3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. "эрүүл мэнд" гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг;
3.1.2. "эрүүл мэндийг хамгаалах" гэж өвчин эмгэг, түүний эрсдэлт хүчин зүйлсээс хүн амыг хамгаалах, эрсдэлийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээг;
3.1.3. "эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ" гэж нийгмийн эрүүл мэндийн, эмнэлгийн болон эм зүйн тусламж үйлчилгээг;,
3.1.4. "эрүүл мэндийн байгууллага" гэж хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;
3.1.5. "эмнэлгийн мэргэжилтэн" гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг;
3.1.6. "эрүүл мэндийн ажилтан" гэж эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан болон эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа бусад ажилтныг;
3.1.7. "олон улсын хөл хориот өвчин" гэж Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасан өвчнийг;
3.1.8. "идэвхэжсэн голомтыг цомхотгох" гэж мал, амьтнаас хүнд халдварлах байгалийн голомтот халдварт өвчний байгалийн голомт идэвхжих буюу өвчин гарсан үед голомтыг эрүүлжүүлэх арга хэмжээ авахыг;
3.1.9. "эмчлэх" гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.10. "сувилах" гэж өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засахад чиглэсэн сувилагчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.11. "эх барих" гэж жирэмсний, төрөх, төрсний дараах үед эх, ураг, нярайг оношлох, хянах, төрөлтийг удирдах, эмчлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.12. "эм барих" гэж эм зүйн шинжлэх ухааны дагуу эмийг найруулах, савлан бэлтгэх, шалгаж олгох үйл ажиллагааг;
3.1.13. "эм зүйн тусламж үйлчилгээ” гэж эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, экспортлох, импортлох, ханган нийлүүлэх, худалдах, хадгалах, түгээх, олгох, эм барих, эмийн зөв, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эдгээрт хяналт, зохицуулалт хийх цогц үйл ажиллагааг;
3.1.14. “эмнэлгийн тоног төхөөрөмж” гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.10.б-д заасныг;
3.1.15. “эмнэлгийн хэрэгсэл” гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.10-т заасныг;
3.1.16. "эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл" гэж эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологи, чанарт хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргахыг;
3.1.17. "донор" гэж Донорын тухай хуулийн 3.1.2-3.1.4-т заасныг;
3.1.18. "эрүүл мэндийг дэмжих" гэж хүн амын эрүүл зан үйл, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, тэднийг дэмжсэн орчин бүрдүүлэх, хүний эрүүл мэндэд нөлөөлж буй эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйлсийг хянах, сайжруулахад чиглэсэн цогц үйл ажиллагааг.
3.1.19. "эмнэлгийн бусад мэргэжилтэн" гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллеж төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдахгүй бусад мэргэжилтнийг;
3.1.20. "сэргээн засах" гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахад чиглэсэн сэргээн засах болон эмнэлгийн бусад мэргэжилтний хамтын цогц үйл ажиллагааг;
3.1.21. "үндсэн мэргэшил" гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн их эмчийн анагаахын шинжлэх ухааны нэг салбарын чиглэлээр дагнан ажиллах мэдлэг, чадвар, дадлыг;
3.1.22. "төрөлжсөн мэргэшил" гэж анагаах ухааны боловсрол олгох сургууль төгссөн эмнэлгийн мэргэжилтний анагаахын шинжлэх ухааны нэг салбарын нарийвчилсан төрлөөр ажиллах мэдлэг, чадвар, дадлыг;
3.1.23. "эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ" гэж хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан төрөөс өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон үндсэн мэргэшлийн зарим нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг иргэн, гэр бүл, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор харьяалах нутаг дэвсгэрт байгаа хүн бүрд нь нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр үзүүлэх үйл ажиллагааг;
3.1.24. "эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээ" гэж сувилахуйн болон сэргээн засахын дагнасан тусламж, үйлчилгээг 1 сар ба түүнээс дээш хугацаагаар үзүүлэх үйл ажиллагааг;
3.1.25. нийгмийн эрүүл мэндийн ажилтан” гэж Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3.1.17-д заасныг.
3.1.26. “эрүүл мэндийн мэдээлэл” гэж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.15-т заасныг;
3.1.27. “цахим эрүүл мэнд” гэж орчин үеийн цахим технологид суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, нэвтрүүлэх, бүх нийтээр ашиглах боломжийг бүрдүүлж буй үйл ажиллагааг;
3.1.28. “нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” гэж хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох цогц үйл ажиллагааг;
3.1.29. “гүйцэтгэлд суурилан санхүүжүүлэх” гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үр дүн, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд үндэслэн санхүүжилтийн хэмжээ, олголтыг тогтоох санхүүжилтийн тогтолцоог;
3.1.30. “эрүүл мэндийн инновац” гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашиг, аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн шинэ мэдлэг, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, арга зүй, зохион байгуулалтын шийдлийг;
3.1.31. “эрүүл мэндийн технологийн үнэлгээ” гэж эрүүл мэндийн технологи, эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоо, эмчилгээний арга, үйлчилгээний үр нөлөө, аюулгүй байдал, зардал-үр ашгийн харьцаа болон нийгэм, эдийн засгийн нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр иж бүрэн үнэлэх үйл ажиллагааг;
3.1.32. “хүн амын хэрэгцээний үнэлгээ” гэж хүн амын эрүүл мэндийн байдал, өвчлөлийн бүтэц, эрсдэлт хүчин зүйл, хүн ам зүйн онцлогт үндэслэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэрэгцээ, эрэлтийг тодорхойлох судалгаа, дүн шинжилгээ хийх үйл ажиллагааг;
3.1.33. “теле-эрүүл мэнд” гэж мэдээлэл, харилцаа холбооны технологид тулгуурлан зайнаас эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх болон удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх цогц үйлчилгээ, тогтолцоог;
3.1.34. “теле-анагаах ухаан” гэж эрүүл мэндийн мэргэжилтэн нь мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан өвчтөнд зайнаас оношлох, зөвлөгөө өгөх, эмчилгээ хийх, хяналт тавих эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлбэрийг;
3.1.35. “нэг худалдан авагчийн зарчим” гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг нэг санд төвлөрүүлэн цуглуулж, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчидтэй нэгдсэн нөхцөл, стандартаар гэрээ байгуулан санхүүжилт олгохыг;
3.1.36. “стратегийн худалдан авалт” гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэрэгцээ, чанар, үр дүн, зардал-үр ашгийн харьцааг урьдчилан үнэлж, хүн амын эрүүл мэндийн байдал болон тэргүүлэх чиглэл, төсвийн хэмжээнд тулгуурлан ямар тусламж, үйлчилгээг, ямар байгууллагаар, ямар нөхцөлөөр, ямар үнээр, хэдий хэмжээгээр санхүүжүүлэхийг шийдвэрлэн, худалдан авах үйл ажиллагааг.