33.1. Аймаг, нийслэлийн боловсролын газар харьяа нутаг дэвсгэртээ дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
33.1.1. боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
33.1.2. хичээл, судлагдахууны агуулга, арга зүй, үнэлгээ, технологи болон зайн, цахим сургалтыг хөгжүүлэх, сургалтын чанар, үр дүнг сайжруулах үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;
33.1.3. ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар дүгнэлт гаргах;
33.1.4. багш, суралцагчийн хөдөлмөрийг бодитой үнэлж, шагнаж урамшуулах, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
33.1.5. боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;
33.1.6. боловсролын салбарын тайлан, мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасны дагуу холбогдох байгууллагад гаргаж өгөх;
33.1.7. төрийн бус өмчийн боловсролын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
33.1.8. өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны боловсролын байгууллагад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах;
33.1.9. өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны боловсролын байгууллагыг хөгжүүлэхэд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөн туслах;
33.1.10. иргэнд боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдах, насан туршдаа суралцахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
33.1.11. өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны боловсролын байгууллагад хоол хүнсний хангамж, орчны аюулгүй байдлыг хангахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
33.1.12. боловсролын байгууллагын орчинд хүүхдийн эрхийн зөрчил гарах, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах, боловсролын байгууллагыг арга зүй, зохицуулалтаар хангах;
33.1.13. орон нутгийн боловсролын байгууллагын гамшгийн эрсдлийг үнэлэх, гамшгийн үед хариу арга хэмжээ авах, нөхцөл байдлыг тогтворжуулахад хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх;
33.1.14. гамшгийн улмаас хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоох тохиолдолд боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангах;
33.1.15. орон нутгийн боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагч ёс зүйн хэм хэмжээний зөрчил гаргах, авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;
33.1.16. орон нутгийн насан туршийн боловсролын байгууллагатай хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх;
33.1.17. боловсролын байгууллагын үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн биелэлт, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
33.1.18. хуульд заасан бусад.
33.2. Нийслэлийн боловсролын газар нь дүүргийн боловсролын хэлтсийг чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүйн удирдлага, дэмжлэгээр хангаж ажиллана.
33.3. Дүүргийн боловсролын хэлтэс нь харьяа нутаг дэвсгэртээ дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
33.3.1. боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
33.3.2. цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын байгууллагатай хамтран ажиллах, багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах;
33.3.3. цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах;
33.3.4. цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;
33.3.5. зайн болон цахим сургалтыг хөгжүүлэх, сургалтын чанар, үр дүнг сайжруулах үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах;
33.3.6. иргэнийг боловсролын үйлчилгээнд тэгш хамран сургах, насан туршийн суралцахуйг дэмжих ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, дэмжлэг үзүүлэх;
33.3.7. боловсролын салбарын тайлан, мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад гаргаж өгөх;
33.3.8. насан туршийн суралцахуйн үйл ажиллагааг зохион байгуулах;
33.3.9. энэ хуулийн 14.4-т заасан агуулгаар ерөнхий боловсролын сургуульд сургалт, танин мэдэхүйн үйл ажиллагааг холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран зохион явуулах;
33.3.10. хуульд заасан бусад.
33.4. Аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэс нь хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй байх бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, мэдээ, тайланг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
33.5. Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах тусгай шаардлагыг хангасан байна:
33.5.1. боловсролын байгууллагад 15-аас доошгүй жил, үүнээс боловсролын байгууллагын багш, удирдах ажилтнаар 10-аас доошгүй жил, боловсролын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх;
33.5.2. боловсрол судлал, багш мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, төрийн болон боловсролын удирдлага, төлөвлөлт, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээний чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн байх;
33.5.3. энэ хуулийн 30.1.21-д заасан шалгалт өгч, тэнцсэн байх.
33.6. Дүүргийн боловсролын хэлтсийн дарга нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах тусгай шаардлагыг хангасан байна:
33.6.1. боловсролын байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын байгууллагын багш, удирдах ажилтнаар 5-аас доошгүй жил, боловсролын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх;
33.6.2. боловсрол судлал, багш мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, төрийн болон боловсролын удирдлага, төлөвлөлт, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээний чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн байх;
33.6.3. энэ хуулийн 30.1.21-д заасан шалгалт өгч, тэнцсэн байх.