Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 7-р сарын 05 өдөр
Ulaanbaatar city
СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Судалгааны их сургуулийг үүсгэн байгуулах, сургуулийн удирдлага, чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.
2 дугаар зүйл. Судалгааны их сургуулийн зорилго
2.1. Монгол Улсын төрийн ивээлд эрдмийн эрх чөлөөг баталгаажуулж, эдийн засаг, нийгмийн хөгжил, шинжлэх ухаан, технологи, инновацийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлнэ.
2.2. Эрдэм шинжилгээ, судалгааны чадамжийг сайжруулж, мэдлэгт суурилсан нийгмийг манлайлах хүний нөөцийг бэлтгэнэ.
2.3. Эрдэмтэн судлаачдын оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, инновацийн соёлыг бүрдүүлнэ.
3 дугаар зүйл. Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж
3.1. Судалгааны их сургуулийн (цаашид сургууль гэх) эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Инновацийн тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. "эрдмийн эрх чөлөө” гэж багш, судлаач, оюутан нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хараат бус бие даан эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, үр дүнгээ хэвлэн нийтлэхийг,
4.1.2. “мэдлэгт суурилсан эдийн засаг” гэж мэдлэгийг бий болгох, түгээх, ашиглах үйл ажиллагааг эдийн засгийн бүх салбарын өсөлт, хөгжилтийг хангах, баялгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болгон хэрэглэдэг эдийн засгийг;
4.1.3. “эрдэм шинжилгээний ажлын үр дүн” гэж шинжлэх ухааны үйл ажиллагааны хүрээнд бий болсон шинэ болон нэмэлт мэдлэг, техник технологийн шийдлийг.
5 дугаар бүлэг. Судалгааны их сургуулийн зарчим
5.1. Судалгааны их сургуулийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
5.1.1. төрийн дэмжлэг нь ил тод, шударга, нээлттэй байх;
5.1.2. хамтын удирдлагатай бие даасан хараат бус байх;
5.1.3. эрдмийн эрх чөлөөг дээдлэх;
5.1.4. санхүүжилтийн тогтвортой эх үүсвэртэй байх;
5.1.5. шинжлэх ухааны нэгдмэл үнэт зүйлтэй байх;
5.1.6. судалгааны ёс зүйтэй байх;
5.1.7. инновацийн үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг тэгш эрхтэй, чөлөөтэй оролцуулах;
5.1.8. үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх инновацийн үйл ажиллагаа явуулахгүй байх;
5.1.9. төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад эрдэм шинжилгээний ажил, түүний шалгаруулалт нь чөлөөт өрсөлдөөнд үндэслэсэн ил тод, шударга, нээлттэй байх;
5.1.10. сургалт, судалгааны үр дүн нь үйлдвэрлэгчийг дэмжсэн, эдийн засаг, нийгмийн өндөр үр ашигтай байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬ, ТҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
6 дугаар зүйл. Судалгааны их сургуулийн хэлбэр
6.1. Сургууль нь эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэл, инновацийн байгууллага байна.
6.2. Сургууль нь Иргэний хуулийн 25.3-т заасан өмчийн хэлбэртэй байна.
7 дугаар зүйл. Судалгааны их сургуулийг бүртгэх
7 .1. Судалгааны их сургууль оноосон нэртэй байна.
7 .2. Сургуулийн ерөнхий захиргаа байршин байгаа газрыг түүний оршин буй газар гэнэ.
7 .3. Сургуулийг оршин байгаа газрын харьяаллын дагуу бүртгүүлнэ.
7 .4. Сургуульд тавигдах шаардлага, холбогдох журмыг Дээд боловсролын үндэсний зөвлөл батална.
7 .5. Судалгааны сургуулийг үүсгэн байгуулах, өөрчлөх, татан буулгахтай холбоотой харилцааг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
8 дугаар зүйл. Судалгааны их сургуулийн чиг үүрэг
8.1. Сургууль нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
8.1.1. олон улс, бүс нутагт өрсөлдөхүйц шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэхэд манлайлан оролцож, бодитой хувь нэмэр оруулна;
8.1.2. төрөөс баримталж буй хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдсан шинжлэх ухаан, технологи, инновацийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлнэ;
8.1.3. шинэ мэдлэг бүтээх технологи үйлдвэрлэх, инноваци гаргах, хэрэглээнд нэвтрүүлэх, инновацийн эко-системийг бий болгож, шинэ мэдлэг бүтээж, үр өгөөжтэй технологи боловсруулна;
8.1.4. шилдэг профессор авьяаслаг оюутныг төвлөрүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай хүний нөөцийг тасралтгүй бэлтгэнэ;
8.1.5. үйлдвэрлэлийн болон бусад оролцогчдын оролцоог дэмжсэн судалгааны бааз бүрдүүлэн инновацийн соёлыг хөгжүүлнэ;
8.1.6. судалгаанд суурилсан ахисан түвшний сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг интеграцид оруулах, дээд боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлнэ;
8.1.7. салбар дундын судалгааг хөгжүүлэх, нээлттэй дундын судалгааны дэд бүтцийг бий болгоно;
8.1.8. дэлхийн тэргүүлэх их сургуультай хамтран ахисан түвшний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГА, ЧИГ ҮҮРЭГ
9 дүгээр зүйл. Судалгааны их сургуулийн удирдах зөвлөл
9.1. Сургуулийн өөрийн удирдлага нь Удирдах зөвлөл байна.
9.2. Удирдах зөвлөл нь дарга, гишүүдээс бүрдэнэ.
9.3. Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байна.
9.4. Удирдах зөвлөлийн даргыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.
10 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн хурал
10.1. Дарга нь удирдах зөвлөлийн хурлыг зарлана.
10.2. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хурал байна. Хурал нь гишүүдийн 75-аас доошгүй хувийн ирцтэй хуралдаж, олонхын саналаар шийдвэр гаргана.
10.3. Удирдах зөвлөлийн бусад харилцааг дүрмээр зохицуулна.
10.4. Төрийн бус өмчийн сургуулийн удирдах зөвлөлийн харилцааг дотоод журмаар зохицуулна.
11 дүгээр зүйл. Удирдах зөвлөлийн гишүүн
11.1. Удирдах зөвлөл нь дарга, 18 гишүүдээс бүрдэнэ.
11.2. Удирдах зөвлөл нь дараах төлөөлөлтэй байна:
11.2.1. их сургуулийн ректороос санал болгосон 1 гишүүн;
11.2.2. Монгол Улсын нийгэм эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосон 4 гишүүн;
11.2.3. сургуулийн оршин буй орон нутгийн захиргааны байгууллагаас санал болгосон 1 гишүүн;
11.2.4. эрдмийн зөвлөлөөс санал болгосон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судлаач, профессорын төлөөлөл 5 гишүүн;
11.2.5. Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхимаас санал болгосон бизнесийн байгууллагын төлөөлөл 4 гишүүн;
11.2.6. их сургуулийн Үйлдвэрчний Эвлэлээс санал болгосон 1 гишүүн;
11.2.7. оюутны төлөөлөл 1 гишүүн;
11.2.8. төгсөгчийн төлөөлөл 1 гишүүн;
11.3. Энэ хуулийн 11.2.2-т заасан төрийн төлөөллийг Дээд боловсролын Үндэсний зөвлөлтэй зөвшилцөж боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.
11.4. Энэ хуулийн 11.3-т зааснаас бусад гишүүнийг Удирдах зөвлөлийн баталсан сонгон шалгаруулалтын журмаар сонгоно.
12 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн чиг үүрэг
12.1. Удирдах зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.1.1. удирдах зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах;
12.1.2. холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сургуулийг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг батлах;
12.1.3. бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх дүрэм, журмыг батлах;
12.1.4. санхүүжилтийн тогтвортой, олон эх үүсвэрийг бүрдүүлэх дүрэм, журмыг батлах;
12.1.5. судалгаанд суурилсан ахисан түвшний сургалт, эрдэм судлал, үйлдвэрлэлийг бүсчлэх, дээд боловсрол, шинжлэх ухаан, бизнесийн түншлэлийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
12.1.6. ректорыг томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх;
12.1.7. ректорын ажлын үр дүнг үнэлэх, гэрээ дүгнэх журмыг батлах;
12.1.8. сургуулийн бүтэц батлах;
12.1.9. тухайн жилийн төсвийг баталж, зарцуулалтад хяналт тавих;
12.1.10. аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив, тусламж, хөрөнгө оруулалтын зарцуулалтад хяналт тавих;
12.1.11. сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох;
12.1.12. сургуулийн үйл ажиллагааны тайланг жилд 2-оос доошгүй удаа хэлэлцэж дүгнэлт өгөх;
12.1.13. удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар үүсгэн байгуулагчид тайлагнах.
12.2. Удирдах зөвлөлийн бусад чиг үүргийг дүрмээр зохицуулна.
13 дугаар зүйл. Аудитор
13.1. Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс нэг аудитор, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс нэг аудиторыг санал болгосныг удирдах зөвлөлөөс томилно.
13.2. Аудиторын бүрэн эрхийн хугацаа 2 жил байх ба энэ хугацааг өөрчлөхгүй.
13.3. Аудитор нь хяналт, шалгалтын үр дүнд илэрсэн зөрчил, хууль бус ажиллагааны талаар Удирдах зөвлөл, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлан хүргүүлж, удирдах зөвлөлийг хуралдах санал гаргана.
13.4. Аудитор нь удирдах зөвлөлийн дэргэд ажиллах ба холбогдох харилцааг журмаар зохицуулна.
14 дүгээр зүйл. Эрдмийн зөвлөл
14.1. Сургуулийн мэргэжлийн ажлын удирдлага нь Эрдмийн зөвлөл байна.
14.2. Эрдмийн зөвлөл нь 21-ээс доошгүй гишүүнээс бүрдэнэ.
15 дугаар зүйл. Эрдмийн зөвлөлийн чиг үүрэг
15.1. Эрдмийн зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
15.1.1. улс орны, бүс нутгийн нийгэм-эдийн засгийн урт, дунд, богино хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн сургалт, судалгааны чиглэлийг тогтоох;
15.1.2. судалгааны багийг бүрдүүлэх;
15.1.3. сургуулийн дэд профессор, профессорын цол олгох;
15.1.4. судалгааны бодлого боловсруулах;
15.1.5. ахисан түвшний сургалт судалгааны үйл явцыг хянах;
15.1.6. судалгааны төслийн нэгдсэн санг бүрдүүлэх;
15.1.7. дундын судалгааны лабораторийн баазын хамтын үйл ажиллагааг дэмжих;
15.1.8. судалгааны ажлын чанар, үр дүнг тодорхойлох;
15.1.9. судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг дэмжих;
15.1.10. дэвшилтэт технологийг хөгжүүлэх стратегийг боловсруулах;
15.1.11. сургалт, судалгааны чанарыг сайжруулахтай холбоотой асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргах;
15.1.12. судалгааны санхүүжилтийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
15.2. Эрдмийн зөвлөлийн бусад чиг үүргийг дүрмээр зохицуулна.
16 дугаар зүйл. Судалгааны их сургуулийн гүйцэтгэх удирдлага
16.1. Сургуулийн гүйцэтгэх удирдлагыг ректор хэрэгжүүлнэ.
16.2. Ректорыг 5 жилийн хугацаагаар томилно.
17 дугаар зүйл. Ректорыг сонгох
17.1. Ректорыг сонгон шалгаруулах хорооноос санал болгосон 3-аас доошгүй нэр дэвшигчийн дотроос Удирдах зөвлөл томилно.
17.2. Ректорыг сонгон шалгаруулах хороо нь удирдах болон эрдмийн зөвлөлийн 7-оос доошгүй гишүүнээс бүрдэнэ.
17.3. Хороог үүсгэн байгуулах, сонгон шалгаруулахтай холбоотой бусад харилцааг дүрмээр зохицуулна.
17.4. Ректор нь дор дурдсан шаардлагыг хангасан байна:
17.4.1. хүний эрх, эрх чөлөө, эрхэм оршихуйг хүндэтгэдэг байх;
17.4.2. үнэнч, шударга, зарчимч, ёс журмыг сахин биелүүлдэг байх;
17.4.3. удирдахуйн арга ухааныг эзэмшсэн манлайлагч байх;
17.4.4. шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын удирдах албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан, докторын зэрэгтэй байх;
17.4.5. олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл туурвисан байх;
17.4.6. дэлхийн шилдэг их сургуульд ажиллаж, туршлага судалсан байх;
17.4.7. сургалт судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах менежерийн ур чадвартай байх.
18 дугаар зүйл. Проректор
18.1. Ректорт дэмжин туслах үүрэг бүхий проректортой байна.
18.2. Проректорыг удирдах зөвлөлтэй зөвшилцөж томилно.
18.3. Проректорын орон тоо, томилох журам, тавигдах шаардлага, чиг үүргийг дүрмээр зохицуулна.
19 дүгээр зүйл. Ректорын чиг үүрэг
19.1. Ректор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
19.1.1. төрийн бодлогод нийцүүлж сургууль хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, чиглэл, хөтөлбөрийг санаачлан удирдах зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтийг хангах;
19.1.2. сургуулийн гадаад, дотоод хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх асуудлаар гэрээ, хэлэлцээр байгуулах;
19.1.3. сургуулийн стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, зорилтот түвшний хэрэгжилтийн чанар үр дүнг хариуцах;
19.1.4. санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлж, төсвийг төлөвлөх;
19.1.5. өндөр мэдлэг, ур чадвар бүхий хүний нөөцийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх;
19.1.6. багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан бусад ажилтны орон тоог тогтоох, цалингийн сүлжээг батлах;
19.1.7. батлагдсан орон тоонд сонгон шалгаруулалтыг чадахуйн болон хөгжихүйн зарчимд үндэслэж томилох.
19.2. Ректорын бусад чиг үүргийг дүрмээр зохицуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛИЙН САНХҮҮЖИЛТ
20 дугаар зүйл. Судалгааны их сургуулийн санхүүжилтийн эх үүсвэр
20.1. Сургууль нь Дээд боловсролын тухай хуульд зааснаас гадна дараах эх үүсвэрээс санхүүжнэ:
20.1.1. гадаад, дотоодын зээл тусламж, хандив;
20.1.2. инновацийн грант;
20.1.3. эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнгээс олсон орлого;
20.1.4. олон улсын төслийн орлого;
20.1.5. хуульд заасан бусад эх үүсвэр.
20.2. Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын санхүүжилт тогтвортой, үр дүнд чиглэсэн байна.
20.3. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх судалгаа, эрдэм шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрийг Засгийн газрын захиалгаар тогтмол хэрэгжүүлнэ.
21 дүгээр зүйл. Судалгааны их сургуулийн санхүүгийн дэмжлэг
21.1. Төрөөс судалгааны их сургуульд санхүүгийн дэмжлэг үзүүлж болно. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батална.
22 дугаар зүйл. Хөрөнгийн удирдлага
22.1. Сургуулийн хөрөнгийн мэдээлэл олон нийтэд нээлттэй байна.
22.2. Төр, орон нутгийн захиргаанаас шилжүүлсэн хөрөнгийг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
22.3. Энэ зүйлийн 22.2 дахь хэсэгт зааснаас бусад хөрөнгийг сургуулийн дүрмээр зохицуулна.
22.4. Сургуульд хэрэгжүүлэх судалгааны төсөлд үндсэн зардлаас гадна байгууллагын нэмэгдэх зардлыг гэрээгээр зохицуулна.
22.6. Судалгаа, эрдэм шинжилгээний ажил, төслөөс олсон орлогын тодорхой хэсгийг багш, оюутны судалгаанд зарцуулна.

ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
23 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
23.1. Энэ хуулийг зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
23.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
24 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
24.1. Энэ хуулийг 2021 оны...дүгээр сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх