Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 1-р сарын 07 өдөр
Ulaanbaatar city
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн эрх, төрийн өмчийн эд хөрөнгийн талаар хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагын бүрэн эрх, төрийн өмчтэй хуулийн этгээд, түүний албан тушаалтны эрх хэмжээ, төрийн өмчийн талаархи бодлогыг хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагааны зарчим, журмыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Үйлчлэх хүрээ
1. Энэ хууль нь Үндсэн хууль, Иргэний хуульд тодорхойлсон төрийн болон орон нутгийн өмчийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад үйлчилнэ.
2. Энэ хууль нь улсын болон орон нутгийн төсөв, Монгол Улсын эрдэнэсийн сан, Ирээдүйн өв сангийн бүрдүүлэлт, хуваарилалт, захиран зарцуулалттай болон Монгол Улсын Хөгжлийн банк, Хадгаламжийн даатгалын корпораци, Ирээдүйн өв сан корпорацийн болон Малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад үйлчлэхгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН ӨМЧИЙН ЗҮЙЛС
З дугаар зүйл. Төрийн өмчийн зүйлсийн тухай ойлголт, ангилал
Төрийн өмч нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмчөөс бүрдэнэ. Төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмч нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөд хуваагдана.
4 дугаар зүйл. Төрийн нийтийн зориулалттай өмч
1. Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ.
2. Төрийн нийтийн зориулалттай өмчид дараахь үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хамаарна:
2.1. иргэдэд өмчлүүлснээс бусад газар;
2.2. газрын хэвлий, түүний баялаг;
2.3. ус, түүний доторх баялаг;
2.4. ой, түүний дагалдах баялаг;
2.5. ургамал, ан амьтны нөөц;
2.6. түүх, соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал;
2.7. археологийн болон палентологийн олдвор;
2.8. хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар тогтоосон бусад эд хөрөнгө.
3. Төрийн нийтийн зориулалттай өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлэх ба үүнтэй холбогдон үүсэх харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.
4. Төрийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн / Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/ , бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж болно.
5 дугаар зүйл. Төрийн өөрийн өмч
1. Төрийн өөрийн өмчид энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох дараахь эд хөрөнгө хамаарна:
1. төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө;
2. төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө;
3. төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрд ногдох хувь хөрөнгө;
4. улсын төсвийн хөрөнгө болон төрийн бусад тусгай сан;
5. төрийн тусгай хэрэгцээний бэлтгэл нөөц;
6. хуульд заасан бусад төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө.
2. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг аж ахуйн зориулалтаар нь Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн ба эргэлтийн хөрөнгө гэж хуваана.
3. Төрийн өөрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
4. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг нийтийн зориулалттай өмчид, эсхүл өөр өмчид шилжүүлэх журмыг хуулиар тогтооно.
6 дугаар зүйл. Төрийн өмчид эд хөрөнгө олж авах
1. Төрийн өмчид эд хөрөнгийг дараахь хэлбэрээр олж авна:
1. энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгө;
2. үйлдвэрлэл, ажил үйлчилгээний үр дүнд бий болсон эд хөрөнгө;
3. эрх бүхий байгууллагын шийдвэрээр худалдан авсан эд хөрөнгө;
4. хандив, тусламж, бэлэглэл, өвлөх журмаар олж авсан эд хөрөнгө;
5. хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан үндэслэл, журмын дагуу нийгэмчилсэн, дайчлан буюу хураан авсан эд хөрөнгө.
6. концессын гэрээний дагуу шинээр бий болсон эд хөрөнгө.
2. Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна.
3. Төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдтэй хамтарч хөрөнгө оруулсан бол төсвөөс санхүүжүүлсэн хувь хөрөнгийн хэмжээгээр төрийн болон орон нутгийн өмчид хамааруулна.
7 дугаар зүйл. Төрийн өмчийн эд хөрөнгийг өмчлөх эрх дуусгавар болох
Төрийн өмчийн эд хөрөнгийг өмчлөх эрх Иргэний хууль, бусад хуульд заасан үндэслэлээр дуусгавар болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН ӨМЧИЙН УДИРДЛАГА
8 дугаар зүйл. Төрийн өмчийн талаархи Улсын Их Хурлын бүрэн эрх
1. Улсын Их Хурал төрийн өмчийн талаар дараахь бүрэн эрхтэй:
1. Улсын Их Хурал бүх ард түмнийг төлөөлөн төрийн өмчийн өмчлөгч байх;
2. төрийн өмчийн улсын нэгдсэн тооллогын дүнгийн тухай Засгийн газрын тайланг хэлэлцэх, төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх хэмжээг тогтоох;
3. төрийн өмчийг барьцаалах, орон нутгийн өмчид шилжүүлэх тухай шийдвэр гаргах;
4. төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах, түүнд өөрчлөлт оруулах;
5. төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой банкны хувьчлалын үндсэн чиглэлийг баталж, хувьчлал хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхэд Монголбанкаар дамжуулан хяналт тавина;
6. хуульд заасан бусад бүрэн эрх.
2. Нийгэмчлэх шийдвэрийг гагцхүү Улсын Их Хурал гаргах эрхтэй.
9 дүгээр зүйл. Төрийн өмчийн талаархи Засгийн газрын бүрэн эрх
Засгийн газар нь төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах бөгөөд энэ талаар дараахь бүрэн эрхтэй:
1. төрийн өмчийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
2. төрийн өмчит хуулийн этгээдийн өөрт олгогдсон эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах хэмжээ, хязгаарыг энэ хуульд нийцүүлэн тогтоох;
3. төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах, шилжүүлэх тухай шийдвэр гаргах;
4. хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах;
5. хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах;
6. төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эд хөрөнгөөс бусад өмчийн этгээдтэй хамтран хуулийн этгээд байгуулах, хөрөнгө оруулах, оруулсан хувь хөрөнгөө татан авах талаар тухайн хуулийн этгээдээс гаргасан саналыг хэлэлцэж шийдвэрлэх;
7. хуульд заасан тохиолдолд бусдын өмчлөлийн зүйлийг төрийн өмчид дайчлан авах шийдвэр гаргах, нийгэмчлэх санал, төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
8. төрийн өмчийн эд хөрөнгийн нэгдсэн тооллогын дүн, төсвийн гүйцэтгэлийн тайланг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;
9. / төрийн өмчит хуулийн этгээдийн улсын ба орон нутгийн төсөвтэй харилцах хуваарийг тогтоох, өөрчлөх;
10. төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой банкны төрийн өмчид ногдох хэсгийг хувьчлах хөтөлбөр, банкин дахь төрийн өмчийн эд хөрөнгийг үнэлэх журмыг Монголбанктай зөвшилцөн батална;
11. хуульд заасан бусад бүрэн эрх.
9 1 дүгээр зүйл. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага
1. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн.
2. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дарга, орон тооны бус найман гишүүнээс бүрдэнэ. Дарга, орон тооны бус гишүүнийг Засгийн газар томилж, чөлөөлнө.
3. Аймаг, нийслэлд төрийн өмчийн төлөөлөгч ажиллана.
4. Төрийн өмчийн төлөөлөгчийн эрх, үүрэг, ажиллах журмыг Засгийн газар батална.”
11 дүгээр зүйл. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараах бүрэн эрхтэй:
1. төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хянах;
2. төрийн өмчийн эд хөрөнгийн анхан шатны бүртгэл, тооллого, тайлан тэнцэл гаргах ажлыг зохион байгуулж удирдах, төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавьж, түүний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авах;
3. төрийн өмчит хуулийн этгээдээс дагаж мөрдөх төлөвлөлт, ашиг орлогын хуваарилалтыг холбогдох байгууллагатай тохиролцон тогтоох;
4. Засгийн газраас баталсан жагсаалтын дагуу эд хөрөнгийг хувьчлах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг тайлагнах;
5. орон нутгийн өмчийг удирдах ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
6. төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, түүний үйл ажиллагаанд хяналт тавих;
7. төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал, захиалгыг хянаж батлах, шинээр авах шийдвэр гаргах;
8. хуульд заасан бусад бүрэн эрх.
12 дугаар зүйл. Төрийн өмчийн талаархи яам, тусгай газрын эрх хэмжээ
1. Эрхэлсэн салбар, хүрээний төрийн өмчит хуулийн этгээдийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж, захиалга, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, шаардлагатай бусад асуудлаар санал боловсруулж холбогдох газарт оруулна.
2. ”Үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, эд хөрөнгийн талаархи бүрэн эрхийг уг асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД, ТҮҮНИЙ ЭД ХӨРӨНГИЙН ЭРХ
13 дугаар зүйл. Төрийн өмчит хуулийн этгээдийн ойлголт, ангилал
Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ. Төрийн өмчит хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь дор дурдсанаар ангилна:
1. төрийн байгууллага, албан газар;
2. төрийн өмчит үйлдвэрийн газар.
3. төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг.
14 дүгээр зүйл. Төрийн байгууллага, албан газрын эд хөрөнгийн эрх
1. Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ.
2. Төрийн байгууллага, албан газар төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг нь өөрт олгогдсон эд хөрөнгийн талаар дараахь эрх, үүрэгтэй:
1. өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах;
2. улсын төсвөөс олгосон хөрөнгийг Төсвийн тухай хуульд заасны дагуу зарцуулж, тайлагнах;
4. төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль дэргэдээ бие даасан гарааны компани байгуулахаас бусад тохиолдолд үндсэн хөрөнгөд хамаарах эд хөрөнгө олж авах, захиалах, данснаас хасаж шилжүүлэх, устгах саналаа төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тавьж, энэ хуулиар тогтоосон журмын дагуу зөвшөөрөл авах.
3. Төрийн болон орон нутгийн өмчийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хяналт, эмнэлгийн үйлчилгээнд тавих шаардлага, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар зохицуулна.
15 дугаар зүйл. Төрийн өмчит үйлдвэрийн газрын ангилал
1. Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэгт дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилна:
2. Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ.
3. Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийг улсын төсөвт үйлдвэрийн газар гэнэ.
16 дугаар зүйл. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын эд хөрөнгийн эрх
1. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь эд хөрөнгийн талаар дараахь эрх, үүрэгтэй:
1. өөрт олгогдсон үл хөдлөх хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах;
2. үндсэн хөрөнгийг энэ хуульд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах;
3. үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас эрх бүхий байгууллагаас баталсан нормативт хэмжээгээр өөртөө үлдээж захиран зарцуулах;
4. үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах.
2. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар үндсэн хөрөнгийг зөвхөн төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр данснаас хасах буюу борлуулах, устгах эрхтэй.
17 дугаар зүйл. Улсын төсөвт үйлдвэрийн газрын эд хөрөнгийн эрх
1. Улсын төсөвт үйлдвэрийн газар нь эд хөрөнгийн талаар энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан төрийн байгууллага, албан газартай нэгэн адил эрхтэй.
18 дугаар зүйл. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиргаа
1. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг үйлдвэрийн газрын Захирал удирдана. Захирлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, зохих салбар, хүрээний яам, агентлагтай зөвшилцөн томилох буюу өөрчилнө.
2. Захирлаар томилогдох этгээд дор дурдсан шаардлага хангасан байвал зохино:
1. дээд боловсролтой;
2. аль нэг хуулийн этгээд буюу түүний салбар нэгжийн удирдах ажлыг 2-оос доошгүй жил хийсэн, удирдлагын зохих дадлагатай;
3. удирдлагын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг.
3. Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, удирдаж байсан хуулийн этгээдээ дампууруулсан, эсхүл удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өөрчлөгдсөн этгээдийг 5 жилийн дотор захирлаар томилохыг хориглоно.
4. Захирал төрийн, хувийн өмчийн, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлд орох, тэдгээрийн захиргаанд буюу олон нийтийн болон шашны байгууллага, сангийн удирдах ажлыг хавсран гүйцэтгэхийг хориглоно.
5. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиргааны албан тушаалын жагсаалт, орон тооны нормативыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.
19 дүгээр зүйл. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиралтай байгуулах гэрээ
1. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлыг / цаашид “захирал” гэх/ томилохдоо гэрээ байгуулна. Гэрээнд дараахь нөхцөлийг тусгана:
1. энэ хуульд заасан эрх, үүрэг;2/ эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, хүргэх түвшин;
2. техник, технологийг шинэчлэх даалгавар;
3. хамт олны хөдөлмөр хамгаалал, нийгмийн талаар авах арга хэмжээ;
4. менежментийн бодлого;6/ захирлаас болон үүргээ биелүүлэх талаар төрөөс хүлээх үүрэг;
5. удирдаж байгаа үйлдвэрийн газарт нь өмчлөгчөөс олгосон эд хөрөнгө, түүний хэмжээ;
6. цалин, нэмэгдэл хөлс, энэ хуульд заасан урамшуулал;
7. ажлын нөхцөл /унаа, холбоо зэрэг/;
8. энэ хуульд заасан эд хөрөнгийн хариуцлага;
9. гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх журам, хугацаа;
10. хуульд харшлаагүй бусад нөхцөл.
2. Захирал гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх бодит шалтгаангүй бол түүнийг ажлаас халах үндэслэл болно.
20 дугаар зүйл. Захирлын эд хөрөнгийн эрх, үүрэг
1. Захирал дараахь эрх, үүрэгтэй:
1. тухайн үйлдвэрийн газрыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, итгэмжлэл олгох;
2. үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах;
3. үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөө боловсруулж, зохих байгууллагаар батлуулан биелэлтийг хангах;
4. үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох;
5. үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, технологийн нууцад хамаарах мэдээллийг тогтоох;
6. хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх;
7. тогтоосон журмын дагуу анхан шатны бүртгэлийг хөтөлж нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргах ажлыг зохион байгуулж, тэдгээрийн үнэн зөвийг хариуцах;
8. маргаантай асуудлаар үйлдвэрийн газраа төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах;
9. улсаас хатуу тогтоосноос бусад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох;
10. эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх, тушаал, заавар гаргах;
11. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
2. Захиралд энэ зүйлд заасан нийтлэг эрх, үүргээс гадна тухайн үйлдвэрийн газрын үйл ажиллагааны онцлогтой холбоотой бусад эрх, үүрэг эдлүүлэх талаар энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан гэрээнд тусгаж болно.
3. Захирал шаардлагатай мэргэжилтэн, албан тушаалтныг оролцуулан захирлын зөвлөл байгуулан ажиллуулж болох ба зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг захирлын тушаалаар батална.
Зөвлөлийн гишүүд захиралд гагцхүү зөвлөх эрхтэй ажиллана.
4. Захиралд дараахь урамшуулал үзүүлэхээр гэрээнд тусгаж болно:
1. үйлдвэрийн газрын ашгаас тодорхой хугацаанд тодорхой хувиар олгох;
2. гэрээний үүргийн биелэлтийг харгалзан тодорхой хэмжээний мөнгөн шагнал олгох.
5. Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон энэ хууль, гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна.
21 дүгээр зүйл. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, түүний эд хөрөнгийн эрх, онцлог
1. Төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гэнэ.
2. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг дараах байдлаар томилно.
1. төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллагын хуралд төрийг төлөөлөх этгээдийг уг хурлаар хэлэлцэх асуудал бүрээр өгөх саналын удирдамжийн хамт төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа этгээд томилох;
2. төрийн өмчийн оролцооны хувь хэмжээтэй хувь тэнцүүлэн тухайн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийг төлөөлөх гишүүний нэрийг төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа этгээд тухайн компанийн нэр дэвшүүлэх хороонд санал болгох бөгөөд нэр дэвшүүлэх хороо тэрхүү нэр дэвшигдэж байгаа этгээд нь хуульд заасны дагуу төрийг төлөөлөх этгээд мөн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилуулахаар хувьцаа эзэмшигчдийн хуралд шууд оруулах үүрэгтэй;
3. энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх этгээдийг Засгийн газар тогтоох.
3. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Гишүүдийн хуралд төрийг төлөөлж оролцохоор томилогдсон төрийн өмчийн төлөөлөгч нь тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон байна.
4. Төрийн өмчийн төлөөлөгч дараахь эрх үүрэгтэй:
1. гишүүдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд таслах эрхтэй оролцох;
2. төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн эд хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах талаар санал боловсруулж төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад оруулах;
3. олгогдсон эрх хэмжээнийхээ дотор төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх.
5. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон энэ зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасны дагуу тогтоосон этгээд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийг төлөөлж оролцох гишүүдийг томилохдоо дараах болзлыг хангасан нэр дэвшигчдээс томилно:
1. тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвартай;
2. тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх;
3. төрийн захиргааны албан хаагч болон энэ зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасны дагуу тогтоосон этгээдийн ажилтан байх.
6. Төрийн өмчийн төлөөлөгч болон төлөөлөн удирдах зөвлөлийн төрийг төлөөлөх гишүүнээр томилогдсон этгээд нь төрийн мэдлийн хувьцаа эзэмшигчээс баталсан удирдамж, зааврыг баримтлан ажиллана. Удирдамж, зааврыг зөрчсөн буюу зохих ёсоор биелүүлээгүй нь түүнийг томилсон шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
8. Төр төлөөлж Гишүүдийн хуралд оролцож байгаа төрийн өмчийн төлөөлөгч нь тухайн хуулийн этгээдийн бусад хувийн өмчлөгчөөс төлөөлөн удирдах зөвлөлд сонгогдож байгаа гишүүний талаар санал өгөхгүй.
9. Энэ хууль болон бусад хуульд нийцүүлж Засгийн газар төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн өмчийн төлөөллийн талаар тусгай журам тогтоож болно.
11. Төрийн өмчийн төлөөлөгч нь төлөөлөн удирдах зөвлөлтэй тухайн хуулийн этгээдийн хэтийн төлөвлөгөөг тохиролцож, түүний хэрэгжилтийг хянаж, дүгнэхээс бусад хэлбэрээр өдөр тутмын удирдлагын үйл ажиллагаанд оролцохгүй.
12. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон төрийн албан хаагч эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин хөлснөөс бусад төрлийн шан харамж, урамшуулал авахыг хориглоно.
13. Төрийн мэдлийн хувьцаа эзэмшигч нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс олгох ногдол ашгийн хувь хэмжээг тогтоох саналыг төлөөлөн удирдах зөвлөлд бичгээр гаргана.
14. Төлөөлөн удирдах зөвлөл энэ хуульд заасан тайлан, бусад мэдээллийг холбогдох байгууллагад хугацаанд нь гаргаж өгөх үүрэгтэй.
15. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нийт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааны санхүүгийн үр дүн, тэдгээрээс төсвийн байгууллагын санхүү болон мөнгөн хөрөнгийн гүйлгээнд нөлөөлөх байдал, ажлын үр дүнд хяналт тавина.
16. Төрийн өмчит, төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээл авч, үнэт цаас гаргана.
18. Энэ зүйлийн 16-д заасан зөвшөөрөлд төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн тухайн санхүүгийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр богино хугацаанд авах зээл, үнэт цаас хамаарахгүй.
19. Энэ зүйлийн 16-д заасан зөвшөөрөлд төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх зээл хамаарахгүй.
20. Энэ зүйлийн 16-д заасан зөвшөөрөлгүйгээр төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд нь зээл авах, үнэт цаас гаргахыг хориглоно.
21'. дүгээр зүйл.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналт
1. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлага жил бүрийн 3 дугаар сарын 01-ний дотор тухайн хуулийн этгээдийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх талаарх санал /цаашид “зорилтын санал” гэх/-ын төслийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
2. Зорилтын саналд ирэх 3 жилд эрхлэх үйл ажиллагаатай холбогдсон дараах зүйлийг тусгана:
1. байгууллагын 3 жилийн хэтийн зорилт;
2. үйл ажиллагааны төрөл, хамрах хүрээ;
3. нягтлан бодох бүртгэлийг хөтлөн явуулахад баримталсан бодлогын тухай тайлбар;
4. санхүүгийн төлөв, түүний дотор төлөвлөж байгаа ашиг;
5. төсөвт оруулахаар төлөвлөсөн ногдол ашиг;
6. төлөвлөж байгаа хөрөнгө оруулалт.
21. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн зорилтын саналыг хянаж, нэгтгэн санал дүгнэлтийн хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 03 дугаар сарын 15-ны дотор хүргүүлнэ.
31. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдтэй эцэслэн тохирсон зорилтын саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 04 дүгээр сарын 05-ны дотор хүргүүлнэ.
41. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлага нь төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай тухайн хуулийн этгээдийн зорилтын саналын талаар жил бүрийн 03 дугаар сарын 25-ны дотор тохиролцоно.
6. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газар болон Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд зорилтын саналыг танилцуулна.
7. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Компанийн тухай хуульд заасан журмын дагуу жилийн эцсийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан гаргана.
8. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн тайлан нь түүний зорилтын саналтай харьцуулан дүгнэж болох ижил үзүүлэлттэй байх бөгөөд шаардлагатай мэдээллийг агуулсан байна.
9. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 02 дугаар сарын 15-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийлгэнэ.
10. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд аудитын дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор тайлангаа аудитын дүгнэлтийн хамт төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
22 дугаар зүйл. Төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, бүртгэх
Төрийн өмчит үйлдвэрийн газар ба албан газрыг Засгийн газрын буюу хуулиар тусгайлан олгосон эрх бүхий байгууллагын шийдвэрээр байгуулах бөгөөд уг шийдвэр гарсан өдрөөр байгуулагдсанд тооцож дор дурдсан журмаар бүртгэнэ:
23 дугаар зүйл. Төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгах
Төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгахад Иргэний хууль болон бусад хуульд заасан үндэслэл, журмыг баримтална.

ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН ӨМЧИЙГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
24 дүгээр зүйл. Төрийн өмчийн эд хөрөнгийг олж авах
1. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар өөрийн чиг, үүрэг зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эд хөрөнгийн жагсаалтыг санхүүгийн жил эхлэхээс З сарын өмнө гаргаж, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Сангийн яамаар зардлын дээд хязгаарыг батлуулна.
2. Төрийн байгууллагаас бусад төрийн өмчит хуулийн этгээд батлагдсан зардлын хэмжээнд багтаан шаардлагатай хөрөнгийг өөрөө худалдаж авах ба төрөөс түүнд хариу төлбөргүйгээр олгож болно.
3. Төрийн өмчит хуулийн этгээд үл хөдлөх хөрөнгийг захиалгын үндсэн дээр зөвхөн төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр олж авна.
25 дугаар зүйл. Төрийн өмчийн эд хөрөнгийг үнэлэх, бүртгэх
1. Төрийн өмчийн эд хөрөнгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмаар үнэлж бүртгэнэ.
2. Зах зээлийн үнэ, валютын ханшны өөрчлөлт зэргийг харгалзан эд хөрөнгийг дахин үнэлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно.
3. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас бүтээгдэхүүн, ажил үйлчилгээндээ тогтоосон үнэ нь тухайн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний зах зээлийн үнийн талаар төрөөс баримталж байгаа бодлогод болон нийгмийн ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэх шинжтэй гэж үзвэл Засгийн газраас хянаж, өөрчлүүлэх тухай шийдвэр гаргаж болно.
4. Эд хөрөнгийн үнэлгээ, бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн дансанд тусгах заавар, журмыг Сангийн яам гаргана.
26 дугаар зүйл. Төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах
Төрийн өмчит хуулийн этгээд нь өөрт олгогдсон эд хөрөнгийг энэ хуулиар тогтоосон журмын дагуу эзэмшиж ашиглана.
27 дугаар зүйл. Төрийн өмчийн эд хөрөнгийг төрийн өмчийн бус этгээдэд эзэмшүүлж, ашиглуулах
1. Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр концессийн болон түрээсийн гэрээгээр, мөн хуулиар зөвшөөрсөн бол үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно.
2. Төрийн өмчийн газар, түүний хэвлий, төрийн болон орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг концессоор эзэмшүүлэх, ашиглуулах, концессын гэрээний үндсэн дээр шинээр бий болгох, шинэчлэн сайжруулахтай холбогдсон харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна.
28 дугаар зүйл. Төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх
1. Төрийн нийтийн зориулалттай өмчийг түрээслүүлэх журмыг Улсын Их Хурал, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно
2. Засгийн газраас тусгайлан журамласнаас бусад үл хөдлөх хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төрийн өмчит хуулийн этгээд эдэлнэ.
3. Түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан нөхцөлөөс гадна эд хөрөнгө түрээслүүлэх хугацаа, төлбөр, нөхцөл, хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, үүсэх үр дагавар, түүнийг арилгах журмыг заавал тусгана.
4. Түрээсэлсэн эд хөрөнгийг худалдах тохиолдолд түрээслэгчид Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан эрх /тэргүүн ээлжинд худалдан авах/ эдлүүлэх эсэхийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ.
5. Төрийн өмчийн түрээсийн төлбөрийг улсын төсөвт оруулна. Уг төлбөр тухайн эд хөрөнгийг худалдан авах үнийн төлбөрт үл хамаарна.
29 дүгээр зүйл. Төрийн өмчийн эд хөрөнгийг худалдах
1. Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно.
З0 дугаар зүйл. Төрийн өмчийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлэх
1. Төрийн өмчийн эд хөрөнгийг орон нутгийн өмч бүрдүүлэх зорилгоор үнэ төлбөргүй шилжүүлэх асуудлыг гагцхүү Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
2. Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр, Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлж болно.
3. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно.
4. Төрийн өмчийн эд хөрөнгөнөөс нэг удаагийн тэтгэмж, тусламж олгох журмыг Засгийн газраас тогтооно.
З1 дүгээр зүйл. Эзэмшилдээ байгаа илүүдэл буюу ашиглах хугацаа дууссан, шаардлага хангахгүй болсон эд хөрөнгийг худалдах, шилжүүлэх, устгах
1. Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг худалдах, шилжүүлэхэд энэ хуулийн 29, 30 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авна.
3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгийг худалдах, шилжүүлэх, устгахад дараахь журмыг баримтална:
1. худалдах, шилжүүлэх, устгах эд хөрөнгийн талаар өмч хамгаалах Байнгын зөвлөл дүгнэлт гаргасан байх;
2. илүүдэл эд хөрөнгө болон элэгдэл хорогдлын шимтгэлээр анхны үнийг нь нөхсөн, түүнчлэн нөхөөгүй боловч гэмтэж, засаж сэлбээд өөр зориулалтаар ашиглаж болох эд хөрөнгийн үнийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн тогтоох;
3. засаж сэлбэн ашиглах боломжгүй эд хөрөнгийг акталж устгах;
4. ашиглах хугацаа дуусаагүй боловч осол, гэмтлийн улмаас ашиглах боломжгүй болсон эд хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр энэ зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэх;
5. осол, гэмтэл гарсан шалтгааныг тогтоож, хэрэв тодорхой этгээдийн буруугаас уг осол, гэмтэл гарсан бол Иргэний хуульд заасан журмаар хохирлыг арилгуулах.
4. Энэ зүйлийн З дахь хэсгийн 1-д заасан өмч хамгаалах Байнгын зөвлөлийг үндсэн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал, эсхүл түүний үүрэг биелүүлдэг менежерээр толгойлуулж ерөнхий ня-бо, технологич зэрэг мэргэжлийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэйгээр захирлын шийдвэрээр байгуулна.
5. Гүйцэтгэх ажлын зориулалттай эд хөрөнгийг худалдан авах, үйлдвэрлэх, эргэлтийн хөрөнгөд бүртгэх, захиран зарцуулах, шилжүүлэх, устгахтай холбогдох харилцааг төрийн өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, тагнуулын төв байгууллагын даргатай хамтран баталсан журмаар зохицуулна.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ХУВЬЧЛАХ
З2 дугаар зүйл. Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлах тухай ойлголт
Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн энэ хуульд заасан арга хэлбэр, нөхцөлийн дагуу хувийн өмчид шилжүүлэхийг төрийн өмч хувьчлах / цаашид энэ хуульд "хувьчлах" / гэнэ.
33 дугаар зүйл. Хувьчлалын хөтөлбөр
1. Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлах арга хэмжээг Засгийн газар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын саналыг авч, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой банкийг хувьчлах арга хэмжээг Засгийн газар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын саналыг авч, Монголбанктай хамтран баталсан хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлнэ.
2. Хөтөлбөрт хувьчлалын зорилго, үе шат, арга, хэлбэр, хувьчлах объектын жагсаалт зэргийг тусгасан байна.
3. Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх хугацаа, арга хэлбэр, байгууллагын жагсаалтыг Засгийн газар, УИХ-ын Нийгмийн бодлогын болон Эдийн засгийн байнгын хороотой зөвшилцөн жил бүр батална.
З4 дугаар зүйл. Хувьчлах арга, түүнийг тодорхойлох
1. Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлахдаа дараахь аргыг дангаар буюу хослуулан хэрэглэнэ:
1. дуудлагаар худалдах;
2. уралдаант шалгаруулалт / төсөл сонгон шалгаруулах/ ;
3. төрийн өмчийн хувьцаа, хувь хөрөнгийг худалдах;
4. төрийн өмчит хуулийн этгээдийг хамтарсан хэлбэрээр өөрчлөн байгуулах;
5. татан буулгаж эд хөрөнгийг хувьчлах;
6. менежментийн үр дүнг харгалзан хувьчлах;
7. давуу эрхтэй тусгай төрлийн хувьцаа гаргах.
8. төсвийн санхүүжилтийг төлсөн хэмжээгээр төрийн эзэмшлийг тодорхой хувиар бууруулж хувьчлах.
2. Төрийн өмчийн тодорхой эд хөрөнгийг энэ зүйлд заасан аль аргаар хувьчлахыг Засгийн газраас баталсан жагсаалтад урьдчилан заах бөгөөд түүний дагуу төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ.
35 дугаар зүйл. Хувьчлахад бэлтгэх
1. Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлахын өмнө хувьчлах эд хөрөнгийг энэ хуулийн 37, 70 дугаар зүйлд заасны дагуу тооллого, үнэлгээ хийж, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтад шилжүүлнэ.
2. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хувьчлах эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцан хамгаалах, уул хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн шинэ өмчлөгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хүлээлгэн өгөхөд гарсан эд хөрөнгийн илүүдэл, дутагдлын асуудлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
3. Хувьчлагдах эд хөрөнгөд түүнийг хяналтад авснаас шинэ өмчлөгчид хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн хөдөлгөөн хийхийг хориглоно.
4. Шаардлагатай гэж үзвэл төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр төрийн өмчит хуулийн этгээдийг хувьчлахын өмнө өөрчлөн байгуулж болно. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ талаар шийдвэр гаргахдаа холбогдох төрийн байгууллагуудтай зөвшилцөнө.
36 дугаар зүйл. Хувьчлах хөрөнгийн талаар мэдээлэл хүргэх
1. Хувьчлагдах төрийн өмчит хуулийн этгээд төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд ногдох хувьцаа, ногдол хувьтай холбогдох мэдээллийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хувьчлах үйл ажиллагаа эхлэхээс З0-аас доошгүй хоногийн өмнө төр, засгийн газрын албан ёсны хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд сонордуулна.
2. Хувьчлах тухай зар, мэдээнд дараахь зүйлийг заавал тусгана:
1. хувьчлагдах хуулийн этгээдийн эзэмшилд байгаа эдэлбэр газрын хэмжээ, шинж чанар, хэрэв түүнийг түрээслэн авсан бол түүний нөхцөл, төлбөрийн тооцоо;
2. нийт хөрөнгийн нэр төрөл, үнэ, өр, авлагыг бүрэн тусгасан тухайн жил, улирлын тайлан, тэнцэл, эдийн засгийн үр ашгийн болон төлбөрийн чадварыг илэрхийлэх үзүүлэлтүүд;
3. эрхэлдэг ажил, үйлчилгээний нэр төрөл;
4. хувьчлах эд хөрөнгийн санал болгосон доод үнэ;
5. эд хөрөнгө, ажил үйлчилгээний нөхцөл, онцлогтой холбогдох бусад мэдээлэл.
3. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь өөр нэмэгдэл мэдээллийг нийтлүүлж болно.
З7 дугаар зүйл. Хувьчлах эд хөрөнгийг үнэлэх
1. Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлахаас өмнө худалдах доод үнийг тогтооно.
2. Хөрөнгийг доод үнээс доогуур үнээр худалдахыг хориглоно.
3. Худалдах доод үнэ тогтоох журмыг Засгийн газар батална.
4. Шаардлагатай тохиолдолд доод үнэ тогтоох шинжээчдийн хэсгийг Засгийн газар томилж болно.
38 дугаар зүйл. Дуудлагын худалдаа
1. Хувьчлах эд хөрөнгийн цаашдын зориулалтын талаар тусгайлсан болзол тавих шаардлагагүй тохиолдолд дуудлагын худалдааны аргыг хэрэглэнэ.
2. Дуудлагын худалдааг Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу нээлттэй буюу хаалттай явуулна.
3. Дуудлагын худалдааг бүх сонирхогчдыг чөлөөтэй оролцуулан явуулахыг нээлттэй, тодорхой этгээдийн хүрээнд явуулахыг хаалттай гэнэ.
4. Дуудлагын худалдаанд оролцогчид үнийн саналаа дуудлагын худалдаанд биеэр буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөө байлцуулж үнийн саналаа ээлж дараалан өсгөн хэлэх, эсхүл худалдан авах үнийн дээд саналаа битүүмжлэн ирүүлэх замаар илэрхийлнэ.
5. Дуудлагын худалдааны хэлбэрийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага урьдчилан тогтоож зар, мэдээлэлд тусгаж нийтэд мэдээлнэ.
39 дүгээр зүйл. Дуудлагын худалдааг зарлан мэдээлэх
1. Дуудлагын худалдаа явуулах зар, мэдээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэхүү ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө мэдээлнэ.
2. Дуудлагын худалдааны зар, мэдээнд энэ хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:
1. дуудлагын худалдаа эхлэх он, сар, өдөр, цаг;
2. эрхэлдэг ажил үйлчилгээний нэр төрөл, барилга, байгууламж, машин тоног төхөөрөмжийн тодорхойлолт, тоо хэмжээ;
3. дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ;
4. дуудлагын худалдаанд оролцогчдыг бүртгэх журам, хугацаа;
5. худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл.
40 дүгээр зүйл.. Дуудлагын худалдаанд оролцогчдын эрх,үүрэг
1. Дуудлагын худалдаанд оролцогчид дараахь эрхтэй:
1. дуудлагын худалдаанд хамаарагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн талаар өөрийн сонирхсон мэдээллийг үнэ төлбөргүй олж авах;
2. уг ажиллагаанд өөрийн биеэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох;
3. дуудлагын худалдаанд биеэр буюу төлөөллөөр оролцож ялаагүй бол дэнчингээ буцааж авах;
4. дуудлагын худалдааг товлон зарласан хугацааг хожимдуулсан буюу өмнө явуулснаас, түүнчлэн худалдааг явуулаагүйгээс өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;
5. дуудлага худалдааны журам зөрчигдсөнтэй холбогдох гомдлоо төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, шүүхэд гаргах.
2. Оролцогчид дараахь үүрэгтэй:
1. дуудлагын худалдаанд оролцохоо худалдаа эхлэхийн өмнө худалдаа зохион байгуулагчдад бүртгүүлэх;
2. зар, мэдээнд заасан хугацаанд тогтоосон дэнчингээ тавих;
3. өөрийн санхүүгийн байдал, төлбөрийн чадварын тухай худалдаа зохион байгуулагчид үнэн зөв мэдээлэх;
4. дуудлагын худалдаанд ялбал худалдан авсан эд хөрөнгийн үнийг хуульд заасан хугацаанд төлөх;
5. худалдан авсан эд хөрөнгөө гэрээнд заасан хугацаанд хүлээн аваагүйгээс худалдагчид учирсан хохирлыг нөхөн төлөх.
41 дүгээр зүйл. Дуудлагын худалдаа явуулах нийтлэг журам
1. Дуудлагын худалдааг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын этгээд хөтлөн явуулна.
2. Хөтлөгч дор дурдсан үүрэгтэй:
1. дуудлагын худалдаанд оролцогчдыг бүртгэх;
2. худалдааг товлон зарласан газар хугацаанд нь эхлэх;
3. үнэ хаялцуулах дэгийн дарааллыг нэгбүрчлэн тэмдэглэх;
4. дуудлагын худалдаанд 2-оос доош этгээд оролцсон, доод үнээс дээш үнийн санал ирээгүй бол худалдааг явагдаагүйд тооцон хааж энэ тухай тэмдэглэл үйлдэх;
5. дуудлагын худалдааны явцын тэмдэглэлийг үнэн зөв, бүрэн хөтлүүлэх.
3. Дуудлагын худалдаанд түүнийг эхлэхээс дуусах хүртэл төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төлөөлөгч заавал байлцаж дараахь үүрэг гүйцэтгэнэ:
1. дуудлагын худалдаа хуульд заасан журмаар явуулж байгаа эсэхэд болон хөтлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавих;
2. дуудлагын худалдааны явцын тэмдэглэл үнэн зөв, бүрэн хөтлөгдсөн эсэхийг хянан үзэх;
3. дуудлагын худалдааг хууль зөрчиж явуулсан гэж үзвэл түдгэлзүүлэн зогсоох;
4. Дуудлагын худалдааг нийтэд товлон зарласан газар, хугацаанд нь эхэлж, оролцогчдоор үнэ хаялцуулан, эцсийн үнэ хэлсний дараа дохио өгөх буюу 1, 2, З гэж тоолсны эцэст өөр санал гараагүй бол хаасныг зарлана.
5. Хөтлөгч болон төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төлөөлөгч өөрөө, эсхүл өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан тухайн дуудлагын худалдаанд худалдан авагчаар оролцохыг хориглоно.
42 дугаар зүйл. Дуудлагын худалдааг хууль зөрчин явуулсанд тооцох
Дор дурдсан үндэслэлийн аль нэг байвал дуудлагын худалдааг хууль зөрчин явуулсан гэж тооцно:
1. товлон зарласан цагаас өмнө буюу эсхүл 1-ээс дээш цагаар хойшлуулж эхэлсэн;
2. товлон зарласнаас өөр газар явуулсан;
3. үнийн саналын дарааллыг алдагдуулсан;
4. хорооны төлөөлөгчгүйгээр эхэлсэн, явуулсан;
5. үнийн санал хэлж дуусаагүй байхад буюу дохио өгөөгүйгээр хаасан;
6. үнэ хаялцуулахад хөтлөгч ба хорооны төлөөлөгч, эсхүл бүртгэгдээгүй этгээд оролцсон;
7. дуудлагын худалдааны зарлалд заасан бусад болзлыг зөрчсөн.
43 дугаар зүйл. Дуудлагын худалдаа дуусгавар болгох үндэслэл
1. Дуудлагын худалдааг үнэ хаялцуулж дууссаны дараа дохио өгч хааснаар дуусгавар болсонд тооцно.
2. Дуудлагын худалдаанд хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь ялагч болно.
3. Дуудлагын худалдаанд ялагч буюу түүний эрхийг шилжүүлэн авагч нь төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу түүнээс эрх олгосон байгууллагатай Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 20-23 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулна. Гэрээнд дор дурдсан зүйлийг заавал тусгана:
1. худалдан авсан эд хөрөнгийн нэр төрөл;
2. худалдан авсан үнэ;
3. дуудлагын худалдаанд оролцохдоо тавьсан дэнчингийн хэмжээ;
4. үнэ төлөх хэлбэр;
5. эд хөрөнгө шилжүүлэх нөхцөл /болзол/, хугацаа;
6. гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй буюу цаг хугацаанд нь биелүүлээгүйгээс үүсэх хохирлыг нөхөн төлөх үндэслэл, журам, хэмжээ;
7. гэрээний үүргийн талаар үүссэн маргааныг хянан шийдвэрлэх журам.
4. Дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийг өмчлөх эрх нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнийг бүрэн төлсний, хэрэв энэ нь үл хөдлөх эд хөрөнгө бол үнийг бүрэн төлж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсний дараа үүснэ. Үнэ төлөх журам, хэлбэрийг гэрээнд заана.
5. Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
6. Хэрэв ялагч нь төлбөрийг заасан хугацаанд эс төлбөл уг эд хөрөнгийг өөрийн санал болгосон үнээр худалдан авах эрх дуудлага худалдаанд удаахь үнэ санал болгосон оролцогчид шилжинэ. Уг оролцогч төлбөрийг 14 хоногийн хугацаанд төлнө.
44 дүгээр зүйл. Дуудлагын худалдааг дахин явуулах
1. Энэ хуулийн 41 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4/ , 42 дугаар зүйлд тус тус заасан үндэслэлээр дуудлагын худалдаа явагдаагүй буюу хууль зөрчин явуулсанд тооцсон , түүнчилэн 43 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар удаахь оролцогч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол уул худалдааг дахин явуулна.
2. Дуудлагын худалдааг дахин явуулах тухай шийдвэрийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргах бөгөөд дахин дуудлагын худалдаа явуулах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ тухай мэдээлнэ. Дуудлагын худалдаа дахин явуулахдаа энэ хуульд заасан журмыг баримтална.
45 дугаар зүйл. Дуудлагын худалдааны явцад үүссэн маргааныг хянан шийдвэрлэх
Дуудлагын худалдааны явцад үүссэн маргааныг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдол гаргаж болно.
46 дугаар зүйл. Уралдаант шалгаруулалтаар өмч хувьчлах
1. Төсөл сонгон шалгаруулах үндсэн дээр өмч хувьчлахыг уралдаант шалгаруулалтаар хувьчлах гэнэ.
2. Эд хөрөнгийг дараахь нөхцөлд уралдаант шалгаруулалтаар хувьчилна:
1. хөрөнгө оруулж үндсэн ажил, үйлчилгээний зориулалтыг өөрчлөхгүйгээр технологийг шинэчлэх замаар хувьчлагдах хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр ашгийг нь дээшлүүлэх;
2. хувьчлагдах хуулийн этгээдийн үйл ажиллагааны нь үндсэн чиглэлийг нийгэм, бүс нутгийн болон хүн амын эрэлт хэрэгцээнд нийцүүлж өөрчлөн байгуулах.
3. Уралдаант шалгаруулалтаар хувьчлах ажиллагааг /төсөл сонгон шалгаруулах/ нээлттэй буюу хаалттай гэсэн хоёр хэлбэрийн аль нэгээр явуулна.
4. Хувьчлах эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглаж үр ашгийг дээшлүүлэхэд зайлшгүй шаардагдах мэргэжлийн болон хөрөнгө оруулалт, технологийн шаардлагыг хангах, тодорхой ажил мэргэжлийн хуулийн этгээд, хувь хүмүүсийн хүрээнд явуулахыг хаалттай, нийтийг чөлөөтэй оролцуулах үндсэн дээр явуулахыг нээлттэй гэнэ.
5. Эд хөрөнгийг /хуулийн этгээдийг/ хаалттай уралдаант шалгаруулалтаар явуулах тухайг Засгийн газраас баталсан жагсаалтад заасан байвал зохино. Түүний дагуу хувьчлах шийдвэрийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргаж нийтэд мэдээлнэ.
47 дугаар зүйл. Уралдаант шалгаруулалтыг зарлах
1. Уралдаант шалгаруулалтаар төрийн өмчийн тодорхой эд хөрөнгийг хувьчлах тухай зар, мэдээллийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэхүү ажиллагаа явуулахаар товлосон өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нийтэд мэдээлнэ.
2. Төсөл шалгаруулах тухай зар, мэдээнд энэ хуулийн З6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдээллээс гадна дараахь зүйлийг заавал тусгана:
1. хувьчлагдах эд хөрөнгийн цаашдын ашиглалт, захиран зарцуулалтад тавих нэмэлт болзол, шаардлага;
2. төсөл шалгаруулах үндсэн үзүүлэлтүүд;
3. шалгаруулалтад оролцогчдыг урьдчилан бүртгэх хугацаа;
4. төслийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлэх эцсийн хугацаа;
5. гэрээний ерөнхий нөхцөл;
6. уралдаант шалгаруулалтад дэнчин /хураамж/-гийн үнэ, хэмжээ, нэр төрөл.
48 дугаар зүйл. Уралдаант шалгаруулалтад оролцогчид тавих шаардлага
1. Уралдаант шалгаруулалтад оролцогчид дор дурдсан шаардлагыг хангасан байвал зохино:
1. эд хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай;
2. мэргэжлийн чадавхитай боловсон хүчний хангамж, нөөцтэй;
3. төслийг зарласан нөхцөлийн хэмжээнд, холбогдох мэргэжлийн түвшинд хийсэн байх;
4. мэргэжлийн дүгнэлт гаргуулсан байх;
5. төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх;
6. дэнчингээ хугацаанд нь тавьсан байх.
2. Уралдаант шалгаруулалтад оролцогчоос гаргасан эд хөрөнгийн баталгаа нь банк болон бусад аж ахуйн нэгж, байгууллагад барьцаалсан хөрөнгө байж болохгүй.
3. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хувьчлагдах эд хөрөнгийн онцлог, шинж чанарт нийцэн нэмэлт шаардлага тавьж болно. Нэмэлт шаардлагыг төсөл шалгаруулах зар, мэдээнд заавал тусгаж, мэдээлнэ.
49 дүгээр зүйл. Уралдаант шалгаруулалтад оролцогчдын эрх, үүрэг
Оролцогч нь энэ хуулийн 40 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй:
1. шалгаруулах төслийг битүүмжилж зохион байгуулагчид өөрөө өгөх буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүргүүлэх, хэрэв ийнхүү хүргэх боломжгүй бол баталгаат шуудангаар илгээж, зар, мэдээнд заасан хугацаанд ирүүлэх;
2. төсөл сонгон шалгаруулах шинжээчийг татгалзах, түүний үйл ажиллагааны талаар томилсон байгууллагад гомдол гаргах;
3. хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвар болон уралдаант шалгаруулалтад ирүүлсэн мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцах.
50 дугаар зүйл. Шинжээч, түүний эрх, үүрэг
1. Төсөлтэй холбогдох үндсэн мэргэжлийн шинжээч, эсхүл түүнийг оролцуулан холбогдох мэргэжлийн шинжээчдийн багийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шинжээчдийн бүртгэлийг үндэслэн тухайн төсөл шалгаруулах өдөр томилно.
2. Шинжээч нь дараахь шаардлага хангасан байвал зохино:
1. сонгон шалгаруулах төслийн үндсэн мэргэжлийн дээд боловсролтой, уг мэргэжлээрээ З-аас доошгүй жил ажилласан байх;
2. багд орох бусад шинжээчдийн хувьд нягтлан бодох бүртгэл, санхүү-эдийн засаг, эрх зүйн болон шинжлэх ухаан, техникийн талаар тухайн төслийн агуулгатай холбогдох дээд боловсролтой, зохих дадлагатай байх;
4. төсөл буюу хувьчлах эд хөрөнгийн талаар ямар нэг хувийн сонирхолгүй байх.
3. Хувьчлагдах эд хөрөнгийн шинж чанарыг харгалзан шинжээчдийн багийн үүргийг хяналтын буюу магадлан шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлж болно.
4. Шинжээч нь дараахь эрх, үүрэгтэй:
1. шалгаруулалтад ирүүлсэн төслийн талаар нэмэгдэл мэдээлэл шаардан авах;
2. сонгон шалгаруулах арга хэлбэрийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төлөөлөгчтэй тохиролцон тодорхойлох;
3. шалгаруулалтыг мэргэжлийн өндөр түвшинд хууль тогтоомжид нийцүүлэн явуулах;
4. үйл ажиллагааныхаа явцад хүлээн авсан бичиг баримтаас мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх;
5. энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасан шинжээчээр оролцож болохгүй нөхцөл байдал байвал татгалзах;
6. багт оролцсон шинжээч тусгай саналтай бол тэмдэглэлд саналынхаа үндэслэлийг бичиж татгалзах.
51 дүгээр зүйл. Шинжээчээр оролцож болохгүй нөхцөл байдал
Шинжээч нь дор дурдсан нөхцөл байдал байвал төсөл сонгон шалгаруулалтад оролцохоос татгалзах үүрэгтэй:
шинжээч нь төслийг зохиогч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, өмчлөгч, хувьцаа эзэмшигчийн аль нэг байвал;
төсөл ирүүлсэн оролцогчийн эрхэлдэг аж ахуйн нэгжид ажиллаж байсан, эсхүл ажилладаг;
төсөл ирүүлсэн оролцогчтой ойрын төрөл, садны холбоотой / өөрийн болон хадам эцэг, эх, эхнэр, нөхөр, хүүхэд, ах, эгч, дүү, ач, зээ болон эхнэр буюу нөхрийн ах, эгч, дүү, тэдгээрийн хүүхэд/ ;
өөр бусдаар хувийн сонирхолтой.
52 дугаар зүйл. Төслийг хүлээн авах, нээх журам
Төслийг дор дурдсан журмаар хүлээн авч нээнэ. Үүнд:
1. зохион байгуулагчид зар, мэдээлэлд заасан хугацаанд ирсэн бүх төслийг ирүүлсэн дарааллаар нь бичиг хэргийн зааварт тодорхойлсноор бүртгэж, тусгай тэмдэглэл хийж тус тусад нь хадгална;
2. төсөл ирүүлэх эцсийн хугацаа дууссан өдөр зохион байгуулагч хүлээж авсан төслүүдийн тухай тэмдэглэл үйлдэн, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төлөөлөгчийг байлцуулан гарын үсэг зурж, төсөл тус бүрд албан тэмдэг дарж баталгаажуулна.
Төсөлтэй холбогдох нууцыг хамгаалах явдлыг зохион байгуулагч хариуцна;
3. төсөл сонгон шалгаруулах өдөр зохион байгуулагч нь ирсэн бүх төслийг тэмдэглэлийн хамт шинжээчдэд хүлээлгэн өгнө. Төслийг хүлээлгэн өгөх үед өөрөө хүсвэл уралдаант шалгаруулалтад оролцогчид байлцаж болно;
4. шинжээч нь уралдаант шалгаруулалтад ирүүлсэн төсөл бүрийн бүрэн бүтэн байдлыг нь шалгаж хүлээн авах бөгөөд энэ тухай актанд гарын үсэг зурна;
5. төсөл тус бүрээр нь задалж түүнд байгаа бүх баримт бичиг, зар, мэдээлэлд заасан баримтыг бүрэн ирүүлсэн эсэхийг шалгана;
6. хэрэв баримт бичиг дутуу байвал шинжээч энэ тухай оролцогчид мэдээлж тухайн үзүүлэлтээр үнэлгээ өгөхгүй байх, эсхүл бууруулах, төслийг шалгаруулалтаас хасаж буцаах шийдвэр гаргана.
53 дугаар зүйл. Төслийг дүгнэх журам
1. Төслийг 2 үе шаттайгаар дүгнэнэ:
-эхний шатанд уралдаанд оролцогчид хуульд заасны дагуу төслийн болзлыг хангасан эсэх;
-хоёр дахь шатанд болзлыг ойролцоо буюу адил хангасан нөхцөлд илүү үнэ өгсөн этгээдийг шалгаруулах.
2. Төсөл шалгаруулахын өмнө, түүнийг хэрхэн явуулах журмын талаар шинжээчид урьдчилан тохиролцсон байна.
3. Шинжээчдийн дүгнэлт гаргах ажиллагааны талаар тэмдэглэл хөтөлнө.
54 дүгээр зүйл. Шинжээчийн дүгнэлт
1. Шинжээч нь төсөл тус бүрээр дүгнэлт гаргана.
2. Шинжээчийн дүгнэлтэд дараахь зүйлийг тусгана:
1. төсөл сонгон шалгаруулах үзүүлэлт бүрээр төсөл тус бүрийн давуу болон сул талын тодорхойлолт уул үзүүлэлт бүрийн үнэлгээ / оноо/ ;
2. төсөл тус бүрийг бүхэлд нь үнэлсэн товч тодорхойлолт, нийлбэр оноо;
3. шинжээчийн тусгай санал.
3. Шинжээчийн дүгнэлтийг заавал бичгээр үйлдэх ба шинжээчийн мэргэжил, албан тушаал, гарын үсэг, хэрэв хуулийн этгээд бол албан бичгийн хэвлэмэл хуудас бичин эрх баригчийн гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байна. Мөн дүн шинжилгээ хийсэн газар, он, сар, өдөр, хугацаа бичигдсэн байна.
4. Шинжээчид тус бүртээ үнэлсэн тохиолдолд шинжээчдийн багийн нэгдсэн үнэлгээ болон дүгнэлтийг төсөл тус бүрээр гаргаж гарын үсэг, тамга тэмдэг дарсан байна.
5. Шинжээчид нь гаргасан үнэлгээ, дүгнэлтээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл батлах, үндэслэлгүй болон хууль зөрчсөн гэж үзвэл дахин шинжилгээ хийлгэх шийдвэрийн аль нэгийг гаргана.
55 дугаар зүйл. Хувьцаа, ногдол хувь гарган хувьчлах
1. Төрийн өмчит үйлдвэрийн газрыг компаний хэлбэрт оруулан хувьцаа, ногдол хувийг нь худалдах замаар хувьчилж болно. Энэ тухай шийдвэрийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргана. Эдийн засаг нийгмийн хэрэгцээ шаардлагын үүднээс төр зарим хувьцааг нийтэд санал болгохгүй, өөрийн өмчлөлдөө авч үлдэн төрийн өмчийн оролцоотой этгээд үүсгэж болно.
2. Төрийн өмчит үйлдвэрийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зохион байгуулах ажлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлж, Нөхөрлөл, компанийн тухай хуулийн З5 дугаар зүйлд заасан үүсгэн байгуулагчийг төлөөлсөн үүргийг гүйцэтгэнэ.
3. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хувь нийлүүлэгчдийн зохион байгуулах хурлыг хувьцаа, ногдол хувь нь зохих журмын дагуу борлогдож дууссанаас хойш З сарын дотор зохион байгуулж өөрийн хариуцаж байсан эрх, үүргийг шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн удирдлагад шилжүүлнэ.
56 дугаар зүйл. Төрийн өмчлөлийн хувьцаа, ногдол хувийг хувьчлах, бусад этгээдийн өмчлөлд шилжүүлэх
1. Энэ хуулийн 55 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар компани болон өөрчлөгдсөн төрийн өмчит үйлдвэрийн газрын болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд ногдох хувьцаа, ногдол хувийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр чөлөөтэй, эсхүл багцалсан хэлбэрт оруулан энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар биржээр болон энэ хуулийн 38-45, 46-54, 58 дугаар зүйлд заасны дагуу биржийн гадуур арилжиж худалдана.
2. Хувьцааг биржээр худалдахад дор дурдсан дараалал, журмыг баримтална:
1. хувьцааг биржээр арилжаалахад төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хувьчлагдах үйлдвэрийн газрын хөрөнгийг үнэлэн, гаргах хувьцааны хэлбэр, тоо хэмжээ, худалдах анхны үнэ, багцлах бол түүний хэмжээ зэргийг тогтоон Хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд арилжих тухай шийдвэрийг гаргана. Мөн хувь нийлүүлсэн байгууллага дахь төрийн өмчлөлийн хувьцааг энэ хэлбэрээр арилжиж болно;
2. хувьцааг биржээр арилжих үйл ажиллагааг Үнэт цаасны тухай хуульд заасан журмын дагуу явуулна.
3. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн өмчлөлийн ногдол хувийг худалдахад Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хуулийн этгээдийн бусад өмчлөгчдийн / гишүүдийн/ саналыг авна.
4. Үндэсний аюулгүй байдал, стратегийн ач холбогдолтой төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд ногдох хувьцааг худалдах талаар Засгийн газар тусгайлан журам тогтоож болно.
57 дугаар зүйл. Хамтарсан үйлдвэрийн газар байгуулах замаар хувьчлах
1. Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь хувь нийлүүлж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийн хөрөнгөтэй нийлүүлж хамтарсан үйлдвэр байгуулах замаар хувьчилж болно. Ийнхүү хувьчлахдаа:
1. төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн зарим хэсэг / хувьцаа, ногдол хувь/ -ийг хөрөнгө оруулагчид худалдах;
2. төрийн өмчит хуулийн этгээдийг шинэчлэх, өргөтгөх зорилгоор бусад этгээдийн хөрөнгө нэмж оруулах;
3. төрийн өмчит хуулийн этгээдийн өрийг бусад этгээдэд худалдан барагдуулж уг этгээдэд өр төлсөн хэмжээгээр төрийн өмчийн хувьцаа эзэмшүүлж тус тус болно.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль ч тохиолдолд талууд өр барагдуулах, хувьцаа эзэмшүүлэх гэрээ байгуулж, түүнд хувь нийлүүлэх хөрөнгөө харилцан тохиролцсоны үндсэн дээр үнэлж, үйлдвэрлэл, түүнийг удирдах үйл ажиллагааны талаар харилцан хүлээх эрх, үүргийг Нөхөрлөл компанийн тухай хууль, эсхүл Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тусгана.
3. Хамтарсан үйлдвэрийн талаархи бүхий л харилцаанд төрийн өмчийн төлөөлөгчийн үүргийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний томилсон этгээд гүйцэтгэнэ.
58 дугаар зүйл. Удирдах үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах
1. Төрийн өмчит хуулийн этгээдийг удирдах үйл ажиллагааг / менежмент/ удирдлагын өндөр мэргэшил, дадлагатай, үйлдвэрлэлийг үр ашигтай зохион байгуулах ур чадвартай, хувийн өмчит хуулийн этгээд, хувь хүнээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
2. Менежментийн гэрээгээр ажиллах этгээд нь гэрээнд заасан бол өөрийн багийг бүрдүүлж болно.
3. Менежментийн гэрээг төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр хуульд өөрөөр заагаагүй бол З хүртэл жилийн хугацаагаар бичгээр байгуулна.
4. Гэрээнд үүргийн тухай болон ажил гүйцэтгэх гэрээний тухай Иргэний хуульд тодорхойлсон заалтуудыг баримтлахаас гадна дараахь болзлыг заавал тусгана:
1. удирдах үйл ажиллагааг гүйцэтгэгч / менежер/ этгээдээс үйлдвэрийн зохион байгуулалт, технологийн үйл ажиллагааг өөрчлөн байгуулах болон үр ашиг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээ, хэрэгжүүлэх хугацаа, үе шат, дүгнэж үнэлэх шалгуур үзүүлэлт, журам;
2. гэрээгээр ажиллах этгээдийн цалин хөлс, урамшил;
3. гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн нөхцөлд төрийн өмчийн эд хөрөнгөөс хувьчлан өгөх хэмжээ, хэлбэр, үнэ;
4. гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйд хүлээлгэх хариуцлага, учруулсан хохирлыг нөхөн төлөх хэлбэр, хэмжээ, түүнд барьцаалах хөрөнгө.
5. Менежментийн гэрээний аргыг төрийн өмч давамгайлсан хувьцаат болон хамтарсан хуулийн этгээдийн төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр хэрэглэж болно. Энэ тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчид, төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөж тохирсон байна.
59 дүгээр зүйл. Давуу эрхтэй тусгай төрлийн хувьцаа гаргах замаар хувьчлах
1. Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийг бүрэн хэмжээгээр хувьчлах боловч үйлдвэрлэлийн зарим үйл ажиллагаанд төрөөс тодорхой хугацаанд хяналт тавьж зохицуулах шаардлагатай бол ногдол ашиг авахгүй зөвхөн саналын эрхтэй тусгай хувьцаа эзэмших замаар оролцож болно.
2. Төр ийм төрлийн хувьцаа гаргаж өөрөө эзэмших, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд, хугацаа зэргийг тухайн хуулийн этгээдийг хувьчлах үед төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас нийтэд зарлан мэдээлнэ.
60 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгаж эд хөрөнгийг хувьчлах
1. Дампуурсан буюу техник, технологи нь хоцрогдсон, цаашид өөрчлөн шинэчилсэн ч эдийн засгийн үр ашиггүй нь тогтоогдсон төрийн өмчит үйлдвэрийн газрыг Засгийн газрын шийдвэрээр татан буулгаж өрийг барагдуулсны дараа үлдсэн эд хөрөнгийг хувьчилж болно.
2. Татан буулгах хуулийн этгээдийн эд хөрөнгийн тооллого хийж дуусгалтын тайлан, тэнцэл үйлдэн, эд хөрөнгийг хэсэгчлэн энэ хуулийн З0 дугаар зүйлд зааснаар бусдад шилжүүлэх, эсхүл дуудлагаар худалдах ажлыг Засгийн газрын шийдвэрийг үндэслэн төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн гүйцэтгэнэ.
61 дүгээр зүйл. Өмч хувьчлан авагч этгээдтэй байгуулах гэрээ
1. Хувьчилсан эд хөрөнгийг өмчлөгч этгээдэд шилжүүлэхийн өмнө Төрийн өмчийн хороо шинэ өмчлөгчтэй эд хөрөнгө хувьчилсан тухай гэрээ байгуулна.
2. Гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгасан байна:
1. төрийн өмчийг хувьчилсан болон хувьчилж авсан этгээдийн нэр, орших газар,хаяг бүртгэлийн дугаар;
2. хувьчилсан эд хөрөнгийн нэр төрөл, нэг бүрийн болон нийт үнэ, түүнийг төлөх хугацаа, хэлбэр;
3. өмчлөх эрхийн гэрчилгээ олгох нөхцөл;
4. хувьчилсан эд хөрөнгийг шинэ өмчлөгчид шилжүүлэн өгөх буюу хүлээн авах газар, хугацаа, журам, хүлээн авах, өгөх ажлыг гүйцэтгэх этгээд, тэдгээрийн эрх, үүрэг;
5. хувьчлан авсан эд хөрөнгийн ашиглалтын талаар өмчлөгч төрийн өмнө үүрэг хүлээсэн бол уг үүрэг, хариуцлага, түүнчлэн эд хөрөнгийг хүлээн авах, хүлээлгэн өгөх хугацаа, журам зөрчсөний хариуцлага.
3. Гэрээнд хуульд харшлахааргүй бусад нөхцөлийг тохиролцон зааж болно.
4. Энэхүү гэрээнд хөрөнгө хүлээлгэн өгсөн тухай акт болон тодорхой төсөл хэрэгжүүлэх болзолтой авч байгаа бол уг баримт бичгийг заавал хавсаргана.
62 дугаар зүйл. Хувьчлалыг хүчингүйд тооцох үндэслэл
1. Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал хувьчиллыг хууль бус гэж үзэж хүчингүй болгоно:
1. Улсын Их Хурлын буюу Засгийн газрын баталсан жагсаалтад ороогүй объектыг хувьчилсан;
2. тодорхой объектыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зохих шийдвэргүй хувьчилсан;
3. дуудлага худалдааны болон уралдаант шалгаруулалтын журам зөрчсөн;
4. хувьчлан авагч эд хөрөнгийн үнэ, хууль, гэрээнд заасан бусад төлбөрийг гэрээний хугацаанд төлөөгүй буюу төлбөрийг хууль бусаар хийсэн;
5. доод үнээс доогуур үнээр худалдсан буюу хувьчлахыг зөвшөөрөөгүй эд хөрөнгө оролцуулан авсан, өгсөн;
6. хувьчлан авагчид нь хуульд зааснаас илүү хөнгөлөлт, давуу эрх олгосон;
7. хувьчлан авагч өмч хувьчлан авсан тухай гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй;
8. хувьчилсан эд хөрөнгийн үнийг төлөхөд хуулиар хориглосон эх үүсвэрийг ашигласан;
9. өөр хэлбэрээр энэ хууль болон бусад хууль зөрчсөн.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хувьчлалыг хүчингүйд тооцох болон хөрөнгийн хохирлыг хэрхэн арилгах шийдвэрийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргана.
3. Хувьчлал хүчингүй болсон тохиолдолд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага уг зөрчлөөс үүссэн хохирлыг арилгах, эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авч, цаашид уг эд хөрөнгийг хэрхэх тухай шийдвэр гаргана.
4. Энэ зүйлд зааснаар төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг сонирхогч этгээд эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
63 дугаар зүйл. Хувьчилсан өмч хөрөнгийн үнийг төлөх хөрөнгийн эх үүсвэр
1. Хувьчилсан эд хөрөнгийн үнийг хувьчилж авсан этгээд өөрийн болон хууль ёсоор авсан дотоод, гадаадын зээлийн мөнгөн хөрөнгөөр / үнэт цаасаар/ төлнө.
2. Үнийг төлөхөд зориулж хувьчлалд зориулсан сан болон бусад эх үүсвэрээс хуульд заасан нөхцөл, журмын дагуу Засгийн газар өмчлөгчид зээл олгож болно.
3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад хөрөнгийн эх үүсвэрийг хувьчилж байгаа эд хөрөнгийг худалдан авахад төлбөрийн хэрэгсэл болгохыг хориглоно.
64 дүгээр зүйл. Хувьчлалын орлого
1. Төрийн өмчийг хувьчлах явцад авсан бүх төрлийн хураамж, хувьчлагдсан эд хөрөнгийн үнэ, энэ зориулалтаар бусдаас төрд өгсөн хандиваас хувьчлалын орлого бүрэлдэнэ.
2. Хувьчлалын орлогыг улсын төсөвт оруулна.
65 дугаар зүйл. Хувьчлалын тайлан
1. Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчилсан тухай бүр хувьчлалыг эрхлэн явуулсан этгээд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна. Тайлан бичих загварыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
2. Тайланд гэрээ, хөрөнгийн жагсаалтыг тус тус хавсаргана. Тайлан нь төрийн өмчийн тухай эд хөрөнгийг хувьчилсан тухай нотлох хуулийн үндсэн баримт бичиг бөгөөд түүнийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
3. Баталсан тайланг зохих журмын дагуу архивт тусгай сан хөмрөг болгон шилжүүлнэ.
4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлагдсан тухай бүр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН САЛБАРЫН ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛ, ХУВЬЧЛАЛ
651 дүгээр зүйл. Нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал
1. Нийгмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит хуулийн этгээдээс үзүүлдэг үйлчилгээ, удирдах үйл ажиллагааг төрийн өмчийн оролцоогүй хуулийн этгээд, хувь хүнээр гүйцэтгүүлэх, нийгмийн салбарт тусламж, үйлчилгээг үзүүлэхэд ашиглагддаг төрийн өмчийн зориулалтын эд хөрөнгийг бусдад түрээсээр ашиглуулахыг өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын хүрээнд хамааруулж ойлгоно.
2. Энэ хуулийн 652, 653, 654 дүгээр зүйлд заасан гэрээний үндсэн дээр төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах үйл ажиллагаа, үзүүлж байгаа тусламж, үйлчилгээг удирдлагын, гүйцэтгэлийн гэрээгээр гүйцэтгүүлэх болон төрийн өмчийн эд хөрөнгийг түрээсийн гэрээгээр ашиглуулахад төрийн өмчийн аливаа эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх бусдад шилжихгүй.
3. Нийгмийн салбарын хувьчлалд энэ хуулийн зургадугаар бүлэгт заасан хувьчлалын аргуудыг нэгэн адил хэрэглэж болно.
4. Нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
1. үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй байх;
2. үйлчилгээ, үйл ажиллагааны хүрсэн түвшинг бууруулахгүй байх;
3. үйлчилгээнд хамрах хүрээг өргөтгөх;
4. ил тод, нээлттэй байх;
5. ажиллагчдад учрах эрсдэлийг бууруулах
652 дугаар зүйл. Нийгмийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гүйцэтгүүлэх
1. Нийгмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн удирдах үйл ажиллагааг уралдаант шалгаруулалтаар шалгарсан, төрийн өмчийн оролцоогүй хуулийн этгээд, хувь хүнээр удирдлагын гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
2. Удирдлагын гэрээгээр ажиллуулах хуулийн этгээд, хувь хүнийг уралдаант шалгаруулалтын үндсэн дээр сонгон шалгаруулна.
3. Уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан хуулийн этгээд, хувь хүнтэй гэрээ байгуулах, гэрээг дүгнэх ажлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, тухайн хуулийн этгээдийг харьяалах салбарын төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
4. Удирдлагын гэрээгээр ажиллуулах хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар батална.
5. Удирдлагын гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн үүргийн ажил гүйцэтгэх тухай гэрээний заалтыг баримтлахаас гадна дараахь нөхцөлийг заавал тусгана:
1. энэ хуулийн 58 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1, 2, 4 –т заасан болзол;
2. тухайн хуулийн этгээдийн үндсэн үйл ажиллагааны чанар, үр ашгийг дээшлүүлэх, төсвөөс үзүүлэх санхүүжилтийг багасгах хэмжээ, үе шат, хугацаа;
3. тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны зардлаас давсан орлогоос түүнд хөрөнгө оруулалтын зориулалтаар буцаан олгох хөрөнгийн хэмжээ.
653 дугаар зүйл.. Нийгмийн салбарын тусламж, үйлчилгээг гүйцэтгэлийн гэрээгээр гүйцэтгүүлэх
1. Төрөөс нийгмийн салбарт үзүүлдэг тусламж, үйлчилгээг төрийн өмчийн оролцоогүй хуулийн этгээд, хувь хүнээр гүйцэтгэлийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
2. Гүйцэтгэлийн гэрээгээр ажиллуулах хуулийн этгээд, хувь хүнийг уралдаант шалгаруулалтын үндсэн дээр сонгон шалгаруулна.
3. Уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан хуулийн этгээд, хувь хүнтэй гэрээ байгуулах, гэрээг дүгнэх ажлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, тухайн тусламж, үйлчилгээний чиглэлийн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
4. Гүйцэтгэлийн гэрээгээр ажиллуулах хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар батална.
5. Гүйцэтгэлийн гэрээ байгуулахдаа Иргэний хууль болон ажил гүйцэтгэх тухай гэрээний заалтуудыг баримтлахаас гадна дараахь нөхцөлийг заавал тусгана:
1. энэ хуулийн 58 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1, 2, 4 –т заасан болзол;
2. тусламж, үйлчилгээнд тавигдах мэргэжлийн стандарт,шаардлага нөхцөлийг ханган гүйцэтгэх.
6. Гүйцэтгэлийн гэрээний явцад төрийн өмчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг ашиглах шаардлага гарвал төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гүйцэтгэгчтэй төрийн өмчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ашиглах тухай тусгаар гэрээ байгуулна.
654 дүгээр зүйл. Нийгмийн салбарт тусламж, үйлчилгээг үзүүлэхэд ашиглагддаг төрийн өмчийн зориулалтын эд хөрөнгийг түрээсээр ашиглуулах
1. Нийгмийн салбарын төрийн өмчийн зориулалтын эд хөрөнгийг төрийн өмчийн оролцоогүй хуулийн этгээд, хувь хүнээр түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.
2. Түрээсийн гэрээний үндсэн дээр төрийн өмчийн эд хөрөнгийг ашиглах хуулийн этгээд, хувь хүнийг уралдаант шалгаруулалтын үндсэн дээр шалгаруулна.
3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан хуулийн этгээд, хувь хүнтэй гэрээ байгуулах, гэрээг дүгнэх ажлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, тухайн тусгай зориулалтын эд хөрөнгийг ашиглахтай холбогдсон асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
4. Нийгмийн салбарт тусламж үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэхэд энэ хуулийн 28 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсгийн заалт нэгэн адил хамаарана.
655 дугаар зүйл. Төсвийн санхүүжилтийг төлсөн хэмжээгээр төрийн эзэмшлийг бууруулж хувьчлах
1. Нийгмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж төсвөөс авах санхүүжилтийг төлсөн хэмжээгээр төрийн эзэмшлийг тодорхой хувиар бууруулж хуулийн этгээд, хувь хүнд хувьчилж болно.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хувьчлах хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар батална.
3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувьчлалд оролцох хуулийн этгээд, хувь хүнийг уралдаант шалгаруулалтаар шалгаруулна.
4. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан хуулийн этгээд, хувь хүнтэй гэрээ байгуулах, гэрээг дүгнэх ажлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, тухайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн харьяалах төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
5. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн эзэмшлийг хэдэн хувиар бууруулахыг тухайн хуулийн этгээд, хувь хүнтэй байгуулах гэрээнд заавал заана.

НАЙМДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТАД ТАВИХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ, БҮРТГЭЛ, ТООЦОО
66 дугаар зүйл. Хяналт шалгалтын тогтолцоо
1. Төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, ашиглалт, захиран зарцуулалтад тавих төрийн хяналт шалгалт нь Улсын Их Хурал, Засгийн газраас тавих ерөнхий хяналт, Төрийн хянан шалгах хороо, Сангийн яам болон төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлэх мэргэжлийн хяналт шалгалт, хуулийн этгээдийн дотоодын хяналт шалгалтаас бүрдэнэ.
2. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон эрх бүхий бусад байгууллагын захиалгаар төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, захиран зарцуулалтад хөндлөнгийн магадлан шалгалт хийлгэж болно.
3. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ талаархи хууль болон Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах үндсэн дээр өмчийн ашиглалт, захиран зарцуулалтад гүйцэтгэлийн болон баримтын байцаан шалгалт хийх, бүртгэлээр хяналт тавих зэргээр өмчийн хадгалалт, хамгаалалтад тавих системийн хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.
4. Сангийн яам нь төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран төрийн өмчит хуулийн этгээдийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаанд баримтын иж бүрэн шалгалтыг 2 жил тутам нэгээс доошгүй удаа заавал хийх ба шалгалтын дүнг хамтран хэлэлцэж шаардлагатай арга хэмжээ авна.
5. Эрх бүхий байгууллагууд тус тусын эрхлэх ажлын хүрээнд өмч хамгаалах асуудлаар төрийн өмчит хуулийн этгээдийн өмч хамгаалалтад санхүүгийн гэнэтийн сонгон шалгалт хийж болно.
67 дугаар зүйл. Дотоодын хяналт шалгалт
1. Төрийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч нь өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг төрийн өмнө хариуцна.
2. Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналт шалгалтыг тухайн хуулийн этгээдийн ерөнхий нягтлан бодогч хариуцна.
68 дугаар зүйл. Эд хариуцагч
1. Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг бүртгэн авч хадгалах, түүнийг нэр төрөл, чанар, бүрдлийн хувьд бүрэн бүтэн байлгах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тавьж олгох, үүрэг бүхий этгээдийг эд хариуцагч гэнэ.
2. Эд хариуцагчийн жагсаалт, эд хариуцагчаар сонгон авах журам, эд хариуцагчтай байгуулах гэрээний ерөнхий нөхцөлийг Засгийн газар тогтооно.
69 дүгээр зүйл. Төрийн өмчит хуулийн этгээдийн нягтлан бодох бүртгэл, бүртгэл тооцоо
1. Төрийн өмчит хуулийн этгээд нь анхан шатны бүртгэлийн баталгаажсан баримтыг үндэслэн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэл хөтлөн, тайлан тэнцлийг улирлаар зохиож Сангийн яаманд тушаана.
2. Заавал хөтлөх нягтлан бодох бүртгэлийн нийтлэг маягтаас гадна төрийн өмчийн хуулийн этгээдэд хөтлөгдвөл зохих мэдээ, тайлангийн маягт, аргачлалыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батлан мөрдүүлж болно.
3. Төрийн өмчит хуулийн этгээдийн ерөнхий нягтлан бодогч нь мэргэшсэн байх бөгөөд түүнийг Сангийн яамны зөвшөөрөлтэйгээр захирал томилно.
70 дугаар зүйл. Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн тооллого, түүний хугацаа
1. Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгө, үнэт цаас, мөнгөн хөрөнгийн тооллогыг дотоодын тооллого, улсын тооллого гэж хоёр хуваана.
2. Эд хөрөнгийн дотоодын тооллогыг төрийн өмчит хуулийн этгээдийн захиргаа эрхлэн дор дурдсан хугацаанд явуулж улирал, жилийн тайлан тэнцэлд тусгаж тайлагнана:
1. үндсэн хөрөнгө, дуусаагүй хөрөнгө оруулалт ба барилга угсралтын ажил, их засварын зардлын тооллогыг жилд нэг удаа /12 дугаар сарын 01-нээс 31-ний дотор/;
2. түүхий эд, материал, түлш, сэлбэг хэрэгсэл, бэлэн бүтээгдэхүүн, бараа, сав, баглаа боодлын тооллогыг жилд 2 удаа /6 дугаар сарын 1, 12 дугаар сарын 1-нээс/;
3. дуусаагүй үйлдвэрлэл, өөрийн үйлдвэрийн хагас боловсруулсан зүйл, үнэт цаасны тооллогыг улиралд 1 удаа / улирлын эцсийн сарын 25-наас/ ;
4. мөнгөн хөрөнгө, шатах, тослох материал болон жижиглэн худалдаалах газар /дэлгүүр, цайны газар, ресторан, бар, зочид буудал гэх мэт/-т байгаа бараа, сав, боодлыг сар бүр /сар бүрийн 1-нээр/;
5. ажлын болон өсвөр, үржил, тэжээлд байгаа мал, амьтдыг жилд 1 удаа /12 дугаар сарын 15-ны/;
6. гааль худалдааны, онцгой албан татвар, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын жилийн бусад татвар хураамжийн талаар улсын болон орон нутгийн төсөвтэй хийх тооцоог улиралд заавал 1 удаа хийх;
7. банкны байгууллагаас бүх төрлийн харилцах дансны хуулгыг авах бүрдээ дансны гүйлгээг шалгаж, улирал бүрийн дансны үлдэгдлийг батлах.
3. Дотоодын тооллогын тайлан тэнцлийн дүнг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага санхүү, статистикийн байгууллагатай хамтран улсын хэмжээгээр нэгтгэн гаргаж, дутагдсан эд хөрөнгийг нөхөн төлүүлэх, илүүдэл болон цаашид ашиглах боломжгүй болсон үндсэн эд хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, устгах зэрэг шаардлагатай арга хэмжээ авч Засгийн газарт тайлагнана.
4. Үндсэн хөрөнгийн, шаардлагатай гэж үзвэл эргэлтийн хөрөнгийн улсын үзлэг тооллогыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн 4 жилд 1 удаа Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа эхэлсэн анхны жилийн IV улиралд багтаан явуулна.
71 дүгээр зүйл. Эд хөрөнгийн тооллогын бэлтгэлийг хангах
1. Төрийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч, ерөнхий нягтлан бодогч нь тооллого эхлэхийн өмнө дараахь бэлтгэл хангасан байх үүрэгтэй:
1. үндсэн хөрөнгөд гарсан хөдөлгөөн, өөрчлөлтийг нягтлан бодохын дэлгэрэнгүй бүртгэлд тусгасан байх, техник, технологийн баримт бичгийг гүйцэд бүрдүүлсэн байх;
2. бараа, материал, үнэ бүхий зүйлийн орлого, зарлагыг цэгцлэн шалгаж, нэр төрлийн бүртгэлийг эд хариуцагч бүрээр хөтлүүлж тайлан гаргуулан үлдэгдлийн бүртгэлтэй тулган шалгасан байх;
3. агуулахад байгаа түүхий эд, материал, бэлэн бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгсэл зэрэг эд хөрөнгийг төрөлжүүлж, хураалт, хадгалалтыг цэгцэлсэн байх;
4. үйлдвэрлэлийн салбар, нэгжид байгаа хэрэгцээнээс илүү үндсэн хөрөнгийн зүйлс, түүхий эд, хагас боловсруулсан зүйл, бэлэн бүтээгдэхүүн ашиглаж болох хоёрдогч түүхий эд зэргийг агуулахад шилжүүлж гологдол болсон бүтээгдэхүүнийг шийдвэрлэсэн, гүйцэтгэсэн ажлын журнал хөтлүүлж, дуусаагүй ажлын хөрөнгө оруулалт ба барилга угсралтын ажлын хэмжээг тодорхойлсон байх;
5. мал, амьтныг эзэмшигч бүрээр тоолоход бэлтгүүлэх;
6. тооллогод хэрэглэгдэх хэмжих багаж, хэрэгслийг шалган баталгаажуулж бараа материалын үнийн болон хэвийн хорогдлын нормын жагсаалтыг үйлдсэн байх;
7. өмнөх тооллогоор тайлан тэнцлээс хасахаар шийдвэрлэсэн үндсэн хөрөнгө, түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүн, барааг худалдах, устгах зэргээр бүрэн шийдвэрлүүлж үр дүнг бүртгэлд тусгасан байх;
8. өр, авлагыг барагдуулах арга хэмжээ авч үлдэгдлийг тооцсон байх.
72 дугаар зүйл. Тооллогын комисс, түүний эрх,үүрэг
1. Төрийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч нь тооллого эхлэхээс өмнө өмч хамгаалалтад хяналт тавих үүрэг бүхий болон холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан Тооллогын комисс томилж байгуулна.
2. Тооллогын комисс байгуулах шийдвэрт тооллого эхлэх, дуусгах хугацааг тооллого явуулах салбар, нэгж бүрээр заасан байна.
3. Улсын тооллогын үед тооллогыг зохион байгуулах, тооллогын комиссын ажилд хяналт тавьж, туслах төлөөлөгчдийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага томилж ажиллуулна.
4. Тооллогын комисс дараахь үүрэгтэй:
1. эд хөрөнгийн тооллогыг тогтоосон хугацаанд үнэн зөв, чанартай явуулж дуусгах;
2. тоолсон эд хөрөнгийн үнийг бэлтгэн нийлүүлэгчийн дагалдах баримт, тухайн үеийн зах зээлийн үнийн жишигтэй тулган шалгаж, тооллогын бүртгэлд бичих;
3. агуулахын эмх цэгц, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, анхан шатны бүртгэлийн хөтлөлт, хэмжих хэрэгслийн баталгаажилт, урьдах тооллогоор өгсөн үүргийн биелэлт зэргийг тооллогын явцад шалгаж, дутагдлыг арилгах арга хэмжээ авах;
4. комиссын хурлаар тооллогын үр дүнг хэлэлцэж, тооллогын бүртгэлийг баталгаажуулж, холбогдох акт, материалын хамт ерөнхий нягтлан бодогчид тусгай жагсаалтаар шилжүүлэн өгөх;
5. эвдэрсэн, гэмтсэн, чанар байдлаа алдсанаас хэрэгцээнд тохирохгүй болсон тухайн үеийн зах зээлийн үнийн жишгээс хэт өндөр үнээр авсан, хэт доогуур үнээр борлуулсан үндсэн хөрөнгө, түүхий эд, бараа материалын үнэ бүхий зүйлийн жагсаалтыг илрүүлж гэм буруутай хүмүүсээр төлүүлэх буюу данснаас хасуулах тухай саналаа тавих.
5. Тооллогын комисс дараахь эрхтэй:
1. тооллого эхлэхийн өмнө эд хариуцагчаас эд хөрөнгийн орлого, зарлагын бүх баримтыг нягтлан бодогчид бүрэн шилжүүлсэн эсэхээр баталгаа гаргуулан авах ба нягтлан бодогч уг баримтуудыг хүлээн авсан эсэхийг шалгах;
2. тооллого явуулахын өмнө эд хариуцагчдын хариуцаж байгаа бараа материалын үнэ бүхий зүйл, мөнгөн касс, агуулахыг лацдаж ломбодох болон харуул хамгаалалтын талаар илэрсэн дутагдлыг арилгах арга хэмжээ авахыг холбогдох хүмүүст шаардах;
3. тооллогын явц дундуур түүхий эд, бараа материал, мөнгөн хөрөнгийг хүлээн авах, тавьж олгох явдлыг бүрэн зогсоох, харин байгууллагын хэвийн ажиллагааг тасалдуулахгүйн тулд тооллогын комиссын хяналтын дор зөвхөн үйлдвэрлэлийн хэрэгцээний зайлшгүй шаардлагатай түүхий эд, материалыг гаргах ба хүлээн авахыг зөвшөөрөх.
73 дугаар зүйл. Эд хөрөнгийн тооллого явуулах журам
1. Үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн тооллогоор бэлэн байгаа үлдэгдэл, нягтлан бодох бүртгэлээр байвал зохих үлдэгдлийн хоорондын зөрүүг дор дурдсан журмаар тохируулан тооцно:
1. эд хөрөнгийн хэвийн хорогдлын нормоос хэтрээгүй дутагдлыг үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд бичнэ;
2. нэг эд хариуцагчийн хариуцлагад байсан нэг нэр төрлийн адил үнэтэй бараа материалын үнэт зүйлийн илүү дутууг хооронд нь харьцуулж хааж болно;
3. нэр төрлийн материал үнэ бүхий зүйлийн дутагдлыг бусад үнэ бүхий зүйлийн илүүдлээр нэг эд хариуцагчаас гарсан дутагдлыг нөгөө эд хариуцагч дээр гарсан илүүдлээр, хоёр өөр хугацаанд гарсан нэг төрлийн адил үнэтэй зүйлийн дутагдлыг илүүдлээр хаахыг хориглоно. Харин тооллогоор илэрсэн илүүдлийг зохих дансанд орлого болгож илүүдэл гарсан шалтгааныг тогтооно;
4. үнэ бүхий зүйлийн хэвийн хорогдлын нормоос хэтэрсэн дутагдал, гэмтлээс гарсан хохирлыг тухайн үеийн зах зээлийн дундаж үнээр бодож гэм буруутай хүмүүсээр төлүүлнэ. Санаатайгаар идэж ашигласан буюу дутагдуулсан нь илэрвэл хуулийн этгээдийн эрх баригч уг хэргийг 7 хоногийн дотор хуулийн байгууллагад шилжүүлнэ.
2. Байгууллагын нягтлан бодогч нь үндсэн хөрөнгө, бараа материал, үнэ бүхий зүйлийн тооллогоор бэлэн байсан үлдэгдэл, гарсан зөрүүг тооллогын акт материал батлагдсанаас хойш 5 хоногийн дотор нягтлан бодох бүртгэлд тусгаж дансны үлдэгдлийг тулган шалгана.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЗҮЙЛС
74 дүгээр зүйл. Орон нутгийн өмчийн зүйлсийн тухай ойлголт
1. Орон нутгийн өмчийн зүйлс нь энэ хуулийн З дугаар зүйлд заасны дагуу нийтийн зориулалттай өмч, орон нутгийн өөрийн өмчөөс бүрдэнэ.
2. Орон нутгийн нийтийн зориулалттай өмчид тухайн орон нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгө хамаарна .
75 дугаар зүйл. Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах
Орон нутгийн өмчид эд хөрөнгийг дараахь хэлбэрээр олж авна:
1. энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1-4, 6 дахь заалт, 6.2, 6.3 дахь хэсэгт заасан хэлбэрээр бий болсон эд хөрөнгө;
2. төрийн өмчөөс хууль тогтоомжийн дагуу хуваарилж шилжүүлсэн эд хөрөнгө;
3. орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох ашгаар олж авсан эд хөрөнгө;
4. хуульд заасан бусад үндэслэлээр бий болсон эд хөрөнгө.
76 дугаар зүйл. Орон нутгийн өмчийг өмчлөх эрх дуусгавар болох
Орон нутгийн өмчийг өмчлөх эрх Иргэний хууль, бусад хуульд заасан үндэслэлээр дуусгавар болно.
77 дугаар зүйл. Орон нутгийн өмчийн талаархи иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна.
2. Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй:
1. орон нутгийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдлыг хянан шалгах буюу түүнд тавих хяналт шалгалтыг зохион байгуулах;
2. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг даргаас орон нутгийн өмчийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, үр ашгийн тайлан, нэгдсэн тооллогын дүнг жил бүр хэлэлцэж, дүгнэлт, чиглэл өгөх;
3. орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах. Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө;
4. орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих.
3. Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ.
4. Хурлын Тэргүүлэгчид нь тухайн хурлын хуралдааны чөлөөт цагт энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хариуцан тайлагнахаас гадна орон нутгийн өмчийн оролцоотой хувь нийлүүлсэн хуулийн этгээдэд өмчийн төлөөлөгчийг томилж түүний үйл ажиллагааг чиглүүлнэ.
78 дугаар зүйл. Орон нутгийн өмчийн талаархи Засаг даргын бүрэн эрх
1. Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй.
2. Хуульд өөрөөр заагаагүй бол Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах;
2. орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох;
3. орон нутгийн өмчийн төлөөлөгчийг томилох, өөрчлөх саналаа Хурлын Тэргүүлэгчдэд оруулах;
4. орон нутгийн өмчийн эд хөрөнгийн нэгдсэн бүртгэл хөтлөх, эд хөрөнгийн тооллого явуулах ажлыг зохион байгуулах;
5. орон нутгийн өмчит албан байгууллагыг шаардлагатай эд хөрөнгөөр хангах;
6. орон нутгийн өмчийн эд хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэргэжил, арга зүйн удирдлагын дор хувьчлах ажлыг зохион байгуулах;
7. нутгийн өмч эрхэлсэн ажилтан буюу албыг шуурхай удирдах.
79 дүгээр зүйл. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн эрх
Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь энэ хуулийн 14, 16, 17, 21 дүгээр зүйлд заасан эрх эдэлнэ.
80 дугаар зүйл. Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам
Орон нутгийн өмчийг эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн тавдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна.
81 дүгээр зүйл. Орон нутгийн өмчийг хувьчлах
1. Орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэр, журмыг энэ хуулийн зургадугаар бүлэгт заасныг удирдлага болгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шаардлагатай гэж үзвэл төрийн өмчийн хороонд захиалгаа өгч хувьчлах ажлыг хийлгэж болно.
3. Орон нутгийн өмчийн хувьчлалын орлогыг тухайн орон нутгийн төсөвт оруулна.

АРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
82 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
1. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
83 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийн зургадугаар бүлгийг 1996 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс, бусад бүлгийг 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх