Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 9-р сарын 16 өдөр
Ulaanbaatar city
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.Энэ хуулийн зорилт нь үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, төрөл, тэдгээрийн бүртгэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагааг тогтоохтой холбоотой нийтлэг харилцааг зохицуулахад оршино.
1.2 дугаар зүйл. Зөвшөөрлийн хууль тогтоомж
1. Зөвшөөрлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.
2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
1.3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
1. Хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болох бөгөөд хуулиар зөвшөөрөл шаардах үйл ажиллагааг эрхлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиглахад зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулна.
2. Монгол Улсад зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааны жагсаалт, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг энэ хуулиар зохицуулна.
3. Зөвшөөрлийн ангилал, төрлийн онцлогоос хамаарч түүнийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүйд тооцох, цуцлах тусгай журам болон зөвшөөрөл эзэмшигчид тавигдах тусгай шаардлагыг энэ хуульд нийцүүлэн холбогдох хуулиар тогтоож болно.
4. Энэ хууль доор дурдсан харилцаанд үйлчлэхгүй:
4.1. Монгол Улсын иргэнд газар өмчлөх эрх олгох;
4.2. гадаадын иргэн, харьяалалгүй хүнд цагаачлан оршин суух зөвшөөрөл олгох, гадаадын иргэнд Монгол Улсын хилээр нэвтрэх эрх олгох буюу Монгол Улсын виз олгох, Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг олгох, олгосон виз, визийн зөвшөөрөл, зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
4.3. .хурал, цуглаан, жагсаал, нийтийг хамарсан бусад арга хэмжээ зохион байгуулах;
4.4. патент, зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн болон газар зүйн заалт, барааны тэмдэг эзэмшигчийн эрх олгох;
4.5. Монгол Улсад гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар байгуулах;
4.6. сүм, хийд буюу шашны байгууллага байгуулах;
4.7. холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн байгууллага, төрийн өмчит, төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдээс бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох.
5. Хүн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр төрийн байгууллага, албан тушаалтан, бусад эрх бүхий этгээдээс дүгнэлт, батламж, тодорхойлолт гаргуулах харилцаанд энэ хууль хамаарахгүй.
6. Төрийн өмчит, төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд энэ хуульд заасан зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааг эрхлэхээс бусад төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төрийн байгууллага хооронд зөвшөөрөл авах, олгох харилцаанд энэхүү хууль хамаарахгүй.
1.4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
1.1. “зөвшөөрөл” гэж зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдээс хуульд заасан хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу тодорхой үйл ажиллагааг эрхлүүлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиглуулахаар олгосон эрхийг;
1.2. .“зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд” /цаашид “эрх бүхий этгээд” гэх/ гэж хуулиар зөвшөөрөл олгох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан төрийн байгууллага, албан тушаалтан, эсхүл төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдийг;
1.3. зөвшөөрөл эзэмшигч” гэж тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авсан этгээдийг.
1.5 дугаар зүйл. Зөвшөөрөл олгох, сунгах, шинээр бий болгоход баримтлах зарчим, хэрэгжүүлэх хүрээ
1. Эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг сунгах болон холбогдох бусад харилцаанд доор дурдсан зарчмыг баримтална:
1.1. үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашиг, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах;
1.2. хууль дээдлэх;
1.3. ил тод, шуурхай байх;
1.4. бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх;
1.5. хуульд зааснаас бусад баримт бичиг, төлбөр, хураамж шаардахгүй байх;
1.6. хуульд заасан тохиолдолд зөвшөөрөл олгох.
2. Зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх хуульд заасны дагуу тухайн зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ.
3. Хуульд зааснаас бусад тохиолдолд Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд заасны дагуу шилжүүлэн авсан этгээд аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, бүртгэл явуулахыг хориглоно.
4. Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд зааснаас бусад тохиолдолд зөвшөөрлийг шинээр бий болгосон, олгосон, эрх шилжүүлсэн бол хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бөгөөд үүсэх үр дагаврыг зөвшөөрлийг шинээр бий болгосон, олгосон, эрх шилжүүлсэн этгээд хариуцна.
5. Засгийн газар үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхол, үр ашигтай өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Засгийн газар, түүний харьяа байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдээс олгодог зөвшөөрлийг олгох, сунгах үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийж болно.
6. Хуульд заасан тохиолдолд эрх бүхий байгууллагын тогтоосон хувь, хэмжээнд багтаан эрх бүхий этгээд зөвшөөрлийг олгоно.
7. Төрийн өмчит, төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд хуульд заасны дагуу зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр заасан үйл ажиллагааг зөвшөөрлийг авсны дараа эрхэлнэ.
8. Хуульд өөрөөр заагаагүй бол нэг зөвшөөрлийг зөвхөн нэг хүн, эсхүл нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно.
9. Хуульд заасан тохиолдолд тухайн зөвшөөрлийг зөвхөн хуулийн этгээдэд, тэр дундаа хуулийн этгээдийн тодорхой төрөл, хэлбэрээр байгуулагдсан хуулийн этгээдэд, эсхүл хувь хүнд, тэр дундаа Монгол Улсын иргэнд олгоно.
10. Хуульд заасан тохиолдолд зарим төрлийн зөвшөөрлийг зөвхөн холбогдох бусад зөвшөөрлийг эзэмшигч этгээдэд олгоно.
11. Хуульд заасан тохиолдолд тодорхой төрлийн зөвшөөрөл олгох, сунгах үйл ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж болно.
12. Эрх бүхий этгээд уялдаа холбоо бүхий зарим төрлийн зөвшөөрлийг зөвшөөрөл олгох, сунгах үйл ажиллагааг нэг цэгийн үйлчилгээний хэлбэрээр зохион байгуулж болно.
13. Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрлийг олгох, сунгах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж болно.
14. Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрлийг олгосон хугацаанд зөвшөөрөл эзэмшигч хувь хүн бол овог, эцэг, эхийн нэр, нэрээ өөрчлөх, хуулийн этгээд бол өөрийн оноосон нэрийг өөрчлөхийг хориглоно.
15. Хуульд заасан тохиолдолд зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа, эсхүл давхар ажил эрхлэхгүй байх болон хуульд заасан бусад хязгаарлалтыг тавьж болно.
16. Хуульд заасан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагааны чиглэлийг тодотгосон үг, тэмдэглэгээ хэрэглэх бөгөөд тухайн үг, тэмдэглэгээг тухайн үйл ажиллагаа эрхэлж байгаа, эсхүл уг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан гэсэн сэтгэгдэл төрүүлэхүйц байдлаар бусад этгээд ашиглах, хэрэглэхийг хориглоно.
17. Зөвшөөрлийг шинээр бий болгоход тухайн үйл ажиллагааг төрөөс зохицуулах шаардлагатай эсэх, зөвшөөрөл нь зохицуулалтын зохистой арга хэрэгсэл мөн эсэх, зөвшөөрөл нь нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай байх эсэхэд судалгаа, үнэлгээ хийх зарчмыг баримтлан олон улсын жишиг, стандартыг харгалзана.
18. Энэ зүйлийн 17 дахь хэсэгт заасан судалгаа, үнэлгээ хийх ажиллагааг Засгийн газрын баталсан аргачлалын дагуу гүйцэтгэнэ.
19. Энэ хуулийн Долдугаар бүлэгт заасан зөвшөөрлийн нэр төрлийг задлах, салгах, түүний хамрах хүрээг өргөжүүлэхийг хориглоно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗӨВШӨӨРӨЛ
2.1 дүгээр зүйл. Зөвшөөрлийн ангилал
1. Зөвшөөрлийг түүний зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны эрсдэлийн түвшнээс хамааруулан доор дурдсанаар ангилна:
1.1. тусгай зөвшөөрөл;
1.2. энгийн зөвшөөрөл.
2. Тухайн зөвшөөрлийн зориулалтаас хамаарч зөвшөөрөл нь нэг удаагийн болон олон удаагийн шинжтэй байж болно.
3. Тусгай зөвшөөрлийг хуульд заасан тохиолдолд тодорхой тусгай зөвшөөрөлд тавигдах нөхцөл, шаардлагыг бүрэн хангуулах үүднээс урьдчилсан байдлаар олгож болно.
4. Тусгай зөвшөөрөл, түүнийг баталгаажуулсан зөвшөөрлийн баримт бичгийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлэхийг хориглоно.
2.2 дугаар зүйл. Зөвшөөрлийн код
1. Зөвшөөрлийн нэгдсэн бүртгэл хөтлөх, статистик мэдээг эрхлэн гаргах, лавлагаа өгөх, цахим хэлбэрээр зөвшөөрөл олгох зорилгоор зөвшөөрлийг кодолно.
2. Энэ хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зөвлөл зөвшөөрлийн кодыг эдийн засгийн үйл ажиллагааны ангилал, барааны ангиллын жагсаалт болон үндэсний кодыг харгалзан тогтооно.
2.3 дугаар зүйл. Зөвшөөрлийн агуулга
1. Зөвшөөрөлд доор дурдсан зүйлийг тусгана:
1.1. зөвшөөрлийг олгосон байгууллагын нэр;
1.2. зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг;
1.3. эрхлэх үйл ажиллагааны төрөл;
1.4. зөвшөөрлийн хугацаа;
1.5. зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага;
1.6. зөвшөөрлийн дугаар, олгосон он, сар, өдөр;
1.7. зөвшөөрөл олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга /тэмдэг/.
2. Хуульд тусгайлан заасан тохиолдолд энэ зүйлийн 1-д зааснаас бусад мэдээллийг зөвшөөрөлд тусгаж болно.
2.4 дүгээр зүйл. Зөвшөөрлийн хугацаа
1. Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 5 жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно.
2. Зөвшөөрлийг хуульд заасан тохиолдолд хугацаагүй олгож болно
3. Зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол анх олгосон хугацаанаас нь доошгүй хугацаагаар сунгана.
2.5 дугаар зүйл. Зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах
1. Хуульд заасан тохиолдолд эрх бүхий этгээд нь зөвшөөрөл эзэмшигчид тавигдах тусгай шаардлага, нөхцөлийг хэрэгжүүлэх зорилгоор зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулж болно.
2. Гэрээний нөхцөл, шаардлага, гэрээ байгуулахтай холбоотой харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД, ЭРХ ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ
3.1 дүгээр зүйл. Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд
1. Энэ хуулийн Долдугаар бүлэгт заасан этгээд зөвшөөрлийг олгох бөгөөд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд зөвшөөрөл олгох бүрэн эрхээ бусад этгээдэд шилжүүлэхийг хориглоно.
3.2 дугаар зүйл. Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн бүрэн эрх
1.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1.1. зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
1.2. тухайн зөвшөөрлийн нөхцөл, шаардлагатай холбогдох мэдээ, тайланг зөвшөөрөл эзэмшигчээс авах;
1.3. зөвшөөрлийн хугацааг хуульд заасан журмын дагуу сунгах;
1.4. хуульд заасан харьяаллын дагуу зөвшөөрлийг олгох, сунгах, цуцлах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох шийдвэр гаргах;
1.5. зөвшөөрөл олгохтой холбоотой зааварчилгаа, зөвлөмж гаргах, хуульд заасан тохиолдолд зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох талаар нарийвчилсан журам батлах.
2.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд дараах үүрэг хүлээнэ:
2.1. энэ хууль болон бусад хуульд заасан зарчмыг баримтлах;
2.2. зөвшөөрөл хүсэгч, зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа эрхлэх, зах зээлд чөлөөтэй өрсөлдөхөд ялгамжтай хандахгүй байх, түүнчлэн өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор хуульд зааснаас бусад үндэслэлээр зөвшөөрлийг олгохоос татгалзах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээг авахгүй байх;
2.3. хуулиар тогтоосон бүрэн эрх, журмын хүрээнд зөвшөөрөл олгох;
2.4. зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон шийдвэр болон холбогдох бусад мэдээллийг зөвшөөрлийн цахим нэгдсэн санд оруулах, нийтэд хүртээмжтэй хэлбэрээр мэдээлэх;
2.5. зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эсэх тухай шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргах, зөвшөөрлийн цахим нэгдсэн санд тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор бүртгүүлэх;
2.6. зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөл хүлээн авах, түүнийг магадлан шийдвэр гаргах, зөвшөөрлийг олгох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үйл ажиллагааны мэдээллийг нээлттэй, ил тод байлгах;
2.7. зөвшөөрөл хүсэгч, зөвшөөрөл эзэмшигч нарт зөвлөгөө, туслалцаа үзүүлэх.
3.Хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээд нь тусгай болон энгийн зөвшөөрөл олгох эрхээ төрийн холбогдох байгууллага, албан тушаалтан, эсхүл Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 7.1.3, 7.1.7-д заасан хуулийн этгээдэд шилжүүлж болно.
4.Эрх шилжүүлэн авсан этгээд нь энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хэрэгжүүлнэ.
5.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх шилжүүлэх журмыг Засгийн газар тогтооно.
6.Эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох эрхээ бусдад шилжүүлсэн бол шийдвэрийг байгууллагын цахим хуудсанд байршуулж, энэ тухай нийтэд мэдээлнэ.
7.3өвшөөрөл олгох эрхийг хууль бусаар шилжүүлсний улмаас бусдад учирсан хохирлыг тухайн эрх шилжүүлсэн этгээд хариуцна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ОЛГОСОН ЗӨВШӨӨРЛИЙГ СУНГАХ
4.1 дүгээр зүйл. Зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах
1. Нэг удаагийн шинжтэй энгийн зөвшөөрлөөс бусад зөвшөөрөл хүсэгч нь эрхлэх үйл ажиллагааны төрөл, хугацааг тодорхой дурдсан зөвшөөрөл хүссэн өргөдлөө холбогдох баримт бичгийн хамт эрх бүхий этгээдэд гаргах бөгөөд эрх бүхий этгээд өргөдөл хүлээн авахаас татгалзах эрхгүй.
2. Зөвшөөрөл хүссэн өргөдөл нь иргэн, хуулийн этгээдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гаргах нийтлэг шаардлагыг хангасан байна.
3. Зөвшөөрөл хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлж өргөдөлд хавсаргана:
3.1. зөвшөөрлийн нэр төрөл, түүнд холбогдох үйл ажиллагаа эрхлэх, төрийн нийтийн зориулалттай өмчтэй холбогдох эрхийг эзэмших, ашиглах зорилго, үндэслэлийг тодорхойлон тайлбарласан баримт бичиг;
3.2. зөвшөөрөл авахад тавигдах хуульд заасан нийтлэг нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг;
3.3. зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, түүнтэй адилтгах бусад баримт бичиг;
3.4. хуульд заасан бол улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
3.5. хуульд заасан бол зөвшөөрөл хүсэгчид тавигдах тусгайлсан нөхцөл, шаардлага хангасныг нотолсон бусад баримт бичиг.
4. Энэ зүйлийн 3.3 дахь заалтад иргэний зөвшөөрөл авахад шаардагдах баримт бичгийг эрх бүхий этгээд биечлэн хүлээн авсан тохиолдолд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ.
5. Эрх бүхий этгээд нь хуульд зааснаас бусад нөхцөл, шаардлага, баримт бичиг, төлбөр, хураамж, нэмэлт нөхцөл, шаардлага тавихыг хориглоно.
6. 3өвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн бүрдэл хангаагүй бол өргөдөл хүлээн авсан этгээд энэ тухай өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор зөвшөөрөл хүссэн этгээдэд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
7. Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу цахимаар мэдэгдсэн тохиолдолд тэмдэглэл хөтлөх бөгөөд тэмдэглэлд мэдээлэл илгээсэн болон хүлээн авах цахим хаяг, илгээсэн огноо, цаг, минут, товч агуулга, албан тушаалтны нэр болон шаардлагатай бусад мэдээллийг тусгана.
8. Өргөдөл хүлээн авсан этгээд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авсан болохыг нотолсон баримтыг олгох ба тухайн баримтад өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авсан болон хариу өгөх хугацааг тусгасан байна.
9. Тодорхой нэг удаагийн тохиолдолд энгийн зөвшөөрлийг хүссэн өргөдлийг биечлэн амаар гаргаж болох бөгөөд өргөдлийг хүлээн авч байгаа этгээд тэмдэглэн авч, өргөдөл гаргагчийн гарын үсгийг зуруулна. Гарын үсгээ зурж чадахгүй бол энэ тухай тэмдэглэнэ.
10. Энэ зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу өргөдлийг хүлээн авсан тохиолдолд энэ зүйлийн 3 дахь хэсэг хамаарахгүй.
4.2 дугаар зүйл. Өргөдлийг шийдвэрлэх журам
1. Энэ хуулийн 4.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан өргөдөлд тухай бүр зөвшөөрөл олгох эсэх асуудлыг амаар хариу өгч болох бөгөөд шаардлагатай тохиолдолд магадлан шалгаж бичгээр хариу өгч болно. Амаар хариуг өгсөн тохиолдолд тэмдэглэлд хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхой тусгана.
2. Эрх бүхий этгээд бичгээр гаргасан энгийн зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг магадлан шалгаж, тэдгээрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
3. Эрх бүхий этгээд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор магадлан шалгаж, санал, дүгнэлт гаргана.
4. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан магадлан шалгах, санал, дүгнэлт гаргах ажиллагааг холбогдох байгууллага, албан тушаалтан, шинжээчийг оролцуулж болно.
5. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан магадлан шалгаж, санал, дүгнэлт гаргах хугацааг баримт бичгийн цар хүрээ, хэмжээг харгалзан ажлын 5 өдрөөр сунгаж болно.
6. Эрх бүхий этгээд энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг гаргах бөгөөд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг эрх бүхий бусад байгууллагын санал, дүгнэлт, зөвшөөрөл, зөвшилцсөний үндсэн дээр гаргахаар хуульд заасан бол ажлын 10 хоногоор сунгаж болно.
7. Энэ зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасан магадлан шалгах хугацаа нь энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан хугацаанд багтах бөгөөд магадлан шалгах, санал, дүгнэлт гаргах аргачилсан заавар, маягтыг Засгийн газар батална.
8. 3өвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах, хянан шийдвэрлэх, зөвшөөрөл олгох үйл явцтай танилцах, магадлан шалгах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбогдуулан гарсан санал, хүсэлт, гомдлын шийдвэрлэлтийн явц болон шийдвэрлэлтийн талаар зөвшөөрөл хүсэгчийн мэдээлэл авах боломжийг хангасан цахим арга, хэлбэрийг ашиглаж болно.
4.3 дугаар зүйл. Зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргах
1. Зөвшөөрлийн жагсаалтад нэр заасан эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох тухай шийдвэрийг зөвшөөрөл хүсэгч тус бүрээр дангаар, эсхүл хамтран гаргана.
2. Энэ хуулийн Долоодугаар бүлэгт заасан эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох болон түүнтэй холбогдох бусад чиг үүрэг, бүрэн эрхийг холбогдох этгээдэд шилжүүлсэн тохиолдолд энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй.
3. Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг олгох шийдвэрийг тухайн байгууллагын удирдлага гаргана.
4. Зөвшөөрөл нь олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
5. Эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан бол шийдвэрийг хүсэлт гаргагчид даруй мэдэгдэж, зөвшөөрлийн баримт бичгийг ажлын 5 өдрийн дотор олгоно.
4.4 дүгээр зүйл. Зөвшөөрөл хүссэн өргөдөлд хариу мэдэгдэх
1. Эрх бүхий этгээд энэ хуулийн 4.2 дугаар зүйлийн 2, 6 дахь хэсэгт заасан зөвшөөрөл олгосон, эсхүл татгалзсан тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор зөвшөөрөл хүссэн этгээдэд хариу мэдэгдэнэ.
2. Зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрт үндэслэлийг тодорхой заана.
3. Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд тухайн этгээдээс 6 сарын дотор дахин татгалзсан шийдвэрт заагдсан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж авахгүй.
4. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд хариу өгөөгүй нь холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл болно.
4.5 дугаар зүйл. Зөвшөөрлийн баримт бичиг
1. Эрх бүхий этгээд нь зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтээр, эсхүл хуульд заасан тохиолдолд зөвшөөрөл олгосныг баталгаажуулан зөвшөөрлийн баримт бичиг буюу гэрчилгээ, түүнтэй адилтгах эрхийн бичиг, бусад үнэт цаас бүхий баримт бичиг олгоно.
2. Зөвшөөрлийн баримт бичиг нь зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд зөвшөөрөл олгосон шийдвэр, зөвшөөрлийн лавлагааны нэгэн адил эрх зүйн хүчинтэй байна.
3. Зөвшөөрлийн баримт бичгийг үрэгдүүлэх, гэмтээх, алдах, хүлээж аваагүй байх нь зөвшөөрлийг хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй.
4.6 дугаар зүйл. Зөвшөөрлийн хугацааг сунгах
1. Зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө түүнийг сунгуулах тухай хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргана.
2. Зөвшөөрөл эзэмшигч нь тухайн зөвшөөрлийн хугацааг сунгах тухай өргөдөл гаргасан, уг этгээд нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, хуульд заасан нөхцөл, шаардлага хангаж байгаа бол зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд тухайн зөвшөөрлийн хугацааг сунгана.
3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа зөвшөөрөл эзэмшигч нь татварын өр төлбөргүй, байнгын тогтвортой ажлын байр бий болгосон бол зөвшөөрлийн анх олгосон хугацааг хоёр дахин нэмэгдүүлж сунгаж болно.
4. 3өвшөөрөл олгох эрх бүхий этгээд зөвшөөрлийг сунгах асуудлыг өргөдөл, хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу бүрдүүлсэн баримтыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд хэрэв энэ хугацаанд хариу өгөөгүй бол зөвшөөрөл сунгагдсанд тооцно.
5. 3өвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж болох бөгөөд энэ тохиолдолд үндэслэл бүхий хариуг энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.
4.7 дугаар зүйл. Сонгон шалгаруулалт
1. Эрх бүхий этгээд хуульд заасан тохиолдолд сонгон шалгаруулалтын журмаар зөвшөөрлийг олгоно.
2. Сонгон шалгаруулалтын журмаар зөвшөөрлийг олгох харилцааг тухайлсан хуулиар нарийвчлан зохицуулна.

ТАВДУГААР БҮЛЭГ
ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, СЭРГЭЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
5.1 дүгээр зүйл. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх
1. Эрх бүхий этгээд дараах тохиолдолд зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:
1.1. зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;
1.2. хуульд заасан мэдээ, тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл буруу гаргасан.
2. Эрх бүхий этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл байгаа тухай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлсэн огноог тэмдэглэлд тусгана.
3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл эзэмшигч ажлын 10 өдрийн дотор зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбар, холбогдох баримтыг эрх бүхий этгээдэд ирүүлээгүй бол зөвшөөрлийг түдгэлзүүлнэ.
4. Эрх бүхий этгээд нь зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухай шийдвэрийн талаар зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд ажлын 2 өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ.
5. Эрх бүхий этгээд нь зөвшөөрлийг түдгэлзүүлсэн үндэслэл, нөхцөл, шаардлага арилсан тохиолдолд зөвшөөрлийг сэргээнэ.
5.2 дугаар зүйл. Зөвшөөрлийг хүчингүй болгох
1. Зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:
1.1. зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
1.2. зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг ирүүлээгүй;
1.3. зөвшөөрөл эзэмшигч нийтийн эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчин, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлсэн, их хэмжээний хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;
1.4. зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа зөрчсөн;
1.5. зөвшөөрөл, түүнийг баталгаажуулсан баримт бичгийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад шилжүүлсэн, худалдсан, бэлэглэсэн, барьцаалсан;
1.6. тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг нэг жилийн хугацаанд явуулаагүй;
1.7. тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
1.8. зөвшөөрөл эзэмшигч нь иргэн бол иргэний эрх зүйн чадамжгүйд тооцогдсон, хуулийн этгээд бол дампуурсан, эсхүл татан буугдсан;
1.9. хуульд заасан бусад
Тайлбар: Энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасан “удаа дараа” гэж 2 буюу түүнээс дээш зөрчсөнийг ойлгоно.
5.3 дугаар зүйл. Зөвшөөрлийг хүчингүй болгох журам
1. Эрх бүхий этгээд зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байгааг мэдсэн даруйд зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ.
2. Эрх бүхий этгээд зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байгаа тухай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлсэн огноог тэмдэглэлд тусгана.
3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл эзэмшигч 30 хоногийн дотор зөвшөөрлийг нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбар, холбогдох баримтыг эрх бүхий этгээдэд ирүүлээгүй бол уг хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэнэ.
4. 3өвшөөрөл эзэмшигч энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацаанд тайлбар өгөөгүй, мэдэгдэлд заасан үндэслэлд гомдол гаргаагүй бол зөвшөөрөл хүчингүй болгох үндэслэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
5. Эрх бүхий этгээд зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд ажлын 3 өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ.
5.4. Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосны үр дагавар
1. 3өвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд уг зөвшөөрлийн дагуу явуулах үйл ажиллагаа түдгэлзэх, мөн бусадтай байгуулсан холбогдох гэрээний үйлчлэлийг түр зогсоож болно.
2. 3өвшөөрлийг хүчингүй болгосон нь тухайн зөвшөөрөл эзэмшигч этгээдээс зөвшөөрлийн дагуу эрхлэх үйл ажиллагаатай холбогдуулан бусадтай байгуулсан гэрээг цуцлах үндэслэл болно.
3. Зөвшөөрлийг хүчингүй болгосны улмаас бусдад учруулсан хохирлыг зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд нөхөн төлнө.
4. 3өвшөөрлийг хууль бусаар олгосны улмаас бусдад учирсан хохирлыг тухайн зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан эрх бүхий этгээд болон тухайн асуудал хариуцсан албан тушаалтан, эрх шилжүүлэн авсан этгээд нөхөн төлнө.
5. Төрийн албан тушаалтан зөвшөөрөл олгох журмыг зөрчсөн, эсхүл үүрэгт ажилдаа илтэд болгоомжгүй хандсан, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй, эсхүл үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг арилгана.
6. Эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд тухайн этгээдээс 6 сарын дотор дахин хүчингүй болсон шийдвэрт заагдсан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж авахгүй.
5.5 дугаар зүйл. Зөвшөөрөл дуусгавар болох
1. Дараах үндэслэлээр зөвшөөрөл дуусгавар болох бөгөөд эрх бүхий этгээд зөвшөөрөл дуусгавар болсон бол зөвшөөрлийн цахим санд холбогдох хөдөлгөөнийг хийнэ:
1.1. Зөвшөөрөл эзэмшигч нь хүн бол нас барсан болон түүнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, хуулийн этгээд бол татан буугдсан;
1.2. зөвшөөрлийн хугацаа дууссан;
1.3. зөвшөөрлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон;
1.4. эрх бүхий этгээд зөвшөөрлийг хүчингүй болгосон.
2. Зөвшөөрөл эзэмшигчийн тодорхой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл дуусгавар болсон нь уг тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаатай холбогдол бүхий бусад үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл мөн дуусгавар болно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ЗӨВШӨӨРЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЭЛ
6.1 дүгээр зүйл. Зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг
1. Зөвшөөрөл эзэмшигч нь дараах эрхийг эдэлнэ:
1.1. зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг эрхлэх;
1.2. зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргах, зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой мэдээлэл, лавлагааг авах;
1.3. хуульд заасны дагуу зөвшөөрлийг бусдад шилжүүлэх;
1.4. зөвшөөрлийн цахим мэдээллийн санд оруулсан тухайн зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл бүрэн бус, алдаатай, буруу бол залруулах талаар эрх бүхий этгээдэд хүсэлт гаргах;
1.5. хуульд заасан бусад.
2. Зөвшөөрөл эзэмшигч нь дараах үүрэг хүлээнэ:
2.1. хуульд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх;
2.2. тухайн үйл ажиллагааг эрхлэх хуулиар тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах;
2.3. хуулиар хориглосон, эсхүл хязгаарласан тохиолдолд зөвшөөрөлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхгүй байх;
2.4. хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг байнга эрхлэн явуулах;
2.5. зөвшөөрлийг эрх бүхий этгээдээс авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ тухай татварын албанд мэдэгдэж, татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлэх;
2.6. санхүүгийн үйлчилгээний зөвшөөрөл эзэмшигч мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаарх хууль тогтоомжийг сахин биелүүлэх;
2.7. үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын болон үндэсний стандартыг дагаж мөрдөх;
2.8. зөвшөөрлийн хүрээнд хэрэглэгчийг ялгаварлахгүйгээр үйлчилгээгээр шуурхай хангах;
2.9. хуульд заасан бусад.
6.2 дугаар зүйл. Зөвшөөрлийн цахим нэгдсэн сан
1. Энэ хуульд заасан үйл ажиллагаа эрхлэхэд олгосон бүх зөвшөөрлийн бүртгэл, зөвшөөрөлтэй холбоотой нийтлэг мэдээллийг агуулсан зөвшөөрлийн цахим нэгдсэн сантай байх бөгөөд уг санг энэ хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зөвлөлийн ажлын алба эрхэлнэ.
2. Эрх бүхий этгээд нь зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тухай шийдвэр, дуусгавар болсон, зөвшөөрлийг барьцаалсан, шилжүүлсэн тухай мэдээллийг хуульд заасан журмын дагуу зөвшөөрлийн цахим нэгдсэн сан /цаашид ”Зөвшөөрлийн сан“ гэх/-д бүртгүүлнэ.
3. Эрх бүхий этгээдээс ирүүлсэн энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр, мэдээллийг Зөвлөлийн ажлын алба ажлын 3 өдрийн дотор бүртгэж, зөвшөөрлийн цахим нэгдсэн санд байршуулах, нийтэд мэдээлэх арга хэмжээг авна.
4. 3өвшөөрлийн цахим нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх, уг санд зөвшөөрлийг бүртгэх, лавлагаа, мэдээлэл өгөхтэй холбогдсон журмыг Засгийн газар батална.
5. Зөвлөлийн ажлын алба зөвшөөрлийн бүртгэлийг цахим хэлбэрт оруулж, мэдээллийн сан үүсгэх, түгээх, ашиглах, түүний байнгын тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах үүрэгтэй.
6.3 дугаар зүйл. Зөвшөөрлийн лавлагаа, мэдээлэл
1. 3өвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, дуусгавар болгохтой холбоотой хүсэлт гаргасан этгээд, түүний бүрдүүлсэн баримт бичиг болон зөвшөөрөл олгох, бүртгэх, хяналт тавих эрх бүхий этгээдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл нээлттэй, ил тод байна.
2. Тусгай ба энгийн зөвшөөрөлтэй холбоотой энэ хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан мэдээлэлтэй холбогдсон лавлагааг сонирхогч этгээдийн хүсэлтээр олгоно.
3. Зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой мэдээлэл хуульд заасны дагуу тухайн этгээдийн нууцад хамаарахаар бол түүнтэй холбоотой лавлагааг зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийн үндсэн дээр олгоно.
4. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан лавлагааг ажлын 5 өдрийн дотор, бусад лавлагааг ажлын 3 өдрийн дотор олгоно.

ДОЛООДУГААР БҮЛЭГ
ХОРИГЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЗӨВШӨӨРЛӨӨР ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
7.1 дүгээр зүйл. Хориглох үйл ажиллагаа
1. Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:
1.1. хар тамхи, хуульд өөрөөр заагаагүй бол мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалах;
1.2. хар тамхи, хуульд өөрөөр заагаагүй бол мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн угтвар бодисыг агуулсан эм, бэлдмэлийг үйлдвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, худалдах, үйлчлэх;
1.3. садар самуун явдлыг зохион байгуулах, түүнийг аливаа хэлбэрээр сурталчлах, дэмжих;
1.4. хуульд өөрөөр заагаагүй бол казиногийн үйл ажиллагаа эрхлэх;
1.5. олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар ашиг хонжоо олох үйл ажиллагаа;
1.6. аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулах;
1.7. аюултай хог хаягдлыг Монгол Улсын хил дамжуулан тээвэрлэх;
1.8. үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх;
1.9. төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх.
Тайлбар:Энэ зүйлийн 1.4 дэх заалтад заасан “казиногийн үйл ажиллагаа эрхлэх”-ийг хориглох гэдэгт мөнгө буюу түүнийг орлогч металл /токенс/ хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаанд мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос /чип/ буюу шоо, хөзөр, тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтаар өрөө, тасалгаа, тоног, төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан тоглоом тоглуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж ойлгоно.
7.2 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн жагсаалт
1. Байгаль орчны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:
Тусгай зөвшөөрөл Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд
1.1.тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
1.2.газар ашиглах эрх Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагч

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх