Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 7-р сарын 04 өдөр
Ulaanbaatar city
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ
Шинэчилсэн найруулга

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. 1.1.Энэ хуулийн зорилт нь суралцагч сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол эзэмшихтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хууль тогтоомж
2.1. 2.1.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. 2.2.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын зорилго
3.1. Сургуулийн өмнөх боловсролын зорилго нь бага насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшлийн хөгжлийг дэмжиж, сургуульд бэлтгэхэд оршино.
3.2. Ерөнхий боловсролын зорилго нь суралцагчийг бие даан сурч, амьдрахад шаардагдах суурь мэдлэг, чадварыг хөгжүүлж, ёс зүйтэй, хариуцлагатай, ажил мэргэжлийн чиг баримжаатай иргэн төлөвшүүлэхэд оршино.
3.3. Сургалтын байгууллага нь энэ хуулийн 3.1, 3.2-т заасан боловсролын зорилгыг хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ ХУГАЦАА, НАС
4 дүгээр зүйл. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол эзэмших хугацаа, элсэх нас
4.1. Сургуулийн өмнөх боловсролыг 3, ерөнхий боловсролыг 12 жилд тус тус эзэмшинэ.
4.2. Сургуулийн өмнөх боловсролд 3-5 насны хүүхэд хамрагдана.
4.3. Цэцэрлэгийн хүчин чадал, бүлэг дүүргэлтийг харгалзан 2 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулж болно.
4.4. Сургуулийн өмнөх боловсролыг 5 настай хүүхдэд заавал эзэмшүүлэх бөгөөд 200-аас доошгүй цагийн сургалтад хамруулсан байна.
4.5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд 6 настай хамрагдаж болно.
4.6. Ерөнхий боловсролын сургуульд тухайн онд 6 нас хүрэх хүүхдийг элсүүлнэ.
4.7. Хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндийн болон бусад хүндэтгэх шалтгаантай хүүхдийг 7 настайд нь сургуульд элсүүлж болно.
4.8. Энэ хуулийн 4.7-д заасан тохиолдол үүсэхэд эцэг эх, асран хамгаалагч нь ерөнхий боловсролын сургуулийн захиргаанаас өгсөн чиглэлийн дагуу хүүхдийн хөгжлийг дэмжинэ.
4.9. Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх хүүхдээс аливаа хэлбэрээр шалгалт авахыг хориглоно.
5 дугаар зүйл. Сургалтын цаг, хичээллэх хугацаа
5.1. Цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагаа нь 9 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
5.2. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 9 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
5.3. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ.
5.4. Ерөнхий боловсролын сургуулийн долоо хоногт хичээллэх цагийн тоо, ээлжит хичээлийн үргэлжлэх болон суралцагчийн амралтын хугацааг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
5.5. Орон нутгийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогтой холбогдуулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно.
5.6. Энэ хуулийн 5.5-д заасны дагуу хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг өөрчилсөн тохиолдолд сургалт, үйл ажиллагааны агуулгыг нөхөн эзэмшүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулна.
5.7. Холбогдох хуулийн дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед танхимын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон тохиолдолд Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу сургалтыг танхимын бус хэлбэрээр үргэлжлүүлэн зохион байгуулна.
5.8. Энэ хуулийн 5.5, 5.7-д зааснаас бусад тохиолдолд хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн амралтын хугацааг өөрчлөх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн танхимын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохыг хориглоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТЭГШ ХАМРАН СУРГАЛТ
6 дугаар зүйл. Тэгш хамран сургалт
6.1. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь хүүхдийн хөгжлийн онцлог, ялгаатай хэрэгцээнээс үл шалтгаалан хүүхдэд боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ.
6.2. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь суралцагчийн ялгаатай хэрэгцээг хангах түгээмэл загвар, сургалтын тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчин бүрдүүлнэ.
6.3. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь ялгаатай хэрэгцээтэй суралцагчид зориулан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг эцэг эх, асран хамгаалагчийн саналыг үндэслэн боловсруулж, тэдний оролцоо, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ.
6.4. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах аргачлалыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.5. Сургуулийн захиргаа нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн эцэг эх, асран хамгаалагчтай зөвшилцөн тухайн суралцагчийн танхимд хичээллэх хугацааг уян хатан тогтоож болно. Энэхүү тогтоосон хугацаа нь хүүхдийн сурч боловсрох эрхийг хязгаарлахгүй байна.
6.6. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцах хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн боловсролын хэрэгцээг тодорхойлох, шаардлагатай дэмжлэг үзүүлэх журмыг боловсролын болон нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
6.7. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь суралцагчийн ялгаатай хэрэгцээнээс хамаарч энэ хуулийн 14.1, 14.3-т зааснаас гадна тусгай хэрэгцээт боловсролын багш, туслах багш, эмч, сувилагчтай байна.
6.8. Суралцагчийн тооноос шалтгаалан энэ хуулийн 6.7-д заасан багш, бусад ажилтныг сургалтын байгууллагын дунд ажиллуулж болно.
6.9. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчтай ажиллаж буй багш, туслах багш, ажилтанд нэмэгдэл хөлс олгоно.
7дугаар зүйл. Сургалтын хэл
7.1. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагааг монгол хэлээр зохион байгуулна.
7.2. Суралцагчийн дийлэнх олонх нь хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнхийн суралцагч байх тохиолдолд цэцэрлэг болон бага ангийн сургалт, үйл ажиллагааг эх хэлээр нь зохион байгуулж болно.
7.3. Энэ хуулийн 7.2-т заасан суралцагчийн дунд, ахлах ангийн сургалтыг монгол хэлээр зохион байгуулна.
7.4. Энэ хуулийн 7.2-т заасан суралцагчид зориулсан эх хэлнээс монгол хэлэнд шилжих шилжилт бүхий хос хэлний сургалтын жишиг хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
СУРГАЛТЫН АГУУЛГА, ХӨТӨЛБӨР
8 дугаар зүйл.. Сургуулийн өмнөх боловсролын агуулга
8.1. Сургуулийн өмнөх боловсролын агуулга нь энэ хуулийн 3.1-д заасан боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
8.2. Сургуулийн өмнөх боловсролын агуулгыг хөдөлгөөн, бие бялдар, эрүүл мэнд, хэл яриа, математикийн энгийн төсөөлөл, хүрээлэн буй орчин, урлагийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх, харилцааны зөв дадал, хэвшил төлөвшүүлэх чиглэлээр тогтооно.
8.3. Цэцэрлэг нь хүүхдийн хөгжлийг дэмжих нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлж болно.
9 дүгээр зүйл.. Ерөнхий боловсролын сургалтын агуулга
9.1. Ерөнхий боловсролын сургалтын агуулга нь энэ хуулийн 3.2-т заасан боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
9.2. Ерөнхий боловсролын сургалтын агуулгыг монгол хэл, үндэсний бичиг, түүх, уран зохиол, байгаль, нийгмийн ухаан, математик, гадаад хэл, биеийн тамир, урлаг, технологи, амьдрах ухааны мэдлэг, чадварыг хөгжүүлэх, ёс суртахуунтай иргэн төлөвшүүлэх чиглэлээр тогтооно.
9.3. Ерөнхий боловсролын сургуульд судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна.
9.4. Боловсролын ерөнхий хуульд заасан агуулгыг энэ хуулийн 9.2-т заасан сургалтын агуулгад заавал тусгана.
10 дугаар зүйл.. Сургалтын хөтөлбөр
10.1. Энэ хуулийн 8.2, 9.5-д заасан агуулгын хүрээнд сургалтын хөтөлбөрийг боловсруулна.
10.2. Ялгаатай хэрэгцээтэй суралцагчдад зориулсан сургалтын хөтөлбөрийг тусгайлан боловсруулна.
10.3. Гадаад дахь монгол хүүхдэд зориулсан эх хэл, түүх, соёлын жишиг сургалтын хөтөлбөрийг боловсруулна.
10.4. Энэ хуулийн 10.1-10.3-т заасан болон ахлах ангийн сонгон судлах сургалтын хөтөлбөр, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага тус тус боловсруулж, боловсролын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
10.5. Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг боловсрол, нийгмийн хамгаалал болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
10.6. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичгийн талаар мэргэжлийн дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий багш, эрдэмтэн, судлаач, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог хангасан орон тооны бус боловсролын мэргэжлийн зөвлөлтэй байна.
10.7. Энэ хуулийн 10.6-д заасан боловсролын мэргэжлийн Зөвлөлийн үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
10.8. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн хөгжлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлэн энэ хуулийн 10.4-т заасан сургалтын хөтөлбөрт эцэг эх, асран хамгаалагчийн оролцоотой тохируулга хийж болно.
10.9. Энэ хуулийн 10.4-т заасан сургалтын хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэх хугацаа нь суралцагчийн ерөнхий боловсрол эзэмших хугацаанаас багагүй байх бөгөөд хэрэгжилтийн явцад сайжруулж болно.
10.10. Ахлах ангийн сургалтын хөтөлбөр нь заавал болон сонгон судлах хэлбэртэй байна.
11 дүгээр зүйл.. Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн
11.1. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрсөн сурах бичгийг хэрэглэнэ.
11.2. Сурах бичгийн эх зохиох, турших, сургалтад ашиглахтай холбогдох харилцааг Боловсролын ерөнхий хуульд заасан журмаар зохицуулна.
11.3. Сурах бичиг зохиох үйл явц нь багш, эрдэмтэн судлаач, мэргэжлийн олон нийт, иргэний нийгмийн байгууллага, эцэг эх, асран хамгаалагчийн төлөөллийн оролцоог хангасан, нээлттэй байна.
11.4. Холбогдох хуульд заасны дагуу ерөнхий боловсролын сурах бичгийн бүтээл ашиглах онцгой эрхийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эзэмшинэ.
11.5. Ерөнхий боловсролын сурах бичиг нь хэвлэмэл, цахим хэлбэртэй байна.
11.6. Сурах бичиг нь сургалтын хөтөлбөрт нийцсэн, стандартын шаардлага хангасан байх ба хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаанд тогтвортой хэрэглэгдэнэ.
11.7. Сурах бичгийг бага ангийн суралцагчид үнэ төлбөргүй, дунд, ахлах ангийн суралцагчид сургуулийн номын сангаар дамжуулан төлбөртэй ашиглуулна.
11.8. Энэ хуулийн 11.7-д заасан төлбөрийн хэмжээг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
11.9. Сурах бичгийг хүүхдийн ялгаатай хэрэгцээнд нийцүүлэн брайл, бусад хэлбэрээр болон энэ хуулийн 7.2-т заасан суралцагчдад зориулан хөрвүүлж хэрэглэнэ.
11.10. Сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагаанд шаардагдах ном, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай нь сургалтын хөтөлбөрт нийцсэн байх ба тэдгээрт тавих шаардлагыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
11.11. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч боловсрол эзэмшихэд шаардлагатай сургалтын нэмэлт хэрэгсэл, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний жагсаалтыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
11.12. Суралцагчийн нас, танин мэдэхүйн онцлог, сургалтын хөтөлбөрт нийцсэн нээлттэй эх сурвалж, хэрэглэгдэхүүнийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагаанд ашиглаж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ
СУРАЛЦАГЧ, БАГШ, АЖИЛТАН
12 дугаар зүйл. Суралцагчийн эрх
12.1. Суралцагч нь Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дараах эрхтэй:
12.1.1. цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд аливаа хэлбэрийн хүчирхийлэл, дээрэлхэлт, дарамт, ялгаварлан гадуурхалтаас ангид, ээлтэй, аюулгүй, хамгаалагдсан орчинд суралцах;
12.1.2. суралцагч ерөнхий боловсролын сургуульд мөрдөх дүрэм журмыг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох;
12.1.3. хөгжлийн бэрхшээлтэй суралцагч нь бусад суралцагчтай хамт боловсрол эзэмших;
12.1.4. өөрийн авьяас чадвараа хөгжүүлэх, сурлагын амжилтаа ахиулах зорилгоор дэмжлэг авах;
12.1.5. ерөнхий боловсролын сургуульд ирэх, очихдоо тогтоосон журмын дагуу тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх;
12.1.6. эрүүл мэнд болон хоол, хүнсний аюулгүй байдлыг хангасан, суралцагч өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжтой, тайван амьдрах дотуур байраар хангагдах.
13 дугаар зүйл. Суралцагчийн үүрэг
13.1. Суралцагч нь Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дор дурдсан үүрэг хүлээнэ:
13.1.1. хүндэтгэх шалтгаантайгаас бусад нөхцөлд ерөнхий боловсролыг заавал эзэмших;
13.1.2. сургуулиас баталсан дэг журмыг сахин биелүүлэх;
13.1.3. бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхах, дээрэлхэх үйлдэл гаргахгүй байх.
14 дүгээр зүйл. Цэцэрлэг, сургуулийн ажилтан
14.1. Цэцэрлэгт эрхлэгч, арга зүйч, багш, туслах багш, эмч, тогооч болон үйлчилгээний бусад ажилтан ажиллана.
14.2. Цэцэрлэгийн нэг бүлэгт багш, туслах багш ажиллах бөгөөд бүлгийн хүүхдийн тооноос хамаарч ээлжийн багш ажиллуулна.
14.3. Ерөнхий боловсролын сургуульд захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш, сэтгэл зүйч, эмч болон бусад ажилтан ажиллана.
14.4. Дотуур байранд багш, бага ангийн хүүхэдтэй ажиллах туслах багш ажиллана.
14.5. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг Боловсролын ерөнхий хуульд заасан шаардлагыг хангасан эрхлэгч, захирал удирдана.
15 дугаар зүйл. Багшийн ажил, үүрэг
15.1. Цэцэрлэг, сургуулийн багш нь дараах ажил, үүргийг гүйцэтгэнэ:
15.1.1. сургалт, үйл ажиллагааг үр дүнтэй төлөвлөн хэрэгжүүлж, сургалтын агуулгыг суралцагчид тогтоосон хугацаанд бүрэн эзэмшүүлэх;
15.1.2. цэцэрлэг, сургуулийн орчинд суралцагч бүрийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, хариу арга хэмжээ авах;
15.1.3. суралцагчийн төлөвшил, авьяас чадварыг хөгжүүлэх, амжилттай суралцахад дэмжлэг үзүүлэх;
15.1.4. ажлын байрандаа өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, мэргэжлийн бүлгийн үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах, шилдэг туршлагаа түгээн дэлгэрүүлэх;
15.1.5. сургалт, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх танхим, лаборатори байгуулах, ажиллуулах; үндсэн ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор эцэг эх, асран хамгаалагч, иргэний нийгмийн байгууллага зэрэг сонирхлын бүлэгт мэргэжлийн зөвлөгөө өгөх, хамтран ажиллах.
15.1.6. үндсэн ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор эцэг эх, асран хамгаалагч, иргэний нийгмийн байгууллага зэрэг сонирхлын бүлэгт мэргэжлийн зөвлөгөө өгөх, хамтран ажиллах.
15.2. Багш нь суралцагчийн хөгжлийн онцлог, хэрэгцээ, нийгмийн болон хэл, соёлын ялгаатай суралцагчтай ажиллах арга зүй эзэмшсэн байна.
15.3. Багш нь зайн, цахим болон холимог бүлгийн сургалт зохион байгуулах мэдлэг, чадвартай байна.
15.4. Багш нь багшийн мэргэжлийн ёс зүйг баримталж, суралцагч болон хамт олондоо үлгэрлэнэ.
15.5. Багш нь суралцагчийн ялгаатай байдал, сурлагын амжилтын үнэлгээ, хувийн нууцыг хадгална.
16 дугаар зүйл. Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил
16.1. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийг багш бэлтгэдэг их, дээд сургуульд бэлтгэнэ.
16.2. Багш нь Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу багшлах эрхтэй байна.
16.3. Багшид ур чадвар, сургалтын чанар, үр дүн, ажилласан жилийг харгалзан мэргэшлийн зэрэг олгоно.
16.4. Багш нь ажлын байранд мэргэжлийн бүлгээр хамтран ажиллах болон бие даан суралцах замаар мэргэжлээ тасралтгүй дээшлүүлнэ.
16.5. Багшлах арга зүй, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааг танхимын, танхимын бус болон эдгээрийн хосолсон хэлбэрээр үндэсний, орон нутгийн түвшинд болон ажлын байранд зохион байгуулна.
16.6. Багшлах арга зүй, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааг танхимын, танхимын бус болон эдгээрийн хосолсон хэлбэрээр үндэсний, орон нутгийн түвшинд болон ажлын байранд зохион байгуулна.
16.7. Багшийн мэргэжлийн түвшин, ур чадварыг үнэлэх ажлыг 3-5 жил тутам зохион байгуулж, багшийн хөгжилд дэмжлэг үзүүлнэ.
16.8. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 16.7-д заасан үнэлэх ажлыг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоотой хамтран зохион байгуулж болно.
17 дугаар зүйл. Удирдах болон бусад ажилтан
17.1. Цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
17.1.1. цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, дүрэм, журам боловсруулах, түүний хэрэгжилтийг мэргэжлийн түвшинд зохион байгуулахад багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо, түншлэлийг хангаж ажиллах;
17.1.2. цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтныг тогтвортой ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, урамшуулах;
17.1.3. суралцагчийн хөгжил, төлөвшлийг дэмжих, сургалтын чанар, үр дүнг сайжруулахад багшид шаардлагатай мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, нөхцөл боломжийг бүрдүүлэх;
17.1.4. сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, урвалж бодис, хэрэглэгдэхүүн, сурах бичиг, ном, гарын авлагын хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, энэ асуудлаар олон нийтийн оролцоо, түншлэлийг хөгжүүлэх;
17.1.5. цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд суралцагчийн хөгжих, оролцох, хамгаалуулах эрхийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих;
17.1.6. суралцагчийн эрүүл мэндийг дэмжсэн, шим тэжээллэг, амин дэмээр баялаг хоол, хүнсний үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах;
17.1.7. байгууллагын соёл төлөвшүүлэх, суралцагчдад ээлтэй, хүртээмжтэй сургалтын орчин бүрдүүлэхэд хамт олныг манлайлан удирдах;
17.1.8. боловсролын чанар, үр дүнг томилсон этгээд болон эцэг эх, асран хамгаалагчийн өмнө хүлээх;
17.1.9. хуульд заасан бусад.
17.2. Сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйч нь сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, багшид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, багш нарын хамтын ажиллагааг дэмжих замаар сургалтын чанарыг сайжруулах үндсэн үүрэгтэй.
17.3. Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан нь сургуулийн орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжлийг дэмжих, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, эрсдэл, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, хамгаалахад чиглэсэн нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг суралцагч, тэдний эцэг эх, асран хамгаалагчид үзүүлнэ.
17.4. Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч нь суралцагчийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг илрүүлэх, ганцаарчилсан болон бүлгээр сэтгэл зүйн дэмжлэг, үйлчилгээ үзүүлнэ. Шаардлагатай тохиолдолд багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид сэтгэл зүйн дэмжлэг, үйлчилгээ үзүүлнэ.
17.5. Сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад энэ хуулийн 6.7, 14.1, 14.3-т заасан ажилтан үүрэг хариуцлага хүлээнэ.
17.6. Багшаас бусад ажилтны орон тооны жишиг нормативыг төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, хүүхдийн тоог харгалзаж, үр дүнд чиглэсэн санхүүжилтийн зарчимд нийцүүлэн боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА
18 дугаар зүйл. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллага
18.1. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага нь хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль байна.
18.2. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг бүлэгт суралцах суралцагчийн тоог боловсролын болон төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.
18.3. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь үйл ажиллагаандаа баримтлах дүрэмтэй байна.
18.4. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн суралцах, хөгжих үйлийг дэмжих ганцаарчилсан сургалт болон багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулах зориулалтын танхимтай байна.
18.5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээнээс хамааран боловсролын болон дэмжих үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль байж болно.
18.6. Энэ хуулийн 18.5-д заасан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь эцэг, эх, асран хамгаалагч болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
18.7. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь үйл ажиллагаандаа өөрийн үнэлгээ хийж, үнэлгээний үр дүнд үндэслэн байгууллагын үйл ажиллагаа, суралцагчийн хөгжил, сурлагын амжилтын чанар, үр дүнг тасралтгүй сайжруулна.
18.8. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн зөвлөл ажиллах бөгөөд үйл ажиллагааныхаа дүрмийг хурлаараа хэлэлцэн баталж мөрдөнө.
18.9. Энэ хуулийн 18.8-д заасан суралцагчийн зөвлөл цэцэрлэгт хамаарахгүй.
18.10. Суралцагчийн хөгжил хамгаалал, төлөвшил, аюулгүй байдлыг хангах зорилгоор цэцэрлэгийн эрхлэгч нь эцэг эх, асран хамгаалагчтай, ерөнхий боловсролын сургуулийн захирал нь эцэг эх, асран хамгаалагч болон суралцагчтай тус тус гэрээ байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллана.
19 дүгээр зүйл. Хүүхдийн цэцэрлэг
19.1. Хүүхдийн цэцэрлэг /цаашид “цэцэрлэг” гэх/ нь сургуулийн өмнөх боловсролын зорилго, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, хүүхдийг асрах, хамгаалах, тэдний хөгжил, төлөвшлийг дэмжсэн цогц үйл ажиллагаа эрхэлнэ.
19.2. Цэцэрлэг нь сургалт, үйл ажиллагааг бага, дунд, ахлах болон холимог бүлгээр зохион байгуулна.
19.3. Цэцэрлэг нь салбар бүлэгтэй байж болно.
19.4. Цэцэрлэг нь сургалт, үйл ажиллагааны цагийг уртасгах буюу богиносгох байдлаар зохицуулалт хийж болно.
20 дугаар зүйл. Ерөнхий боловсролын сургууль
20.1. Ерөнхий боловсролын сургууль нь ерөнхий боловсролын зорилго болон сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, суралцагчийн хөгжил, төлөвшлийг дэмжсэн үйл ажиллагаа эрхэлнэ.
20.2. Ерөнхий боловсролын сургууль нь дараах бүтэцтэй байна:
20.2.1. 1-5 дугаар ангитай бага сургууль, цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор;
20.2.2. 1-9 дүгээр ангитай дунд сургууль;
20.2.3. 1-12 дугаар ангитай бүрэн дунд сургууль;
20.2.4. 6-12 дугаар ангитай эсхүл 10-12 дугаар ангитай ахлах сургууль
20.3. Энэ хуулийн 20.2.3, 20.2.4-т заасан сургууль нь бүсийн болон аймаг, сум, дүүрэг дундын байж болно.
20.4. Энэ хуулийн 20.2-т заасан ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг тогтооход хөгжлийн бодлого, төлөвлөлт, газар зүйн байршил болон Засгийн газраас тогтоосон нийгмийн суурь үйлчилгээ үзүүлэх жишиг нормативыг тус тус баримтална.
20.5. Ерөнхий боловсролын сургууль нь дунд ангиас математик, байгалийн ухаан, техник-технологи, хэл, урлаг, спортын зэрэг чиглэлээр суралцагчийн авьяас, чадварыг хөгжүүлэх төрөлжсөн сургалт зохион байгуулж болно.
20.6. Ахлах сургууль нь сургалтын хөтөлбөрийн онцлогоос хамааран төрөлжиж болно.
20.7. Төрөлжсөн сургалтын хөтөлбөрт тавих шаардлага болон нэмэлт зардал, сургалт зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
20.8. Энэ хуулийн 20.5, 20.6-д заасан төрөлжсөн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг 20.7-д заасан журамд нийцүүлэн ерөнхий боловсролын сургуулийн захирал сургуулийн зөвлөлөөр хэлэлцүүлж батална.
20.9. Ерөнхий боловсролын сургууль нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр олон улсын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж болно.
20.10. Төрөлжсөн болон олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий ерөнхий боловсролын сургууль нь энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан агуулгыг суралцагчид заавал эзэмшүүлнэ.
20.11. Суралцагчийн суралцах үйл ажиллагаа, хөгжил төлөвшлийг дэмжих, ажил мэргэжлийн чиг баримжаатай болоход шаардлагатай нэмэлт үйлчилгээ үзүүлэх нь ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны салшгүй хэсэг байна.
20.12. Ерөнхий боловсролын сургууль нь суралцагчийн авьяасыг дэмжих нэмэлт сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж болно.
20.13. Ерөнхий боловсролын сургууль нь дотуур байранд амьдарч буй суралцагчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах үүрэгтэй.
20.14. Ерөнхий боловсролын сургууль нь сургууль завсардсан хүүхэд, насанд хүрэгчдэд ерөнхий боловсролыг энэ хуулийн 18.7-д заасан хэлбэрээр нөхөн эзэмшүүлэх, сургуулийн насны хүүхдийг сургуульд үргэлжлүүлэн суралцахад дэмжлэг үзүүлнэ.
20.15. Ерөнхий боловсрол нөхөн эзэмшүүлэхэд энэ хуулийн 10.4-д заасан сургалтын хөтөлбөрийг мөрдөнө.
20.16. Ерөнхий боловсролын сургууль нь хичээлээс гадуурх сургалтын ажлыг дугуйлан, соёл, урлаг, спорт, хүүхдийн хүмүүжил төлөвшлийг дэмжих арга хэмжээ зэрэг хэлбэрээр үлгэрчилсэн хөтөлбөр, хуваарийн дагуу холбогдох байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, иргэдтэй хамтран зохион байгуулна.
21 дүгээр зүйл. Сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт
21.1. Сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагаа нь Боловсролын ерөнхий хуулийн 8.1-т зааснаас гадна зохион байгуулалтын дараах хэлбэртэй байна:
21.1.1. цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үндсэн сургалт;
21.1.2. цэцэрлэгийн үндсэн сургалтад хамрагдах боломжгүй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх “дэмжигч /явуулын/ багшийн” болон “нүүдлийн бүлгийн” сургалт.
21.2. Энэ хуулийн 21.1.1-д заасан сургалтыг бүлгээр зохион байгуулна.
21.3. Энэ хуулийн 21.1.1, 21.1.2-т заасан сургалт зохион байгуулах журмыг боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
22 дугаар зүйл. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын зохион байгуулалт
22.1. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг анги, бүлгээр зохион байгуулна.
22.2. Гадаад хэл, технологийн сургалтыг дэд бүлэг, хэсгээр зохион байгуулж болно.
22.3. Сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургууль нь нэг бүлэгт суралцах хүүхдийн тооноос хамаарч холимог бүлгээр хичээллэж болно
22.4. Ахлах ангид сонгон судлах хичээлийг холимог бүлгээр зохион байгуулж болно.
22.5. Суралцагчийг сургуулийн амьдралд дасан зохицох, сургалтын агуулгын зөрүүг арилгах зорилгоор энэ хуулийн 20.11, 20.12-т заасан дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа болон нэмэлт үйлчилгээг дараах суралцагчид зориулан зохион байгуулна:
22.5.1. ерөнхий боловсролын сургуульд шинээр элссэн, боловсролын түвшин хооронд болон сургууль хооронд шилжин суралцаж буй;
22.5.2. сургуулиас түр хугацаанд завсардсан;
22.5.3. суралцахад нь хэлний бэрхшээл үүссэн;
22.5.4. онцгой авьяастай.
22.6. Ахлах ангид суралцагчийг дараагийн түвшний сургалтын байгууллагад үргэлжлүүлэн суралцах, хөдөлмөрийн зах зээлд шилжихэд бэлтгэнэ.
23 дугаар зүйл. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн өөрийн удирдлага
23 .1. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн өөрийн удирдлагыг Зөвлөл хэрэгжүүлнэ.
23 .2. Зөвлөл нь цэцэрлэг, сургуулийн сургалт, үйл ажиллагаа, суралцагчийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой ба дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:
23 .2.1. цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хөгжил, бодлого, төлөвлөлт, түүний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх;
23 .2.2. суралцагчийн хөгжил, төлөвшлийг дэмжих, сурлагаар хоцрогдохоос урьдчилан сэргийлэх, сурлагын амжилтыг ахиулахад дэмжлэг үзүүлэх;
23 .2.3. суралцагчийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, сургалт, үйл ажиллагааны орчин бүрдүүлэх;
23 .2.4. суралцагчийн санаачилсан нийгэм хүмүүнлэгийн сайн дурын үйл ажиллагааг дэмжих, хамтран зохион байгуулах;
23 .2.5. суралцагч, багш, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамт олонтой хамтран ажиллах, бүх талын оролцоог хангах;
23 .2.6. хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмшүүлэх тэгш боломжийг бүрдүүлэх, аливаа ялгаварлал, хүчирхийлэл гаргахаас сэргийлэх;
23 .2.7. энэ хуулийн 18.11-д заасан гэрээнд тусгах агуулга, гэрээний загварыг зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталж, хэрэгжилтэд хяналт тавих.
23 .3. Зөвлөлийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дундын хэлбэрээр байгуулж болно.
23 .4. Зөвлөлийн дарга, гишүүд шударга, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллана.
23 .5. Зөвлөл нь хичээлийн жилд хоёроос доошгүй удаа үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид танилцуулна.
24 дүгээр зүйл. Зөвлөлийн төлөөлөл, бүрэн эрхийн хугацаа
24.1. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зөвлөл нь үүсгэн байгуулагч, багш, ажилтан, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч болон төгсөгч зэрэг бусад сонирхлын бүлгийн төлөөллөөс бүрдсэн 7-11 хүний бүрэлдэхүүнтэй байна.
24.2. Зөвлөлийн бүрэлдэхүүн дэх үүсгэн байгуулагчийн төлөөлөл нь нийт гишүүдийн 51 хувиас доошгүй байна.
24.3. Зөвлөлийн бүрэлдэхүүний төлөөлөл тус бүрийг хамт олны хурлаас, нээлттэйгээр нэр дэвшүүлж, 3-5 жилийн хугацаагаар тус тус сонгоно.
24.4. Цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нь зөвлөлийг үйл ажиллагаа явуулах нөхцөл, боломжоор хангана.
24.5. Зөвлөл нь сургалтын байгууллагын болон санхүүгийн, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагын үйл ажиллагааны тайланг тус тус хэлэлцэж, дүгнэлтийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.
24.6. Зөвлөлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зардлыг байгууллагын болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ.
24.7. Зөвлөл нь өөрийн үйл ажиллагааны дүрмийг баталж мөрдөнө.
24.8. Зөвлөлийн бүрэлдэхүүнд цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал орохыг хориглоно.
25 дугаар зүйл. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн мэргэжил, арга зүйн удирдлага
25 .1. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн мэргэжил, арга зүйн удирдлагыг багш нарын зөвлөл, мэргэжлийн багш нарын бүлэг хэрэгжүүлнэ.
25 .2. Багш нарын зөвлөл, мэргэжлийн багш нарын бүлэг нь дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
25 .2.1. цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох;
25 .2.2. багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих;
25 .2.3. суралцагчдад амжилттай суралцах, хөгжих, төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх.
25 .3. Багш нарын зөвлөл, мэргэжлийн багш нарын бүлгийн ажиллах журмыг цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал баталж мөрдүүлнэ.

ДОЛООДУГААР БҮЛЭГ
БОЛОВСРОЛЫН БОЛОН СУРАЛЦАГЧИЙН ҮНЭЛГЭЭ
26 дугаар зүйл. Боловсролын үнэлгээ, хяналт-шинжилгээ
26 .1. Боловсролын үнэлгээ, хяналт-шинжилгээ (цаашид боловсролын үнэлгээ гэх) нь сургалтын чанарыг баталгаажуулж, багш, суралцагчийн хөгжлийг дэмжих, боловсролын бодлого, төлөвлөлтийг сайжруулахад чиглэнэ.
26 .2. Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээгээр хүүхдийн сургуульд суралцахад шаардлагатай мэдлэг, чадвар, хандлагын түвшнийг тогтооно.
26 .3. Боловсролын үнэлгээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрсөн мэргэжлийн байгууллага зохион байгуулж, дүгнэлт, зөвлөмж гаргана.
26 .4. Боловсролын үнэлгээ хийхэд тухайн боловсролын байгууллага, орон нутгийн мэргэжлийн байгууллага болон сонирхлын талуудын оролцоог хангана.
26 .5. Боловсролын үнэлгээний үр дүнг үнэлгээнд оролцогч талуудад мэдээлж, дэмжих үйл ажиллагааг хамтран зохион байгуулах арга хэмжээ авна.
26 .6. Энэ хуулийн 18.8-д заасан өөрийн үнэлгээ хийх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
26 .7. Боловсролын үнэлгээний мэдээллийг боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн санд оруулна.
27 дугаар зүйл. Суралцагчийн үнэлгээ
27.1. Суралцагчийн үнэлгээ нь тэдний хөгжлийг дэмжих, сурлагын амжилтаа ахиулахад суралцагчдад туслахад чиглэнэ.
27.2. Суралцагчийг сургалтын явц, анги дэвших, сургууль төгсөхөд тус тус үнэлнэ.
27.3. Ерөнхий боловсролын сургуулийн 1-2 дугаар ангийн суралцагчид тоон болон үсгэн үнэлгээ хэрэглэхгүй.
27.4. Анги дэвших үнэлгээг ерөнхий боловсролын сургууль, сургууль төгсөх үнэлгээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тус зохион байгуулна.
27.5. Ерөнхий боловсролын сургууль төгсөх үнэлгээнд үндэслэн төгсөгчид боловсролын баримт бичиг олгоно.
27.6. Сурлагын амжилтаас шалтгаалан давтан сурах боломжийг суралцагчид олгох ба энэ талаарх шийдвэрийг суралцагчийн эцэг эх, асран хамгаалагчийн оролцоотой гаргана.
27.7. Боловсролын болон суралцагчийн үнэлгээний журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

НАЙМДУГААР БҮЛЭГ
НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БОЛОН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ, ОРОЛЦОО
28 дугаар зүйл. Нутгийн удирдлагын үүрэг, хариуцлага
28.1. Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага нь боловсролыг хөгжүүлэх орон нутгийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ.
28.2. Нутгийн олон нийтийн (иргэдийн) өмнө сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын чанар, үр дүнг хариуцан ажиллана.
28.3. Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага нь тухайн нутаг дэвсгэртээ оршин суудаг 5 настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд, сургуулийн насны хүүхдийг ерөнхий боловсролд заавал хамруулах үүрэг хүлээнэ.
28.4. Энэ хуулийн 4.7-д заасан хүүхдэд дэмжлэг үзүүлэх ажлыг орон нутгийн ерөнхий боловсролын сургуультай хамтран зохион байгуулна.
28.5. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагаанд шаардлагатай тоглоом наадгай, хэрэглэгдэхүүн, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангана.
28.6. Суралцагч зайн, цахим хэлбэрээр боловсрол эзэмшихэд зориулсан харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтцийг бүрдүүлнэ.
28.7. Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага нь энэ хуулийн 28.1-д заасан төлөвлөгөөнд тэгш хамран сургах чиглэлээр дараах үйл ажиллагааг тусган хэрэгжүүлнэ:
28.7.1. нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай суралцагчдад боловсрол эзэмшихэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
28.7.2. шаардлагатай суралцагчид аюулгүй тээвэр, дотуур байрны үйлчилгээ үзүүлэх;
28.7.3. энэ хуулийн 6.2-д заасан орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
28.7.4. хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад боловсрол олгох үйл ажиллагааг дэмжих;
28.7.5. сургууль завсардсан сургуулийн насны хүүхдэд боловсрол нөхөн эзэмшүүлж, ерөнхий боловсролын сургуульд үргэлжлүүлэн суралцахад дэмжлэг үзүүлэх
28.8. Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага дотуур байранд амьдарч буй суралцагчийн эрүүл мэнд болон хоол хүнсний аюулгүй байдлыг хангаж хэвийн амьдрах, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлнэ.
28.9. Боловсролын байгууллагын барилга байгууламж түүний засвар үйлчилгээг хариуцаж сургалтын үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөлийг хангана.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
29 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
29 .1. Энэ хуулийг зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
29 .2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
30 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
30.1. Энэ хуулийг 2021 оны ... дүгээр сарын ..-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх