1. Эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг сунгах болон холбогдох бусад харилцаанд доор дурдсан зарчмыг баримтална:
1.1. үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашиг, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах;
1.2. хууль дээдлэх;
1.3. ил тод, шуурхай байх;
1.4. бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх;
1.5. хуульд зааснаас бусад баримт бичиг, төлбөр, хураамж шаардахгүй байх;
1.6. хуульд заасан тохиолдолд зөвшөөрөл олгох.
2. Зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх хуульд заасны дагуу тухайн зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ.
3. Хуульд зааснаас бусад тохиолдолд Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд заасны дагуу шилжүүлэн авсан этгээд аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, бүртгэл явуулахыг хориглоно.
4. Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд зааснаас бусад тохиолдолд зөвшөөрлийг шинээр бий болгосон, олгосон, эрх шилжүүлсэн бол хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бөгөөд үүсэх үр дагаврыг зөвшөөрлийг шинээр бий болгосон, олгосон, эрх шилжүүлсэн этгээд хариуцна.
5. Засгийн газар үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхол, үр ашигтай өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Засгийн газар, түүний харьяа байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдээс олгодог зөвшөөрлийг олгох, сунгах үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийж болно.
6. Хуульд заасан тохиолдолд эрх бүхий байгууллагын тогтоосон хувь, хэмжээнд багтаан эрх бүхий этгээд зөвшөөрлийг олгоно.
7. Төрийн өмчит, төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд хуульд заасны дагуу зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр заасан үйл ажиллагааг зөвшөөрлийг авсны дараа эрхэлнэ.
8. Хуульд өөрөөр заагаагүй бол нэг зөвшөөрлийг зөвхөн нэг хүн, эсхүл нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно.
9. Хуульд заасан тохиолдолд тухайн зөвшөөрлийг зөвхөн хуулийн этгээдэд, тэр дундаа хуулийн этгээдийн тодорхой төрөл, хэлбэрээр байгуулагдсан хуулийн этгээдэд, эсхүл хувь хүнд, тэр дундаа Монгол Улсын иргэнд олгоно.
10. Хуульд заасан тохиолдолд зарим төрлийн зөвшөөрлийг зөвхөн холбогдох бусад зөвшөөрлийг эзэмшигч этгээдэд олгоно.
11. Хуульд заасан тохиолдолд тодорхой төрлийн зөвшөөрөл олгох, сунгах үйл ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж болно.
12. Эрх бүхий этгээд уялдаа холбоо бүхий зарим төрлийн зөвшөөрлийг зөвшөөрөл олгох, сунгах үйл ажиллагааг нэг цэгийн үйлчилгээний хэлбэрээр зохион байгуулж болно.
13. Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрлийг олгох, сунгах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж болно.
14. Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрлийг олгосон хугацаанд зөвшөөрөл эзэмшигч хувь хүн бол овог, эцэг, эхийн нэр, нэрээ өөрчлөх, хуулийн этгээд бол өөрийн оноосон нэрийг өөрчлөхийг хориглоно.
15. Хуульд заасан тохиолдолд зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа, эсхүл давхар ажил эрхлэхгүй байх болон хуульд заасан бусад хязгаарлалтыг тавьж болно.
16. Хуульд заасан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагааны чиглэлийг тодотгосон үг, тэмдэглэгээ хэрэглэх бөгөөд тухайн үг, тэмдэглэгээг тухайн үйл ажиллагаа эрхэлж байгаа, эсхүл уг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан гэсэн сэтгэгдэл төрүүлэхүйц байдлаар бусад этгээд ашиглах, хэрэглэхийг хориглоно.
17. Зөвшөөрлийг шинээр бий болгоход тухайн үйл ажиллагааг төрөөс зохицуулах шаардлагатай эсэх, зөвшөөрөл нь зохицуулалтын зохистой арга хэрэгсэл мөн эсэх, зөвшөөрөл нь нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай байх эсэхэд судалгаа, үнэлгээ хийх зарчмыг баримтлан олон улсын жишиг, стандартыг харгалзана.
18. Энэ зүйлийн 17 дахь хэсэгт заасан судалгаа, үнэлгээ хийх ажиллагааг Засгийн газрын баталсан аргачлалын дагуу гүйцэтгэнэ.
19. Энэ хуулийн Долдугаар бүлэгт заасан зөвшөөрлийн нэр төрлийг задлах, салгах, түүний хамрах хүрээг өргөжүүлэхийг хориглоно.