15.1. Хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага/цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/ хүнд үйлдвэрийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1. хүнд үйлдвэрийг хөгжүүлэх төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, хүнд үйлдвэрийг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах, салбар хоорондын уялдааг хангах;
15.1.2. хүнд үйлдвэрийн салбарт улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах;
15.1.3. хүнд үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх болон хүнд үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түтгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;
15.1.4. хүнд үйлдвэрийн салбарт хамаарах боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний дүрэм, шинжээчийн ажлын хөлс тооцох аргачлалыг батлах;
15.1.5. хүнд үйлдвэрийн салбарт хамаарах боловсруулах үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах журмыг батлах;
15.1.6. хүнд үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх ерөнхий журмыг батлах;
15.1.7. хүнд үйлдвэрийн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг их, дээд сургууль, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журмыг батлах;
15.1.8. Технологи дамжуулах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан технологийн түвшний үнэлгээ хийх журам, үнэлгээний хэмжээг тогтоох аргачлалыг батлах;
15.1.9. хүнд үйлдвэрийн мэдээллийн сан үүсгэх, түүнийг баяжуулах, мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлал, боловсруулалт болон мэдээлэл түгээх үйл ажиллагааг зохицуулах журмыг батлах;
15.1.10. хүнд үйлдвэрийн салбарыг бүтээгдэхүүний зах зээл, эрэлт хэрэгцээ, түүхий эдийн нөөцтэй уялдуулж хөгжүүлэх, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах;
15.1.11. хуульд заасан бусад.
15.2. Хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
15.2.1. хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, хүнд үйлдвэрийн мэдээллийн сан үүсгэх, түүнийг баяжуулах;
15.2.2. энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан мэдээллийн системийг эрхлэн хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэхэд шаардлагатай мэдээ, судалгаа, холбогдох бусад баримт бичиг, тайланг аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулан авах;
15.2.3. хүнд үйлдвэрт ашиглагдаж байгаа техник, технологид үнэлэлт, дүгнэлт өгөх, техник, технологийн бодлогыг хэрэгжүүлэх;
15.2.4. хүнд үйлдвэрээс улс орны эдийн засаг, нийгмийн салбарт үзүүлж байгаа нөлөөллийг судлах, үнэлэх, дүгнэлт гаргах;
15.2.5. хүнд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үнийн талаар судлах, эрэлт, хэрэгцээ, хэтийн төлөвийг тодорхойлох;
15.2.6. хүнд үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих;
15.2.7. хуульд заасан бусад.