26.1. Өөрөө Удирдах Байгууллага нь мэргэжлийн өөрөө удирдах ёсны
байгууллага болохын хувьд түүний удирдлагын бүтцийг энэ хуулиар тогтооно.
26.2. Өөрөө Удирдах Байгууллагын эрх барих дээд байгууллага нь бүх
гишүүдийн хурал байна. Нэг байгууллагаас оролцох төлөөлөгчийн тоог тогтоох
журмыг гишүүдийн тооноос хамааруулан Өөрөө Удирдах Байгууллагын дүрэмд
заасан байна.
26.3. Бүх гишүүдийн хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
26.3.1. өөрөө удирдах байгууллагын дүрэм, мэргэжлийн ёс зүйн дүрэм,
гишүүнчлэлийн журмыг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
26.3.2. үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэн батлах;
26.3.3. удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх;
26.3.4. жилийн төсвийг батлах, гишүүний хураамжийн хэмжээг тогтоох;
26.3.5. хууль тогтоомжид заасан бусад.
26.4. Бүх гишүүдийн ээлжит хурлыг 2 жилд нэг удаа удирдах зөвлөл зарлан
хуралдуулах ба гишүүдийн арваас дээш хувь нь санал гаргаснаар, эсхүл удирдах
зөвлөлийн гишүүдийн олонхын санаачилгаар бүх гишүүдийн ээлжит бус хурлыг
зарлан хуралдуулж болно.
26.5. Бүх гишүүдийн хурлаас есөөс доошгүй гишүүнтэй удирдах зөвлөлийг 4
жилийн хугацаатай сонгох бөгөөд түүний бүрэлдэхүүнд санхүү төсвийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл болох 2-оос доошгүй
үнэлгээчнийг сонгосон байна
26.6. Удирдах зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
26.6.1. .өөрөө удирдах байгууллагын хэтийн болон жилийн үйл
ажиллагааны төлөвлөгөөг батлах;
26.6.2. гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх, түүнд олгох цалин,
урамшууллын хэмжээг тогтоох;
26.6.3. гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих;
26.6.4. дүрмээр олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргах;
26.6.5. өөрөө удирдах байгууллагын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүн,
ажиллах журам болон үнэлгээчний хараат бус байдлыг тогтоох, хянах дотоод
журмын үлгэрчилсэн загвар, нөхөрлөлийн салбарын үйл ажиллагааны үлгэрчилсэн
загвар, үнэлгээчний хувийн тэмдэг, түүнийг хэрэглэх журам зэрэг үнэлгээчний үйл
ажиллагааг зохицуулахад чиглэсэн журмыг батлах.
26.7. Гүйцэтгэх удирдлага нь жил тутам удирдах зөвлөлд тайлангаа
танилцуулж, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлнэ.
26.8. Гүйцэтгэх удирдлагыг ажлын гүйцэтгэлд өгсөн дүгнэлтийг үндэслэн
хугацаанаас нь өмнө чөлөөлж болно.
26.9. Өөрөө Удирдах Байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтан,
мэргэжилтэн нь энэ хууль, холбогдох дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд уг
асуудлыг удирдах зөвлөлийн хурлаар, зөрчил нь удирдах зөвлөл, түүний
гишүүдийн хариуцлагагүй, ёс зүйгүй үйл ажиллагаатай холбоотой бол бүх
гишүүдийн хурлаар 60 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж, төрийн захиргааны
төв байгууллагад мэдэгдэнэ
26.10. Энэ хуулийн 26.9-д заасны дагуу бүх гишүүдийн хурал хуралдаж,
гаргасан зөрчил нь удирдах зөвлөлийн болон түүний зарим гишүүдийн
хариуцлагагүй, ёс зүйгүй үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж дүгнэвэл Удирдах
зөвлөлийн эсвэл зөрчил гаргасан гишүүдийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө
дуусгавар болгож болно.
26.11. Энэ хуулийн 26.9-д заасан хугацаанд заасан арга хэмжээг авч
хэрэгжүүлээгүйгээс үнэлгээчдийн болон нийтийн эрх ашигт сөрөг нөлөө үзүүлнэ
гэж төрийн захиргааны төв байгууллага үзвэл Өөрөө Удирдах Байгууллагын бүх
гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай мэдэгдлийг гишүүдэд нь
хүргүүлж, удирдах зөвлөлийг шинээр сонгох асуудал хэлэлцүүлэх эрхтэй.