Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 11-р сарын 23 өдөр
Ulaanbaatar city
ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэ хуулийн зорилт нь хүнд үйлдвэрийн үйл ажиллагааны зохицуулалт, нөхцөл, журмыг тогтоох, үйлдвэрлэл, технологид үзүүлэх төрийн дэмжлэгийн хамрах хүрээг тодорхойлох, хүнд үйлдвэрийн салбарын удирдлага, хяналтын тогтолцоог бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2. Хүнд үйлдвэрийн хууль тогтоомж
2.1. Хүнд үйлдвэрийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлан улсын бүртгэлд бүртгүүлсэн хүнд үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлдэг компани, төрийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна.
3.2. Ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалт, олборлолт, баяжуулалт, газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүч, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, агаарын хөлөг, усан онгоц үйлдвэрлэл, хөнгөн, хүнсний үйлдвэрийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй бөгөөд холбогдох хуулиар зохицуулна.
4. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “боловсруулалт” гэж тоног төхөөрөмж, технологийн шугамыг ашиглан түүхий эдийг бүтээгдэхүүн, эсхүл дараагийн шатны үйлдвэрлэлийн материалд хувиргах үйл явцыг;
4.1.2. “технологийн түвшний үнэлгээ” гэж уг технологиор бий болгосон бүтээгдэхүүн, явуулж буй үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, үр ашгийг нөхцөлдүүлж байгаа техник, эдийн засгийн харилцан уялдаат үзүүлэлтүүдийн тухайн үе дэх хам нөлөөллийг тодорхойлсон тоон илэрхийлэл буюу нэгдсэн үнэлэлт, дүгнэлтийг;
4.1.3. .“үйлдвэрийг дэмжих арга хэмжээ” гэж үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор төрийн эрх бүхий байгууллага, орон нутгийн засаг захиргаанаас хэрэгжүүлж байгаа хууль эрх зүй, эдийн засаг, зохион байгуулалтын үйл ажиллагааг;
4.1.4. “үйлдвэр” гэж боловсруулалт хийх зориулалтын дагуу баригдсан үл хөдлөх эд хөрөнгө, технологийн шугам, техник, тоног төхөөрөмж, хүний нөөц, дэд бүтэц бүхий цогцолборыг;
4.1.5. “хүнд үйлдвэр” гэж эрдэс баялгийн гаралтай түүхий эд, материал, хаягдлыг боловсруулж бүтээгдэхүүн, эд анги, эрчим хүч, хөдөлмөрийн багаж, тоног төхөөрөмж эсвэл дараагийн шатны үйлдвэрлэлийн материалд хувиргадаг шинжлэх ухаан, технологийн чадамж бүхий үйлдвэрлэл эрхэлж буй үйлдвэрүүдийг;
4.1.6. “хүнд үйлдвэр эрхлэгч” гэж хүнд үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр энэ хуулийн 4.1.5-д заасан үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, төрийн өмчит үйлдвэрийн газрыг;
4.1.7. “хүнд үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл” гэж Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.10.2, 15.10.13, 15.10.15, 15.10.23, 15.10.24, 15.10.25, 15.10.26, 15.10.27-д заасан үйл ажиллагааг эрхлэн явуулах эрхийг эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг;
4.1.8. “судалгаа, хөгжлийн зардал” гэж аж үйлдвэрийн салбарт үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттайгаар хийгдсэн шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагаанд зарцуулсан урсгал болон хөрөнгийн зардлыг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮНД ҮЙЛДВЭР, ТҮҮНИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГО, ЗАРЧИМ, ХҮНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
5.1. хар болон өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэл;
5.2. машин үйлдвэрлэл;
5.3. металл боловсруулах үйлдвэрлэл;
5.4. нүүрс боловсруулах үйлдвэрлэл;
5.5. газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл;
5.6. химийн бодис, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
5.7. төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл;
5.8. эрчим хүчний үйлдвэрлэл;
5.9. төмөрлөгийн хог хаягдлыг боловсруулах үйлдвэрлэл
6. Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх зорилго, зарчим
6.1. Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх зорилго нь эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг ахиулах, импортыг орлох, экспортод чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх замаар үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангахад оршино.
6.2. Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
6.2.1. эдийн засгийн үр ашигтай байх;
6.2.2. тогтвортой хөгжлийг хангах;
6.2.3. байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх;
6.2.4. дэвшилтэт техник, технологи, инновацийг нэвтрүүлэх;
6.2.5. талуудын оролцоог тэгш хангах;
6.2.6. салбар хоорондын уялдааг хангах.
7. Хүнд үйлдвэрийн үйл ажиллагаа
7.1. Хүнд үйлдвэрийн үйл ажиллагааг үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт, зөвлөмж гаргуулж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсний үндсэн дээр энэ хуулийн 15.1.3-д заасан тусгай зөвшөөрөл авснаар эрхэлнэ.
7.2. Энэ хуулийн 7.1-д заасан техник, эдийн засгийн үндэслэлд хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Мэргэжлийн зөвлөл дүгнэлт, зөвлөмж гаргана.
7.3. Энэ хуулийн 4.1.7-д заасан тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага, тусгай зөвшөөрөл олгох журмыг хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
7.4. Хүнд үйлдвэрийг зураг төслийн дагуу барьж байгуулан, ашиглалтад оруулсан эсэхэд хүнд үйлдвэрийн болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хяналт тавьж, үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөл өгнө.
7.5. Хүнд үйлдвэрийн үйл ажиллагаа эхлүүлэхээс өмнө үйлдвэрлэлийн болон технологийн туршилтыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, арга аргачлалын дагуу хийлгэсэн байна.
7.6. Технологи дамжуулах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглаж байгаа технологийнх нь улмаас хүний эрүүл мэнд, мал амьтан, байгаль орчинд хохирол учруулахаар бол технологийн түвшний үнэлгээ хийлгэнэ.
7.7. Хүнд үйлдвэрт ашиглах түүхий эд, материал, боловсруулалтаас гарсан бүтээгдэхүүний чанар нь үндэсний болон олон улсын стандарт шаардлагыг хангасан байна.
8.1. Хүнд үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь өргөдөл гаргахаас өмнө дараах баримт бичгийг боловсруулж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасны дагуу дүгнэлт гаргуулсан байна.
8.1.1. байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ;
8.1.2. байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
8.2. Хүнд үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомжид заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр боловсруулж, холбогдох байгууллагаар батлуулж, хэрэгжилтийг хангана.
8.3. Химийн хорт болон аюултай бодисын хаягдлыг холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 14.1-д заасны дагуу устгана.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХҮНД ҮЙЛДВЭРТ ҮЗҮҮЛЭХ ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
9. Дэмжлэгийн хэлбэр
9.1. Хүнд үйлдвэрт төрөөс дараах дэмжлэгийг үзүүлнэ:
9.1.1. судалгаа, хөгжлийн;
9.1.2. мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах;
9.1.3. хүний нөөцийн хөгжлийн.
10. Судалгаа, хөгжлийн дэмжлэг
10.1. Хүнд үйлдвэр эрхлэгч нь судалгаа, хөгжлийн байгууллагатай байж болно.
10.2. Засгийн газраас хүнд үйлдвэрийн судалгаа, хөгжлийг дэмжих талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
10.2.1. хүнд үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төсөл хөтөлбөрийг гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээнд тэргүүн ээлжид хамруулах;
10.2.2. хүнд үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төсөл хөтөлбөрт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бүрдүүлэх;
10.2.3. хүнд үйлдвэрт нэвтрүүлэх, нутагшуулах үндэсний болон олон улсын стандартыг боловсруулан батлуулахад дэмжлэг үзүүлэх.
11. Мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах дэмжлэг
11.1. Хүнд үйлдвэрийг дэмжих зорилгоор хүнд үйлдвэрийн салбарын мэдээллийн сан /цаашид “Мэдээллийн сан” гэх/-г ажиллуулах бөгөөд мэдээллийн сангаар дамжуулан хүнд үйлдвэр эрхлэгчид мэдээлэл, зөвлөгөө өгнө.
11.2. Мэдээллийн сан дараах мэдээллээс бүрдэнэ:
11.2.1. хүнд үйлдвэрийн салбарын төлөв байдал, хөгжлийн чиг хандлага, хүнд үйлдвэрийн талаарх хөгжлийн бодлогын баримт бичиг;
11.2.2. хүнд үйлдвэр, тэдгээрийн үйл ажиллагааны чиглэл;
11.2.3. хүнд үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үндсэн төрлүүд, үйлдвэрлэл, борлуулалт, экспорт, импортын хэмжээ;
11.2.4. хүнд үйлдвэрт ашиглагдаж байгаа өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи;
11.2.5. хүнд үйлдвэрийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэл;
11.2.6. хүнд үйлдвэрийн норм, стандарт, техникийн шаардлага;
11.2.7. төрөөс дэмжлэг авсан хүнд үйлдвэр эрхлэгч болон дэмжлэгийн үр дүн, үзүүлэлт;
11.2.8. хүнд үйлдвэрийн салбарын хүний нөөц, боловсон хүчний хэрэгцээг тооцсон хүйсээр ангилсан мэдээлэл;
11.2.9. хүнд үйлдвэрийн технологийн мэдээлэл болон түүнийг ашиглах заавар, арга зүйн зөвлөмж.
11.3. Мэдээллийн сантай холбоотой харилцааг энэ хуулийн 15.1.9-д заасан журмаар зохицуулна.
12. Хүний нөөцийн хөгжлийн дэмжлэг
12.1. Засгийн газраас хүнд үйлдвэрийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дараах хэлбэрээр дэмжинэ:
12.1.1. дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид олгох тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэгийг хүнд үйлдвэрт шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцагчид олгох чиглэл баримтлах;
12.1.2. салбарын хүний нөөцийн тасралтгүй хөгжлийг хангах тогтолцоог бүрдүүлэх;
12.1.3. мэргэшсэн ажилтанг шинээр бэлтгэх, давтан болон дагалдан сургах, ур чадвар дээшлүүлэх сургалтад ажилчдыг хамруулах, мэргэжлийн ур чадварын тэмцээн, уралдаан зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
12.2. Энэ хуулийн 12.1.1-д заасан дэмжлэгийг Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр, 12.1.3-т заасан дэмжлэгийг Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ, ХҮНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
13. Улсын Их Хурлын бүрэн эрх
13.1. Улсын Их Хурал хүнд үйлдвэрийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.1.1. хүнд үйлдвэр эрхлэх хууль, эрх зүй, санхүү, татвар, зээл, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг тодорхойлох;
13.1.2. хуульд заасан бусад.
14. Засгийн газрын бүрэн эрх
14.1. Засгийн газар хүнд үйлдвэрийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ
14.1.1. хүнд үйлдвэрийн талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
14.1.2. үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хүнд үйлдвэрийг барьж байгуулахад гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах арга хэмжээ авах;
14.1.3. хүнд үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний дотоодын зах зээлийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
14.1.4. хүнд үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнийг гуравдагч орны зах зээлд нийлүүлэх худалдааны тариф, транзит тээврийн таатай нөхцөлийг бүрдүүлэх;
14.1.5. Монгол Улсад олборлосон, баяжуулсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрт тэргүүн ээлжид зах зээлийн үнээр нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
14.1.6. хөрөнгө оруулалт татах, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх эрх зүйн таатай орчныг бий болгох;
14.1.7. хуульд заасан бусад.
15. Хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, чиг үүрэг
15.1. Хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага/цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/ хүнд үйлдвэрийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1. хүнд үйлдвэрийг хөгжүүлэх төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, хүнд үйлдвэрийг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах, салбар хоорондын уялдааг хангах;
15.1.2. хүнд үйлдвэрийн салбарт улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах;
15.1.3. хүнд үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх болон хүнд үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түтгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;
15.1.4. хүнд үйлдвэрийн салбарт хамаарах боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний дүрэм, шинжээчийн ажлын хөлс тооцох аргачлалыг батлах;
15.1.5. хүнд үйлдвэрийн салбарт хамаарах боловсруулах үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах журмыг батлах;
15.1.6. хүнд үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх ерөнхий журмыг батлах;
15.1.7. хүнд үйлдвэрийн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг их, дээд сургууль, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журмыг батлах;
15.1.8. Технологи дамжуулах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан технологийн түвшний үнэлгээ хийх журам, үнэлгээний хэмжээг тогтоох аргачлалыг батлах;
15.1.9. хүнд үйлдвэрийн мэдээллийн сан үүсгэх, түүнийг баяжуулах, мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлал, боловсруулалт болон мэдээлэл түгээх үйл ажиллагааг зохицуулах журмыг батлах;
15.1.10. хүнд үйлдвэрийн салбарыг бүтээгдэхүүний зах зээл, эрэлт хэрэгцээ, түүхий эдийн нөөцтэй уялдуулж хөгжүүлэх, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах;
15.1.11. хуульд заасан бусад.
15.2. Хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
15.2.1. хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, хүнд үйлдвэрийн мэдээллийн сан үүсгэх, түүнийг баяжуулах;
15.2.2. энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан мэдээллийн системийг эрхлэн хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэхэд шаардлагатай мэдээ, судалгаа, холбогдох бусад баримт бичиг, тайланг аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулан авах;
15.2.3. хүнд үйлдвэрт ашиглагдаж байгаа техник, технологид үнэлэлт, дүгнэлт өгөх, техник, технологийн бодлогыг хэрэгжүүлэх;
15.2.4. хүнд үйлдвэрээс улс орны эдийн засаг, нийгмийн салбарт үзүүлж байгаа нөлөөллийг судлах, үнэлэх, дүгнэлт гаргах;
15.2.5. хүнд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үнийн талаар судлах, эрэлт, хэрэгцээ, хэтийн төлөвийг тодорхойлох;
15.2.6. хүнд үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих;
15.2.7. хуульд заасан бусад.
16. Аймаг, нийслэлийн нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын бүрэн эрх
16.1. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүнд үйлдвэрийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
16.1.1. хүнд үйлдвэрийн хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх арга хэмжээг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
16.1.2. тухайн орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө, дэд бүтцийн хөгжил, төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн хүнд үйлдвэрийн нутаг дэвсгэр, байршлыг тогтоох;
16.1.3. хүнд үйлдвэрийн барилга байгууламжийн төлөвлөлтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгах;
16.1.4. энэ хуулийн 5.1-д заасан хүнд үйлдвэрт газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Газрын тухай хуулийн 33.1.2.-т заасны дагуу зөвхөн төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр шийдвэрлэх;
16.1.5. харьяалах нутаг дэвсгэрт хүнд үйлдвэр барихаар олгогдсон газрыг зориулалтаар ашиглуулах, түүнд хяналт тавих;
16.1.6. хүнд үйлдвэрийн дэд бүтцийг барьж байгуулахад концесс олгох, үнэт цаас гаргах болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэх;
16.1.7. хуульд заасан бусад бүрэн эрх.
16.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга хүнд үйлдвэрийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
16.2.1. хүнд үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөнд хяналт тавих;
16.2.2. харьяалах нутаг дэвсгэрт хүнд үйлдвэрийн талаар гарсан шийдвэр, хэрэгжүүлж буй төслийн талаар олон нийтэд мэдээлэх;
16.2.3. хуульд заасан бусад бүрэн эрх.
17. Хүнд үйлдвэр эрхлэгчийн эрх, үүрэг
17.1. Хүнд үйлдвэр эрхлэгч дараах эрх эдэлнэ:
17.1.1. энэ хууль, бусад хууль тогтоомжид заасан дэмжлэг авах;
17.1.2. хүнд үйлдвэрийн талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн төсөлд санал өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;
17.1.3. үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортлох, зах зээлийн үнээр борлуулах;
17.1.4. холбогдох хууль тогтоомжийн дагуу газар, ус ашиглах;
17.1.5. мэргэжлийн холбоонд нэгдэх;
17.1.6. хуульд заасан бусад.
17.2. Хүнд үйлдвэр эрхлэгч дараах үүрэг хүлээнэ:
17.2.1. Энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан мэдээллийн санд хамрагдах;
17.2.2. хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэр, дүгнэлт, зөвлөмжийг биелүүлэх;
17.2.3. эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, батлагдсан техник, эдийн засгийн үндэслэл, норм стандарт, техникийн шаардлагын дагуу үйлдвэрлэл эрхлэх
17.2.4. нэвтрүүлсэн, нутагшуулсан технологи, эзэмшиж байгаа патент, лиценз, судалгаа, хөгжлийн ажлын үр дүн болон бусад технологийн шинэчлэлийн талаарх мэдээллийг тухай бүр мэдээллийн санд бүртгүүлэх;
17.2.5. ажилтны мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх;
17.2.6. Засгийн газраас олгосон зээл бусад дэмжлэгийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах, зарцуулалтын явц, үр дүнг тогтоосон хугацаанд хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
17.2.7. татварын хууль тогтоомжид заасан хугацаанд татвараа тайлагнаж, төлөх;
17.2.8. хуульд заасан бусад.

ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ
18. Төр, хувийн хэвшлийн түншлэл
18.1. Засгийн газар хүнд үйлдвэрийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн тодорхой чиг үүргийг хувийн хэвшлийн этгээдээр гүйцэтгүүлэх, түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх хүнд үйлдвэрийн төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг батална.
18.2. Төрийн эзэмшилд байгаа дэд бүтцийн байгууламжийг эрх бүхий байгууллагаас гэрээний үндсэн дээр хүнд үйлдвэр эрхлэгчид эзэмшүүлж, ашиглуулж болно.
18.3. Төрийн оролцоотой хүнд үйлдвэрийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн этгээдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журмыг Засгийн газар батална.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД
19. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
19.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
19.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
20. Хууль хүчин төгөлдөр болох
20.1. Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
7. Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх