Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 12-р сарын 23 өдөр
Ulaanbaatar city
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах заалтыг нэмсүгэй.
1. 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийн “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.” гэсний дараа “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг цахим болон хосолмол хэлбэрээр зохион байгуулж болно.” гэж;
2. 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийн “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй” гэсний дараа “бөгөөд тухайн баг, хороог харьяалах сум, дүүргийн Засаг дарга Иргэдийн Нийтийн Хуралд иргэд цахим систем ашиглан оролцох, санал өгөх боломжийг бүрдүүлнэ.” гэж;
2 дугаар зүйл. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“31 дүгээр зүйл.Нутгийн өөрийн удирдлага дахь иргэний оролцоо
31.1. Тухайн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэд сайн дураараа хамтарч тухайн нэгжийнхээ эдийн засаг, нийгмийн тулгамдсан, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар нэг удаагийн, эсхүл хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг санаачлах эрхтэй. Энэхүү эрхээ тухайн асуудлаар өргөдөл /цаашид "нийтийн өргөдөл" гэх/ гаргах замаар хэрэгжүүлэх ба нийтийн өргөдлийг цахим системээр гаргаж, хүлээн авч болно.
31.2. Нийтийн өргөдлийг энэ хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэгт заасан Иргэдийн Нийтийн Хурлын болон 35 дугаар зүйлд заасан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд гаргана.
31.3. Нутгийн өөрөө удирдах байгууллага дараах үндэслэлээр нийтийн өргөдлийг хүлээн авахгүй:
31.3.1. энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасан асуудлын хүрээнд хамаарахгүй;
31.3.2. улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдалд харшилсан;
31.3.3. бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалсан;
31.3.4. өргөдөлд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа;
31.3.5. хувийн асуудлаар гаргасан.
31.4. Нийтийн өргөдлийг цахим системд 30 хоногийн хугацаатай байршуулах ба уг өргөдлийг нийслэл, тухайн дүүрэг, хороонд байнга оршин суугаа, Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэдийн 3 хувь ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн, тухайн аймаг, сум, багт байнга оршин суугаа, Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэдийн 5 хувь ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол нутгийн өөрөө удирдах байгууллага хэлэлцэх үүрэгтэй:
31.5. Нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн санал Цахим гарын үсгийн тухай хуулийн 4.1.3-т заасан тоон гарын үсгээр эсхүл танилт нэвтрэлтийн ДАН системээр баталгаажсан байна.
31.6. Нийтийн өргөдлийг цахим системээр хүлээн авах үлгэрчилсэн журмыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга батална.
31.7. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шаардлагатай гэж үзвэл нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар гаргах шийдвэрийн талаар хуульд заасны дагуу зөвлөлдөх санал асуулга явуулж болно.
2/ 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэг:
“32.4.Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирсэн болон цахим системд бүртгэгдэн нэвтэрснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно.”
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

Төслийн хэрэглэгчид

Ж. ЗОЛЖАРГАЛ

Ж. ЗОЛЖАРГАЛ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх