1/ 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4.1.7-4.1.11 дахь заалт:
4.1.7.“Ахмад настны цогц үнэлгээ” гэж эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан ахмад настны бие бялдар, танин мэдэхүй, сэтгэлзүй, үйл ажиллагааны чадвар, нийгмийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, хэрэгцээний болон эрсдлийн зэргийг үнэлэх мэргэжлийн олон талт үйл ажиллагааг”;
4.1.8.“Ахмад настны цогц тусламж, үйлчилгээ” гэж энэ хуулийн 4.1.7-д заасан үнэлгээнд суурилан, ахмад настны хам шинж, асран хамгаалал, нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудлыг эрэмбэлэн хэрэгцээг тогтоож төлөвлөгөөний дагуу цогцоор үзүүлж, эргэн хянах үйл ажиллагааг”;
4.1.9.“ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээ” гэж ахмад настны асруулах эрэлт хэрэгцээ, нөхцөл байдалд үндэслэн өдрөөр, түр, урт хугацаанд байрлуулан асрах, байнга асрах төрөлжсөн асрамжийн, асралт гэр бүлээр асруулах, гэрээр асрах зэрэг бусад шаардлагатай үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагаар дамжуулан эсхүл хамтран төлбөртэй, төлбөрийн хөнгөлөлттэй, төлбөргүй нөхцөлөөр үзүүлэх үйл ажиллагааг;
4.1.10.”ахмад настанд үзүүлэх сэргээн засах үйлчилгээ” гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.21 дэх заалтад заасан сэргээн засах цогц үйл ажиллагааг ахмад настанд үзүүлэхийг;
4.1.11.“ахмад настанд үзүүлэх цогц тусламж, үйлчилгээний мэргэжлийн удирдлага” гэж ахмад настанд үйлчилгээ үзүүлж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтныг онол, арга зүй, мэргэшлийн хувьд удирдан чиглүүлэх, дэмжих, зөвлөн туслах, хөгжүүлэх үйл ажиллагааг.”
2/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7.1.10-7.1.12 дахь заалт:
"7.1.10.ахмад настны хөгжлийг дэмжих үйлчилгээ;
7.1.11.ахмад настны дасгал хөдөлгөөн, эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжих үйлчилгээ;
7.1.12.ахмад настанд үзүүлэх сэргээн засах үйлчилгээ."
3/ 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7.2.91, 7.2.11-7.2.14 дахь заалт:
"7.2.91.ахмад настанг орчин үеийн шинэ техник хэрэгсэл ашиглах, нийгэм, олон нийтийн хөгжлөөс хоцроохгүй байлгах чиглэлээр соёл урлаг, уран сайхан, гар урлал, хэвлэл нийтлэл, танин мэдэхүй,зэрэг чиглэлээр сургах, сонирхлын клуб, бүлэг ажиллуулан дэмжих.
7.2.11.аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан болон өрх, сум, тосгоны эмч нь байнгын асаргаа шаардлагатай ахмад настныг асарч байгаа иргэний эрүүл мэнд, ачааллыг үнэлэн, шаардлагатай бол тэднийг түр амраах, асруулагч ахмад настныг түр асрах төв, өдрийн асаргааны төв, сувилахуйн төвд түр байрлуулах, эрүүл мэндийн үйлчилгээ, хөнгөвчлөх эмчилгээнд хамруулах, эсхүл гэр бүлийн бусад гишүүдийн асрамжид шилжүүлэх талаар гэр бүл гишүүдтэй нь зөвшилцөн шийдвэрлэх;
7.2.12.энэ хуулийн 4.1.7, 4.1.8, 4.1.11, 7.1-д заасан заасан үнэлгээ, үйлчилгээ, мэргэжлийн удирдлагын заавар болон энэ хуулийн үйлчилгээ үзүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах журмыг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран баталж, хэрэгжүүлэх;
7.2.13.энэ хуулийн 7.1.6, 7.1.12-т заасан үйлчилгээг эрх бүхий байгууллагаас магадлан итгэмжлэл авсан эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагаар гүйцэтгүүлэх;
7.2.14. энэ хуулийн 4.1.7-д заасан үнэлгээнд ахмад настан сайн дурын үндсэн дээр орох бөгөөд үнэлгээг хийхдээ ахмад настанд чирэгдэлгүй байхыг анхааран, зарим тохиолдолд цахимаар хийх.”
4/ 7 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:
“7.8.Төрийн болон орон нутгийн өмчит барилга, байгууламжид байрлаж, энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг үзүүлж байгаа ахмадын өргөө, ахмадын төв, сэргээн засах төв, идэвхтэй насжилтыг дэмжих төв, дасгалын клуб, олон нийтийн төвийн барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засварын зардлыг орон нутгийн төсвөөс гэрээний үндсэн дээр хэсэгчлэн болон бүрэн санхүүжүүлнэ.”
5/ 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 9.1.4-9.1.7 дахь заалт:
“9.1.4.хөдөлмөрийн, боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран ахмад настан боловсролын байгууллагад ажиллах, насан туршийн боловсрол олгох чиглэлээр ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
9.1.5. хөдөлмөрийн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран сэргээн засалтын, идэвхтэй насжилтыг дэмжих болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр эрүүл мэндийн байгууллагад ахмад настныг ажиллахыг дэмжих хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
9.1.6.хөдөлмөрийн, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, байгаль орчин, аялал жуулчлалын зэрэг асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран үйлдвэржилтийг эрчимжүүлэх, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх болон бусад чиглэлээр УИХ-аас баталсан үндэсний хэмжээний бодлого, стратегийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ахмад настан хувиараа хөдөлмөр, өрхийн аж ахуй эрхлэхийг техник, технологи, хөрөнгө санхүүгээр дэмжих хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
9.1.7.энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг ахмад настан, ахмадын байгууллага, ахмад настны холбоо, сан, хоршоо, ахмадын оролцоотой байгууллага гэрээлэн гүйцэтгэхийг дэмжиж, энэ чиглэлээр хувиараа ажилласан ахмад настны цалин хөлсийг ажилласан цагаар, өдрөөр, сараар тооцон гэрээний дагуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон хууль тогтоомжийн дагуу бусад холбогдох сангаас санхүүжүүлэх.”
6/ 9 дүгээр зүйлийн 9.9-9.13 дахь хэсэг:
“9.9.Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж байгаа Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.3.4-т заасан тэтгэвэр авагч өөрөө хүсвэл ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тэтгэврийн даатгалд төлөх шимтгэл 8.5 хувийг Нийгмийн даатгалын санд төлөхгүй.
9.10.Төрийн албаны тухай хуулийн 27.4-т заасан нөхцөл үүссэн бол төрийн жинхэнэ албанд ажиллаж байсан, Ахмад настны тухай хуулийн 3.1, 3.2 дахь хэсэгт заасан иргэнийг мэргэжил, ур чадварыг нь харгалзан томилон ажиллуулж болно.
9.11.Аж ахуйн нэгж, байгууллага нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1–д заасан насанд хүрсэн ахмад настныг өөрөө хүсэлт гаргаагүй байхад нь тэтгэвэрт гарахыг шаардах, энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн гэрээ цуцлахыг хориглоно.
9.12.Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа хоёр хувиас доошгүй орон тоонд энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан иргэнийг хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөлтэй болон газрын доорх ажлын байрнаас бусад ажлын байранд ажиллуулна.”
7/ 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт:
“11.1.4.Ахмад настны талаарх иргэд, байгууллага, олон нийтийн ойлголт хандлагыг сайжруулах, ахмад настны хуримтлуулсан мэдлэг, туршлагыг залуу үедээ өвлүүлэх, тэднийг сонсох, ахмад настныг нийгэм, олон нийтийн дунд сайн сайхан ажиллаж, амьдрах нөхцөлийг дэмжих зорилгоор ахмадын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 01, ахмадын долоо хоногийг 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 07-ны өдрүүдэд тэмдэглэнэ. Бүх шатны Засаг дарга нар, аж ахуйн нэгж, төрийн ба төрийн бус байгууллагууд энэ өдрүүдэд дээрх зорилгод нийцсэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.“
8/ 13 дугаар зүйлийн 13.5-13.11 дэх хэсэг:
“13.5.Энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээ, 8.1.1, 8.1.2, 10.1.2-т заасан дэмжлэгийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн халамжийн сан, орон нутгийн төсвөөс болон ахмад настны оролцоотойгоор санхүүжүүлнэ.
13.6.Энэ хуулийн 13.5-д заасан үйлчилгээний жишиг үнэ, төлбөр, хөнгөлөлтийн хэмжээ, эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, нийгмийн халамжийн болон орон нутгийн төсвөөс хариуцах санхүүжилт болон иргэний хариуцах төлбөрийг нийгмийн хамгааллын, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран баталж, хэрэгжүүлнэ.
13.7.Энэ хуулийн 7.1 дэх хэсэгт заасан үйлчилгээнд зарцуулах хөрөнгө нь нийгмийн халамжийн сангаас ахмад настанд зориулан зарцуулах нийт хөрөнгөний 10 хувиас багагүй байна.
13.8. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ахмад настанд зарцуулах хөрөнгө нь эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн зардлыг оруулахгүйгээр тус сангийн тухайн жилийн нийт хөрөнгийн 10 хувиас багагүй байна.
13.9.Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-9.1.6-д заасан арга хэмжээг санхүүжүүлэх зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон боловсролын, эрүүл мэндийн, хөдөлмөрийн, байгаль орчны, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад тусган санхүүжүүлнэ.
13.10. Энэ хуулийн 8.1.2, 10.1.2-т заасан амралт, сувиллын үйлчилгээний хөнгөлөлт, зардлыг ижил хугацаанд нэг байгууллагад нийгмийн халамжийн болон эрүүл мэндийн даатгалын сангаас давхардуулан олгохгүй.
13.11.Энэ хуулийн 7.1, 8.1.1, 8.1.2, 10.1.2 болон 10.2-т заасан үйлчилгээг үзүүлэхдээ үйлчилгээг цахимжуулах, үйлчилгээний давхардлыг арилгах, гэрээт байгууллагын санхүүжилтийг гүйцэтгэлд үндэслэн бодитоор олгох зорилгоор ахмад настны биометрик мэдээллийг ашиглаж болно.”
9/ 14 дүгээр зүйлийн 14.9-14.11 дэх хэсэг:
“14.9.Аж ахуйн нэгж, байгууллага нь ахмадын сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байдал, мөнгөн хөрөнгийн зарцуулалтын талаар жил бүрийн 2 дугаар сарын 01-ний дотор харьяалагдах дээд байгууллагадаа тайлагнаж, хамт олондоо мэдээлнэ.
14.10.Ахмад настны нийгмийн болон хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлал, үл хайхрах, хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, таслан зогсоох, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хууль зүйн, хөдөлмөрийн, халамжийн, боловсролын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хяналтын нэгжүүд холбогдох асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
14.11.Их, дээд сургуульд нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, сувилагчийн мэргэжлээр суралцаж буй оюутны ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээний байгууллагад хийсэн сайн дурын ажлыг сургалтын хөтөлбөрийн дагуу хийх дадлагын ажлын цагт тооцож болно. Дадлагын цагт тооцох журмыг ахмад настны болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.”
10/ 15 дугаар зүйлийн 15.3-15.9 дэх хэсэг:
“15.3.Ахмад настны талаарх төрийн болон нутгийн захиргааны байгууллагын гүйцэтгэх зарим чиг үүргийг болон энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг Ахмадын байгууллагаар гүйцэтгүүлж, төсөл, арга хэмжээний зардлыг гэрээний үндсэн дээр хэсэгчлэн болон бүрэн санхүүжүүлж болно.
15.4.Ахмадын байгууллага нь энэ хуулийн 15.2-т заасан санхүүжилтийг авч энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээ, ахмад настны талаарх төрийн болон нутгийн захиргааны байгууллагын гүйцэтгэх зарим чиг үүргийг гүйцэтгэхдээ тухайн үйлчилгээний чиглэлээс хамааран нийгмийн халамжийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн, эрүүл мэндийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн, аймаг, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулан ажиллаж, үр дүн, санхүүжилтийн тайланг гэрээнд заасны дагуу тухай бүр тайлагнана.
15.5.Ахмадын байгууллага нь төрөөс ахмад настны талаар баримтлах бодлого, хууль тогтоомжид санал өгөх, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, оролцох, хяналт тавих, хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх, ахмадын мэдээллийн санг бүрдүүлэн, баяжуулж, дүгнэлт гаргана.
15.6. Ахмадын байгууллага нь Ахмад настны асрамж сувилал, үйлчилгээний байгууллагуудыг магадлан итгэмжлэх зөвлөл, хүний эрхийн иргэний зөвлөл, амьжиргаа дэмжих зөвлөл, хохирогчдын нөхцөл, аюулгүй байдлын үнэлгээ, зэрэглэл тогтоох ажлын хэсэг, зөвлөлүүдэд төлөөллөө оролцуулна.
15.7.Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилго бүхий төсөл, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ зэрэгт зориулагдах төсвийн санхүүжилтийг ахмадын байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлж болно.
15.8.Энэ хуулийн 15.2, 15.4, 15.7-д заасан гэрээ, хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, гэрээний хэрэгжилт, санхүүжилтийн тайлан нь олон нийтэд ил тод, нээлттэй байна.
15.9.50 ба түүнээс дээш ахмад настантай төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагын ахмадын зөвлөл тогтмол үйл ажиллагаатай, тухайн байгууллагыг ахмадуудтайгаа харилцах үндсэн чиг үүрэгт зөвлөх, туслах үүрэгтэй байх бөгөөд ахмад зөвлөлийн нэг ажилтныг орон тоондоо багтаан цалинжуулна.“
11/ 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг:
“16.3.Энэ хуулийн 14.7-д заасан ахмадын сангийн хуримтлал үүсгээгүй тохиолдолд төсөв захирагчид байгуулбал зохих ахмадын сангийн дүнгийн 0.3 хувиар торгууль ногдуулж Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно.”