Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 5-р сарын 22 өдөр
Ulaanbaatar city
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилго
1.1. Энэ хуулийн зорилго нь хүн бүр, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүн; ахмад настан; жирэмсэн эх; 0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эцэг, эх, асран хамгаалагч; хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан хүн төрийн бүх төрлийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх, таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
2 дугаар зүйл. Саадгүй байдал, хүртээмжтэй үйлчилгээний тухай хууль тогтоомж
2.1. Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль түүнтэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээдэд нэгэн адил хамаарна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. "саадгүй орчин" гэдэг нь бусдын туслалцаагүйгээр үйлчилгээ авах, зорчих нөхцөлөөр хангагдсан нийтийн тээвэр, барилга байгууламж, үйлчилгээний орчинг;
4.1.2. "хүртээмжтэй үйлчилгээ" гэж мэдээлэл, харилцаа, үйлчилгээг бие даан, аюулгүй, ойлгомжтой, ялгаварлалгүйгээр авах нөхцөлийг бүрдүүлэхийг;
4.1.3. “үйлчилгээ үзүүлэгч" гэж төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийг;
4.1.4. "туслах технологи" гэж хөгжлийн бэрхшээлтэй болон ялгаатай хэрэгцээтэй иргэний хөдөлгөөн, харилцаа, мэдээлэл авах, суралцах, оролцоог дэмжих, бие дааж амьдрах боломжийг дэмжих хэрэгсэл, төхөөрөмж, программ хангамж, систем, үйлчилгээг;
4.1.5. “туслах бүтээгдэхүүн” гэж биеийн гадна хэсэгт болон хүний биед суулгаж хэрэглэж хэвийн өдөр тутмын амьдралдаа оролцоход нь туслах, чадвараа ахиулахад тухайн хүнд нь тохируулж онцгойлон үйлдвэрлэдэг эсвэл нийтэд зориулсан бүтээгдэхүүн (хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж)-ийг;
4.1.6. "боломжит тохируулга" гэж үйлчилгээ авахад тулгарч буй саадыг арилгах зорилгоор туслах технологи болон орлуулсан хэлбэрийн шийдлийг тус тус ойлгоно.
4.1.7. “дуугүй хөтөч” гэж аливаа объект, барилга байгууламж, авто зам, замын чиглэлийн талаарх мэдээллийг шууд тайлбаргүйгээр техник хэрэгсэл, тэмдэг тэмдэглээний тусламжтайгаар хүргэх цогц үйл ажиллагааг хэлнэ.
4.2. Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээ, захиргааны хэм хэмжээний актыг үнэлж, ашиглана.
5 дугаар зүйл. Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний зарчим
5.1. Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд дараах зарчмыг баримтална. Үүнд:
5.1.1. тэгш,хүртээмжтэй байх;
5.1.2. оролцоог хангах;
5.1.3. түгээмэл загварт суурилах;
5.1.4. бие даасан байдлыг дэмжих.
6 дугаар зүйл. Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний стандарт
6.1. Төрийн бүх шатны байгууллага хүнийг бие даан нийгмийн харилцаанд оролцоход саадгүй, хүртээмжтэй, түгээмэл загварт суурилсан орчин, нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд шаардагдах төсвийг тухайн жилийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
6.2. Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний үндэсний стандартыг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулж, стандарт, техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараах чиглэлээр хамтран баталж, мөрдүүлнэ. Үүнд:
6.2.1.барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж, ногоон байгууламжийн; 6.2.2.авто зам, төмөр зам, агаарын зам, замын байгууламж, нийтийн тээврийн; 6.2.3.мэдээллийн технологи, харилцаа холбооны; 6.2.4. үйлчилгээний.
6.3. Саадгүй орчныг бүрдүүлэхтэй холбоотой стандартыг боловсруулах, өөрчлөн шинэчлэх үед энэ хуулиар эрх ашиг нь хөндөгдөх этгээдийн оролцоог хангана.
6.4. Энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт заасан стандартын төслийг боловсруулах, шинэчлэхэд Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасан техникийн хороонд энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан бүлгийн төлөөлөл, мөн төрийн бус байгууллага, холбоодын төлөөллийг оролцуулна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
СААДГҮЙ, БИЕТ ОРЧНЫ ХҮРТЭЭМЖ
7 дугаар зүйл. Биет орчны хүртээмж
7.1. Биет орчны хүртээмжийг хангахдаа барилга, байгууламж, нийтийн орон зай, нийтийн тээврийг хүн бүр бие даан, аюулгүй ашиглах, хүртээмжтэй байдлаар загварчилж, учрах саадыг арилгана.
7.2. Биет орчны хүртээмжийг бүрдүүлэхдээ боломжит тохируулгыг хийж, шаардлагатай арга хэлбэр, хэрэгсэл, туслах бүтээгдэхүүнийг ашиглана.
8 дугаар зүйл. Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж, ногоон байгууламжийн саадгүй орчин, хүртээмж
8.1. Төрөөс барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж, ногоон байгууламжид саадгүй нэвтрэх, тэдгээрийг чөлөөтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлэхэд иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллаж, хууль тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлнэ.
8.2. Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж, ногоон байгууламж нь саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний стандартыг хангах ба шинээр баригдах болон хуучин барилга, байгууламжийг шинэчлэн засварлахдаа түгээмэл загварыг зарчмыг баримталсан байна.
8.3. Төрийн бүх шатны байгууллага нь энэ хууль үйлчилж эхлэхээс өмнө баригдаж ашиглалтад орсон барилга, байгууламжид саадгүй байдлын үнэлгээ хийлгэж биет орчны саадгүй байдлыг бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлнэ.
8.4. Нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж, ногоон байгууламжийг үндсэн барилга байгууламжтай нэгэн зэрэг төлөвлөж, зураг төсөл боловсруулж, барьж, ашиглалтад хүлээн авч, ашиглалтад оруулан нэгдсэн байдлаар төлөвлөн хэрэгжүүлнэ.
8.5. Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж, ногоон байгууламжид хүртээмжийн тэмдэг, тэмдэглэгээ, дуугүй хөтчийг байршуулна.
9 дүгээр зүйл. Авто зам, төмөр зам, агаарын зам, усан зам, замын байгууламжийн хүртээмж
9.1. Авто зам, төмөр зам, агаарын зам, усан зам, замын байгууламж нь саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний стандартыг хангах ба хотын төв зам, томоохон худалдааны бүс, орон сууцны хороололд хүртээмжтэй орчныг төлөвлөж, барьж байгуулах, эсхүл шаардлагатай шинэчлэл, боломжит тохируулгыг хийнэ.
9.2. Шинээр ашиглалтад оруулж буй нийтийн тээврийн хэрэгсэл нь саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний стандартыг хангасан байна.
9.3. Энэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө нь ашиглагдаж байсан нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй, хүртээмжийг сайжруулах шинэчлэл, боломжит тохируулгад үе шаттайгаар хамруулна.
9.4. Зорчигчийг саадгүй зорчиход мэдээллээр дэмжих зорилгоор дуугүй хөтөч, том үсэг, ойлгомжтой дүрс бүхий мэдээлэл, брайл болон тактил тэмдэг, аман тайлбар, туслах ажилтны дэмжлэгийг стандартын шаардлагад нийцүүлнэ.
9.5. Нийтийн тээврийн уян хатан зохицуулалттай үйлчилгээг бий болгох, урьдчилан захиалгат, дуудлагад суурилсан тээврийн үйлчилгээ үзүүлэх, улмаар зорчих явцад шаардлагатай тусламжийг үзүүлэх, асран хамгаалагчтай хамт зорчих дэмжлэгийг бүрдүүлнэ.
10 дугаар зүйл. Барилга байгууламж, авто зам, замын байгууламжийн ашиглалт, хамгаалалт
10.1. Барилга байгууламжийн өмчлөгч, эсхүл удирдлага хариуцагч нь учрах саадыг арилгаж, засварлах, солих бөгөөд хүртээмжийн тэмдэг, тэмдэглэгээг хийнэ.
10.2. Барилга байгууламжид олон нийтэд урьдчилан мэдээлж, чиглүүлэх болон анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ, дуугүй хөтчийг байршуулах арга хэмжээ авна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЛИЙН ХҮРТЭЭМЖ
11 дүгээр зүйл. Мэдээллийн технологи, харилцаа холбооны хүртээмж
11.1. Үйлчилгээ үзүүлэгчийн үйлчилгээний мэдээлэл, харилцаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настны онцлог хэрэгцээнд нийцсэн, тэгш, хүртээмжтэй байна.
11.2. Төрийн болон хувийн хэвшлийн мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээнд олон улсын стандартын байгууллагаас хүлээн зөвшөөрсөн дижитал хүртээмж, харилцааны хүртээмж, биет орчны мэдээллийн хүртээмжийн удирдамж, стандарт, баримт бичгийг үндэсний стандартаар нутагшуулж, дагаж мөрдөнө.
11.3. Хэвлэл, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт үйлчилгээ эрхэлдэг өмчийн бүх хэлбэрийн байгууллага нь хүний мэдээлэл авах эрхийг хангах, техник, технологийн хэрэгсэл, бусадтай харилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ.
11.4. Төрийн байгууллагын шийдвэр, албан бичиг, ном, сурах бичиг болон олон нийтэд зориулан хэвлэн гаргаж буй ном, сонин, сэтгүүлийг хүртээмжтэй хэлбэрээр бэлтгэж, мэдээлэл авах эрхийг хангана.
11.5. Өргөн нэвтрүүлгийн телевиз, интернэтийн телевизийн үйлчилгээ эрхлэгч нь мэдээ, мэдээлэл, танин мэдэхүйн болон гамшгийн үеийн мэдээллийг дохионы хэлмэрч, хадмал бичвэр, дуун тайлбар бүхий харилцааны хүртээмжийн хэлбэрээр үзэгчийн сонголттойгоор хүргэнэ.
11.6. Энэ зүйлд заасан арга хэмжээний зардлыг тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлж буй байгууллагын тухайн жилийн төсөвт тусган хэрэгжүүлнэ.
Тайлбар: Энэ зүйлд заасан “дижитал хүртээмж”, “харилцааны хүртээмж”, “биет орчны мэдээллийн хүртээмж” гэдэг нь олон улсын стандартын байгууллагаас хүлээн зөвшөөрсөн Веб контентын хүртээмжийн удирдамж (WCAG), дэлгэц уншигч, компьютерын гарын чиглүүлэгч (навигатор), дүрсний “Alt” текст формат, өнгөний ялгарал, хадмал бичвэр, хүртээмжтэй онлайн хэлбэрүүд, хүртээмжтэй PDF, Word, PowerPoint файлууд, дохионы хэл, уншихад хялбар формат, том үсэг, брайл, аудио формат, яриаг бичвэрт хөрвүүлэгч, олон хэлний сонголт, олон улсын тэмдэг тэмдэглэгээ, дуугүй хөтөч, товгор зам, сонсох боломжтой зар, хүртээмжтэй мэдээллийн ширээ, гамшгийн үеийн мэдээллийн хүртээмжтэй байдал хамаарна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖ
12 дугаар зүйл. Төрийн үйлчилгээний хүртээмж
12.1. Төрийн байгууллага нь иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд болон хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэхэд дараах үүрэгтэй:
12.1.1. саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээг бүрдүүлэх;
12.1.2. ажилтнууддаа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хөгжлийн бэрхшээлийн онцлог хэрэгцээ, хүртээмж, боломжит тохируулгын талаарх сургалтанд тогтмол хамруулах;
12.1.3. хэрэглэгчийн санал, гомдлыг хүртээмжтэй хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх;
12.1.4. үйлчилгээний онцлогт нийцсэн туслах технологи, боломжит тохируулга, хувилбарт аргыг ашиглах;
12.1.5. хүн туслах хэрэгсэлтэйгээ тухайн байгууллагад нэвтрэх, шаардлагатай тохиолдолд тухайн хүний асран хамгаалагч, хувийн туслах, хөтөч, хөтөч нохой хамт болон байнга хэрэглэдэг, овор ихтэй, туслах бүтээгдэхүүнээ ашиглаж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх;
12.1.6. хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, жирэмсэн эмэгтэй, асран хамгаалагчид түрүүлж, дараалал багатай үйлчлүүлэхэд зориулагдсан тусгай касс/цонх ажиллуулах;
12.1.7. хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, жирэмсэн эмэгтэй, асран хамгаалагчид түрүүлж, дараалалгүй үйлчлүүлэх тусгай касс, цонхыг ажиллуулж, налуу зам, намсгасан тавцан, сонсголын бэрхшээлтэй иргэнд зориулсан дохио, бичгэн харилцаа болон тод тэмдэглэгээг стандартын дагуу хангах;
12.1.8. нийтийн тээвэр, буудал, терминалын хүлээлгийн орчныг биеийн онцлог бүхий иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн төлөвлөж, тэргэнцэртэй иргэн чөлөөтэй байрших боломжтой зайг хангах, нуруу түшлэгтэй, гарын тулгууртай суудлаар тоноглох, мөн чимээ шуугиан, хүний хөдөлгөөний ачаалал багатай хүлээлгийн хэсгийг стандартын шаардлагад нийцүүлэн бүрдүүлэх.
12.2. Төрийн захиргааны төв байгууллага нь төрийн бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, төрийн өмчит болон олон нийтийн байгууллага, холбоо, иргэний нийгмийн байгууллагын ажилтнуудыг саадгүй, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадвар олгох сургалтад хамруулахыг дэмжинэ.
12.3. Төрийн үйлчилгээнд хуульд заасны дагуу иргэдэд үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаа хамаарна.
12.4. Төрийн үйлчилгээний байгууллагын барилга, байгууламжийн иргэдтэй харилцах, үйлчилгээ үзүүлэх хэсэгт саадгүй зорчих орчныг бүрдүүлж, нэвтрэх тоног төхөөрөмж, туслах хэрэгслээр хангаж, ойлгомжтой тэмдэг, чиглүүлэг байршуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настанд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлнэ.
12.5. Төрийн үйлчилгээ нь дижитал хэлбэрийг нэвтрүүлэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад зориулан газар дээр нь зөвлөх, бичгээр болон гараар гүйцэтгэх уламжлалт үйлчилгээний хэлбэрийг хадгална.
Тайлбар: Энэ зүйлд заасан “хувилбарт арга” гэж энгийн ойлгомжтой хэллэгээр ярих, дохио зангаагаар хариулах боломжтой хэлбэрээр харилцах, дохионы хэл, бичгийг ярианд, яриаг бичигт хөрвүүлэх технологи ашиглах, харилцааны самбар, тэмдэг тэмдэглэгээ, дүрс ашиглах, дүрст дуудлага, хөтөч ашиглахыг хэлнэ.
13 дугаар зүйл. Хууль зүйн үйлчилгээний хүртээмж
13 .1. Шүүхийн болон прокурорын байгууллага, хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллага, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй хуулийн этгээд, нотариат нь энэ хуульд заасны дагуу үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн саадгүй орчныг бүрдүүлж, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхдээ хувилбарт аргыг ашиглана.

ТАВДУГААР БҮЛЭГ
БОЛОМЖИТ ТОХИРУУЛГА, ТУСЛАХ ТЕХНОЛОГИ
14 дүгээр зүйл. Боломжит тохируулга
14.1. Төрийн бүх шатны байгууллага, хуулийн этгээд нь боломжит тохируулгыг тухайн хүний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлчилгээ, зохион байгуулалтын болон биет орчинд хийнэ.
14.2. Төрийн бүх шатны байгууллага, хуулийн этгээд нь энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хүний бие даан амьдрах, нийгмийн амьдралд тэгш оролцох боломжийг хангах зорилгоор тухайн хүний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлчилгээ, зохион байгуулалт, биет орчинд боломжит тохируулгыг хийж, шаардлагатай тохиолдолд туслах технологи, туслах бүтээгдэхүүн ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.
14.3. Боломжит тохируулгыг тухайн хүний эрүүл мэндийн бусад байдлыг нотлох баримт, илэрхий үйл баримтад суурилах бөгөөд шаардлагатай бол тухайн хүний зөвшөөрснөөр хэрэгцээ шаардлагад үнэлгээ хийлгүүлж болно.
14.4. Боломжит тохируулгыг хийсэн төрийн бүх шатны байгууллагад хүртээмжийн гэрчилгээ олгох шалгуур үзүүлэлтэд харгалзан үзнэ.
15 дугаар зүйл. Туслах технологи, туслах бүтээгдэхүүн
15.1. Туслах технологи нь энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хүний саадгүй орчинд таатай амьдрах, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэхэд чиглэгдэнэ.
15.2. Туслах технологи нь хувь хүний хэрэгцээг үнэлж, тохирох туслах бүтээгдэхүүний жор бичих; үйлдвэрлэх, угсрах, худалдан авах; тохируулах, тааруулах, сургалтад хамруулах, зааварчилгаа өгөх, засвар үйлчилгээ хийх, хэрэгцээг дахин үнэлэх цогц үйл ажиллагаа байна.
15.3. Туслах технологийн үйлчилгээг төрийн болон аж ахуйн нэгж, мэргэшсэн төрийн бус байгууллага, хуулийн этгээд эрхэлнэ.
16 дугаар зүйл. Туслах бүтээгдэхүүн
16.1. Төрөөс олгох “Нэн шаардлагатай туслах бүтээгдэхүүний жагсаалт”-ыг худалдан авалтын тогтолцоо, түгээлтийн тогтолцооны хамт олон улсын жишигт нийцүүлэн нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
16.2. Төрөөс олгох “Нэн шаардлагатай туслах бүтээгдэхүүний жагсаалт”-ыг төр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага, мэргэжлийн холбоо, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий “Сэргээн засалт, туслах технологийн үндэсний зөвлөл” жил бүр шинэчлэн гаргаж энэ хуулийн 16.1-т заасан Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
16.3. Төрөөс олгох “Туслах технологийн үйлчилгээ үзүүлэх журам”, “Нэн шаардлагатай туслах бүтээгдэхүүнийг олгох журам”-ыг тухайн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлах ба хэрэглэгчдэд ээлтэй хэлбэрээр зохион байгуулж, бүтээгдэхүүн сонгох тогтолцоог нэвтрүүлнэ.
16.4. Сэргээн засах, туслах технологийн төв нь төрөөс олгох “Нэн шаардлагатай туслах бүтээгдэхүүн”-ийг худалдан авах, түгээх тогтолцоог хэрэгжүүлнэ.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТӨРИЙН ЧИГ ҮҮРЭГ
17 дугаар зүйл. Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх
17.1. Саадгүй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх чиглэлээр Улсын Их Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.1.1. саадгүй орчинд амьдрах, хүртээмжтэй үйлчилгээ авах эрхийг хангах хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
17.1.2. саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээг бүрдүүлэхэд шаардагдах төсөв батлах;
17.1.3. саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээг бүрдүүлэх талаарх Засгийн газрын тайланг хэлэлцэж, чиглэл өгөх.
17.1.4. хуульд заасан бусад.
17.2. Засгийн газар саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээг бүрдүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.2.1. энэ хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих;
17.2.2. саадгүй орчин бүрдүүлэх, үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусган батлуулах;
17.2.3. амьдрах орон байр, түүний дотор гэр хорооллын сууц, амины болон нийтийн зориулалттай орон сууцны хүртээмжийг хангах арга хэмжээг төрийн бодлого, төсөв, худалдан авалт, хяналтын тогтолцоонд үе шаттайгаар тусган хэрэгжүүлэх;
17.2.4. хүртээмжтэй орон байр, нийтийн зориулалттай барилга, дэд бүтцийн бодлого, зорилт, хэрэгжилтийн шалгуурыг тогтоох.
18 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын бүрэн эрх
18.1. Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.1.1. нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд саадгүй орчин, амьдрах орон байрны хүртээмжийг хангах арга хэмжээний зардлыг орон нутгийн төсөвт тусган батлах;
18.1.2. энэ хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар тухайн шатны Засаг даргын тайланг хэлэлцэж, хэрэгжилтийг сайжруулах талаар чиглэл өгөх;
18.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь саадгүй орчин бүрдүүлэх, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.2.1. тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тухайн жилд саадгүй орчинг бүрдүүлэх, хүртээмжтэй үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардагдах төсвийг тусган батлуулах, хэрэгжилтийг хангах;
18.2.2. орон нутгийн хөгжлийн бодлого, ерөнхий төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрт саадгүй орчин бүрдүүлэх, хүртээмжтэй үйлчилгээг нэвтрүүлэх, орон байрны хүртээмжийг бий болгох арга хэмжээг тусгах, хуулийн этгээд, төрийн бус байгууллагын оролцоог хангах ажлыг зохион байгуулах;
18.2.3. нутаг дэвсгэрийн бүх хэвшлийн байгууллагын саадгүй орчин бүрдүүлсэн, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлсэн байдалд хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах;
18.2.4. энэ хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах, төрийн бус байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж, үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх, дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
18.2.5. саадгүй орчин бүрдүүлэх, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх талаар гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулах.
19 дүгээр зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
19.1. Төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
19.1.1. төрийн болон олон нийтийн үйлчилгээний цахим хуудас, холбогдох цахим хэрэглэгдэхүүнийг хүртээмжтэй болгох ажлыг зохион байгуулах, шаардлагатай аргачлал, зөвлөмжийг боловсруулж түгээх;
19.1.2. сонсголын бэрхшээлтэй хүн цагдаа, эрүүл мэндийн байгууллага, хүүхдийн тусламж, онцгой байдлын албаны тусгай дугаарт зурвас илгээх, дохионы хэлний хэлмэрчийн зайн дүрс, ярианы тусламжтайгаар хандаж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх;
19.1.3. харааны бэрхшээлтэй хүнд зориулсан бичвэрийг дуу авиа руу хөрвүүлэн хувиргах дэлгэц уншигч бүхий программ хангамжийг хөгжүүлэх;
19.1.4. үе мөчний тайралттай, саажилттай хүнд зориулж дуу хоолой, хөдөлгөөн мэдрэгчээр ухаалаг төхөөрөмжийг ашиглах боломжийг бүрдүүлэх;
19.1.5. дохионы хэлийг монгол ярианы хэл рүү, монгол ярианы хэлийг дохионы хэл рүү хөрвүүлдэг технологи, программ хангамжийг хөгжүүлэх;
19.1.6. хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан туслах технологийг хөгжүүлэх, шинжлэх ухааны шинэ нээлт, ололт амжилтыг (инновац)-ийг нутагшуулж, хямд үнээр ашиглах боломжийг бүрдүүлэх;
19.1.7. орон сууцанд зохих тохируулга, туслах технологи, хүртээмжийн тоноглолыг нэвтрүүлэхтэй холбоотой жишиг загвар, техникийн шаардлага, аргачлал, зөвлөмжийг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
19.1.8. лавлах машин, банкны карт уншигч зэрэг үйлчилгээний тоног төхөөрөмжийг хөгжлийн бэрхшээлтэй хүн саадгүй ашиглах боломжийг бүрдүүлэх.
19.2. Энэ зүйлд заасан арга хэмжээг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тухайн жилийн төсөвт тусган хэрэгжүүлнэ.

ДОЛООДУГААР БҮЛЭГ
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭД, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ
20 дугаар зүйл. Холбоо, төрийн бус байгууллагын чиг үүрэг
20.1. Саадгүй байдал, хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй хүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоо, төрийн бус байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
20.1.1. саадгүй, хүртээмжтэй орчинг бүрдүүлэх, харилцах арга зүйн сургалт, явуулах;
20.1.2. энэ хууль тогтоомжийг сурталчлах, олон нийтийн ойлголт хандлагыг сайжруулах, сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах;
20.1.3. энэ хуульд заасан үнэлгээг магадлан итгэмжлэлийн үндсэн дээр гүйцэтгэх, судалгаа, шинжилгээ, үнэлгээ зөвлөмж боловсруулах;
20.1.4. шинэ техник, технологи, программ хангамжийг зохион бүтээж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, дэмжих;
20.1.5. саадгүй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх талаар холбогдох байгууллагад зөвлөмж өгч, арга зүйн туслалцаа үзүүлэх;
20.1.6. улсын хэмжээнд саадгүй, хүртээмжтэй орчны үзлэгийг барилга, зам, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран 5 жилд тутам зохион байгуулах
21 дүгээр зүйл. Хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг
21.1. Хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллага нь саадгүй, хүртээмжтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
21.1.1. үйл ажиллагаа, үйлчилгээний төрөл хэлбэрээс хамааран үйлчлүүлэгчид учирч болох саад бэрхшээлийг илрүүлж, арилгах;
21.1.2. байгууллагын гадаад, дотоод орчин, үйлчилгээний саадгүй, хүртээмжтэй байдлын талаар үйлчлүүлэгчээс санал, хүсэлт, гомдол хүлээн авах, шийдвэрлэх, эргэн мэдээлэх;
21.1.3. саадгүй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх талаар холбогдох төрийн эсхүл хүртээмжийн чиглэлээр мэргэшсэн байгууллагатай хамтран ажиллах;
21.1.4. байгууллагын хэмжээнд саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээг бүрдүүлэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

НАЙМДУГААР БҮЛЭГ
ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ, ХАРИУЦЛАГА
22 дугаар зүйл. Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний үнэлгээ
22.1. Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний үнэлгээний аргачлал, шалгуур үзүүлэлтийг холбогдох стандарт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хэрэгжилтийг хангана.
22.2. Төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг дарга нь саадгүй орчин бүрдүүлэх, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайланг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан олон нийтэд ил тод мэдээлнэ.
22.3. Энэ хуулийн 26 зүйлд заасан үнэлгээг хараат бус байдлыг хангасан, хүртээмжийн чиглэлээр мэргэшсэн, Итгэмжлэлийн үндэсний төвөөс магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж, байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж болно.
22.4. Үнэлгээ гүйцэтгэсэн этгээд нь саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний хэрэгжилтийн талаар дүгнэлт, зөвлөмж, шаардлагыг холбогдох байгууллагад хүргүүлэх ба тухайн байгууллага нь тэдгээрийг заавал биелүүлэх үүрэгтэй.
22.5. Хүртээмжийн үнэлгээ, сургалтыг Итгэмжлэлийн Үндэсний Төвөөс магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хуулийн этгээд гүйцэтгэнэ.
22.6. Итгэмжлэлийн Үндэсний Төвөөс хүртээмжийн үнэлгээний үр дүн, тайланг ил тод байршуулж, “Хүртээмжтэй байгууллага”-ын гэрчилгээ, тэмдэгийг олгох үйл ажиллагааг жил бүр зохион байгуулна.
22.7. Үйлчилгээ үзүүлэгч нь хүртээмжийн үнэлгээг 2 жил тутам хийлгэх үүрэгтэй.
23 дугаар зүйл. Хяналт, хариуцлага
23.1. Энэ хуулийн хэрэгжилтэд төрийн захиргааны төв байгууллага, эрх бүхий улсын байцаагч, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хүний төлөөлөл оролцсон олон талт, оролцоонд суурилсан хяналтын тогтолцоог хэрэгжүүлнэ.
23.2. Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээ, мэдээллийн хүртээмж, мөн туслах технологи, туслах бүтээгдэхүүнд энэ хууль болон бусад холбогдох хууль, стандарт, норм, шаардлагыг дагаж мөрдөж байгаа эсэхэд холбогдох эрх бүхий улсын байцаагч хяналт тавина.
23.3. Эрх бүхий улсын байцаагчийн зөвлөмж, шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага оногдуулна.
23.4. Улсын байцаагчийн зөвлөмж, шаардлагыг удаа дараа биелүүлээгүй нь Зөвшөөрлийн тухай хуульд заасан зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.
23.5. Сум, дүүрэг болон түүнээс дээш шатны засаг захиргааны нэгжийн холбогдох байгууллага нь саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний хэрэгжилтэд хөндлөнгийн хараат бус байгууллагаар үнэлгээ хийлгэж, үнэлгээний дүнг олон нийтэд ил тод мэдээлнэ.
23.6. Байгууллага, иргэн нь саадгүй орчныг бүрдүүлэх ажлыг сайжруулах, боловсронгуй болгох талаар эрх бүхий байгууллагад санал, зөвлөмж гаргах, мөн энэ хуулийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд гомдол, мэдээлэл гаргах эрхтэй.
23.7. Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний талаар гаргасан гомдол, мэдээллийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
23.8. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настны асуудал чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, төрийн бус байгууллага нь холбогдох чиглэлээр мэргэшсэн, дадлага, туршлагатай иргэдийг оролцуулан саадгүй орчин, мэдээллийн болон амьдрах орон байрны хүртээмж бүрдүүлэх үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлж болно.
23.9. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь амьдрах орон байрны хүртээмж, саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний хэрэгжилтэд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлж болно.
24 дүгээр зүйл. Хүртээмжийн үнэлгээний урамшууллын тогтолцоо
24.1. Итгэмжлэлийн үндэсний төвөөс магадлан итгэмжлэгдсэн байгууллагын хийсэн үнэлгээнд үндэслэн хүртээмжийн гэрчилгээ олгоно.
24.2. Хүртээмжийн шаардлагыг хангаж, “хүртээмжийн гэрчилгээ" авсан хуулийн этгээд нь төрөөс олгох үйлчилгээ, дэмжлэг, худалдан авалтын үйл ажиллагаанд оролцоход давуу эрх эдэлнэ.
25 дугаар зүйл. Хариуцлага
25 .1. Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний талаар гаргасан гомдол, мэдээллийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шийдвэрлэнэ.
25 .2. Хууль тогтоомж зөрчсөн хариуцлага ногдуулах үндэслэлтэй бол Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
25 .3. Энэ хуулийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан этгээд нь иргэний хариуцлага хүлээх бөгөөд гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
26 дугаар зүйл. Шилжилтийн үеийн зохицуулалт
26 .1. Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулсан, ашиглалтад оруулсан барилга байгууламж эсхүл хуучин барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж, ногоон байгууламж, авто зам, төмөр зам, агаарын зам, усан зам, замын байгууламжид саадгүй орчин бүрдүүлэх, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
26 .2. Төрийн бүх шатны байгууллага нь энэ хууль үйлчилж эхлэхээс өмнө баригдаж ашиглалтад орсон үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн барилга, байгууламжид саадгүй орчны үнэлгээ, төрийн үйлчилгээнд хүртээмжийн үнэлгээ хийлгэж орчны саадгүй орчныг бүрдүүлэх, үйлчилгээг хүртээмжтэй болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлнэ.
26 .3. Энэ хууль үйлчилж эхлэхээс өмнө хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа үндэсний стандартад тухайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцсан чиглэлээр үзлэг хийж, хэрэгжилтийг үнэлэн Саадгүй орчин, хүртээмжийн стандартад нийцүүлэн шинэчлэн батлуулж, мөрдүүлнэ.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
27 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
27.1. Энэ хууль 2028 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
3. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

О. САРАНЧУЛУУН

О. САРАНЧУЛУУН

Initiator of the draft law
Ж. БАЯСГАЛАН

Ж. БАЯСГАЛАН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх