Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 5-р сарын 26 өдөр
Ulaanbaatar city
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ИРГЭНИЙ ЖУРМААР НЭХЭМЖЛЭХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ /Анхдагч хууль/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилго
1.1.Энэ хуулийн зорилго нь төр, нийтийн зөрчигдсөн ашиг сонирхлыг сэргээх, учруулсан гэм хорыг арилгуулах үүднээс нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хурааж авах, нөхөн төлүүлэх эрх зүйн үндэслэл, журмыг тогтоох замаар нийтийн алба дахь авлигыг таслан зогсоох, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, авлигагүй нийтийн албыг бий болгоход оршино.
1.2.Энэ хуулийн зорилт нь нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх ажиллагаа (цаашид “хууль бус хөрөнгийг хураан авах ажиллагаа” гэх)-ны үндэслэл, журам болон эдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хууль тогтоомж
2.1.Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Авлигын эсрэг хууль , Иргэний хууль , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь нийтийн албан тушаалтны хууль ёсны орлогын эх үүсвэрээс давсан, түүний шууд болон шууд бус өмчлөл, эзэмшилд байгаа, нийтийн албан тушаал эрхэлж байх хугацаанд бий болсон, хууль ёсны эх үүсвэр тодорхойгүй, эсхүл хууль бус аргаар олж авсан эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогыг хурааж авах, нөхөн төлүүлэхэд үйлчилнэ.
3.2.Энэ хууль нь Авлигын эсрэг хуулийн 7.1-д заасныг зөрчиж олсон хөрөнгөд мөн адил хамаарна.
3.3.Энэ хуульд тухайлсан харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэхээр прокуророос шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх тус нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх шатанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“хууль бус орлого” гэж хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, эсхүл тайлбарласан нь нотлогдоогүй хөрөнгийг;
4.1.2.“хууль бус орлогоос бий болсон хөрөнгө” гэж хууль бус орлогын үр дүн, үр шимээр бий болсон хөрөнгө, хууль бус орлогоор олсон хөрөнгө, эдгээр хөрөнгийн үр шимээр олсон хөрөнгө, хууль бус орлогын хэлбэр өөрчлөгдөж хувирснаас бий болсон хөрөнгийг (хууль бус орлого хууль ёсны хөрөнгөтэй нийлж, хувирч, өссөн тохиолдолд хууль бус орлогоос бий болсон хэсгээр хязгаарлана);
4.1.3.“хууль бус хөрөнгө” гэж хууль бус орлого болон хууль бус орлогоос бий болсон хөрөнгийг ойлгох бөгөөд тухайн нөхцөл байдлаас үл хамааран хууль ёсны орлогоор олж авах үндэслэлгүй хөрөнгө, түүний иж бүрдэлд хамаарах хөрөнгө, энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө буюу дараа нь олж авсан, түүнчлэн тухайн хөрөнгийг ашигласнаас олсон, бий болсон хөрөнгө, орлогыг;
4.1.4.“хөрөнгө” гэж бүх төрлийн эдийн болон эдийн бус хөрөнгө буюу бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, эрх, бодит эсвэл биет бус, шилжих боломжтой эсвэл шилжих боломжгүй, үнэлэгдэх боломжтой эсвэл үнэлэгдэх боломжгүй үнэ өртөг бүхий ашиг, эсвэл эд зүйлс, орлого, эсвэл ямар нэгэн бараа болгон хувиргасан буюу холилдсон эд зүйлс, криптовалютыг;
4.1.5.“гуравдагч этгээд” гэж хууль бус хөрөнгийг шилжүүлж авсан, эсхүл хууль бус хөрөнгөтэй хөрөнгө нь нийлсэн, холилдсон хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг, эсхүл хууль бус хөрөнгийг хураан авах ажиллагаанд эрх ашиг нь хөндөгдөх тухайн нийтийн албан тушаалтны гэр бүлийн гишүүн, үр хүүхэд, төрөл, садангийн хүнээс бусад этгээдийг;
4.1.6.“хураан авах” гэж төр, нийтийн зөрчигдсөн ашиг сонирхлыг сэргээх, учруулсан гэм хорыг арилгуулах зорилгоор, энэ хуульд заасан үндэслэл, журмаар нийтий
4.1.7.“нөхөн төлүүлэх” гэж хууль бус хөрөнгө нь хураан авах боломжгүй тохиолдолд тухайн хууль бус хөрөнгийн үнийг төгрөгөөр тооцож гаргуулан улсын орлого болгохыг;
4.1.8.“нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-4.1.9-д заасан албан тушаалд ажиллаж байгаа болон ажиллаж байсан хүн, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах албан тушаалд ажиллаж байгаа болон ажиллаж байсан хүн буюу улсын болон орон нутгийн төсвөөс цалин хөлс авч ажилладаг, төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг албан тушаалтнаар томилогдон, эсхүл сонгогдон, түр болон байнгын орон тоон дээр ажиллаж байгаа болон ажиллаж байсан хүнийг;
4.1.9.“хамаарал бүхий этгээд” гэж энэ хуульд заасан гэр бүлийн гишүүн, үр хүүхэд, төрөл, садангийн хүн, нэгдмэл сонирхолтой этгээд, Эрүүгийн хуульд заасан төлөөний хүн, бэлэглэл, гэрээслэлээр хөрөнгө хүлээн авсан этгээдийг;
4.1.10.“нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтантай хамтран бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг хүн, хуулийн этгээд, эсхүл тухайн нийтийн албан тушаалтан хөрөнгөө үнэ төлбөргүй, эсхүл зах зээлийн үнээс доогуур үнээр шилжүүлсэн хүн, эсхүл хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг;
4.1.11.“төрөл, садангийн хүн” гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.5, 3.1.6-д заасан хүнийг;
4.1.12.“гэр бүлийн гишүүн” гэж эхнэр, нөхөр, үр хүүхэд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл жилд 180-аас доошгүй хоногийн хугацаанд хамт амьдарч буй 16 насанд хүрсэн хүнийг;
4.1.13.“үр хүүхэд” гэж төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд, ач, зээ, гуч, жичийг;
4.1.14.“хууль бус хөрөнгийг шалгах ажиллагаа(цаашид “хөрөнгө шалгах ажиллагаа” гэх)” гэж нийтийн албан тушаал эрхэлж байх хугацаанд нь нийтийн албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдэд хууль бус хөрөнгө бий болсон эсэхийг тогтоох, түүний хэмжээ болон хамаарал бүхий этгээдийн талаарх мэдээллийг олж авахад чиглэсэн ажиллагаа;
4.1.5.“хууль бус хөрөнгийг хураан авах ажиллагаа(цаашид “хөрөнгө хураан авах ажиллагаа” гэх)” гэж нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх зорилгоор хууль бус хөрөнгийг шалгах ажиллагаа, хууль бус хөрөнгө хураан авах, нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргах, хууль бус хөрөнгийг хураан авч, эсхүл нөхөн төлүүлж улсын орлого болгох ажиллагааг;
4.1.16.“хөрөнгө шалгах ажиллагааны оролцогч” гэж холбогдогч нийтийн албан тушаалтан, гуравдагч этгээд, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, мэргэжилтэн, иргэний нэхэмжлэгчийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ЗАРЧИМ, ҮНДЭСЛЭЛ
5 дугаар зүйл.Шударга ёсны зарчим
5.1.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогоогүй нь нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
5.2.Тухайн хууль бус хөрөнгөтэй холбогдох гэмт хэрэгт гэм буруугүйг нь шүүхээс тогтоосон, цагаадсан этгээдэд энэ хуулийн 5.2 дахь хэсэг хамаарахгүй.
5.3.Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого нь хууль ёсны эсэхэд цугларсан нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дүгнэлт хийж, шийдвэрлэнэ.
5.4.Хөрөнгө шалгах ажиллагаагаар шалгагдаж байгаа хөрөнгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шалгаж байгаа бол зөвхөн тухайн хөрөнгийг шалгах ажиллагааг түдгэлзүүлж, бусад хөрөнгийг шалгах ажиллагааг үргэлжлүүлнэ.
5.5.Нийтийн албан тушаалтны холбогдсон гэмт хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар хянан шийдвэрлэж прокурор хэрэг бүртгэлийг хаасан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн, эсхүл шүүхээс эрүүгийн хэргийг шийдвэрлэж шүүхийн шийтгэх тогтоол гаргахдаа гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураалгүйгээр, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг нөхөн төлүүлэх зорилгоор эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэлгүйгээр шийдвэрлэсэн нь нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх ажиллагааг явуулахад саад болохгүй.
5.6.Тухайн нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэж байгаа эсэх, нас барсан, оргон зайлсан эсэхээс үл хамааран хууль бус хөрөнгө хураан авах ажиллагааг явуулна.
6 дугаар зүйл.Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх үйл ажиллагааны зарчим
6.1.Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
6.1.1.нийтийн албан тушаалтны аливаа хөрөнгө хууль ёсны эх үүсвэртэй байх;
6.1.2.нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоос давсан хэмжээний хөрөнгийнхөө эх үүсвэрийг үндэслэл, нотолгоотой тайлбарлаж чадаагүй бол уг хөрөнгийг хууль бус гэж үзэх;
6.1.3.нийтийн албан тушаалтнаас хураан авсан, нөхөн төлүүлсэн хууль бус хөрөнгийг улсын орлого болгох, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;
6.1.4.хууль бус хөрөнгө хууль ёсны хөрөнгөтэй нийлсэн, холилдсоны үр дүнд бий болсон хөрөнгөөс зөвхөн хууль бус хэсгийг хураан авах;
6.1.5.хууль бус хөрөнгийг хураан авахдаа түүнийг хууль бус болохыг мэдээгүй, мэдэх боломжгүйгээр, хууль ёсны дагуу хийсэн, өв залгамжлал, бэлэглэл, гэрээслэлээс бусад хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан өмчлөгч, эзэмшигчийн эрхийг хамгаалах;
6.1.6.нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө хууль ёсоор бусдын өмчлөлд шилжсэн бол тухайн хөрөнгийг үнэлж нийтийн албан тушаалтнаар нөхөн төлүүлэх;
6.1.7.тухайн хөрөнгийг хууль бус болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, тухайн хөрөнгийг хураан авах;
6.1.8.нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах үндэслэлийг тодорхойлох, хураах ажиллагааны явцад шүүхэд талууд тэгш мэтгэлцэж оролцох эрхийг хангах;
6.1.9.хууль бус хөрөнгө бий болсон цаг хугацааг нийтийн албан тушаалтны албан тушаалын бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлсэн хугацаатай хамтатган авч үзэх;
6.1.10.хууль бус хөрөнгийг өв залгамжлал, бэлэглэл, гэрээслэлээр бусад этгээдэд шилжүүлсэн тохиолдолд түүнийг хүлээн авсан этгээд хууль бус хөрөнгө гэдгийг мэдээгүй байх нь хууль бус хөрөнгийг хураан авахад саад болохгүй;
6.1.11.аливаа этгээд тухайн хөрөнгийг хууль бусаар олж авсан, эсхүл хууль бусаар олж авсан хөрөнгөөс бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж тухайн хөрөнгийг шилжүүлж авсан бол тухайн этгээдээр нөхөн төлүүлэх;
6.1.12.нийтийн албан тушаалтантай холбогдолгүй хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө шалгах, хураан авах ажиллагаа явуулахгүй байх.
6.2.Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлогоос нь давсан хөрөнгийг энэ хуульд заасан мөрдөгч тогтоох бөгөөд нийтийн албан тушаалтан тухайн хөрөнгийг хууль ёсоор олсноо үндэслэл, нотолгоотой тайлбарлаж чадаагүй бол тухайн хөрөнгийг хууль бус хөрөнгө гэж үзнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААН АВАХ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ, ТУС АЖИЛЛАГААНЫ ОРОЛЦОГЧ
7 дугаар зүйл.Хууль бус хөрөнгийг хураан авах ажиллагааг хэрэгжүүлэгч
7.1.Хууль бус хөрөнгө хураан авах ажиллагааг шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагын мөрдөгч хэрэгжүүлнэ.
7.2.Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллага нь өөрсдөө илрүүлсэн хууль бус хөрөнгөд шалгах ажиллагаа явуулна.
7.3.Хууль бус хөрөнгийг хураан авах ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
8 дугаар зүйл.Шүүх
8.1.Шүүх нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх ажиллагааг хянан шийдвэрлэхдээ энэ хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлан явуулна.
9 дүгээр зүйл.Прокурор
9.1.Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Прокурорын тухай хуульд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
9.1.1.хууль бус хөрөнгө шалгах ажиллагаанд хяналт тавих;
9.1.2.шаардлагатай тохиолдолд ирүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлэгт Авлигатай тэмцэх газраар хяналт, дүн шинжилгээ хийлгэх;
9.1.3.нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргах.
9.2.Прокурор нь нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцоно.
10 дугаар зүйл.Мөрдөгч
10.1.Хөрөнгө шалгах ажиллагааг мөрдөгч (цаашид “мөрдөгч” гэх) хуульд заасны дагуу явуулах бөгөөд дараах эрхтэй:
10.1.1.хууль бус хөрөнгө шалгах ажиллагаа явуулах хэрэг нээх;
10.1.2.хөрөнгө шалгах тодорхой төрлийн ажиллагаа явуулах санал прокурорт гаргах;
10.1.3.прокурорын зөвшөөрөл авахаар хуульд зааснаас бусад тохиолдолд хууль бус хөрөнгийг шалгах ажиллагааг бие даан явуулах;
10.1.4.хууль бус хөрөнгө шалгах ажиллагаанд ач холбогдол бүхий этгээдийг дуудан ирүүлэх;
10.1.5.шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох;
10.1.6.оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх;
10.1.7.шалгах ажиллагааны хэргийг хаасан прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл 5 хоногийн дотор дээд шатны прокурорт бичгээр санал гаргах;
10.1.8.прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулахаар эрх бүхий байгууллагад даалгавар бичиж, гүйцэтгүүлэх;
10.1.9.өөр нутаг дэвсгэрт шалгах ажиллагаа явуулах шаардлага гарвал энэ тухай даалгаврыг бичгээр хүргүүлэх ба түүнийг хүлээн авсан эрх бүхий байгууллага даалгаврыг заасан хугацаанд биелүүлж, хариуг цугларсан нотлох баримтын хамтаар ирүүлэх;
10.1.10.хуульд заасан бусад эрх.
10.3.Мөрдөгч хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадлага хэрэглэж болно.
11 дүгээр зүйл.Өмгөөлөгч
11.1.Нийтийн албан тушаалтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах зорилгоор хууль бус хөрөнгө шалгах ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулах бөгөөд өмгөөлөгч дараах эрхтэй:
11.1.1.нийтийн албан тушаалтантай ганцаарчлан уулзах, түүнээс тайлбар, мэдүүлэг авахад байлцах, асуулт тавих;
11.1.2.хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны явцад шинжээчээс мэдүүлэг авахуулахаар хүсэлт гаргах;
11.1.3.хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах;
11.1.4.хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурорт гаргаж өгөх, түүнийг хэрэгт бэхжүүлж тусгуулах, хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны явцад тодорхой төрлийн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах;
11.1.5.өмгөөлж байгаа нийтийн албан тушаалтны хүсэлтээр хийгдэж байгаа хууль бус хөрөнгө шалгах ажиллагаанд байлцаж, асуулт тавих, хүсэлт гаргах;
11.1.6.өөрийн оролцсон хөрөнгө шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулах тухай хүсэлт гаргах;
11.1.7.хөрөнгө шалгах ажиллагааны явцад өөрсдийнх нь зөвшөөрснөөр хүн, хуулийн этгээдээс хэрэгт ач холбогдол бүхий тайлбар, баримт бичиг, лавлагаа, тодорхойлолт гаргуулж авах;
11.1.8.мөрдөгч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлт гаргах;
11.1.9.хөрөнгө шалгах ажиллагааны хэргийг хаасан, эсхүл хөрөнгө хураах, нөхөн төлүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэргийн материалтай танилцаж, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах;
11.1.10.шүүх хуралдаанд оролцох;
11.1.11.мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах;
11.1.12.анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох;
11.1.13.хөрөнгө хураан авах ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчийн хууль зөрчиж оролцогчид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх санал гаргах;
11.1.14.хуульд заасан бусад эрх.
11.2.Өмгөөлөгч нь шүүх, прокурор, мөрдөгчийн товлосон хугацаанд хүрэлцэн ирж хөрөнгө шалгах ажиллагаанд оролцоно. Хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй бол энэ тухай урьдчилж мэдэгдэнэ.
11.3.Өмгөөлөгч тухайн нийтийн албан тушаалтны өмгөөлөгчөөр оролцох болсноо үйлчлүүлэгчийн бичгээр үйлдсэн хүсэлт, гэрээгээр баталгаажуулж, шүүх, прокурор, мөрдөгчид бичгээр мэдэгдэнэ.
11.4.Өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээсээ татгалзаж болохгүй.
12 дугаар зүйл.Холбогдогч
12.1.Хууль бус хөрөнгө байгаа гэх хангалттай үндэслэл бүхий нийтийн албан тушаалтныг хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны холбогдогч гэх бөгөөд холбогдогч дараах эрхтэй:
12.1.1.ямар хууль бус хөрөнгөтэй холбогдуулан шалгах ажиллагаа явуулж байгааг мэдэх;
12.1.2.өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах;
12.1.3.шалгаж байгаа хөрөнгөтэй холбогдуулан тайлбар гаргах;
12.1.4.хөрөнгө шалгах ажиллагааны явцад баримт сэлт, нотлох баримт гаргаж өгөх, эсхүл зааж өгөх;
12.1.5.мэдүүлэг өгөхөөс татгалзах;
12.1.6.гомдол, хүсэлт гаргах;
12.1.7.өөрийнх нь хүсэлтээр хийгдэж байгаа хөрөнгө шалгах ажиллагаанд оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах;
12.1.8.хөрөнгө шалгах ажиллагааны явцад шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлттэй, хөрөнгө шалгах ажиллагаа дууссаны дараа хэргийн материалтай танилцах.
12.2.Холбогдогч дараах үүрэгтэй:
12.2.1.шүүх, прокурор, мөрдөгчийн мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх;
12.2.2.шүүх хуралдааны дэгийг сахих;
12.2.3.хөрөнгө шалгах ажиллагааны явцад тухайн хөрөнгийг хууль ёсоор олж авсан талаар тайлбар гаргах, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;
12.2.4.хөрөнгө хураан авах ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх, шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
12.2.5.бусад оролцогчид нөлөөлөхгүй байх.
12.3.Холбогдогч энэ зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь хуульд заасны дагуу албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
12.4.Холбогдогчийг шүүхийн шатанд зохигч буюу хариуцагч гэх бөгөөд шүүхийн шатанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцоно.
13 дугаар зүйл.Гэрч
13.1.Хөрөнгө шалгах ажиллагаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.
13.2.Гэрч шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.
13.3.Гэрч дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлнэ.
13.4.Гэрч хөрөнгө шалгах ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
13.5.Аюулгүй байдлаа хангуулах талаарх хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргана.
13.6.Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.
13.7.Мэдүүлэг авахаас өмнө энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө.
14 дүгээр зүйл.Иргэний нэхэмжлэгч
14.1.Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгөтэй холбоотой хэлцэл хийсний улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гуравдагч этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.
14.2.Иргэний нэхэмжлэгч нь холбогдогч нийтийн албан тушаалтнаас өөрт учирсан хохирлыг гаргуулахаар иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тус нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.
14.3.Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно.
14.4.Хөрөнгө хураан авах ажиллагааны явцад гаргасан иргэний нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.
14.5.Иргэний нэхэмжлэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.8, 1.10, 1.11-д заасан эрх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 27 дугаар заасан эрх, үүрэг нэгэн адил хамаарна.
14.6.Иргэний нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг тухайн хууль бус хөрөнгө хураан авах ажиллагаа шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхгүй.
14.7.Иргэний нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж болно.
14.8.Энэ хуулийн 14.2-т заасан үндэслэл байхгүй бол иргэний нэхэмжлэл гаргасан хүн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах, иргэний нэхэмжлэгчээр тогтоохоос үндэслэл бүхий шийдвэр гарган татгалзаж болох ба энэхүү шийдвэрт гомдол гаргах журмыг иргэний нэхэмжлэл гаргагчид тайлбарлана.
14.9.Хөрөнгө шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр тогтоохоос татгалзсан нь шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх шатанд тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
14.10.Иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй. Нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг мөрдөгч, прокурор хөрөнгө хураан авах ажиллагааны аль ч үед хүлээн авах ба энэ тухай тогтоол гаргана.
14.11.Нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг хөрөнгө хураан авах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах ба хэрэв бичгээр гаргасан бол хэрэгт хавсаргана.
15 дугаар зүйл.Шинжээч
15.1.Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49.1-д заасан эрхээс гадна дараах эрхийг эдэлнэ:
15.1.1.прокурор, мөрдөгчийн зөвшөөрснөөр шинжилгээ хийхтэй холбоотой асуудлаар оролцогчид асуулт тавих, тодруулга хийх;
15.1.2.дүгнэлт гаргахад хэрэгцээтэй нэмэлт баримт ирүүлэх талаар прокурор, мөрдөгчид хандаж хүсэлт гаргах;
15.1.3.өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангуулах талаарх хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах.
15.2.Шинжээч нь прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана.
15.3.Дүгнэлт гаргасан шинжээч нь мэдүүлэг авахаар шүүх, прокуророос дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг хуульд заасны шүүхийн шийдвэрээр албадан ирүүлнэ.
15.4.Шинжээч нь хараат бусаар, үнэн зөв дүгнэлт гаргах, хөрөнгө хураан авах ажиллагааны нууцлалыг задруулахгүй байх үүрэгтэй.
15.5.Шинжээч тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхисон, эсхүл тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, эсхүл худал дүгнэлт гаргасан бол хуульд заасан хариуцлага хүлээнэ.
16 дугаар зүйл.Мэргэжилтэн
16.1.Хөрөнгө хураан авах ажиллагааны явцад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө авах зорилгоор тусгай мэдлэг, эсхүл туршлага бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр мэргэжилтнээр оролцуулж болно.
16.2.Мэргэжилтэн дараах эрхтэй:
16.2.1.өөрийн оролцож байгаа ажиллагаатай холбогдуулан асуулт тавих;
16.2.2.техник хэрэгсэл, төхөөрөмж ашиглах;
16.2.3.өөрийн оролцсон ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах, засвар оруулах хүсэлт гаргах;
16.2.4.гүйцэтгэсэн ажлын хөлс, зардлыг авах /албан үүргийнхээ хувиар оролцсон бол энэ заалт хамаарахгүй/;
16.2.5.өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангуулах хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах.
16.3.Мэргэжилтэн дараах үүрэгтэй:
16.3.1.шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирж, өөрийн оролцсон хөрөнгө шалгах ажиллагаатай холбогдуулан мэдүүлэг өгөх;
16.3.2.өөрийн оролцсон хөрөнгө шалгах ажиллагаатай холбоотой асуудлаар оролцогчийн асуултад хариулах, тайлбарлах;
16.3.3.өөрийн оролцсон хөрөнгө хураан авах ажиллагааны нууцлалыг задруулахгүй байх.
17 дугаар зүйл.Орчуулагч, хэлмэрч
17.1.Монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлийн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан тохиолдолд шүүх, прокурор, мөрдөгч нь орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг, чадвартай хүнийг орчуулагч, хэлмэрчээр томилно.
17.2.Орчуулагч, хэлмэрч дараах эрхтэй:
17.2.1.өөрийн оролцсон ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулах хүсэлт гаргах;
17.2.2.орчуулах, хэлмэрчлэх мэдлэг, чадвар хүрэхгүй бол оролцохоос татгалзах;
17.2.3.гүйцэтгэсэн ажлын хөлс, зардлыг авах.
17.3.Орчуулагч, хэлмэрч дараах үүрэгтэй:
17.3.1.шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсан цагт хүрэлцэн ирж орчуулах, хэлмэрчлэх;
17.3.2.үнэн зөв орчуулж, хэлмэрчлэх;
17.3.3.баримт бичиг, эсхүл түүний оролцоотой явагдсан хөрөнгө шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлд үнэн зөв орчуулж, хэлмэрчилснийг баталж гарын үсэг зурах;
17.3.4.хэлмэрчлэх, орчуулах явцад мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэл, хэргийн талаарх баримт, мэдээллийг задруулахгүй байх;
17.3.5.хөрөнгө хураан авах ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих.
17.4.Орчуулагч, хэлмэрч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүргээ биелүүлээгүй, эсхүл санаатай зөрчсөн бол хуульд заасан хариуцлага хүлээнэ.
17.5.Энэ зүйлд заасан журам нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүний дохионы хэлийг мэдэх хэлмэрчид нэгэн адил хамаарна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААН АВАХ АЖИЛЛАГААНД ХҮСЭЛТ, ГОМДОЛ ГАРГАХ
18 дугаар зүйл.Хүсэлт, гомдол гаргах
18.1.Хөрөнгө хураан авах ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй.
18.2.Хөрөнгө хураан авах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзсэн оролцогч, гуравдагч этгээд нь шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гомдол гаргах эрхтэй.
18.3.Хүсэлт, гомдлыг хөрөнгө хураан авах ажиллагааны аль ч үед гаргаж болно.
19 дүгээр зүйл.Хүсэлт, гомдол гаргах журам
19.1.Шүүх, прокурорын шийдвэрт энэ хуульд заасан хугацаанд гомдол гаргаж болно.
19.2.Хүсэлтэд тогтоолгох үйл явдал, гаргуулах шийдвэрийн талаар заана.
19.3.Хүсэлтийг тухайн ажиллагаа явуулж байгаа шүүх, прокурор, мөрдөгчид гаргах ба гомдлыг хуульд заасны дагуу хяналт тавих, шийдвэр гаргах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргана.
19.4.Хүсэлт, гомдлыг амаар, эсхүл бичгээр гаргах ба амаар гаргасан бол тэмдэглэлд тусгаж, хүлээн авсан албан тушаалтан, хүсэлт, гомдол гаргагч гарын үсэг зурна.
19.5.Хүсэлт, гомдлыг хангаагүй нь хөрөнгө хураан авах тухайн ажиллагаа болон бусад ажиллагааны үед хүсэлт, гомдол дахин гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
20 дугаар зүйл.Хүсэлтийг шийдвэрлэх
20.1.Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь хөрөнгө хураан авах ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана.
20.2.Хүсэлтийг хангах үндэслэл нь тодорхой бол даруй, шалгах шаардлагатай тохиолдолд түүнийг гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ.
21 дүгээр зүйл.Гомдлыг шалган шийдвэрлэх нийтлэг журам
21.1.Энэ хуульд заасан албан тушаалтны талаар гаргасан гомдлыг тухайн албан тушаалтны шийдвэр, ажиллагаанд хяналт тавих албан тушаалтан хүлээн авч, гомдолд дурдсан үндэслэлийг тал бүрээс нь хянаж, шаардлагатай бол нэмэлт баримт гаргуулж, тайлбар авч болно.
21.2.Гомдлыг хянан шийдвэрлэх албан тушаалтан бүрэн эрхийнхээ хүрээнд гомдол гаргагчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авна.
21.3.Хууль бус шийдвэр, ажиллагааны улмаас гомдол гаргагчийн эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учирсан бол энэ хуульд заасан журмын дагуу хохирлоо арилгуулахаар хандах эрхтэй болохыг түүнд тайлбарлана.
22 дугаар зүйл.Мөрдөгч, прокурорын шийдвэр, ажиллагаанд гаргасан гомдлыг хянах
22.1.Оролцогч нь мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гаргах гомдлыг хяналт тавьж байгаа прокурорт, хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргана.
22.2.Гомдлыг хүлээн авсан прокурор 14 хоногийн дотор, нэмэлт материал шалгах, эсхүл бусад арга хэмжээ авах бол 21 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ.
22.3.Гомдлыг хянасан албан тушаалтан, прокурорын зүгээс мөрдөгч, прокурорын шийдвэр, ажиллагааг хүчингүй болгох, өөрчлөх, эсхүл гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай шийдвэр гаргана.
23 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрт гомдол гаргах
23.1.Прокурор, оролцогч хөрөнгө хураан авах ажиллагааны явцад гаргасан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг албажуулж гардуулсан өдрөөс 3 хоногийн дотор гомдол гаргаж болно.
24 дүгээр зүйл.Хүсэлт, гомдлыг хэргийн материалд хавсаргах
24.1.Энэ хуульд заасны дагуу гаргасан хүсэлт, гомдол, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн баримт, тэмдэглэл, холбогдох бүх материалыг хэргийн материалд хавсаргана.
ТАВДУГААР БҮЛЭГ
ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААН АВАХ АЖИЛЛАГААНЫ НОТЛОХ БАРИМТ
25 дугаар зүйл.Нотлох баримт
25.1.Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан баримтат мэдээлэл нь нотлох баримт болно.
25.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Авлигын эсрэг хууль, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцно.
26 дугаар зүйл.Нотлох баримт цуглуулах
26.1.Мөрдөгч, прокурор хөрөнгө шалгах ажиллагаа явуулахдаа хаалттай болон хязгаарлалттай мэдээлэл агуулсан баримт бичиг, мэдээллийг цуглуулсан бол мэдээллийг хамгаалахад шаардлагатай арга хэмжээг авна.
26.2.Мөрдөгч нь прокурорын зөвшөөрлөөр нотариат, банк, даатгалын болон арилжааны нууц, банк, банк бус санхүүгийн байгууллага дахь гүйлгээ, зээлийн нэмэлт мэдээлэл гаргуулан авна.
26.3.Прокурор саналыг хүлээн авснаас хойш даруй зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ. Татгалзсан шийдвэр гаргасан тохиолдолд үндэслэлийг тогтоолд тодорхой зааж өгнө.
26.4.Энэ хуулийн 26.2-т заасан мэдээллийг гаргаж өгсөн этгээд нь тухайн ажиллагаа явуулсан нууцлалыг хангах үүрэгтэй бөгөөд зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээнэ.
27 дугаар зүйл.Нотлох баримтыг үнэлэх
27.1.Шүүх нь хөрөнгө шалгах ажиллагаанд цугларсан, хөрөнгө шалгах ажиллагаагаар шалгагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргана.
27.2.Холбогдогч хөрөнгө шалгах ажиллагааны явцад шалгагдаж байгаа хөрөнгөтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх, зааж өгөх эрхтэй.
27.3.Хууль ёсны орлогоос давсан хөрөнгийнхөө эх үүсвэрийг хууль ёсны болохыг нийтийн албан тушаалтан тайлбарлаж чадаагүй нь хууль бус хөрөнгө гэж үзэх үндэслэл болно.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ШАЛГАХ АЖИЛЛАГАА
28.1.Хууль бус хөрөнгийг шалгах ажиллагаа (цаашид “хөрөнгө шалгах ажиллагаа” гэх)-г дараах үндэслэлээр явуулна:
28.1.1.нийтийн албан тушаалтан холбогдсон, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг хянан хэлэлцсэн шүүхийн шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг нь хураагаагүй, эсхүл хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглээгүй бөгөөд хууль бус хөрөнгө байна гэж үзэх хангалттай үндэслэл байвал;
28.1.2.энэ хуульд заасан хууль бус хөрөнгө байгаа гэж үзэх хангалттай үндэслэл байгаа боловч дараах үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй болсон тохиолдолд:
28.1.2.a.Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан;
28.1.2.б.Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдсан;
28.1.2.в.хөөн хэлэлцэх хугацаа дууссан;
28.1.2.г.яллагдагч нас барсан;
28.1.2.д.яллагдагч сураггүй алга болсон, эсхүл оргон зайлсан;
28.1.3.нийтийн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд хууль бус хөрөнгө өмчилж, эзэмшиж, ашиглаж байна гэх хангалттай нөхцөл байдал үүссэн бол.
29 дүгээр зүйл.Хөрөнгө шалгах ажиллагааны хамрах хугацаа
29.1.Прокурор нь хөрөнгө шалгах ажиллагааны явцад мэдэгдэж буй нөхцөл байдлыг үндэслэн хөрөнгө шалгах ажиллагаа явуулах тухай шийдвэр гаргахдаа хөрөнгө шалгах ажиллагаанд 2002 оны 9 сарын 01-ний өдрөөс хойш, тухайн холбогдогч нийтийн албан тушаал эрхэлж байх хугацаанд түүний болон түүний хамаарал бүхий этгээдийн өмчлөлд, эзэмшил, ашиглалтад бий болсон хууль ёсны орлогоос давсан хөрөнгийг хамруулна.
29.2.Хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тооцно.
30 дугаар зүйл.Хөрөнгө шалгах ажиллагааг эхлүүлэх
30.1.Хөрөнгө шалгах мөрдөгч нь гомдол, мэдээллээр болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, иргэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, эсхүл мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хөрөнгийг шалгах үндэслэл илэрснийг мэдэгдсэн даруй хөрөнгийг шалгах ажиллагааг явуулахаар холбогдох баримт бичиг, мэдээллийн хамт прокурорт хөрөнгө шалгах ажиллагаа явуулах тогтоол (цаашид “тогтоол” гэх) гаргах санал хүргүүлнэ.
30.2.Тогтоол гарснаас хойш нэн даруй харьяа прокурорын байгууллагын орлогч прокурорт хүргүүлэх бөгөөд тогтоолыг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор харьяаллын дагуу шилжүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.
30.3.Тогтоолыг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт нэн даруй санал хүргүүлэх бөгөөд дээд шатны прокуророос долоо хоногийн дотор тогтоол гаргаж шийдвэрлэнэ.
30.6.Энэ хуулийн 30.1-д заасан баримт бичиг, мэдээлэл нь албаны нууцад хамаарна.
30.7.Прокурор хөрөнгө шалгах ажиллагааг явуулах тогтоолд хууль бус хөрөнгийг шалгах үндэслэл, хууль бус хөрөнгийг өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа этгээдийн мэдээллийг тодорхой тусгана.
30.8.Харьяаллын дагуу шилжүүлсэн баримт бичиг, мэдээлэлд дурдаагүй хууль бус хөрөнгө нэмж илэрсэн тохиолдолд тухайн хөрөнгөд холбогдуулан шалгах ажиллагааг хамтад нь явуулна.
30.9.Хөрөнгө шалгах ажиллагааны явцад нийтийн албан тушаалтан, эсхүл түүний хамаарал бүхий этгээдийн хөрөнгө, зардал, хууль ёсны орлого, амьжиргааны зардал, өвлөсөн хөрөнгийн нотолгоо, гуравдагч этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, нөхөн төлбөрийн талаар болон бусад шаардлагатай баримтыг цуглуулна.
30.10.Хөрөнгө шалгах ажиллагааг прокурорын тогтоолоор эхлүүлэх бөгөөд прокурор хөрөнгө шалгах ажиллагаанд хяналт тавина.
30.11.Энэ хуульд заасан баримтыг прокурорын даалгавраар, эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар цуглуулна.
30.12.Баримт нотолгоо болох эд зүйлийг түр хугацаагаар хурааж авч болно.
30.13.Өмчийн хэлбэр үл харгалзан бүх хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, иргэн хөрөнгө шалгах ажиллагаа явуулах боломжийг олгож, холбогдох баримт, мэдээллийг төрийн болон албаны нууц, хувь хүн, хуулийн этгээдэд хамаарах эсэхээс үл хамааран саадгүй гаргаж өгөх үүрэгтэй.
31 дүгээр зүйл.Хөрөнгө шалгах тодорхой төрлийн ажиллагаа
31.1.Мөрдөгч хөрөнгө шалгах ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.
31.2.Хөрөнгө шалгах ажиллагаа нь прокурорын зөвшөөрлөөр явуулах ажиллагаа, мөрдөгчийн бие даан явуулах ажиллагаанаас бүрдэнэ.
31.3.Мөрдөгч нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах, тодорхой төрлийн мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулна.
31.4.Түр хураан авсан хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Хөрөнгө хамгаалах албанд шилжүүлэх ажиллагааг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.
32 дугаар зүйл.Үзлэг хийх
32.1.Хөрөнгө шалгах ажиллагаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох, тодруулах зорилгоор хүний бие, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан, тодорхой газар, орон байранд үзлэг хийнэ.
33 дугаар зүйл.Нэгжлэг хийх
33.1.Мөрдөгч хөрөнгө шалгах ажиллагаанд ач холбогдолтой баримт бичиг, эд зүйл, эсвэл нотлох баримт байна гэх хангалттай үндэслэл байвал тэдгээрийг илрүүлэхээр прокурорын зөвшөөрөлд заасан орон байр, бусад газар, хүний биед нэгжлэг хийнэ.
34 дүгээр зүйл.Тайлбар, мэдүүлэг
34.1.Мөрдөгч нь холбогдогч, гэрч, шинжээч, мэргэжилтэн, бусад оролцогчоос хөрөнгө шалгах ажиллагаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар, шинжээч, мэргэжилтнээс гаргасан дүгнэлт, оролцсон ажиллагааных нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор тайлбар, мэдүүлэг авч болно.
35 дугаар зүйл.Тайлбар, мэдүүлгийг газар дээр нь шалгах
35.1.Илэрсэн нөхцөл байдлыг шалгах, тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн тайлбар, мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор тайлбар, мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно.
36 дугаар зүйл.Таньж олуулах
36.1.Мөрдөгч хөрөнгө шалгах ажиллагаанд ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоох, тодруулах зорилгоор хүн, мал, амьтан, эд зүйл, тодорхой газар, орон байрыг таньж олуулж болно.
37 дугаар зүйл.Шинжилгээ хийлгэх
37.1.Хөрөнгө шалгах ажиллагааны явцад эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.
38 дугаар зүйл.Эд хөрөнгө битүүмжлэх
38.1.Хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх зорилгоор нийтийн албан тушаалтны хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ.
39 дүгээр зүйл.Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах
39.1.Мөрдөгч хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байвал прокурорын зөвшөөрлөөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах ажиллагааг явуулна.
40 дүгээр зүйл.Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах
40.1.Мөрдөгч хаалттай болон хязгаарлалттай мэдээлэл эсэхээс үл хамааран эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий аливаа мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргуулан авна.
41 дүгээр зүйл.Түр хураан авах
41.1.Хөрөнгө шалгах ажиллагааны явцад хууль бус байж болзошгүй хөрөнгийг хойшлуулшгүй тохиолдолд мөрдөгч түр хураан авч болно.
41.2.Энэ хуулийн 41.1-д заасны дагуу мөрдөгч хөрөнгийг түр хураан авсан тохиолдолд тус ажиллагааны тухай прокурорт нэн даруй мэдэгдэж, 3 хоногийн дотор шүүхээр шийдвэрлүүлнэ.
41.3.Дараах үндэслэлээр буюу хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд түр хураан авахад мөрдөгч, прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.
41.3.1.хөрөнгийг устгах, захиран зарцуулах, өмчлөгч, эзэмшигчийг өөрчлөх;
41.3.2.хөрөнгийн үнэд илтэд нөлөөлөх бодит нөхцөл бий болсон;
41.3.3.хөрөнгийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглах боломжтой;
41.3.4.тухайн хөрөнгө үрэгдэх, тоногдох, шинж чанарыг өөрчлөх болон хөрөнгийг цаашид хураах боломжгүй болгох бусад эрсдэл байвал.
41.4.Түр хураан авах тухай тогтоолд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн мэдээлэл, хөрөнгийн талаарх мэдээлэл, хөрөнгийн баримт бичиг, хууль бус хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй нөхцөл байдал, тухайн хөрөнгийг түр хураан авах шаардлага, нөхцөл байдлын талаар тусгана.
42 дугаар зүйл.Түр хураан авсан хөрөнгийн хадгалалт, хамгаалалт
42.1.Хөрөнгө шалгах ажиллагааны явцад түр хураан авсан хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Хөрөнгө хамгаалах албанд хариуцуулахаар шүүхийн шийдвэрийн хамт хүлээлгэн өгнө.
42.2.Энэ хуулийн 42.1-д заасан шийдвэрийг прокурор хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч, ашиглагч, холбогдогч, түүний өмгөөлөгчид 5 хоногийн дотор танилцуулна.
42.3.Түр хураан авсан хөрөнгө нь хууль ёсоор олж авсан болох нь тогтоогдвол шүүгчийн захирамжаар эзэмшигч, өмчлөгч, ашиглагчид нь буцаан олгоно.
43 дугаар зүйл.Тодорхой төрлийн ажиллагаа явуулах журам
43.1.Үзлэг хийх, нэгжлэг хийх, тайлбар, мэдүүлэг авах, тайлбар, мэдүүлгийг газар дээр нь шалгах, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, эд хөрөнгө битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах, мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримтлан явуулна.
43.2.Түр хураан авах ажиллагааг энэ хуульд заасан журмаар явуулна.
44 дүгээр зүйл.Хөрөнгө шалгах ажиллагааны баримт бичиг
44.1.Хөрөнгө шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын явцад үйлдэх тэмдэглэлийн болон шийдвэрийн эрх зүйн хэлбэрийн загварыг Улсын ерөнхий прокурор батална.
45 дугаар зүйл.Хөрөнгө шалгах ажиллагааны хэргийн материал
45.1.Хэргийн материал нь хэрэгт тусгасан хөрөнгө шалгах ажиллагааны шийдвэр, баримт бичиг, хэрэгт хавсаргасан бусад баримт бичиг, зүйлээс бүрдэнэ.
45.2.Мөрдөгч, прокурор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь оролцогч, бусад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдол, мэдээлэл, хөрөнгө шалгах ажиллагааны шийдвэр, бусад баримт бичиг, эд зүйлийг тэмдэглэл үйлдэж, эсхүл төрийн албан хэрэг хөтлөх журмын дагуу бүртгэж, хэргийн материалд тусгаж, хавсаргана.
45.3.Хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичгийг хэргийн материалд шууд тусгана.
45.4.Овор хэмжээ, бусад шалтгааны улмаас хэргийн материалд тусгах боломжгүй эд зүйл, баримт бичгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тэмдэглэлд тусгана.
45.5.Хэргийн материал нь хөрөнгө шалгах ажиллагааны явцад мөрдөгчид, энэ хуульд заасан үндэслэлээр шилжүүлсэн, эсхүл татан хянаж байгаа бол прокурорт, шүүхийн шатанд тухайн шүүхэд байна.
46 дугаар зүйл.Хөрөнгө шалгах нууц ажиллагаа явуулах
46.1.Хөрөнгө шалгах ажиллагаанд ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоох зорилгоор хөрөнгө шалгах нууц ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулах даалгаврыг эрх бүхий мөрдөгчөөр хийлгэнэ.
47 дугаар зүйл.Прокурорын зөвшөөрөл
47.1.Энэ хуулийн 31.3, 46.1 дэх хэсэгт заасан шалгах ажиллагаа явуулах тухай мөрдөгчийн тогтоолд дараах зүйлийг тусгана:
47.1.1.санал гаргасан мөрдөгчийн нэр;
47.1.2.шалгах ажиллагааны төрөл;
47.1.3.шалгах ажиллагаа явуулах зорилго, үндэслэл;
47.1.4.шалгах ажиллагаанд хамрагдах хүн, хуулийн этгээд, байгууллага, обьект;
47.1.5.шалгах ажиллагаа явуулах газар, нэвтрэх, дамжин орох орон байрны хаяг, эзэмшил газрын байршил;
47.1.6.шалгах ажиллагаа явуулах хугацаа;
47.1.7.шалгах ажиллагааг шөнийн цагаар явуулах бол энэ тухай үндэслэл бүхий тайлбар.
47.2.Прокурор энэ хуулийн 47.1-д заасан саналыг хүлээн авсан даруй шалгах ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж, мөрдөгчийн тогтоолтой танилцан гарын үсэг зурж баталгаажуулна.
48 зүйл.Хөрөнгө шалгах ажиллагаа явуулах хугацаа
48.1.Хөрөнгө шалгах ажиллагаа нь хоёр жил хүртэл хугацаанд үргэлжилж болох бөгөөд нэмэлт хөрөнгө шалгах ажиллагаа явуулах, олон улсын хамтын ажиллагааны журмаар илгээсэн хүсэлтийг биелүүлэх, эсхүл олон улсын хамтын ажиллагааны журмаар хүлээн авсан мэдээллийн үндсэн дээр ажиллагаа явуулах шаардлагатай болсон бол прокурорын шийдвэрээр тус хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгаж болно.
48.2.Хөрөнгө шалгах ажиллагааны хугацааг сунгахдаа өмнө хийсэн ажиллагаа, хугацаа сунгах үндэслэл, цаашид хийх ажиллагаа зэргийг харгалзан прокурор тухай бүр 3 сар хүртэл хугацаагаар сунгах ба сунгалтын нийт хугацаа энэ хуулийн 48.1-д заасан хугацаанаас хэтрэхгүй байна.
48.3.Мөрдөгч хугацааг сунгах тухай үндэслэл бүхий тогтоол үйлдэж, хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө прокурорт танилцуулах бөгөөд прокурор хугацаа сунгах асуудлыг шийдвэрлэнэ.
48.4.Хөрөнгө шалгах ажиллагааны хугацааг тоолохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийг баримтална.
49 дүгээр зүйл.Хөрөнгө шалгах ажиллагааны нууцлал, нийтэд мэдээлэх
49.1.Мөрдөгч хөрөнгө шалгах ажиллагааны оролцогч болон тухайн ажиллагааны талаар олж мэдсэн бусад этгээдэд хөрөнгө шалгах ажиллагааны мэдээллийг зөвшөөрөлгүйгээр задруулахгүй байх үүрэг, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлагын талаар мэдэгдэнэ.
49.2.Хөрөнгө шалгах ажиллагааны талаарх мэдээллийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр улирал тутам нийтэд мэдээлнэ.
49.3.Мөрдөгч хөрөнгө шалгах ажиллагааны төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана.
50 дугаар зүйл.Хөрөнгө шалгах ажиллагааны шийдвэр
50.1.Хөрөнгө шалгах ажиллагааны явцад хөрөнгө хууль ёсны болох нь тогтоогдвол хөрөнгө шалгах ажиллагааг хаах саналтай прокурорын хяналтад шилжүүлнэ.
50.2.Хэрэв нийтийн албан тушаалтны хөрөнгө хууль бус болох нь тогтоогдвол хууль бус хөрөнгийг хураан авч, улсын орлого болгуулах тухай саналтай прокурорын хяналтад шилжүүлнэ.
50.3.Нийтийн албан тушаалтны хоёр буюу түүнээс дээш хөрөнгийг шалгах явцад хууль бус болох нь илт хөрөнгийг тусгаарлан шилжүүлж, шийдвэрлүүлж болно.
50.4.Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг шалгах ажиллагааны явцад өөр байгууллагад тухайн албан тушаалтны хууль бус хөрөнгийг шалгах ажиллагаа явуулж байгаа бол хамгийн өндөр үнэлгээ бүхий хөрөнгө шалгаж байгаа байгууллагад нэгтгэн шалгана.
50.5.Хэрэв нэг хөрөнгийг зэрэг шалгаж байгаа бол түрүүлж хөрөнгө шалгах ажиллагаа явуулах хэрэг нээсэн байгууллагад харьяаллын дагуу шилжүүлэх саналыг прокурорт гаргана.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ХӨРӨНГӨ ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ЯВУУЛАХ
51 дүгээр зүйл.Хөрөнгө шалгах ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулах
51.1.Хөрөнгө шалгах ажиллагааны явцад холбогдогч нь хөрөнгийн эх үүсвэрийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрч сайн дураар тухайн хөрөнгийг хураалгахыг зөвшөөрсөн тохиолдолд тухайн хууль бус хөрөнгийг шалгах ажиллагааг дуусгаж болно.
51.2.Хууль бус хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, холбогдогч нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ хөрөнгө шалгах ажиллагааны аль ч үед мөрдөгч, прокурорт гаргаж болно.
51.3.Хөрөнгө шалгах ажиллагааны явцад мөрдөгчид гаргасан энэ хуулийн 51.2-т заасан хүсэлтийг прокурорт шууд шилжүүлнэ.
51.4.Хууль бус хөрөнгийн үнийг тухайн үеийн зах зээлийн үнийг үндэслэн инфляцийн түвшинтэй уялдуулан тооцно. Хүсэлтийн дагуу хууль бус хөрөнгийг улсад биет хэлбэрээр шилжүүлэх бөгөөд хэрэв хууль бус хөрөнгийн өмчлөгчийн саналаар, эсхүл тухайн хөрөнгө өөр хөрөнгөтэй нийлсэн, хөрөнгө салгах боломжгүй тохиолдолд түүний зах зээлийн үнийг тооцож, нөхөн төлнө.
51.5.Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн хэргийг прокурор шүүхэд шилжүүлнэ.
51.6.Хүсэлтийг шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шийдвэрлэнэ.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ХӨРӨНГӨ ШАЛГАХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТ
52 дугаар зүйл.Прокурорын шийдвэр
52.1.Хөрөнгө шалгах ажиллагааны хэргийн материалыг үндэслэн прокурор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
52.1.1.хууль бус хөрөнгийг хураан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргах;
52.1.2.гэмт хэргийн шинжтэй буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй тохиолдолд харьяаллын дагуу шилжүүлэх;
52.1.3.хөрөнгө шалгах ажиллагааг зогсоох.
52.2.Хууль бус хөрөнгө байна гэж үзэх үндэслэл байвал прокурор тухайн хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргах тухай шийдвэр гаргана.
52.3.Гэмт хэргийн шинжтэй, тухайн хууль бус хөрөнгөтэй холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өмнө нь явуулж байгаагүй, эсхүл мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бол харьяаллын дагуу эрүүгийн хэрэг мөрдөн шалгах байгууллагад хэргийн материалыг шилжүүлнэ.
52.4.Цуглуулсан материалд үндэслэн энэ хуульд заасан журмын дагуу хураан авах хууль бус хөрөнгө гэж дүгнэх үндэслэлгүй бол прокурор хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй гэж үзсэн хөрөнгийг шалгах ажиллагааг зогсоох тухай шийдвэр гаргана.
52.5.Хөрөнгө шалгах ажиллагааг зогсоох тухай шийдвэрийн үндэслэлийг дээд шатны прокурор хянана.
52.6.Хөрөнгө шалгах ажиллагааг зогсоох тухай прокурорын шийдвэр үндэслэлгүй бол үргэлжлүүлэн шалгах, эсхүл анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, эсхүл харьяаллын дагуу эрүүгийн хэрэг мөрдөн шалгах байгууллагад шилжүүлэхийг прокурорт даалгана.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ, НЭХЭМЖЛЭЛИЙГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА
53 дугаар зүйл.Нэхэмжлэл гаргах
53.1.Хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх нэхэмжлэл(цаашид “нэхэмжлэл” гэх)-ийг прокурор иргэний хэргийн анхан шатны шүүхэд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллын дагуу гаргана.
53.2.Прокурор нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлж, холбогдох баримтыг хавсарган нэхэмжлэлийг шүүхэд хүргүүлнэ.
55.3.Хууль бус хөрөнгө хураан авах шаардлага гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.
53.4.Энэ хуульд заасны дагуу гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.
54 дүгээр зүйл.Шүүх хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай шийдвэр гаргах
54.1.Шүүхээс хөрөнгө шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг үндэслэн энэ хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлийг шийдвэрлэнэ.
54.2.Шүүх хууль бус хөрөнгийг хураан авсан, нөхөн төлүүлсэн тухай шийдвэртээ тухайн хөрөнгийг улсын орлого болгож төрийн өмчид шилжүүлэх талаар тусгана.
55 дугаар зүйл.Хууль бус хөрөнгийг шилжүүлэн авсан этгээдээс хураан авах
55.1.Хууль бус хөрөнгийг өв залгамжлал, гэрээслэл, бэлэглэлээс бусад хэлбэрийн хууль ёсны хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч өмчилж, эзэмшиж байгаа, тухайн хөрөнгийг олж авахдаа хууль бус гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй этгээдийг шударга эзэмшигч гэж үзэх бөгөөд шударга эзэмшигчээс тухайн хөрөнгийг хураан авахгүй.
55.2.Тухайн этгээд уг хөрөнгийг олж авахдаа хууль бус гэдгийг мэдэж байсан, эсхүл мэдэж болох байсныг прокурор нотолсон бол тухайн этгээдийг шударга эзэмшигч гэж үзэхгүй.
55.3.Энэ хуулийн 55.2-т зааснаас үл хамааран хүний амь нас, эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлөх зорилгоор хөрөнгийг өөрт нь шилжүүлсэн болохыг нотолсон тохиолдолд тухайн этгээд шударга эзэмшигчид тооцогдоно.
55.4.Өмчлөх, эзэмших эрхийг өв залгамжлал, гэрээслэл, бэлэглэлээс бусад хэлбэрийн хууль ёсны хэлцлээр шилжүүлэн авсан этгээд тухайн хөрөнгийг хууль бус гэдгийг мэдэх боломжгүй, мэдээгүй байсан бол тухайн этгээдийн хөрөнгийн эрх нь хадгалагдана.
55.5.Хууль бус хөрөнгө нь тухайн нийтийн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээдийн хөрөнгийн эрхийн хүрээнд дундын өмчлөл, эзэмшилд байгаа бол, эсхүл хууль бус хөрөнгийг ашигласнаас олсон үр шимийг хүртэгч нь тухайн нийтийн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд бол хөрөнгийг хураах тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тэдгээрийн эрх дуусгавар болно.
55.6.Хууль бус хөрөнгийг шударга эзэмшигчид худалдсан, бэлэглэл, өв залгамжлал, гэрээслэлээс бусад хэлбэрээр шилжүүлсэн, эсхүл түүнийг тогтоох, хуваарилах, хураах боломжгүй бол шүүхийн шийдвэрээр хууль бус хөрөнгийн зах зээлийн үнийг холбогдогч нийтийн албан тушаалтнаас гаргуулж нөхөн төлүүлнэ.
55.7.Хууль бус хөрөнгөөс хуульд заасан үндэслэлээр хохирлыг нөхөн төлүүлж болно.
55.8.Шүүхэд иргэний хэрэг үүсгэсний дараа шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээс гадна холбогдогч нийтийн албан тушаалтан нь тухайн хууль бус хөрөнгөтэй холбогдох эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан бол тухайн этгээдийн хүсэлтийг үндэслэн хөрөнгө хураахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж болно.
АРАВДУГААР БҮЛЭГ
ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
56 дугаар зүйл.Хууль бус хөрөнгийг буцаах асуудлаар харилцах байгууллага
56.1.Хууль бус хөрөнгийг буцаах ажиллагааны хүрээнд гадаад улстай хамтран ажиллана.
56.2.Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр хураан авах, хураан авах, түүнчлэн гадаад улсын нутаг дэвсгэрт байгаа хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр хураан авах, хураан авах тухай прокурор, шүүхийн шийдвэрийг хангах асуудлыг Ерөнхий прокурорын газар, эсхүл хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан уламжилна.
56.3.Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд дотоодын хууль тогтоомжтой харшлахгүй бол өөр улсаас хүлээн авсан хүсэлтийг биелүүлнэ.
57 дугаар зүйл.Гадаад улсын хүсэлтэд тавигдах шаардлага
57.1.Энэ хуульд заасан ажиллагааны үндэслэл нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгөтэй холбогдуулан гадаад улсын эрх бүхий байгууллагаас хүлээн авсан хүсэлт байна.
57.2.Хүсэлт гаргагч улс болон Монгол Улс хооронд байгуулсан олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол хүсэлтэд дараах зүйлийг тусгана:
57.2.1.хүсэлт гаргагч байгууллагын нэр;
57.2.2.хүсэлт гаргасан огноо;
57.2.3.хүсэлттэй холбоотой этгээд, түүний хөрөнгийн талаарх хангалттай мэдээлэл;
57.2.4.хүсэлтийн агуулга, хүсэлт гаргасан байгууллагын тус хүсэлтийг илгээх бүрэн эрхийн хууль зүйн үндэслэл.
57.3.Гадаад улсын шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгүүлэх бол тухайн шүүхийн шийдвэрийн эх хувь, эсхүл баталгаажуулсан хуулбар, олон улсын гэрээнд заасан тохиолдолд холбогдох бусад материалыг хүсэлтэд хавсаргана.
58 дугаар зүйл.Гадаад улсаас хүлээн авсан хүсэлтийг биелүүлэх журам
58.1.Ерөнхий прокурорын газар, эсхүл хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гадаад улсын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн, хөрөнгө илрүүлэн тогтоох, хөрөнгийн мэдээлэл авах хүсэлтийг хангах зорилгоор хуульд заасан холбогдох арга хэмжээг авч болно.
58.2.Хууль бус хөрөнгө хураах тухай гадаад улсын шүүхийн шийдвэр, тус шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн арга хэмжээг олон улсын гэрээ болон эрх зүйн харилцан туслалцааны үндсэн дээр хүлээн зөвшөөрч болно.
58.3.Ерөнхий прокурорын газар, эсхүл хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гадаад улсын эрх бүхий байгууллагаас хөрөнгө хураан авахтай холбогдох шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг хүлээж авсан даруй тухайн шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр хуульд заасны дагуу гүйцэтгэх хуудас гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргана.
58.4.Ерөнхий прокурорын газар, эсхүл хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хийсэн ажиллагаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудасны талаар хүсэлт илгээсэн байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
58.5.Олон улсын гэрээ, эсхүл энэ хуульд заасны дагуу гадаад улсын эрх бүхий байгууллагаас хүлээн авсан хүсэлтийг биелүүлэх нь дотоодын хууль тогтоомжтой харшлах буюу бусад шалтгаанаар боломжгүй бол гадаад улсын холбогдох байгууллагад хүсэлтийг биелүүлэх боломжгүй болсон шалтгааны талаар мэдэгдэнэ.
59 дүгээр зүйл.Хууль бус хөрөнгийг буцаан олгох, хуваарилах
59.1.Хүсэлт гаргагч улсын хураан авсан хөрөнгийг буцаан олгох, хөрөнгийг хуваарилахтай холбогдсон асуудлыг соёрхон баталсан олон улсын гэрээ, түүний дотор тухайн улстай байгуулсан хоёр талт гэрээ, эсхүл эрх бүхий байгууллагын дипломат шугамаар харилцан тохиролцсон хэлэлцээрээр зохицуулна.
60 дугаар зүйл.Хүсэлт илгээх журам
60.1.Гадаад улсын нутаг дэвсгэрт байгаа хөрөнгийн талаар мэдээлэл авах, хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр хураан авах, хураан авах талаар прокурор, шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх арга хэмжээ авах хүсэлтийг Ерөнхий прокурорын газар, эсхүл хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаад улсын эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗОХИЦУУЛАЛТ
61 дүгээр зүйл.Мэдээллийн сан, тайлан
61.1.Хууль бус хөрөнгө хураан авах ажиллагааны цахим мэдээллийн санг прокурорын байгууллага хариуцан эрхлэн хөтөлнө.
61.2.Энэ хуулийн 61.1-д заасан мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:
61.2.1.шалгах ажиллагаанд хамрагдсан хөрөнгө, түүний байршил, хэлбэр, шалгах ажиллагааны үеийн үнэлгээ, тус хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн мэдээлэл;
61.2.2.түр хураасан хөрөнгө, түүний байршил, хэлбэр, шалгах ажиллагааны үеийн үнэлгээ, тус хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн мэдээлэл;
61.2.3.хураан авч улсын орлого болгосон хөрөнгө, түүний байршил, хэлбэр, шалгах ажиллагааны үеийн үнэлгээ, тус хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн мэдээлэл, түүний захиран зарцуулалт, захиран зарцуулалтаас олсон орлого;
61.2.4.түр хураасан хөрөнгийг зайлшгүй шаардлагаар худалдан борлуулснаас олсон орлого, орлого төвлөрүүлсэн данс.
61.3.Прокурор нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан мэдээллийн нууцыг хангах үүргээ биелүүлж, хууль бус хөрөнгө хураах ажиллагаа, түүний үр дүнгийн талаарх тайланг жил бүр нийтэлнэ.
62 дугаар зүйл.Бусад зүйл
62.1.Энэ хуулийг … оны … сарын … -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

2. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
7. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
8. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
9. Хэлэлцэх эсэх -Олон нийтээс тухайн төсөлтэй холбогдуулан ирүүлсэн саналын нэгтгэл /МУИХЧХДТХ/

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх