441 дүгээр зүйл. Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчийн эрх
441 .1. Нийтийн зориулалттай орон сууцны байшинд сууц өмчлөгч нь дундаа хамтран хязгаартайгаар эзэмших орон сууцны дэвсгэр газар, орчны газартай байна.
441.2. Нийтийн зориулалттай орон сууцны байшин байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөд тухайн нийтийн зориулалттай орон сууц өмчлөгч нарт нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчийн эрх үүснэ.
441 .3. Нийтийн зориулалттай орон сууцанд сууц өмчлөгч нэг этгээдийн дундаа хамтран хязгаартайгаар эзэмших эрхээр баталгаажих дэвсгэр газар, орчны газрын ногдох хэсэг нь нийтийн зориулалттай орон сууц өмчлөгчийн орон сууцны талбайн хэмжээ, нийт хэмжээ, нийт талбайн харьцаагаар тодорхойлогдоно.
441 .4. Энэ хуулийн 441.3-т заасан нэг сууц өмчлөгчид ногдох дэвсгэр газар, орчны газрын хувь хэмжээг тогтоох аргачлалыг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
441 .5. Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчийн эрхээр баталгаажих дундаа хязгаартайгаар эзэмших газарт тухайн орон сууцны байшингийн дэвсгэр газар, ногоон байгууламж, зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай, сүүдрэвч, явган хүний зам, ил авто зогсоол, ахуйн хог хаягдлын цэг, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий газар хамаарна.
441 .6. Энэ хуулийн 441.5-т заасан газрыг эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдал, хот байгуулалт, барилгын болон бусад шаардлагатай норм дүрэмд нийцүүлэн сууц өмчлөгчид нийтээр ашиглана.
441 .7. Нийтийн зориулалттай орон сууц өмчлөгчдийн дундаа хамтран хязгаартайгаар эзэмших газар дээр барилга, байгууламж барих, энэ хуулийн 441.6-д зааснаас өөрөөр ашиглах бол нийт сууц өмчлөгч нарын дийлэнх олонхийн зөвшөөрлийг авсан байна.
441 .8. Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчийн эрх нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн салшгүй эрх бөгөөд барьцааны зүйл болохгүй. Уг эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.4-т заасны дагуу бүртгэнэ.
441 .9. Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчийн эрхийг өвийн журмаар бусдад шилжүүлэхээс бусад тохиолдолд өөр этгээдэд шилжүүлэхийг хориглоно.
441 .10. Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчийн эрхийн хугацаа тухайн орон сууцны барилгын ашиглалтын хугацаагаар хязгаарлагдахгүй бөгөөд орон сууцны барилга нурсан, эвдэрсэн, устаж үгүй болсон, түүний ашиглалтын хугацаа дууссан нь уг эрх дуусгавар болох үндэслэл болохгүй.
441 .11. Нийтийн зориулалттай орон сууцны барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нурсан, эвдэрсэн, устаж үгүй болсон тохиолдолд сууц өмчлөгчид орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулах саналыг холбогдох хуульд заасны дагуу гаргана.
441 .12. Энэ хуулийн 441.11-т заасан саналыг нийт сууц өмчлөгчдийн олонхи дэмжээгүй бол нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчийн эрх дуусгавар болно.
441 .13. Энэ хуулийн 441.1-д заасан газрын хэмжээ, заагийг тухайн бичил хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслөөр тодорхойлох бөгөөд газрын хил зааг нь тодорхойгүй байвал хөрш газрын хил заагийг үндэслэн тухайн барилга, байгууламж барихад олгосон газар болон хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл, хот байгуулалтын норм, дүрмийг үндэслэн сум, дүүргийн газрын алба тогтооно.
441 .14. Нийтийн зориулалттай орон сууцны орчны газрыг тохижуулах, арчлах, цэвэрлэх, хамгаалах үүргийг тухайн сууц өмчлөгчдийн холбоо хариуцна.