1/4 дүгээр зүйлийн 4.8 дах хэсэг:
"4.8.Нэгдсэн хуралдааны танхимын зохион байгуулалт нь Улсын Их Хурал хуралдаж, хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих болон ард түмний элчийн хувьд Улсын Их Хурлын гишүүд нийт иргэн, улсын ашиг сонирхлын өмнөөс үг хэлэх, нам, эвслийн бүлэг байр сууриа илэрхийлэх, олонхи, цөөнх мэтгэлцэхэд зориулагдсан байна."
2/21 дүгээр зүйлийн 21.25-21.29 дэх хэсэг:
"21.25.Нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх, асуултад хариулах, тайлбар өгөх албан тушаалтан өөрийн танилцуулсан мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд мэдээллийг нуун дарагдуулах, худал мэдээлэл өгөх, танилцуулах болон Улсын Их Хуралд худал мэдээлэл ирүүлэхийг хориглоно.
21.26.Энэ хуулийн 21.25-д заасан холбогдох албан тушаалтан худал мэдээлэл өгсөн, танилцуулсан гэж үзвэл гишүүн хуралдаан даргалагчид санал гаргаснаар Тамгын газар, Үндэсний аудитын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл тухайн мэдээллийн үнэн зөв, бодит эсэх асуудлыг ажлын 5 өдрийн дотор хянаж, дүгнэлт гаргана.
21.27.Нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх албан тушаалтан болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон этгээд хариуцсан ажил үүргийн хувьд мэдэх ёстой, мэдэх боломжтой мэдээллээ үнэн зөв, бүрэн гүйцэт өгөх тухай сануулж, баталгаажуулах хуудаст гарын үсэг зуруулах ажлыг Тамгын газар зохион байгуулна.
21.28.Улсын Их Хуралд худал мэдээлэл ирүүлсэн, танилцуулсан, мэдээллийг нуун дарагдуулсан улс төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх асуудлыг тухайн нам, эвслийн бүлэг, эсхүл 10-аас доошгүй гишүүн гарын үсэг зурсан бол Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30.1.11-д зааснаар холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.
21.29.Байнгын хороо энэ хуулийн 22.3.6-д заасны дагуу санал боловсрлуулж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.
21.30.Нэгдсэн хуралдаанд худал мэдээлэл ирүүлсэн, танилцуулсан, мэдээллийг нуун дарагдуулсан нийтийн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 32.7-д заасан хариуцлага хүлээлгэнэ."