- 1 дүгээр зүйл:Энэ хуулийн үйлчлэх хугацаанд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51.1-д заасан мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллага болон төрийн бусад байгууллагаас төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй.
- 2 дугаар зүйл:Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий байгууллага хийнэ.
- 3 дугаар зүйл:Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан хяналт шалгалтыг хийхдээ үйл ажиллагааг шууд зогсоохоос бусад төрлийн зөрчилд тэргүүн ээлжид албан шаардлага хүргүүлнэ. Албан шаардлага нь зөвлөн туслах, сануулах шинжтэй байна.
- 4 дүгээр зүйл:Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, татвар, гааль, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалтад энэ хуулийн 1 дүгээр зүйл болон 3 дугаар зүйл хамаарахгүй.
- 5 дугаар зүйл:Энэ хуулийн 1 дүгээр зүйл нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн хяналт шалгалт хийхэд хамаарахгүй.
- 6 дугаар зүйл:Энэ хуулийн үйлчлэх хугацаа дууссан нь төрийн хяналт шалгалтыг нөхөж хийх үндэслэл болохгүй.
- 7 дугаар зүйл:Энэ хуулийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө.