Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 11-р сарын 23 өдөр
Ulaanbaatar city
САНГИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ
өөрчлөв

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилго нь сангийн эрх зүйн байдал, түүний бүртгэл, тайлагналт, үйл ажиллагаатай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино.
2.1.Сангийн эрх зүйн байдлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Иргэний хууль , Холбооны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль , Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ.
3.1.Засгийн газрын тусгай сан, хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй.
3.2.Олон улсын болон гадаад улсын сангийн салбар, төлөөлөгчийн газрыг байгуулах, зөвшөөрөл олгох, бүртгэх, тайлагнах, бүртгэлээс хасах, зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох, хяналт тавих үйл ажиллагааг холбогдох хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёо.
4.1.Энэ хуульд заасан дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“сан” гэж нэг, эсхүл хэд хэдэн этгээд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй ашгийн төлөө бус хуулийн этгээдийг;
4.1.2.“хувийн сан” гэж зөвхөн дүрэмдээ заасан нэг, эсхүл хэд хэдэн тодорхой этгээдээс хандивласан хөрөнгөөр санхүүжилт авч үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээдийг;
4.1.3.”нийтийн сан” гэж олон нийтээс болон бусад этгээдээс хөрөнгө төвлөрүүлэх замаар санхүүжилт авч үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээдийг;
4.1.4.“эрх барих байгууллага” гэж сангийн удирдах зөвлөлийг;
4.1.5.“удирдах байгууллага” гэж сангийн гүйцэтгэх захирлыг;
4.1.6.“нийтэд тустай үйл ажиллагаа” гэж Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1.4-т заасан үйл ажиллагааг.
5 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх.
5.1.Сан нь дүрэмд заасан зорилго, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийн тулд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болно.
5.2.Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх шийдвэрийг тухайн сангийн дүрэмд заасан эрх барих байгууллага гаргана.
5.3.Аж ахуйн үйл ажиллагааны орлогод Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан орлого хамаарна.
5.4.Сан нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж олсон орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилго, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд зарцуулна.
6 дугаар зүйл.Сан нь нийтэд тустай үйл ажиллагаа явуулах.
6.1.Сан нь өөрийн дүрэмд заасан үйл ажиллагааны зорилго, чиглэлтэй уялдуулан нийтэд тустай үйл ажиллагааг төлбөртэй болон төлбөргүйгээр эрхлэн гүйцэтгэж болно.
6.2.Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 35.2-т заасан үйл ажиллагааны нэг төрөл, эсхүл хэд хэдэн төрлийг сангийн дүрэмд заасан, зорилго чиглэлдээ уялдуулан явуулж болно.
7 дугаар зүйл.Сангийн үйл ажиллагаанд хориглох зүйл.
7.1.Сангийн зорилго, үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актад нийцсэн байх бөгөөд доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
7.1.1.улс төрийн нам, улс төрийн намын байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх;
7.1.2.улс төрийн нам болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчид эд хөрөнгийн болон бусад хэлбэрээр хандив өгөх;
7.1.3.үндсэн зорилго, үйл ажиллагаагаа өөрчилж, ашгийн төлөө ажиллах, аливаа хэлбэрээр ашиг хуваарилах;
7.1.4.шашин номлох, ухуулан дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулах, санхүүжүүлэх;
7.1.5.сангийн эд хөрөнгө, аж ахуйн болон нийтэд тустай үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг дүрэмд заасан зорилгоос бусад зориулалтаар зарцуулах, бусдад зээлдүүлэх, барьцаалах, сангийн удирдлага, ажилтны ашиг сонирхлын төлөө ашиглах;
7.1.6.татварын ашиг хүртэх үндсэн зорилгоор Татварын ерөнхий хуулийн 16.1.1-д заасан татварын схем дангаараа болон бусад этгээдтэй хамтран зохион байгуулах;
7.1.7.нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр данс нээх, гүйлгээ хийх, хаагдсан данс ашиглах;
7.1.8.зохицуулалтгүй санхүүгийн сувгаар мөнгөн гүйлгээ хийх;
7.1.9.Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 14.2-т заасан үйл ажиллагаа болон тэдгээр этгээдтэй харилцаа холбоо тогтоох, санхүүжилт авах зэрэг үйл ажиллагааг явуулах;
7.1.10.хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлээр ялгаварлан гадуурхах;
7.1.11.хуульд заасан бусад.
7.3.Сангийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалд дараах этгээдийг ажиллахыг хориглоно:.
7.3.1.төрийн үйлчилгээний албан тушаалтнаас бусад төрийн албан тушаалтан;
7.3.2.улс төрийн намын удирдлага, намын санхүүгийн албаны дарга, түүнтэй адилтгах албан тушаалтан;
7.3.3.Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 3.1.17-д заасан хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд болон тэдгээртэй хамаарал бүхий этгээд;
7.3.4.дампуурлын хэрэг үүсгэгдсэн этгээд.
Тайлбар: Энэ хуульд заасан “ашиг хуваарилах” гэж сангийн хөрөнгө, хувьцаа эзэмшил, нийтэд тустай болон аж ахуйн үйл ажиллагаа явуулж олсон мөнгөн болон мөнгөн бүс орлого, Монгол Улсын хуулийн дагуу ногдол ашиг гэж үзэх бусад орлогоос үүсгэн байгуулагч, удирдах, гүйцэтгэх албан тушаалтан болон бусад этгээдэд ногдол ашиг болгон хуваарилахыг ойлгоно.

ХОЁРДУГААР
САНГИЙН НЭР, ТӨРӨЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА
8 дугаар зүйл.Сангийн нэр.
8.1.Сан нь өөрийн оноосон нэртэй байна.
8.2.Сангийн хэлбэрээр байгуулагдсан ашгийн төлөө бус хуулийн этгээд нь өөрийн оноосон нэрнийхээ ард “нийтийн сан”, “хувийн сан” гэсэн тэмдэглэгээг хэрэглэнэ.
8.3.Сан нь үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлсон үгийг нэрэндээ оролцуулж болно.
8.4.Сан нь МОНГОЛЫН, ҮНДЭСНИЙ, НЭГДСЭН гэсэн үг оролцсон нэртэй байж болохгүй.
8.5.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль , холбогдох журамд заасны дагуу сан нь нэрээ баталгаажуулсан байна.
8.6.Сан нь өөрийн бэлгэдэлтэй байж болно.
9 дүгээр зүйл.Сангийн төрөл.
9.1.Сан нь санхүүжилтийн хэлбэрээсээ хамаарч нийтийн, хувийн гэсэн төрөлтэй байна.
9.2.Хувийн сан олон нийтээс хөрөнгө төвлөрүүлэхийг хориглоно.
9.3.Хувийн санг байгуулахад үүсгэн байгуулагч нь 10 сая түүнээс дээш төгрөгийг сангийн дансанд байршуулсан байна.
9.4.Нийтийн сан нь жил тутам санхүүгийн тайландаа аудит хийлгэнэ. Аудит хийлгэх зардлыг тухайн сан хариуцна.
9.5.Хувийн санг нэг этгээд үүсгэн байгуулж болох бөгөөд зөвхөн үүсгэн байгуулагчийн шийдвэрээр сангийн зорилго, зориулалтыг өөрчилнө.
10 дугаар зүйл.Сангийн дүрэм.
10.1.Сан нь хуулийн этгээд болохын хувьд дүрэмтэй байна.
10.2.Сангийн дүрэмд дараах зүйлийг тусгана:
10.2.1.нэр, оршин байгаа газар, хууль ёсны хаяг;
10.2.2.зорилго, үйл ажиллагааны чиглэл;
10.2.3.төрөл, хэлбэр;
10.2.4.байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд, түүний эрх хэмжээ;
10.2.5.байгууллагын бүтэц, зохион байгуулалт;
10.2.6.дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журам;
10.2.7.өөрчлөн байгуулах, татан буулгах үндэслэл, журам;
10.2.8.санхүүжилтийн эх үүсвэр;
10.2.9.хөрөнгийг бүртгэх, шилжүүлэх журам;
10.2.10.удирдах зөвлөлийн хуралдааны журам;
10.2.11.хэрэгжүүлэх үйл ажиллагаа, санхүүжилт болон зарцуулалтыг олон нийтэд нээлттэй тайлагнах журам;
10.3.Энэ хуулийн 10.2.8-д заасны дагуу хувийн сангийн дүрэмд санхүүжүүлэгч нь хуулийн этгээд бол оноосон нэр, хувь хүн бол овог, эцэг /эх/ болон өөрийн нэр, санхүүжүүлэгч тус бүр тухайн сангийн санхүүжилтийн хэдэн хувийг хариуцах талаарх мэдээллийг тусгана.
10.4.Дүрэмд зөвхөн эрх барих байгууллагын шийдвэрээр нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх, дүрэмд орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг холбогдох татварын албанд мэдээлнэ.
11 дүгээр зүйл.Санг үүсгэн байгуулах, бүртгүүлэх.
11.1.Сангийн үүсгэн байгуулагч нь нэг, эсхүл хэд хэдэн этгээд байж болно.
11.2.Сан байгуулах тухай шийдвэр гаргаж, сангийн дүрмийг баталсан этгээдийг тухайн сангийн үүсгэн байгуулагч гэнэ.
11.3.Хуульд өөрөөр заагаагүй бол санг татварын өргүй, эсхүл дампуурлын хэрэг үүсгэгдээгүй дараах этгээд үүсгэн байгуулж болно:
11.3.1.Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн;
11.3.2.хуулийн этгээд;
11.3.3.Монгол Улсад хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн, харьяалалгүй хүн.
11.4.Нэг этгээд хувийн санг үүсгэн байгуулах бол удирдах зөвлөл болон хяналтын хороогүй байж болох бөгөөд удирдах зөвлөл, хяналтын хороотой байх эсэхийг сангийн үүсгэн байгуулагч шийдвэрлэж, гүйцэтгэх удирдлагыг томилно. Нийтийн санг нэг этгээд үүсгэн байгуулах тохиолдолд энэ зохицуулалт хамаарахгүй.
11.5.Энэ хуулийн 11.4-т заасан сангийн үүсгэн байгуулагч нь тухайн санд удирдах зөвлөл, хяналтын хороогүй байхаар шийдвэрлэсэн бол энэ хуульд заасан удирдах зөвлөл, хяналтын хорооны бүрэн эрхийг сангийн үүсгэн байгуулагч өөрөө эдэлнэ.
11.6.Хэд хэдэн этгээд сангийн үүсгэн байгуулагч байх бол тухайн сангийн үүсгэн байгуулагч удирдах зөвлөлийн гишүүн байж болно.
11.7.Сан байгуулагдсаны дараа тухайн санд хандив өгсөн, тусламж, дэмжлэг үзүүлсэн этгээдийг үүсгэн байгуулагчид тооцохгүй.
11.8.Үүсгэн байгуулагч болон энэ хуулийн 11.7-д заасан этгээдээс санд оруулсан хөрөнгө тухайн сангийн эд хөрөнгө болно.
11.9.Үүсгэн байгуулагч сангийн эд хөрөнгийг өмчлөх эрхгүй байна.
11.10.Үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр санг үүсгэн байгуулна. Шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.
11.11.Нэг этгээд санг үүсгэн байгуулах бол үүсгэн байгуулагч нь сан байгуулах шийдвэр, дүрмийг батална.
11.12.Санг байгуулахаар тохиролцсон этгээд үүсгэн байгуулах хурал зохион байгуулж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
11.12.1.санг үүсгэн байгуулах тухай шийдвэрийг гаргах;
11.12.2.сангийн дүрмийг батлах;
11.12.3.удирдах зөвлөлийг томилох.
11.13.Ашгийн төлөө хуулийн этгээд нь зөвхөн хувийн санг үүсгэн байгуулж болох бөгөөд нийтийн санг үүсгэн байгуулахыг хориглоно.
11.14.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван наймдугаар зүйлийн 5-д заасны дагуу гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад сан байгуулах эрхэнд хуулиар хязгаарлалт тогтоож болно.
11.15.Санг үүсгэн байгуулах тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэхээр холбогдох баримт бичгийг улсын бүртгэлийн байгууллагад өгнө.
11.16.Энэ хуулийн 11.17-д заасан хугацаанд бүртгүүлээгүй бол үүсгэн байгуулах хурлыг дахин хуралдуулж, үүсгэн байгуулах шийдвэрийг гаргах арга хэмжээг авна.
11.17.Сан нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн үеэс эхлэн хуулийн этгээдийн эрх эдэлж, өөрийн нэрээр үйл ажиллагаа явуулна.
11.18.Санг улсын бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасахтай холбогдох харилцааг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулна.
11.19.Татварын алба нь улсын бүртгэлийн байгууллагын мэдээлэлд үндэслэн шинээр байгуулагдсан санг Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгчөөр бүртгэж, хувийн хэрэг үүсгэнэ.
12 дугаар зүйл.Сангийн тайлан.
12.1.Сан нь үйл ажиллагаагаа хууль, дүрэмд заасны дагуу тайлагнана.
12.2.Нийтийн сан болон нийтэд тустай үйл ажиллагаа эрхэлж байгаа хувийн сан нь үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа дараа жилийн эхний улиралд багтаан Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлд хүргүүлнэ.
12.3.Энэ хуулийн 12.2-т зааснаас бусад сан нь үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлд ирүүлж болно.
12.4.Сангийн тайланг Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл цахим хуудсандаа байршуулна.
12.5.Энэ хуулийн 12.2-т заасан сангийн үйл ажиллагааны тайланг Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 35.6-д заасан маягтын дагуу гаргана.
12.6.Энэ хуулийн 12.2-т заасан сан нь үйл ажиллагааны болон санхүүгийн жилийн тайлангаа олон нийтэд нээлттэй байлгана.
12.7.Сан нь Татварын ерөнхий хуулийн 38.4, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу татварын тайлан гаргаж, холбогдох татварын албанд тайлагнана.
12.8.Сан нь үйл ажиллагааны тайлангаа цахимаар хүргүүлж болно. Энэ тохиолдолд тайлан хүлээн авах байгууллагад мэдэгдэнэ.
12.9.Сан албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаандаа Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан албан хэрэг хөтлөлт болон байгууллагын архивт баримтлах журмыг мөрдөнө.
13 дугаар зүйл.Сангийн санхүүжилт.
13.1.Сангийн санхүүжилтийн эх үүсвэр нь хууль ёсны байх бөгөөд дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
13.1.1.энэ хуулийн 9.3-т заасан хөрөнгө;
13.1.2.нийтийн санд олон нийтээс төвлөрүүлсэн хөрөнгө;
13.1.3.хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын болон гадаад улс, олон улсын байгууллага, хувь хүн, хуулийн этгээдээс өгсөн хандив, тусламж;
13.1.4.нийтэд тустай үйл ажиллагаа явуулсны төлөө төрөөс үзүүлсэн мөнгөн болон бусад хэлбэрийн санхүүгийн дэмжлэг;
13.1.5.иргэний нийгмийг дэмжих сангаас үзүүлсэн мөнгөн тусламж;
13.1.6.аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж олсон орлого;
13.1.7.санд өвлөж авсан өв;
13.1.8.хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.
13.2.Санд өгсөн хандив, өвлүүлсэн эд хөрөнгө нэг сая төгрөгөөс дээш бол хандив, өвлүүлэгч иргэн, байгууллагын нэр, зүйлийн жагсаалтыг сангийн тайланд оруулна.
13.3.Гадаад улсын тусгай албад, түүний халхавч байгууллага болон үндэсний эв нэгдлийг бусниулах, мөнгө угаах, террорист болон экстремист үйл ажиллагаа явуулдаг, санхүүжүүлдэг байгууллага, хувь хүнээс, эсхүл хандивлагч нь тодорхойгүй санхүүжилт авахыг хориглоно.
13.4.Энэ хуулийн 13.3-т заасан хувь хүн, байгууллагын талаарх мэдээллийг Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 14.4-т заасан байгууллага гаргаж нээлттэй мэдээлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
САНГИЙН УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
14 дүгээр зүйл.Сангийн удирдлага, зохион байгуулалт.
14.1.Сангийн эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна.
14.2.Хуульд өөрөөр заагаагүй бол сан нь хяналтын хороо болон сангийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулах гүйцэтгэх захиралтай байна.
14.3.Нийтийн сан удирдах зөвлөл болон хяналтын хороотой байна.
15 дугаар зүйл.Сангийн удирдах зөвлөл.
15.1.Сангийн удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагч, тэдгээрийн томилсон төлөөллөөс бүрдэнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол нийтийн сангийн удирдах зөвлөл 5-аас доошгүй, хувийн сангийн удирдах зөвлөл нь 3-аас доошгүй гишүүнтэй байна.
15.2.Сангийн үүсгэн байгуулагч нь анхны удирдах зөвлөлийг томилох бөгөөд удирдах зөвлөлийг шинэчлэн томилохтой холбоотой асуудлыг дүрмээр зохицуулна.
15.3.Удирдах зөвлөлийн гишүүдийн тооны дээд хязгаар, бүрэн эрхийн хугацаа, улируулан сонгох эсэхийг дүрмээр тогтооно.
15.4.Удирдах зөвлөл гишүүд дотроосоо даргаа сонгоно.
15.5.Удирдах зөвлөлийн дарга, гишүүн үүргээ гүйцэтгэснийхээ төлөө тухайн сангаас цалин, урамшуулал авахгүй.
15.6.Удирдах зөвлөлийн дарга, гишүүнд зөвлөлийн хуралд оролцохтой холбоотой гарсан зардлыг олгож болно.
16 дугаар зүйл.Сангийн удирдах зөвлөлийн бүрэн эрх.
16.1.Сангийн удирдах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
16.1.1.дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
16.1.2.санг өөрчлөн байгуулах, татан буулгах;
16.1.3.сангийн жилийн төсвийг батлах;
16.1.4.сангийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэх;
16.1.5.гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх түүнтэй гэрээ байгуулах, эд хөрөнгө захиран зарцуулахтай холбоотой эрх хэмжээг нь тодорхойлох;
16.1.6.дүрэмд өөрөөр заагаагүй бол салбар, төлөөлөгчийн газрыг байгуулах, удирдлагыг томилох, чөлөөлөх.
17 дугаар зүйл.Удирдах зөвлөлийн хурал.
17.1.Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа зарлан хуралдуулна. Ээлжит хурлыг удирдах зөвлөлийн дарга товлоно.
17.2.Хяналтын хорооны шаардсанаар ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.
17.3.Энэ хуулийн 17.2-т заасны дагуу хяналтын хороо шаардлага гарснаас хойш удирдах зөвлөлийг 7 хоногийн дотор хуралдуулахаар тооцож, хурлын товыг тогтооно.
17.4.Удирдах зөвлөлийн гишүүдийн ердийн олонх нь оролцсоноор удирдах зөвлөлийн хурал хүчин төгөлдөр болно.
17.5.Удирдах зөвлөлийн хурлыг удирдах зөвлөлийн дарга, түр эзгүйд нь түүний даалгасан гишүүн удирдана.
17.6.Удирдах зөвлөлийн дарга, гишүүд хуралдааны тэмдэглэл үнэн зөв хөтлөгдсөн эсэхийг хянаж, гарын үсэг зурна.
18 дугаар зүйл.Удирдах зөвлөлийн шийдвэр.
18.1.Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар хүчин төгөлдөр болно. Удирдах зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байна.
18.2.Удирдах зөвлөлийн хуралд оролцсон гишүүн бүр нэг саналын эрхтэй байна.
18.3.Удирдах зөвлөлийн хурал хийхгүйгээр гишүүдийн саналыг бичгээр авсны үндсэн дээр шийдвэрлэж болох асуудлыг удирдах зөвлөл тогтоож болно.
19 дугаар зүйл.Хяналтын хорооны эрх, үүрэг.
19.1.Хяналтын хороог гурваас доошгүй гишүүнтэйгээр удирдах зөвлөлөөс байгуулах бөгөөд ажлаа удирдах зөвлөлийн өмнө тайлагнана
19.2.Хяналтын хорооны бүрэлдэхүүнд сангийн гүйцэтгэх удирдлага байхыг хориглоно.
19.3.Хяналтын хороо нь сангийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүрэгтэй.
19.4.Хяналтын хороо бусад эрх, үүргийг сангийн үйл ажиллагааны онцлогт тохируулан дүрмээр тодорхойлно.
19.5.Хяналтын хороог мэдээллээр хангах үүргийг гүйцэтгэх захирал хариуцна.
20 дугаар зүйл.Гүйцэтгэх захирал.
20.1.Сангийн гүйцэтгэх удирдлагыг удирдах зөвлөлөөс томилсон гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ.
20.2.Гүйцэтгэх захирал нь дараах эрхтэй:
20.2.1.удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд санг төлөөлөх;
20.2.2.удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд сангийн эд хөрөнгийг захиран зарцуулах;
20.2.3.хууль, дүрэмд заасан бусад.
20.3.Гүйцэтгэх захирал дараах үүрэгтэй:
20.3.1.сангийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх;
20.3.2.сангийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
20.3.3.хууль, дүрэмд заасан бусад.
20.4.Тухайн сангийн онцлогтой холбоотой гүйцэтгэх захиралд энэ хуулийн 20.2-т зааснаас гадна нэмэлт эрх олгож, үүрэг хүлээлгэх бол удирдах зөвлөлийн дарга гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулна.
20.5.Гүйцэтгэх захирал нь үүргээ гүйцэтгэсний төлөө цалингаас гадуур тухайн сангаас нэмэлт урамшуулал авахгүй.
20.6.Гүйцэтгэх захирлын цалин хөлсийг удирдах зөвлөлийн хурлаас тогтооно.
21 дүгээр зүйл.Санг төлөөлөх эрх, шийдвэр.
21.1.Хуульд өөрөөр заагаагүй бол санг гүйцэтгэх захирал төлөөлнө.
21.2.Дараах шинжийг агуулсан бол сангийн удирдлага, гишүүний шийдвэр, үйл ажиллагааг тухайн сангийн шийдвэр, үйл ажиллагаанд тооцно:
21.2.1.төлөөлөх эрх бүхий этгээд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, сангийн ашиг сонирхлын төлөө дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргасан, эсхүл зөвшөөрөл өгсөн бол;
21.2.2.санг төлөөлөх эрхгүй этгээдээс сангийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулсан, эсхүл бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйг тухайн хуулийн этгээдийн удирдлага мэдсэн боловч таслан зогсоох арга хэмжээ аваагүй бол.
22 дугаар зүйл.Салбар, төлөөлөгчийн газар.
22.1.Сан нь салбар, төлөөлөгчийн газар байгуулж болно.
22.2.Сангийн салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй бөгөөд түүний эрх, үүргийг тухайн сангийн дүрмээр тодорхойлно.
22.3.Салбар, төлөөлөгчийн газрын удирдлагыг тухайн сангийн дүрэмд заасан эрх бүхий байгууллага томилно.
22.4.Салбар, төлөөлөгчийн газар нь гагцхүү түүнийг байгуулсан сангийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулна.
22.5.Сан нь салбар, төлөөлөгчийн газар байгуулсан, үйл ажиллагааг нь зогсоосон бол хуульд заасны дагуу улсын бүртгэлийн газарт бүртгүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
САНГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ
23 дугаар зүйл.Санг өөрчлөн байгуулах.
23.1.Санг түүний эрх барих байгууллагын шийдвэрээр хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулж болно.
23.2.Сангийн хэлбэрийг өөрчилж, ашгийн төлөө хуулийн этгээд болгон өөрчлөн байгуулахыг хориглоно.
23.3.Санг энэ хуулийн 23.2-т зааснаас бусад үндэслэлээр өөрчлөн байгуулсан бол Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
24 дүгээр зүйл.Санг татан буулгах.
24.1.Санг дараах үндэслэлээр татан буулгаж болно:
24.1.1.үйл ажиллагаа явуулах хугацаа дууссан, зорилгодоо хүрсэн, эсхүл дүрэмд заасан бусад үндэслэлээр сайн дураараа татан буугдах талаар эрх барих байгууллагын шийдвэр гарсан;
24.1.2.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан үндэслэлээр дампуурсанд тооцсон;
24.1.3.энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.10-т заасныг зөрчсөн нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон;
24.1.4.шүүхийн шийдвэрээр Эрүүгийн хуульд заасан татан буулгах арга хэмжээ авагдсан;
24.1.5.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26.1-д заасны дагуу бүртгэлээс хасагдах нөхцөл байдал үүссэн;
24.1.6.зохион байгуулалтын хэлбэр, үндсэн зорилгоо өөрчилсөн.
24.2.Иргэний хэргийн шүүх энэ хуулийн 24.1.2, 24.1.3-т заасан үндэслэлээр, эрүүгийн хэргийн шүүх 24.1.4-т заасан үндэслэлээр санг татан буулгана.
24.3.Энэ хуулийн 24.1.5, 24.1.6-д заасан үндэслэлээр санг улсын бүртгэлээс хасах шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллага гаргана.
24.4.Шүүхэд санг татан буулгах тухай гомдлыг энэ хуулийн 24.1.2-т заасан үндэслэлээр Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан этгээд, энэ хуулийн 24.1.3-т заасан үндэслэлээр сонирхогч этгээд гаргана.
24.5.Шүүх болон энэ хуулийн 24.2-т заасан эрх бүхий этгээд нь санг татан буулгах асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлийн гишүүнийг шинжээчээр оролцуулж болно.
24.6.Энэ хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.3, 24.1.4-т заасан үндэслэлээр санг татан буулгах тухай шийдвэр гаргасан эрх бүхий этгээд шийдвэрээ Хуулийн этгээдийн улсынбүртгэлийн тухай хуулийн 23.1-д заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллага болон холбогдох татварын албанд мэдэгдэнэ.
24.7.Энэ хуулийн 24.2, 24.3-т заасан шийдвэр гаргасан эрх бүхий этгээд уг шийдвэрийг гаргаснаас хойш ажлын 10 өдрийн дотор Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлд бичгээр мэдэгдэх бөгөөд татан буулгах тухай шийдвэрийн эх хувийг мэдэгдэлд хавсаргасан байна.
25 дугаар зүйл.Татан буугдах үеийн эд хөрөнгийн зохицуулалт.
25.1.Татан буугдаж байгаа сангийн хөрөнгөөс шаардах эрх бүхий харилцагчийн үүргийн гүйцэтгэлийг хангасны дараа үлдсэн эд хөрөнгийг бусдад хуваарилан олгохыг хориглоно.
25.2.Татан буугдаж байгаа сангийн эрх барих байгууллага нь үлдсэн хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий нэг, эсхүл хэд хэдэн санд шилжүүлэхээр шийдвэрлэж болно.
25.3.Хэрэв энэ хуулийн 25.2-т заасан шийдвэр гараагүй бол үлдсэн хөрөнгийг түүнтэй зорилго нэг буюу ижил төстэй зорилго бүхий нэг, эсхүл хэд хэдэн санд, ийм этгээд байхгүй тохиолдолд түүний дүрэмд заасан зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зориулан зарцуулахаар Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих санд шилжүүлнэ.
25.4.Энэ хуулийн 25.3-т заасан шийдвэрийг Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлийн саналыг харгалзан татан буулгах комисс гаргана.

ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗОХИЦУУЛАЛТ
26 дугаар зүйл.Шилжилтийн үеийн зохицуулалт.
26.1.Сан нь энэ хуулийг дагаж мөрдсөнөөс хойш 2 жилийн хугацаанд багтаан улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлнэ.
26.2.Энэ хуулийн 12.2, 12.3-т заасан зохицуулалтыг энэ хуулийг дагаж мөрдсөнөөс хойш 1 жилийн дараа дагаж мөрдөнө.
26.3.Энэ хуулийн 26.1-д заасан хугацаанд улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй нь тухайн санг улсын бүртгэлээс хасах үндэслэл болно.
27 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага.
27.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
27.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
4. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
5. Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт
6. Хэлэлцэх эсэх -Олон нийтээс тухайн төсөлтэй холбогдуулан ирүүлсэн саналын нэгтгэл /МУИХЧХДТХ/

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх