22.1. Хязгаарлалтын бүсэд экологийн даац, менежментийн төлөвлөгөөнд нийцүүлэн судалгаа, шинжилгээ, аялал жуулчлал, уламжлалт мал аж ахуй, өвөлжөө, хаваржаа, хадлан бэлтгэлийн зориулалтаар болон нутгийн иргэний ахуйн хэрэглээний байгалийн ургамал, ойн дагалт баялгийг ашиглаж болно.
22.2. Экологийн холбоос нутгийг тасалдуулах дэд бүтэц, хашаа, байгууламж барих болон тогтоосон зам, маршрут, байршлаас гадуур тээврийн хэрэгслээр зорчих, шинээр зам гаргахыг хориглоно.
22.3. Шаардлагатай тохиолдолд амьтны нүүдэллэх, шилжилт хөдөлгөөнийг хангах гарц, гарам байгуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
22.4. Тусгай хамгаалалттай газар нутагт энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн хот, суурингийн суурьшлын бүсэд хот, суурин орчмын хязгаарлалтын бүс тогтоож болно.
22.5. Хот, суурин орчмын хязгаарлалтын бүсийн хилийн заагийг Улсын Их Хурал тогтооно.
22.6. Хот, суурин орчмын хязгаарлалтын бүсийн хилийн заагийг өргөтгөх, тусгай хамгаалалттай газар нутагт шинээр суурьшлын бүс байгуулахыг хориглоно.
22.7. Хот, суурин орчмын хязгаарлалтын бүс тогтоох нь тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, хамгаалалтын зорилго, эрх зүйн байдлыг өөрчлөх үндэслэл болохгүй.
22.8. Хот, суурин орчмын хязгаарлалтын бүсийн менежмент, газар ашиглалт, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн асуудлыг дараах баримт бичгийг үндэслэн Засгийн газар баталж, хэрэгжүүлнэ:
22.8.1.хот, суурин орчмын хязгаарлалтын бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө;
22.8.2.инженерийн болон нийгмийн дэд бүтцийн төлөвлөгөө;
22.8.3.ус ашиглалт, бохир ус, хог хаягдлын менежментийн төлөвлөгөө.
22.9. Хот, суурин орчмын хязгаарлалтын бүсэд хүн амын нягтаршил, ус ашиглалт, авто тээврийн ачаалал, бохир ус, хог хаягдлын хэмжээ нь экологийн даацаас хэтрэхгүй байна.
22.10. Хот, суурин орчмын хязгаарлалтын бүсийн газар ашиглалт, барилга байгууламжтай холбогдсон харилцааг Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Газрын тухай хуулиар зохицуулна.