24.1. Дээд боловсролын Үндэсний зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) нь улсын хөгжлийн бодлого болон дээд боловсролын хөгжлийн харилцан уялдааг хангах, дээд боловсролын бодлого, стратегийг хэрэгжүүлэх, дээд боловсролын салбарын эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг дэмжих, дээд боловсролын хөгжилд төр, хувийн хэвшлийн тэнцүү оролцоог хангахад чиглэсэн асуудлаар зөвлөмж, шийдвэр гаргах үүрэг бүхий орон тооны бус байгууллага байна.
24.2. Зөвлөл нь төрийн төлөөлөл, дээд боловсролын байгууллагын удирдах зөвлөл, бизнесийн төлөөллөөс бүрдсэн 21 гишүүнтэй байх ба гишүүний бүрэн эрхийн хугацаа нь 5 жил байна.
24.3. Яам, агентлагийн болон орон нутгийн төрийн байгууллагын төлөөлөл, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөллийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санал болгоно.
24.4. Дээд боловсролын байгууллагын Удирдах зөвлөлийн болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын төлөөллийг боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулна.
24.5. Бизнесийн төлөөллийг Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар сонгоно.
24.6. Зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газар батална.
24.7. Зөвлөлийн дарга нь Боловсролын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн байна.
24.8. Зөвлөл нь ажлаа Засгийн газарт тайлагнана.
24.9. Зөвлөл нь орон тооны ажлын алба, тухайн чиглэлийн дэд зөвлөлтэй байна. Ажлын алба, дэд зөвлөлийн үйл ажиллагааг журмаар зохицуулна.
24.10. Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
24.10.1. улсын хөгжлийн дунд, урт хугацааны бодлого, дээд боловсрол, шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбарын харилцан уялдааг хангах;
24.10.2. улсын хөгжлийн бодлого, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулж элсэлтийн бодлогын асуудлаар санал, зөвлөмж гаргах;
24.10.3. дээд боловсролын салбарын дунд болон урт хугацааны хөгжлийн нэгдсэн бодлого, стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
24.10.4. дээд боловсролын байгууллагын зохистой бүтцийг судлан тогтоож, холбогдох эрх бүхий байгууллагад санал, зөвлөмж хүргүүлэх;
24.10.5. өөрийн гаргасан шийдвэр, санал, зөвлөмжийнхөө хэрэгжилтэд хяналт тавих, тайланг хэлэлцэн, дүгнэлт гаргах;
24.10.6. дээд боловсролын байгууллагын эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг дэмжиж, хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр бий болгох, оновчтой хуваарилах, хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэх;
24.10.7. дээд боловсролын байгууллагын Удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийг батлах;
24.10.8. дээд боловсролын байгууллагын чанарын тогтолцоонд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, холбогдох байгууллагад санал, зөвлөмж хүргүүлэх;
24.10.9. дээд боловсролын хөгжлийг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалтын сан, эндаумент сан байгуулах, удирдах, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих нийтлэг журам батлах;
24.10.10. дээд боловсролтой холбогдох олон улсын гэрээ, конвенцод Монгол Улс нэгдэн орох асуудлыг судалж шийдвэр гаргах;
24.10.11. дээд боловсролын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, мэдээлэл, илтгэл хэлэлцэх, тогтоол, зөвлөмж гаргах, чиглэл өгөх;
24.10.12. төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын санхүүжилтийн бүтэц, хэмжээ, төлөвлөлтөд санал өгөх;
24.10.13. нийгэм, эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр судалгаа хийлгэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, үр дүнд үндэслэн холбогдох байгууллагад санал, зөвлөмж хүргүүлэх, шийдвэр гаргах;
24.10.14. шинжлэх ухаан, технологийн хөгжлийн бодлогыг дээд боловсролын хөгжлийн бодлоготой уялдуулан зохицуулах асуудлаар зөвлөмж, шийдвэр гаргах;