энэ хуулийн 19.4.2-т заасан зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүү тогтоох;
22.1.8. нэмэгдүүлсэн хүүг энэ хуулийн 21.5-д заасан хэмжээнээс хэтрүүлэн тогтоох;
22.1.9. анз хэрэглэх;
22.1.10. мөнгөн зээл, түүний хүүг энэ хуулийн 5.1.3-т заасан банкны харилцах дансанд байршуулахгүй байх;
22.1.11. энэ хуулийн 23.2-т заасан мэдээллийг дутуу, эсхүл буруу ташаа тусгасан зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх;
22.1.12. бүртгэлийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх.
23 дугаар зүйл. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг сурталчлах
23.1. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 23.2-т заасан мэдээллийг агуулсан зар сурталчилгааг байршуулж болно.
23.2. Зар сурталчилгаанд дараах мэдээллийг заавал тусгана:
23.2.1. мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн нэр;
23.2.2. мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн хувийн дугаар;
23.2.3. мөнгөн зээлийн хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ;
23.2.4. хугацаанаас өмнө эргэн төлөлт хийх талаарх нөхцөл;
23.2.5. төлбөрийн чадвараасаа хэтрүүлэн зээл авах нөхцөлд үүсэх эрсдэлийг анхааруулах мэдэгдэл;
23.2.6. зар сурталчилгаанд ашиглах утасны дугаар, байршил.
24 дүгээр зүйл. Хэрэглэгчийг хамгаалах дотоод журам, стандарт
24.1. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд хэрэглэгчийг хамгаалах зорилгоор холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дотоод журам, стандарт тогтоож үйл ажиллагаандаа мөрдүүлнэ.
24.2. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 5.1.6-д заасан ажлын байрандаа мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн нэр бүхий хаяг, зээлийн хүүгийн хэмжээ, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг болон бүртгэлийн гэрчилгээг ил харагдахаар байршуулна.
25 дугаар зүйл. Зээлдэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх хариуцлага
25.1. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд санаатай, эсхүл болгоомжгүй үйлдлээр зээлдэгчид хохиролд учруулсан бол хариуцлага хүлээнэ.
25.2. Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд эд хөрөнгийн даатгалд даатгуулна.
26 дугаар зүйл. Бүртгэлд бүртгүүлээгүй этгээдэд тавигдах хязгаарлалт
26.1. Бүртгэлд бүртгүүлээгүй этгээдэд мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхлэх, эсхүл мөнгөн зээлийн үйл ажиллагааны талаар зар сурталчилгаа хийхийг хориглоно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ЗУУЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ
27 дугаар зүйл. Мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээд
27.1. Мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагааг ашгийн төлөө хэлбэрээр байгуулагдсан хуулийн этгээд эрхэлнэ.
27.2. Мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн, энэ хуулийн 28.1-д заасан шаардлагыг хангасан хуулийн этгээд Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргаж бүртгүүлнэ.
27.3. Энэ хуулийн 27.2-т заасан өргөдөлд дараах мэдээллийг тусгана:
27.3.1. өргөдөл гаргасан он, сар, өдөр;
27.3.2. өргөдөл гаргагчийн нэр, хаяг;
27.3.3. өргөдөл гаргагчийн гүйцэтгэх удирдлагын нэр, хаяг;
27.3.4. эрхлэх үйл ажиллагаа.
27.4. Энэ хуулийн 27.2-т заасан өргөдлийн загварыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
28 дугаар зүйл. Мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тавигдах шаардлага
28.1. Мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээд дараах шаардлагыг хангасан байна:
28.1.1. энэ хуулийн 5.1.3, 5.1.4, 5.1.5-д заасан;
28.1.2. гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан.
28.2. Мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тавигдах нэмэлт шаардлагыг Санхүүгийн зохицуулах хороо тогтоож болно.
29 дүгээр зүйл. Мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээдийн нэр
29.1. Мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээдийн нэр нь түүний оноосон нэр болон “зуучлалын үйлчилгээ” гэсэн тэмдэглэгээнээс бүрдэнэ.
29.2. Мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлд бүртгүүлээгүй этгээд нэрэндээ “зээлийн зуучлалын үйлчилгээ” гэсэн тэмдэглэгээ, эсхүл түүнтэй төсөөтэй тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.
29.3. Мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээд өөрийн нэрээр мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэхийг бусдад зөвшөөрөхийг хориглоно.
30 дугаар зүйл. Мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл
30.1. Санхүүгийн зохицуулах хороо мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээдийг бүртгэхдээ энэ хуулийн 11-14 дүгээр зүйлийн холбогдох заалтыг баримтална.
30.2. Мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлд хэрэглэх маягт, заавар, бүртгэл хөтлөх журам, бүртгэлийн гэрчилгээний загварыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
31 дүгээр зүйл. Мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хориглох зүйл
31.1. Мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээдэд дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:
31.1.1. мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаанаас өөр үйл ажиллагаа эрхлэх;
31.1.2. мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлд бүртгүүлээгүй этгээдээс олгох зээлд зуучлалын үйлчилгээ үзүүлэх;
31.1.3. энэ хуулийн 19.4.4-т зааснаас хэтрүүлэн үйлчилгээний шимтгэл авах;
31.1.4. бүртгэлийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх.

ДОЛДУГААР БҮЛЭГ
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН МӨНГӨН ЗЭЭЛИЙН ЗУУЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
32 дугаар зүйл. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа болон мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаанд тавих хяналт
32.1. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа болон мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина.
32.2. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа болон мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээдийн санхүү, төлбөрийн чадвар муудсан, өөрийн хөрөнгөгүй болсон тухай бүрд хяналт шалгалт хийнэ.
32.3. Энэ хуулийн 32.2-т заасан хяналт шалгалтыг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 24.2-т заасан хянан шалгагч хийнэ.
32.4. Аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлт, эсхүл иргэн, хуулийн этгээдийн гомдлын дагуу Санхүүгийн зохицуулах хорооны даргын томилсон хянан шалгагч хяналт шалгалт хийж болно.
32.5. Аймагт хянан шалгагчийн үүрэг хавсран гүйцэтгэх этгээдийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Засаг даргатай зөвшилцөн томилох бөгөөд хянан шалгагчийн үүрэг хавсран гүйцэтгэх этгээд улсын байцаагчийн эрхтэй байна.
32.6. Хянан шалгагч хяналт шалгалт хийж дууссаны дараа харьяалах бүртгэх байгууллагад хяналт шалгалтын тайланг хүргүүлнэ.
32.7. Харьяалах бүртгэх байгууллага хяналт шалгалтын дүнгээс хамаарч гарсан алдаа, зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг даалгаврыг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд, эсхүл мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрхлэх этгээдэд өгч, биелэлтийг хангуулна.
32.8. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа болон мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээд холбогдох хуульд заасны дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана.
32.9. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд дараах мэдээллийг тусгасан хагас жилийн тайланг дараа сарын 20-ны өдрийн дотор харьяалах бүртгэх байгууллагад гаргаж хүргүүлнэ:
32.9.2. зээл авсан зээлдэгчийн тоо;
32.9.3. одоогийн зээлийн үйл ажиллагааны явц;
32.9.4. зээлийн гэрээ, хэрэв барьцаалан зээлдүүлсэн бол зээлийн гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт.
32.10. Мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээд дараах мэдээллийг тусгасан хагас жилийн тайланг дараа сарын 20-ны өдрийн дотор харьяалах бүртгэх байгууллагад гаргаж хүргүүлнэ:
32.10.1. зээлийн дүн;
32.10.2. зуучилсан зээлийн гэрээний тоо;
32.10.3. зуучлалын үйлчилгээний шимтгэлийн нийт дүн.
32.11. Энэ хуулийн 32.9, 32.10-т заасан тайланг Санхүүгийн зохицуулах хорооны баталсан маягт, зааврын дагуу гаргана.
33 дугаар зүйл. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа болон мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагааг түдгэлзүүлэх
33.1. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд, эсхүл мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрхлэх этгээд энэ хуулийн 32.7-д заасан хугацаанд алдаа, зөрчлийг арилгаагүй бол харьяалах бүртгэх байгууллага тухайн этгээдийн үйл ажиллагааг нэг хүртэлх жилийн хугацаагаар түдгэлзүүлнэ.
34 дүгээр зүйл. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд, мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлийг хүчингүй болгох
34.1. Харьяалах бүртгэх байгууллага дараах тохиолдолд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн, эсхүл мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлийг хүчингүй болгоно: