Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11-р сарын 27 өдөр
Ulaanbaatar city
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь үндэсний онцлог бүхий байгаль, түүх, соёлын өвд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалын үйлдвэрлэлээр эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэмжихтэй холбогдсон болон аялал жуулчлалын үйл ажиллагаанд төр, иргэн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Аялал жуулчлалын хууль тогтоомж
2.1. Аялал жуулчлалын хууль тогтоомж нь Иргэний хууль1, Соёлын өвийг хамгаалах тухай хууль2, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль4, энэ хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд тухайлан зааснаас бусад аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “аялал жуулчлал” гэж хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа нэг хоногоос 90 хоног хүртэлх хугацаагаар суралцах, ажил хөдөлмөр эрхлэхээс бусад зорилгоор өөр газарт аялан явахыг;
4.1.2. “жуулчин” гэж аялал жуулчлалын байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч аялал жуулчлал хийж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;
4.1.3. “аялагч” гэж аяллын зорилгоор аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж байгаа хүнийг;
4.1.4. "аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ" гэж аялал жуулчлалын байгууллагаас жуулчдад санал болгож байгаа аяллын явцад шаардагдах 2, түүнээс дээш бүтээгдэхүүн, үйлчилгээг;
4.1.5. “аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага” гэж зочид буудал, жуулчны бааз, амралтын газар зэрэг бусад төрлийн жуулчны байр сууц, тээвэр, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийг;
4.1.6. “тур оператор” гэж аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөн бүрдүүлж, жижиглэн, эсхүл хоёр, түүнээс дээш бүтээгдэхүүн, үйлчилгээг багцлан шууд, эсхүл аяллын агентаар дамжуулан худалдан борлуулах, зохион байгуулах хуулийн этгээдийг;
4.1.7. “аяллын агент” гэж тур оператор болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагаас гаргасан аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг жижиглэн, эсхүл хоёр, түүнээс дээш бүтээгдэхүүн, үйлчилгээг зуучлан худалдан борлуулж байгаа хүн, хуулийн этгээдийг;
4.1.8. “жуулчны хөтөч” гэж жуулчинд үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, байгаль, газар зүйн онцлог болон шаардлагатай бүхий л мэдээллийг хүргэж аяллыг хөтлөн явуулах энэ хуульд заасан шаардлага хангасан хүнийг;
4.1.9. “тусгай сонирхлын аялал жуулчлал” гэж жуулчин, эсхүл жуулчны бүлэгт урлаг, спорт, ан агнуур, адал явдалт болон танин мэдэхүйн зэрэг тэдний сонирхсон чиглэлээр үзүүлэх аялал жуулчлалын үйлчилгээг;
4.1.10. “аялал жуулчлалын дэд бүтэц” гэж аялал жуулчлалын зориулалттай байр сууц, зам, тээвэр, усан хангамж, ариун цэврийн байгууламж, түр амрах цэг зэрэг байгууламж, харилцаа, холбоо, мэдээлэл технологийн цахим дэд бүтцийг;
4.1.11. “аялал жуулчлалын нөөц” гэж аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг эрхлэхэд шаардагдах газрын гадаргуу дээрх байгалийн тогтоц, амьтан, ургамал, түүх, археологи, шашин, соёлын биет болон биет бус өв болон өв тээгчийг;

ХОЁРДУГААР БҮЛЭГ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
5 дугаар зүйл. Аялал жуулчлалын үйлдвэрлэл
5.1. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, тэдгээрийг хэрэглэгчдэд хүргэх үйлдвэрлэл, үйл ажиллагаа нь аялал жуулчлалын үндсэн ба дагалдах бүтээгдэхүүн, үйлчилгээнээс бүрдэнэ.
5.2. Аялал жуулчлалын үндсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд дараах үйлчилгээ хамаарна:
5.2.1. жуулчныг байр сууцаар хангах үйлчилгээ;
5.2.2. зорчигч тээврийн үйлчилгээ;
5.2.3. аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох, хөгжүүлэх үйлчилгээ.
5.3. Аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн, үйлчилгээнд дараах үйлчилгээ хамаарна:
5.3.1. хоол үйлдвэрлэл, үйлчилгээ;
5.3.2. аялал жуулчлалын мэдээлэл, зар сурталчилгааны үйлчилгээ;
5.3.3. урлаг, үзвэр үйлчилгээ, соёлын бусад үйлчилгээ;
5.3.4. худалдаа үйлчилгээ;
5.3.5. аялал жуулчлалын гар урлалын бүтээгдэхүүн.
5.4. Төрөөс экспортын үйлдвэрлэлд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлтөд энэ хуулийн 5.2, 5.3-т заасан аялал жуулчлалын байгууллагын гадаадын жуулчинд үзүүлсэн үйлчилгээ нэгэн адил хамаарна.
6 дугаар зүйл. Аялал жуулчлалын байгууллага
6.1. Аялал жуулчлалын байгууллага нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг жуулчинд үзүүлэх зорилго бүхий Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан ашгийн төлөө хуулийн этгээд байна.
6.2. Аялал жуулчлалын байгууллагыг дараах байдлаар ангилна:
6.2.1. тур оператор;
6.2.2. аяллын агент;
6.2.3. аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага.
6.3. Энэ хуулийн 6.2.2-т заасан аяллын агентын үйл ажиллагааг Монгол Улсын иргэн эрхэлж болно.
6.4. Энэ хуулийн 6.2-т заасан ангилалд тусгагдаагүй байгууллага тусгай сонирхлын болон бусад төрлийн эрсдэл бүхий аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд энэ хуулийн 27.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд бүртгүүлсэн байна.
6.5. Тур оператор, аяллын агент нь энэ хуулийн 27.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд бүртгүүлсэн байна.
6.6. Энэ хуулийн 6.2.3-т заасан аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын ангилал, зэрэглэлийг тогтоох, түүнийг олгох, бууруулах, хүчингүй болгох, энэхүү үйл ажиллагаанд авах үйлчилгээний хөлстэй холбоотой журмыг Засгийн газар батална.
6.7. Энэ хуулийн 6.6-д заасан журмын дагуу аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын зэрэглэлийг энэ хуулийн 27.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээд олгоно.
6.8. Аялал жуулчлалын байгууллага аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан борлуулахдаа гадаадын болон дотоодын жуулчдад ялгамжтай байдлаар үнэ тогтоож үйлчлэхийг хориглоно.
6.9. Аялал жуулчлалын байгууллага нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй, соёлын биет өв буюу түүх, соёлын үл хөдлөх болон хөдлөх дурсгалт зүйлийн бүрэн бүтэн байдал, хэлбэр, шинж чанарыг алдагдуулж, гэмтээх байдлаар аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
6.10. Аялал жуулчлалын байгууллага нь татварын цахим төлбөрийн систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдон үйл ажиллагаа явуулах бөгөөд бараа, ажил, үйлчилгээ үзүүлэх бүрд цахим төлбөрийн баримт олгоно.
7 дугаар зүйл. Тур оператор
7.1. Тур оператор нь дараах үйл ажиллагааг эрхэлнэ:
7.1.1. аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөх, бүрдүүлэх, бий болгох, сурталчлах, жижиглэнгээр, эсхүл хоёр, түүнээс дээш бүтээгдэхүүн, үйлчилгээг багцлан худалдан борлуулах, аялал зохион байгуулах;
7.1.2. жуулчдад зориулсан соёл, урлаг, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах, борлуулах;
7.1.3. виз авахтай холбогдсон болон аяллын бусад бичиг баримтын бүрдүүлэлт хийх;
7.1.4. агаарын, төмөр замын болон бусад тээврийн хэрэгслээр зорчих билет /тийз/-ийн захиалга хийх, билет /тийз/ худалдах, борлуулах;
7.1.5. хуулиар хориглосноос бусад үйл ажиллагаа.
7.2. Тур оператор нь дараах үүрэгтэй байна:
7.2.1. Монгол Улсын түүх, зан заншлын талаар жуулчдад үнэн зөв, бодит мэдээлэл өгөх;
7.2.2. аялал жуулчлалын мэдээллийн санд өөрийн багц аяллын төрөл, чиглэл, үнэ, хүний нөөц, хөрөнгө оруулалт, үйлчлүүлсэн жуулчин, хамтран ажилладаг аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, хөтчийн талаарх мэдээллийг өгөх;
7.2.3. аяллыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах, түүнд хяналт тавих, эрсдэлийн менежментийн төлөвлөгөө боловсруулж ажиллах;
7.2.4. байгаль, түүх, соёлын биет өвийг хамгаалахад өөрийн зүгээс шаардагдах арга хэмжээ авах, гарсан зөрчлийн талаар холбогдох байгууллагад мэдэгдэх;
7.2.5. жуулчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах;
7.2.6. байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хүн амын эрүүл мэнд, уламжлалт зан заншилд харшлахгүй аялал жуулчлалын хэлбэрийг хөгжүүлэх;
7.2.7. өөрийн ажилтнуудаа мэргэжлийн сургалт, дамжаанд хамруулж байх;
7.2.8. хуульд заасан бусад.
8 дугаар зүйл. Аяллын агент
8.1. Аяллын агент дараах үйл ажиллагааг эрхэлнэ:
8.1.1. тур операторын бүтээгдэхүүнийг зуучлан худалдах, борлуулах үйл ажиллагаа;
8.1.2. энэ хуулийн 7.1.3, 7.1.4-т заасан үйл ажиллагаа;
8.1.3. хуульд заасан бусад.
8.2. Аяллын агент нь энэ хуулийн 8.1.2-т заасан үйл ажиллагааг эрхлэх бол энэ хуулийн 7.2-т заасан холбогдох үүргийг хүлээнэ.
8.3. Аяллын агент энэ хуулийн 7.1.1-д заасан үйл ажиллагааг эрхлэхийг хориглоно.
9 дүгээр зүйл. Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага
9.1. Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага нь зочид буудал, жуулчны бааз, амралтын газар зэрэг бусад төрлийн жуулчны байр сууц, тээвэр, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлнэ.
9.2. Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага нь дараах шаардлагыг хангаж ажиллана:
9.2.1. тухайн үйлчилгээний техникийн зохицуулалт, стандартын шаардлагыг хангасан үйлчилгээ үзүүлэх;
9.2.2. үйлчилгээний үнэ тарифыг энэ хуулийн 6.8-д заасныг баримтлан тогтоож үйлчлэх;
9.2.3. үйл ажиллагаандаа мөрдөж байгаа техникийн зохицуулалт, стандарт, үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай бусад мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудас, мэдээллийн самбар, мэдээллийн бусад хэрэгсэл ашиглан нээлттэй, ил тод байршуулах;
9.2.4. аялал жуулчлалын байгууллагатай гэрээ байгуулсан тохиолдолд жуулчнаас үйлчилгээний хөлсийг давхардуулан авахгүй байх;
9.2.5. үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор таван жилийн дотор аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын зэрэглэлд хамрагдах талаарх бизнес төлөвлөгөөтэй байх.
10 дугаар зүйл. Жуулчны хөтөч
10.1. Хөтөч, тайлбарлагчийн сургалтад хамрагдаж, энэ хуулийн 27.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд бүртгүүлж, үнэмлэх авсан хүн жуулчны хөтчийн үйлчилгээ үзүүлнэ.
10.2. Жуулчны хөтөч нь дараах эрх, үүрэгтэй байна:
10.2.1. энэ хуульд заасны дагуу олгосон энгэрийн тэмдэг, үнэмлэхийг хэрэглэх;
10.2.2. жуулчдыг үндэсний түүх, соёлын дурсгалт зүйл, өв уламжлал, зан заншлын талаар үнэн зөв, бодит мэдээллээр хангах;
10.2.3. аялал жуулчлалын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийг дагаж мөрдөх.
10.3. Энэ хуулийн 10.1-д заасан жуулчны хөтчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журмыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
10.4. Энэ хуулийн 10.3-т заасан журмын дагуу жуулчны хөтчид үнэмлэх олгох,  сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох чиг үүргийг энэ хуулийн 27.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд шилжүүлж болно.
10.5. Уулын спорт аялал, усан аялал, спорт агнуур, олзворын ан, морь, тэмээ унуулах, нисдэг тэрэгний аялал, усны гүнд шумбах, авто спортын аялал зэрэг эрсдэл бүхий тусгай сонирхлын аяллыг жуулчны хөтчөөс гадна тухайн чиглэлийн мэргэшсэн сургагч багш, зааварлагчтайгаар зохион байгуулна.
11 дүгээр зүйл. Жуулчны үйлчилгээ үзүүлэгч иргэний үйл ажиллагаа
11.1. Жуулчны үйлчилгээ үзүүлэгч иргэн нь орон нутагт гэр түрээслүүлэх, нүүдлийн соёл, ахуй зан заншлыг жуулчдад танилцуулан сурталчлах болон аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх хүн байна.
11.2. Жуулчны үйлчилгээ үзүүлэгч иргэд эвлэлдэн нэгдэж нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын үйл ажиллагаа  явуулахыг төрөөс болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас бодлогоор дэмжлэг үзүүлнэ.
11.3. Жуулчны үйлчилгээ үзүүлэгч иргэнд дэмжлэг үзүүлэх, үйлчилгээ үзүүлэхэд тавигдах шаардлагыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12. Тур операторын үйл ажиллагаа эрхлэх   тусгай зөвшөөрөл
12.1. Энэ хуулийн 6.2.1-д заасан тур операторын үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.30 дахь заалтад заасан аялал жуулчлалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгох тусгай зөвшөөрөлтэй эрхэлнэ.
12.2. Энэ хуулийн 12.1-д заасан зөвшөөрөл нь дараах ангилалтай байна:
12.2.1. Монгол Улсаас бусад улс руу хийх аялал жуулчлалын үйлчилгээ;
12.2.2. бусад улсаас Монгол Улс руу хийх аялал жуулчлалын үйлчилгээ;
12.2.3. энэ хуулийн 12.2.1 болон 12.2.2-т заасан аялал жуулчлалын үйлчилгээг хамтад нь эрхлэх олон улсын аялал жуулчлалын үйлчилгээ.
12.3. Тур операторын үйл ажиллагаа эрхлэхээр хүсэлт гаргасан хуулийн этгээд нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан баримт бичгээс гадна дараах шаардлагыг хангасан талаарх баримт бичгийг зөвшөөрөл хүссэн хүсэлтэд хавсаргасан байна:
12.3.1. аяллын агентын чиглэлээр хоёроос доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх;
12.3.2. аялал жуулчлалын салбарын мэдлэг туршлагатай гурваас доошгүй үндсэн ажилтантай байх;
12.3.3. өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон байгууллагын үйл ажиллагааны талаар олон нийтэд цахим болон хэвлэмэл хэлбэрээр нээлттэй танилцуулах боломжийг бүрдүүлсэн байх;
12.3.4. цахим төлбөрийн баримтын систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байх;
12.3.5. энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлага хангасан жуулчны хөтөчтэй байх;
12.3.6. мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагдсан байх;
12.3.7. энэ хуулийн 12.2.1, 12.2.3-т заасан үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авах тохиолдолд бусад улсын аялал жуулчлалын байгууллагатай хамтран ажиллах боломжтой байх.
12.4. Энэ хуулийн 12.1-д заасан тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгохдоо Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 5.5, 5.6, 6.1, 6.2, 6.3, 6.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.
12.5. Энэ хуулийн 12.1-д заасан тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна дараах тохиолдолд хүчингүй болгоно:
12.5.1. тур оператор, эсхүл түүний ажилтан Эрүүгийн хуульд заасан эдийн засаг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
12.5.2. Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг гурваас дээш удаа үйлдсэн.
12.6. Энэ зүйлд заасан тур операторын тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох чиг үүргийг энэ хуулийн 27.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд шилжүүлж болно.
13 дугаар зүйл. Хил орчмын аялал жуулчлал
13.1. Хил орчмын аялал жуулчлалаар гадаад улсын иргэн Монгол Улс руу нэвтрэх асуудлыг хөрш улсуудтай харилцан тохиролцож Монгол Улсын олон улсын гэрээгээр шийдвэрлэнэ.
13.2. Хил орчмын аялал жуулчлалын нутаг дэвсгэрт зорчих маршрутыг хууль зүйн болон аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
13.3. Энэ хуулийн 13.2-т заасан маршрутын дагуу хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг энэ хуулийн 12.2.2-т заасан үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй тур оператор эрхэлнэ.
13.4. Энэ хуулийн 13.3-т заасан тур оператор нь хилийн зурвасын аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд улсын хил хамгаалах байгууллагатай  гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангана.
13.5. Хил орчмын нутаг дэвсгэрийн аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах журмыг Засгийн газар батална.
13.6. Энэ хуулийн 13.3-т заасан тур оператор нь энэ зүйлд заасны дагуу хил орчмын аялал жуулчлалын үйлчилгээ авч буй гадаадын жуулчны мэдээллийг энэ хуулийн 28.1-д заасан мэдээллийн санд хүргүүлнэ.
14 дүгээр. Аялал жуулчлалын гэрээ
14.1. Аялал жуулчлалын байгууллага жуулчинтай аялал жуулчлалын гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 370-379 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.
14.2. Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол жуулчин, аялал жуулчлалын байгууллагын хооронд аялал жуулчлалын гэрээтэй холбогдон гарсан маргааныг энэ хуулийн 27.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчаар шийдвэрлүүлж болно.
15 дугаар зүйл. Даатгал
15.1. Тур оператор, аяллын агент  нь үйл ажиллагаандаа алдаа гаргаж, үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх зорилгоор мэргэжлийн хариуцлагын даатгалд заавал даатгуулна.
15.2. Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага нь үйл ажиллагааны төрөл, онцлогоос хамаарч шаардлагатай даатгалд хамрагдаж болно.
15.3. Уулын спорт аялал, усан аялал, спорт агнуур, олзворын ан, нисдэг тэрэгний аялал, усны гүнд шумбах, авто спортын аялал зэрэг эрсдэл бүхий аялал жуулчлалын үйл ажиллагаанд хамрагдах аялагч, жуулчин нь аяллын гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулна.
15.4. Энэ хуулийн 15.3-т зааснаас бусад тохиолдолд жуулчин болон аялагч нь аяллын гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалд хамрагдаж болно.
15.5. Энэ хуулийн 15.3-т заасан аялагч болон жуулчныг уг даатгалд хамруулах үйл ажиллагааг аялал жуулчлалын байгууллага хариуцан зохион байгуулна.
16 дугаар зүйл. Жуулчны аюулгүй байдал
16.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт аялж байгаа жуулчинд шаардагдах аюулгүй байдлыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цагдаагийн байгууллага, аялал жуулчлалын байгууллага хангана.
16.2. Жуулчны аюулгүй байдалд жуулчны хувийн аюулгүй байдал, өмч хөрөнгө болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11, 4.1.12-т заасан мэдээллийг хадгалах, хамгаалах үйл ажиллагаа хамаарна.
16.3. Жуулчин, аялагч эрсдэлт нөхцөл байдалд орсон, сураггүй алга болсон тохиолдолд эрэн хайх, аврах ажиллагааг тухайн орон нутгийн онцгой байдлын алба Гамшгаас хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу шуурхай эхлүүлнэ.
16.4. Энэ хуулийн 6.2-т заасан аялал жуулчлалын байгууллага нь жуулчдад байгалийн гамшигт үзэгдэл, аливаа гэмтэл, халдварт өвчин, тахал болон шаардлагатай бусад тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх бүхий л нөхцөл боломжийг бий болгосон байна.
16.5. Аялал жуулчлалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь жуулчдад учирч болзошгүй аюул, халдварт өвчин, тахал болон зорчиход аюултай газар, байршлын жагсаалтыг гарган тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, жуулчдад мэдэгдэх үүрэгтэй.
16.6. Энэ хуулийн 16.6-д заасан мэдээллийг Аялал жуулчлалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр түгээж, өөрийн албан ёсны цахим хуудсанд байршуулна.
16.7. Жуулчин аяллын явцад эрсдэлт нөхцөлд орсон, гэмт хэргийн хохирогч болсон, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, албадлагын арга хэмжээ авагдсан тохиолдолд аялал жуулчлалын байгууллага тухайн хэрэг, зөрчлийг боломжит богино хугацаанд шийдвэрлүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана.
16.8. Тур оператор, аяллын агент нь аяллын явцад автомат ажиллагаатай бичлэгийн техник, хэрэгслээр тоноглогдсон, стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр жуулчдад үйлчилгээ үзүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨРӨӨС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ
17 дугаар зүйл. Аялал жуулчлалыг хөгжүүлэх сан
17.1. Аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 214.1-д заасан дараах үйл ажиллагааг санхүүжүүлнэ:
17.1.1. агаараар зорчигч тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;
17.1.2. аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх;
17.1.3. Монгол Улсыг гадаад, дотоодод сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах;
17.1.4. аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгох, хөгжүүлэх.
17.2. Сангийн ажиллах журам болон хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.
17.3. Аялал жуулчлалыг хөгжүүлэх сан нь орон тооны бус удирдах зөвлөл, хяналтын хороотой байх бөгөөд уг удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй хувь нь аялал жуулчлалын байгууллагын төлөөлөл байна.
17.4. Энэ хуулийн 17.2-т заасан аялал жуулчлалын байгууллагын төлөөлөлд зочид буудал, агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгчдээс тус бүр нэг төлөөлөл, бусад гишүүд нь энэ хуулийн 27.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн төлөөлөл байна.
18 дугаар зүйл. Аялал жуулчлалын тусгай зориулалтаар амьтан агнах
18.1. Амьтны тухай хуулийн 29.3-т заасны дагуу тусгай зориулалтаар аргаль хонь, янгир ямаа, идлэг шонхор шувуу, тул загасыг агнах, барих тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар олгоно.
19 дүгээр зүйл. Аялал жуулчлалын бүс
19.1. Монгол Улс тодорхой газар нутгийг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын болон дотоод хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор орон зайн зохистой төлөвлөлтийг бий болгосон аялал жуулчлалын бүстэй байна.
19.2. Аялал жуулчлалын бүсийг дараах байдлаар ангилна:
19.2.1. улсын аялал жуулчлалын бүс;
19.2.2. орон нутгийн аялал жуулчлалын бүс.
19.3. Энэ хуулийн 19.2.1-д заасан аялал жуулчлалын бүсийг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах, байгаль, түүх, соёлын өвийг хамгаалах зорилгод нийцүүлэн Засгийн газраас тогтоож, хил заагийг батална.
19.4. Энэ хуулийн 19.2.1-д заасан улсын аялал жуулчлалын бүсийн хилийн заагийг тогтооход газрын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны саналыг авна.
19.5. Энэ хуулийн 19.2.1-д заасан улсын аялал жуулчлалын бүсэд мөрдөгдөх техникийн зохицуулалтад нийцсэн газар зохион байгуулалтын болон менежментийн төлөвлөгөөтэй байна.
19.6. Энэ хуулийн 19.5-д заасан газар зохион байгуулалтын болон менежментийн төлөвлөгөө, бүсийн аялал жуулчлалын маршрутыг аялал жуулчлалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага  батална.
19.7. Энэ хуулийн 19.2.2-т заасан орон нутгийн аялал жуулчлалын бүсийн хилийн заагийг аймаг, нийслэлийн аялал жуулчлалын нэгж боловсруулж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, газар зохион байгуулалтын нэгдсэн санд болон энэ хуулийн 28.1-д заасан мэдээллийн санд хүргүүлнэ.
19.8. Энэ хуулийн 19.2.2-т заасан орон нутгийн аялал жуулчлалын бүс нь газар зохион байгуулалтын болон менежментийн төлөвлөгөөтэй байна.
19.9. Энэ хуулийн 19.7-д заасан орон нутгийн аялал жуулчлалын бүсийн менежментийн төлөвлөгөөг аймаг, нийслэлийн асуудал хариуцсан нэгж боловсруулж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал батална.
19.10. Энэ хуулийн 19.2.1-д заасан аялал жуулчлалын бүсийн менежментийг аялал жуулчлалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, энэ хуулийн 19.2.2-т заасан орон нутгийн аялал жуулчлалын бүсийн менежментийг аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцан зохион байгуулна.
19.11. Аялал жуулчлалын бүсийн менежментийг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг гэрээний үндсэн дээр хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.
19.12. Энэ хуулийн 19.2.2-т заасан орон нутгийн аялал жуулчлалын бүсийн газар нутгийн хилийн заагийг тогтоохдоо энэ хуулийн 19.2.1-д заасан улсын аялал жуулчлалын бүсийн газар нутгийн хилийн заагтай давхцуулж тогтоохыг хориглоно.
19.13. Энэ хуулийн 19.2.1-д заасан улсын аялал жуулчлалын бүстэй энэ хуулийн 19.2.2-т заасан орон нутгийн аялал жуулчлалын бүс давхацсан тохиолдолд давхацсан хэсгийг холбогдох иргэдийн Төлөөлөгчдийн хурал хүчингүй болгоно.
20 дугаар зүйл. Отоглох цэг
20.1. Тухайн бүс нутагт орчны бохирдол бий болохоос урьдчилан сэргийлэх, аялал жуулчлалыг зохистой зохион байгуулах, аялагчдын тав тухтай аялах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор отоглох цэгийг байгуулж болно.
20.2. Отоглох цэг байгуулах шийдвэрийг тухайн орон нутгийн аялал жуулчлалын асуудал эрхэлсэн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана.
20.3. Энэ хуулийн 20.1-д заасан отоглох цэг нь тусгай хамгаалалттай газар нутагт байрлах тохиолдолд Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн 30.6-д заасны дагуу тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа отоглох цэгийг байгуулах шийдвэр гаргана.
20.4. Отоглох цэгийн менежмент, хог хаягдлын менежментийг тухайн сум, дүүргийн захиргаа, эсхүл тухайн отоглох цэг нь тусгай хамгаалалттай газар нутагт байрлах тохиолдолд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа тус тус хариуцна.
20.5. Отоглох цэгийн менежментийг гэрээний үндсэн дээр хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.
20.6. Отоглох цэг нь байнгын, эсхүл зөөврийн байж болно.
20.7. Отоглох цэг нь стандартын шаардлага хангасан байна.
20.8. Отоглох цэгт олон нийтийн аюулгүй байдлыг хангах харилцааг Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТАЛААР ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН   ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА, АШГИЙН ТӨЛӨӨ   БУС БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
21 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх
21.1. Засгийн газар аялал жуулчлалын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
21.1.1. аялал жуулчлалын талаар төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
21.1.2. аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороог байгуулах;
21.1.3. бүс нутгийг хамарсан аялал жуулчлалын олон улсын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргах;
21.1.4. аялал жуулчлалын салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, зохистой харилцааг бий болгох;
21.1.5. энэ хуулийн 13.5-д заасан журмыг батлах;
21.1.6. Монгол Улсын аялал жуулчлалыг сурталчлах, хүний нөөцийг бэлтгэх, аялал жуулчлалын төрөлжсөн мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;
21.2. Энэ хуулийн 21.1.2-т заасан аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороо /цаашид “Үндэсний хороо” гэх/ дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
21.2.1. аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого боловсруулах;
21.2.2. Монгол Улсыг бусад улсад сурталчлах үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтаар удирдах;
21.2.3. аялал жуулчлалын салбарт шинэчлэлт, өөрчлөлтийг нэвтрүүлэх;
21.2.4. аялал жуулчлалын салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах;
21.2.5. иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн агаарын зорчигч тээврийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
21.3. Үндэсний хороо нь дарга, аялал жуулчлал, төсөв, санхүү, эдийн засаг, тээвэр, хууль зүй, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосон тус бүр нэг, энэ хуулийн 27.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдээс санал болгосон гурван гишүүнээс тус тус бүрдэнэ.
21.4. Үндэсний хороог Ерөнхий сайд тэргүүлэх бөгөөд хорооны гишүүдийг томилж, чөлөөлнө.
21.5. Үндэсний хорооны ажиллах журмыг Засгийн газар батална.
22 дугаар зүйл. Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны   төв байгууллагын бүрэн эрх
22.1. Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аялал жуулчлалын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.1.1. энэ хуулийн 6.6, 10.3, 11.3-т заасан журмыг батлах;
22.1.2. тусгай сонирхлын аялал жуулчлалын үйл ажиллагааг зохицуулах журмыг батлах;
22.1.3. аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр улсын болон олон улсын хэмжээнд аялал жуулчлалын байгууллага хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хамтран ажиллах;
22.1.4. аялал жуулчлалын мэргэжлийн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх чиглэлээр холбогдох иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх;
22.1.5. аялал жуулчлалын бүсийн нөөц, даацыг тогтоох, аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаа явуулах жуулчны үйлчилгээний байгууллагын тоо, байршлыг тогтоох, тэдгээрийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх;
22.1.6. Монгол Улсыг сурталчлах ажлыг холбогдох чиг үүргийн төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
22.1.7. аялал жуулчлалын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого боловсруулах;
22.1.8. аялал жуулчлалын үйлчилгээний салбарт олон улсын стандартыг нэвтрүүлж байгаа аялал жуулчлалын байгууллагыг бодлогоор дэмжих;
22.1.9. дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого боловсруулах;
22.1.10. төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг төлөвлөх, төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтийг хангах, хяналт тавих;
22.1.11. аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх;
22.1.12. олон улсад улсын аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлого боловсруулах.
23 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын   бүрэн эрх
23.1. Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал аялал жуулчлалын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
23.1.1. нутаг дэвсгэртээ аялал жуулчлалын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, Засаг даргын тайланг хэлэлцэх;
23.1.2. газар нутгийнхаа тодорхой хэсгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх шийдвэр гаргах.
23.2. Аялал жуулчлалын хөгжил, бүс нутгийн онцлогоос хамааран харьяалах сум, дүүрэгт аялал жуулчлалын асуудал хариуцсан нэгж байгуулан ажиллаж болно.
24 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
24.1. Аялал жуулчлалын талаар аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.1.1. аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах;
24.1.2. аялал жуулчлалын тухай хууль тогтоомж, холбогдох бусад хууль, дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилтийг хангуулах;
24.1.3. харьяалах нутаг дэвсгэртээ аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх;
24.1.4. харьяалах нутаг дэвсгэртээ аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх бодлоготой уялдуулан төлөвлөгөө боловсруулах, зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулах, батлагдсан хөтөлбөрийн дагуу аялал жуулчлалын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;
24.1.5. эрх хэмжээнийхээ хүрээнд харьяалах нутаг дэсвгэртээ байгуулах жуулчны үйлчилгээний байгууллагад газар эзэмших зөвшөөрлийг аялал жуулчлалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын тогтоосон нөөц, даац, тоо, байршлыг баримтлан зохих хууль тогтоомжийн дагуу олгож гэрээ байгуулах;
24.1.6. аялал жуулчлалын мэдээллийн санг хөтлөх;
24.1.7. аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулагддаг наадам, бусад аялал жуулчлалын арга хэмжээний товыг тухайн жилийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зарлах, тэдгээр арга хэмжээг зохион байгуулах, удирдлагаар хангах;
24.1.8. аймаг, нийслэлийн аялал жуулчлалын мэдээллийн санг бүрдүүлэх, холбогдох мэдээллийг жил бүрийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө аялал жуулчлалын мэдээллийн санд хүргүүлэх;
24.1.9. улсын аялал жуулчлалын бүсэд гүйцэтгэж байгаа аялал жуулчлалын бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
24.1.10. орон нутгийн аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
24.1.11. энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан отоглох цэгийн арчилгаа, үйлчилгээ, хог хаягдлын менежментийг харьяалах нутаг дэвсгэрийн аялал жуулчлалын асуудал хариуцсан байгууллагаар, эсхүл хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх шийдвэр гаргах;
24.1.12. харьяалах нутаг дэвсгэртээ жуулчны мэдээллийн төв байгуулах;
24.1.13. байгаль, түүх, соёлын өв бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, хадгалж, хамгаалах;
24.1.14. харьяалах нутаг дэвсгэртээ аялал жуулчлалын байгууллага, жуулчин, аялагчийн үйл ажиллагаанаас үзүүлэх сөрөг үр дагаврыг багасгах, арилгах арга хэмжээ авах.
24.2. Энэ хуулийн 19.2.1-д заасан улсын аялал жуулчлалын бүсийн төлөвлөлтөд тусгагдаагүй газарт Аймаг, нийслэлийн Засаг дарга газар эзэмших зөвшөөрөл олгохыг хориглоно.
25 дугаар зүйл. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын   бүрэн эрх
25.1. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал аялал жуулчлалын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
25.1.1. энэ хуулийн 19.2.1, 19.2.2-т заасан аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
25.1.2. нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг орон нутгийн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх саналаа аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх;
25.1.3. жуулчин болон аялагчийн отоглох цэгт байрлах хураамжийн хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.13-т заасан хязгаарт багтаан тогтоох;
25.1.4. хуульд заасан бусад.
26 дугаар зүйл. Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
26.1. Сум, дүүргийн Засаг дарга аялал жуулчлалын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
26.1.1. нутаг дэвсгэртээ аялал жуулчлалын арга хэмжээг зохион байгуулах, орон нутгаа сурталчлах;
26.1.2. сум, дүүргийн соёл, спорт, олон нийтийн арга хэмжээг аялал жуулчлалын үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх;
26.1.3. сум, дүүргийн аялал жуулчлалын мэдээллийн сан бүрдүүлэх, жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө аймаг, нийслэлийн Засаг даргад холбогдох мэдээллийг хүргүүлэх;
26.1.4. аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч иргэний үйл ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
26.1.5. жуулчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээг харьяалах нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, нутгийн иргэдтэй хамтран зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
26.1.6. орон нутгийн иргэдийн өв соёлын үнэт зүйлс, гар урлал, уламжлалт соёлыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх зорилгоор орон нутагт аялал жуулчлалын хөрөнгө оруулалтыг татах нөхцөлийг хангах;
26.1.7. харьяалах нутаг дэвсгэртээ отоглох цэгийн байршил, аяллын маршрутыг тогтоох, тэмдэг тэмдэглэгээ, нэгдсэн хаягжуулалтыг бий болгох;
26.1.8. энэ хуулийн 25.1.3-т заасан хураамжийн орлогыг аялал жуулчлалын бүсийг тохижуулах, ариун цэврийн байгууламж байгуулах, хог хаягдлын менежментийг гүйцэтгэхэд зарцуулах.
26.2. Энэ хуулийн 26.1.7-д заасан аяллын маршрутыг тогтооход тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын байгууллагын саналыг авах бөгөөд энэ хуулийн 19.2.1-д заасан улсын аялал жуулчлалын бүсийн маршруттай уялдуулна.
27 дугаар зүйл. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо
27.1. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, жуулчны хөтөч, жуулчны үйлчилгээ үзүүлэгч иргэний нэгдэл бүхий, аялал жуулчлалын үйлдвэрлэл, үйл ажиллагаанд оролцогчдыг сургалт, зөвлөгөө, мэдээлэл, мэргэжлийн арга зүйгээр хангах, аялал жуулчлалын байгууллагын ажилтны баримтлах мэргэжлийн ёс зүйн дүрмийг батлах, боловсронгуй болгох үндсэн чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд /цаашид “нийтийн эрх зүйн хуулийн этгээд” гэх/ байна.
27.2. Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан тур операторын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн гишүүнчлэлд заавал хамрагдах үүрэгтэй.
27.3. Нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн дүрэм, удирдлагын бүтэц, үйл ажиллагааны журам, санхүүжилт зэрэг зохион байгуулалтын бусад асуудлыг бүх гишүүдийн хурлаар бие даан шийдвэрлэнэ.
27.4. Нийтийн эрх зүйн хуулийн этгээд нь улс орны аялал жуулчлалын салбарын хөгжлийн талаар баримтлах төрийн бодлого, зохицуулалтад мэргэжлийн зөвлөгөө өгөх, салбарын мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр төрийн, ашгийн төлөө бус хуулийн этгээд болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж болно.
27.5. Нийтийн эрх зүйн хуулийн этгээд нь тухайн жилийн үйл ажиллагааны тайлангаа дараа оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор аялал жуулчлалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад, аудитлагдсан санхүүгийн тайлангаа харилцагч санхүүгийн байгууллагад, татварын тайлангаа харьяалах татварын албанд хуульд заасан хугацаанд хүргүүлж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
28 дугаар зүйл. Мэдээллийн сан
28.1. Аялал жуулчлалын салбарын эдийн засагт үзүүлж байгаа өсөлтийг тодорхойлох, аялал жуулчлалын судалгаа, шинжилгээ, статистик мэдээллийг хөгжүүлэх зорилго бүхий аялал жуулчлалын мэдээллийн сан байна.
28.2. Энэ хуулийн 28.1-д мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:
28.2.1. аяллын маршрутын мэдээлэл;
28.2.2. Монгол Улсын болон бусад улсын аялагч, жуулчны бүртгэл, мэдээлэл;
28.2.3. аялал жуулчлалын байгууллагын бүртгэл, мэдээлэл;
28.2.4. энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан аялал жуулчлалын бүсийн мэдээлэл;
28.2.5. энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан отоглох цэгийн мэдээлэл;
28.2.6. энэ хуулийн 16.6-д заасан жуулчдад учирч болзошгүй аюул, халдварт өвчин, тахал болон зорчиход аюултай газар, байршлын жагсаалтын мэдээлэл.
28.3. Энэ хуулийн 28.2-т заасан мэдээлэлтэй жуулчин цахим сүлжээгээр дамжуулан танилцах боломжтой байна.
28.4. Энэ хуулийн 28.1-д заасан цахим санг бүрдүүлэх, ашиглах үйл ажиллагааг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлнэ.
28.5. Энэ хуулийн 28.1-д заасан цахим санг бүрдүүлэх, ашиглах, баяжуулах журмыг аялал жуулчлал асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
28.6. Энэ зүйлд заасан мэдээллийн сан нь Улсын хил хамгаалах байгууллага болон Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын цахим мэдээллийн санд мэдээлэл хүргүүлнэ.
28.7. Холбоо нь энэ зүйлд заасан мэдээллийн сангаас өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллийг ашиглах эрхтэй байна.

ТАВДУГААР БҮЛЭГ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ
29 дүгээр зүйл. Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих хяналт
29.1. Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих хяналт нь дараах төрөлтэй байна:
29.1.1. аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих төрийн хяналт;
29.1.2. аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналт.
29.2. Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.
29.3. Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн аялал жуулчлалын асуудал хариуцсан нэгж нь бүх шатандаа аялал жуулчлалын нөөцийг хамгаалах, бүрдүүлэх, зүй зохистой ашиглахад хяналт тавина.
29.4. Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь төрөөс аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих хяналтын улсын ерөнхий байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагч, улсын байцаагч, орон нутаг дахь улсын байцаагчийг томилж, чөлөөлнө.
29.5. Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн аялал жуулчлалын асуудал хариуцсан нэгж, аялал жуулчлалын улсын байцаагч, бүх шатны Засаг дарга нар хамтран хэрэгжүүлнэ.
29.6. Энэ зүйлд заасан аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих төрийн хяналтыг энэ хуулийн 27.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд шилжүүлж болно.
30 дугаар зүйл. Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих олон   нийтийн хяналт
30.1. Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх талаар иргэн, хуулийн этгээд дараах эрх эдэлнэ:
30.1.1. аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг зөрчсөн тухай мэдээлэх, өргөдөл, гомдлыг аймаг, нийслэлийн аялал жуулчлалын асуудал хариуцсан нэгж, эсхүл энэ хуулийн 27.1-д заасан байгууллагад гаргаж, шийдвэрлүүлэх;
30.1.2. аялал жуулчлалын хууль тогтоомж зөрчигдсөнтэй холбоотойгоор учирсан хохирлыг арилгуулахаар харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргах.
31 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
31.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
31.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
32 дугаар зүйл. Шилжилтийн үеийн зохицуулалт
32.1. Энэ хуулийн 12 дугаар зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
32.2. Тур операторын ангиллын эрхийн гэрчилгээтэй хуулийн этгээд нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд энэ хуульд заасан тур операторын үйл ажиллагааг эрхэлнэ.
32.3. Энэ хуулийн 17 дугаар зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
32.4. Энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан аялал жуулчлалын мэргэжлийн холбоог үүсгэн байгуулах хурлыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн аялал жуулчлалын салбарт хамгийн олон гишүүнтэй, орон нутагт төлөөлөл бүхий төрийн бус байгууллагатай хамтран 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулна
33 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
33.1. Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх