Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 3-р сарын 23 өдөр
Ulaanbaatar city
САНАЛ ХУДАЛДАН АВАЛТЫН ЭСРЭГ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь санал худалдан авах болон сонгогчдын саналд хууль бусаар нөлөөлөх бүх хэлбэрийг хориглох, урьдчилан сэргийлэх, олон нийтийн оролцоо, хяналтыг дэмжих, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хууль тогтоомж
2.1. Санал худалдан авалтын эсрэг хууль тогтоомж нь Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хуулиар сонгуулийн болон сонгуулийн бус үед санал худалдан авахад чиглэсэн бүх хэлбэрийг хориглох, урьдчилан сэргийлэх, олон нийтийн оролцоо, хяналтыг дэмжихтэй холбоотой харилцааг зохицуулна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “Санал худалдан авалт” гэж аливаа этгээд сонгогчийн саналд хууль бусаар нөлөөлөх зорилгоор өөрийн, гуравдагч этгээдийн, эсхүл улсын болон орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, нөөц, албаны эрх мэдлийг ашиглан иргэн эсхүл сонгогчдын тодорхой бүлэгт мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр эдийн болон эдийн бус ашиг, давуу байдал олгох, амлах үйлдэл, үйл ажиллагааг;
4.1.2. “Санал худалдан авах зорилготой гуравдагч этгээд” гэж улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигч, нэр дэвших сонирхол бүхий этгээдийн ашиг сонирхлын төлөө энэ хуулиар хориглосон үйл ажиллагааг санаатайгаар хэрэгжүүлж, зохион байгуулж, зуучилж, эсхүл бодит дэмжлэг үзүүлсэн аливаа этгээдийг;
5 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд
5.1. Энэ хуулийн үйлчлэлд дор дурдсан хуулийн этгээд, албан тушаалтан, иргэн хамаарна:
5.1.1. Монгол Улсын Ерөнхийлөгч;
5.1.2. Улсын Их Хурал, Улсын Их хурлын дарга, гишүүн;
5.1.3. Засгийн газар, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн;
5.1.4. Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдын хурлын дарга, төлөөлөгч, ажлын албаны дарга, бүх шатны Засаг дарга, орлогч, Засаг даргын тамгын газрын дарга.
5.1.5. Төрийн улс төр, захиргаа, үйлчилгээ, тусгай албан тушаалд байнга, эсхүл үүрэг гүйцэтгэгч, гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэгч, түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон албан хаагч;
5.1.6. Төрийн болон орон нутгийн өмчит, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, тэдгээрийн албан тушаалтан;
5.1.7. Улс төрийн нам, эвсэл, харъяа байгууллага, түүний сонгуульт гишүүн;
5.1.8. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын сонгууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигч;
6 дугаар зүйл. Үйл ажиллагааны зарчим
6.1. Санал худалдан авалтын эсрэг үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
6.1.1. Иргэн, хуулийн этгээд нь санал худалдан авах хууль бус үйлдлээс ангид байх, түүнийг үл тэвчих, зөрчлийг мэдээлэх;
6.1.2. Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан этгээд нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, урьдчилан сэргийлэх, зөрчил үүссэн тохиолдолд түүнээс татгалзах;
6.1.3. Санал худалдан авах үйлдэл хийсэн, оролцсон этгээдэд хууль зүйн хариуцлага гарцаагүй хүлээлгэх;
6.2. Сонгуульд нэр дэвшиж сонгогдсон этгээд санал худалдан авах гэмт хэрэг үйлдсэн нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон бол түүний бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох, эгүүлэн татах, огцруулах үндэслэл болно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
САНАЛ ХУДАЛДАН АВАЛТЫГ ХОРИГЛОХ
7 дугаар зүйл. Хориглох зүйл
7.1. Энэ хуулийн 5.1-т заасан болон бусад аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулан санал худалдан авах болон сонгогчдын саналд хууль бусаар нөлөөлөх зорилгоор дараахь үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
7.1.1. Мөнгө, эд зүйл, бараа үнэгүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, эрх олгох, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх, эдгээрийг амлах;
7.1.2. Нийтийг хамарсан баяр наадам, урлаг, спорт, соёл, олон нийтийн арга хэмжээ, тоглолт, хүлээн авалт, цайллага, хонжворт сугалаа, төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоом, эдгээртэй адилтгах бусад үйл ажиллагаа зохион байгуулах, ивээн тэтгэх, шагнах, урамшуулах, эдгээрийг амлах;
7.1.3. Гадаад, дотоодод аялуулах, амралт, сувилалд амруулах, эдгээрийг амлах;
7.1.4. Ирээдүйд мөнгө, эд зүйл, бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх, амлалт, баталгаа гаргах;
7.1.5. Ажлын байрыг нь хадгалах, албан тушаалд томилох, томилуулах, дэвшүүлэх, зуучлах, өөрчлөх, эдгээрийг амлах;
7.1.6. Санал худалдан авалтыг нуун дарагдуулах зорилгоор бусдын нэр, данс, төлбөрийн карт, санхүүгийн бусад хэрэгслийг ашиглах;
7.1.7. Зээлийн болон бусад өр төлбөрийг тэглэх, хүчингүйд тооцох, хөрвүүлэх, хөнгөлөх, хэлбэрийг өөрчлөх, эдгээрийг амлах;
7.1.8. Улсын болон орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгө, нөөц, эрх мэдлийг урвуулан ашиглаж зориулалтын бусаар зарцуулах;
7.1.9. Улсын болон орон нутгийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит этгээдийн ажилтан, албан тушаалтан, ажил, үйлчилгээ, эд хөрөнгө, нөөцийг ашиглах,
7.1.10. Иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг үзүүлэх, үзүүлэхгүй байх, аливаа байдлаар дарамт, шахалт үзүүлэх, нөлөөлөх, хясан боогдуулах;
7.1.11. Улсын болон орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчийн этгээдийн хөрөнгө, нөөцөөр хэрэгжүүлсэн ажил үйлчилгээ, барилга байгууламж, төсөл, арга хэмжээний нээлт, ёслолын арга хэмжээнд оролцох, худалдан авсан машин, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг хүлээлгэж өгөх, тууз хайчлах зэргээр далд сурталчилгаа хийх, олон нийтийг төөрөгдүүлэх, нөлөөлөх;
7.1.12. Улсын болон орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчийн этгээдийн төсөв, хөрөнгийг төрийн ажил, үйлчилгээг олон нийтэд хүргэхээс бусад зорилго, байдлаар хэвлэл мэдээлэл, сурталчилгаанд зарцуулах;
7.1.13. Төрийн болон орон нутгийн байгууллага, төрийн бус байгууллагын аливаа шагналыг олгох, тараах, зуучлах, амлах;
7.1.14. Хөнгөлөлттэй зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж, тэтгэмж, төсөл, хөтөлбөрт иргэдийг хууль бусаар хамруулах, хамрагдахад дэмжлэг үзүүлэх, зуучлах, амлах;
7.1.15. Санал худалдан авалтын талаар мэдээлэл, гомдол гаргасан этгээдэд дарамт шахалт үзүүлэх, нэр хүндэд нь халдаж, илт худал мэдээлэл тараах;
7.1.16. Санал худалдан авалтыг аливаа хэлбэрээр дэмжих, зохион байгуулах, зуучлах, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхээр төлөвлөх, үүрэг даалгавар өгөх, гүйцэтгүүлэх, хамтран ажиллах;
7.1.17. Санал худалдан авалт зохион байгуулах, санхүүжүүлэх, халхавчлах зорилгоор хуулийн этгээд, Төрийн бус байгууллага, сан, хуулийн этгээд байгуулах, ашиглах;

ГУРАВДУГААР БҮЛЭГ
САНАЛ ХУДАЛДАН АВАЛТЫН ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
8 дугаар зүйл. Улсын Их Хурлын хүлээх үүрэг
8.1. Улсын Их Хурал нь санал худалдан авалтын эсрэг дор дурдсан үүргийг хүлээнэ: Үүнд:
8.1.1. Улс төрийн хүрээнд санал худалдан авалттай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар бодлого, зорилт дэвшүүлэн ажиллана;
8.1.2. Ээлжит сонгуулийн жилд сонгогчийн тодорхой бүлэгт шууд чиглэсэн, эсхүл нийтэд хамаарах мөнгөн олголт, халамж, тэтгэмж, татаас, хөнгөлөлт, урамшуулал, нэг удаагийн дэмжлэг, зээл болон зээлийн хөнгөлөлт, өр төлбөрийг тэглэх буюу чөлөөлөх арга хэмжээг шинээр бий болгох, арга хэмжээний хэрэгжилтийг эхлүүлэх, дүн, хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хууль тогтоомж санаачлах, хэлэлцэх, батлахыг хориглоно.
8.1.3. Энэ хуулийн 8.1.2-т заасан арга хэмжээг сонгуулийн жилийн төсөвт шинээр тусгахыг хориглоно.
8.1.4. Энэ зүйлийн зохицуулалт нь хуульд урьдчилан заасан болон тогтмол хэрэгжиж байгаа мөнгөн олголт, халамж, тэтгэмж, нийгмийн хамгааллын арга хэмжээний хэвийн хэрэгжилтэд хамаарахгүй.
8.1.5. Санал худалдан авалтын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварын үнэлгээг жил бүр хийх, тайланг сонсох, шаардлагатай арга хэмжээ авах;
9 дүгээр зүйл. Засгийн газар болон түүний харьяа байгууллага, төрийн өмч, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, тэдгээрийн албан тушаалтны хүлээх үүрэг
9.1. Засгийн газар, яам, агентлаг, төрийн өмч, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, тэдгээрийн албан тушаалтан нь санал худалдан авалтын эсрэг дор дурдсан үүргийг хүлээнэ:
9.1.1. Ээлжит сонгуулийн жилд дараах агуулгатай захиргааны акт, шийдвэрийн төсөл санаачлах, хэлэлцэх, батлах, хэрэгжилт зохион байгуулахыг хориглоно.
9.1.2. Сонгогчийн тодорхой бүлэгт шууд чиглэсэн, эсхүл нийтэд хамаарах бэлэн мөнгөн олголт, халамж, тэтгэмж, татаас, хөнгөлөлт, урамшуулал, нэг удаагийн дэмжлэг, зээл, зээлийн хөнгөлөлт, өр төлбөрийг тэглэх буюу чөлөөлөх арга хэмжээг шинээр бий болгох, улсын болон орон нутгийн төсөв, төсвийн тодотголд шинээр тусгахаар санаачлах, нэмэгдүүлэх, арга хэмжээг хэрэгжүүлж эхлэхийг хориглоно.
9.1.3. Энэ зүйлийн зохицуулалт нь хуульд урьдчилан заасан болон тогтмол хэрэгжиж байгаа мөнгөн олголт, халамж, тэтгэмж, нийгмийн хамгааллын арга хэмжээний хэвийн хэрэгжилтэд хамаарахгүй.
9.1.4. Санал худалдан авалтаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулна.
9.1.5. Байгууллагын үйл ажиллагааг санал худалдан авалтаас ангид удирдан зохион байгуулж, шийдвэр гаргахдаа санал худалдан авалтын эсрэг хууль тогтоомжийг мөрдөнө .
9.1.6. Төрийн бүх шатны байгууллагын албан тушаалтан нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн санал худалдан авалттай холбоотой мэдээллийг 14 хоногийн дотор эрх бүхий этгээдэд мэдээллэх үүрэгтэй.
10 дугаар зүйл. Бүх шатны Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүлээх үүрэг
10.1. Бүх шатны Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, төлөөлөгч нь санал худалдан авалтын эсрэг дор дурдсан үүргийг хүлээнэ:
10.1.1. Орон нутгийн төсөв, хөтөлбөр, бодлогын баримт бичиг, аливаа шийдвэрийн төсөл боловсруулах, төлөвлөхдөө санал худалдан авалтын шинж бүхий ажил, арга хэмжээ тусгахыг хориглоно.
10.1.2. Орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөр, гадаад дотоодын зээл, тусламжийн зарцуулалтыг сонгуулийн саналд нөлөөлөх зорилгогүй, ил тод, санал худалдан авалтаас ангид зохион байгуулна.
10.1.3. Санал худалдан авалтыг ямар нэг хэлбэрээр дэмжсэн аливаа шийдвэр гаргах, худалдан авалт хийх, баримт бичиг батлах, хэрэгжүүлэхийг хориглоно.анал худалдан авалттай тэмцэх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулна.
11 дүгээр зүйл. Улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөн, намын гишүүний хүлээх үүрэг
11.1. Улс төрийн нам, эвсэл, түүний сонгуульт гишүүн санал худалдан авалтын эсрэг дор дурдсан үүрэг хүлээнэ:
11.1.1. Улс төрийн нам, эвсэл, сонгуульт гишүүн нь санал худалдан авалтыг зохион байгуулах, гүйцэтгэх, санхүүжлүүлэх, зуучлах, дэмжихийг хориглоно.
11.1.2. Улс төрийн нам, эвсэл нь санал худалдан авалтын эсрэг дотоодын хяналтын тогтолцоог бий болгоно.
11.1.3. Улс төрийн нам, эвсэл, сонгуульт гишүүн нь гишүүдийнхээ зохион байгуулах дотоод сонгууль, сургалт, уулзалт болон бусад арга хэмжээг санал худалдан авалтаас ангид зохион байгуулна.
11.1.4. Энэ хуулийн 5.1.7-д заасан этгээд нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргана.
12 дүгээр зүйл. Иргэний үүрэг
12.1. Иргэн нь санал худалдан авалтын эсрэг дор дурдсан үүргийг хүлээнэ:
12.1.1. Иргэн санал худалдан авах ажиллагаанд оролцох, саналаа худалдах зорилгоор мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр эдийн засгийн ашиг хүртэхийг хориглоно.
12.1.2. Иргэн санал худалдан авах ажиллагаанд зуучлах, зохион байгуулах, оролцох, дэмжихийг хориглоно.
12.1.3. Иргэн энэ хуулийн 5.1-д заасан этгээдэд банкны данс, картаа ашиглуулахыг хориглоно.
12.1.4. Иргэн энэ хуулийн 5.1-д заасан этгээд болон санал худалдан авах зорилготой гуравдагч этгээдэд санал худалдан авалт хийхийг санал болгохыг хориглоно.
12.1.5. Иргэн санал худалдан авалттай холбоотой мэдээллийг эрх бүхий байгууллагад мэдээлнэ.
12.1.6. Иргэн сонгуулийн үйл ажиллагаанд оролцохдоо санал худалдан авалтын эсрэг хууль тогтоомжийг мөрдөнө.
13 дугаар зүйл. Санал худалдан авалтыг мэдэгдэх, мэдээлэл авах эрх
13.1. Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан этгээд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж авсан санал худалдан авалттай холбоотой мэдээллийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх үүрэгтэй.
13.2. Санал худалдан авалтын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн асуудлаар иргэн, хуулийн этгээд нь гомдол гаргах, аливаа этгээдээс холбоотой баримт бичиг, мэдээллийг гаргуулж авах, мэдэгдэл, байр сууриа илэрхийлэх эрхтэй.
13.3. Энэ хуульд заасан санал худалдан авалттай холбоотой асуудлаар иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийн дагуу тухайн байгууллага, албан тушаалтан холбогдох баримт бичиг, мэдээллийг хуульд заасан хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэв уг мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзсан, эсхүл үндэслэлгүйгээр саатуулсан бол тухайн этгээд Авлигатай тэмцэх газарт гомдол гаргах эрхтэй бөгөөд Авлигатай тэмцэх газар хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шаардлагатай мэдээллийг гаргуулан шалгана.
13.4. Авлигатай тэмцэх газар санал худалдан авалттай холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авч хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд шалгах ажиллагаа явуулна. Шалгалтын явц, үр дүнгийн талаар хуульд заасан журмын дагуу олон нийтэд мэдээлнэ.
13.5. Санал худалдан авалттай холбоотой гомдол, мэдээлэл гаргасан иргэн, хуулийн этгээдийг дарамт шахалт, заналхийллээс хамгаалах шаардлагатай тохиолдолд Авлигатай тэмцэх газар хуульд заасан арга хэмжээг авч болно.
13.6. Санал худалдан авалттай холбоотой мэдээлэл гаргасан иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл үнэн зөв болох нь тогтоогдсон тохиолдолд мөнгөн урамшуулал олгоно. Урамшууллын хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТ, БОДЛОГО
14 дүгээр зүйл. Олон нийтийн зөвлөл
14.1. Санал худалдан авалтаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн оролцоог хангах, санал худалдан авалтын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар санал, зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус Олон нийтийн зөвлөлийг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дэргэд байгуулна.
14.2. Олон нийтийн зөвлөл дараах эрх, үүрэгтэй:
14.2.1. Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан этгээдийн боловсруулж буй болон баталсан хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, шийдвэр, хэрэгжүүлж буй хөтөлбөр, төсөлд санал, зөвлөмж гаргах;
14.2.2. Санал худалдан авалтын эсрэг хууль тогтоомжийг иргэд, хуулийн этгээдэд таниулах, олон нийтийн хэлэлцүүлэг, сургалт, уулзалт зохион байгуулах;
14.2.3. Санал худалдан авалтаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр бодлогын санал, зөвлөмж боловсруулах;
14.2.4. Санал худалдан авалтын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, санал, зөвлөмж гаргах.
14.3. Олон нийтийн зөвлөл 25 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд улс төрийн нам, иргэний нийгмийн төлөөлөл болох иргэнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны томилгооны сонсголоор 4 жилийн хугацаагаар томилно.
14.4. Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг Төрийн байгуулалтын байнгын хороо батална.
15 дугаар зүйл. Санал худалдан авалттай тэмцэх бодлого
15.1. Санал худалдан авалтаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар төрөөс баримтлах бодлого, зорилтыг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
16 дугаар зүйл. Хариуцлага
16.1. Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, тэдгээрийн албан тушаалтан, улс төрийн нам, эвсэл, түүний сонгуульт гишүүн нь санал худалдан авалт зохион байгуулсан, оролцсон, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн, дэмжсэн бол хуульд заасан хариуцлага хүлээх үндэслэл болно.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

Ж. БАЯРМАА

Ж. БАЯРМАА

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх