21.1. Ногоон байгууламжийн газарзүйн мэдээллийн системд суурилсан "Ногоон байгууламжийн кадастрын цахим систем" (цаашид "цахим систем" гэх)-ийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ажиллуулна.
21.2. Ногоон байгууламжийн кадастрын зураглалыг гэрээний үндсэн дээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.
21.3. Ногоон байгууламжийн кадастрын зураглал гүйцэтгэсэн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага нь холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгалтын актаар бүх зураг, мэдээллийн эх хувийг кадастрын зураглалын мэдээллийн санд хүлээлгэн өгнө.
21.4. Кадастрын зураглалын мэдээлэлд ногоон байгууламжийн байршил, талбай, хилийн зааг, хөрс, мод, бут, сөөг, зүлэг, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх зам, талбай, ариун цэврийн байгууламж болон бусад мэдээллийг тусгана.
21.5. Ногоон байгууламжийн хилийн заагийн өөрчлөлтийг тухай бүрд бүртгэнэ.
21.6. Цахим систем нь дараах бүрэлдэхүүн хэсэгтэй байна:
21.6.1.ногоон байгууламжийн бүртгэл;
21.6.2.газарзүйн мэдээллийн системд суурилсан кадастрын зураглал;
21.6.3.зайнаас тандан судалгааны тайлан;
21.6.4.мониторингийн тайлан.
21.7. Ногоон байгууламж нь нэгж талбар бүрээр гаргасан дараах мэдээлэлтэй байна:
21.7.1.байршил, ангилал, төрөл, талбайн хэмжээ, нэгж талбарын дугаар, газарзүйн солбицол, төлөв байдал;
21.7.2.мод, бут, сөөг, ургамлын төрөл зүйл, тоо хэмжээ, насжилт, нөхөн тарилт, нөхөн сэргээлт болон арчилгааны түүхчилсэн хувийн хэрэг;
21.7.3.газар эзэмшил, ашиглалтын мэдээлэл;
21.7.4.усалгааны систем, эх үүсвэр, саарал ус, борооны болон дахин ашигласан усны хэрэглээний мэдээлэл;
21.7.5.экологийн үнэ цэнийн үнэлгээ.
21.8. Цахим систем нь газрын нэгдсэн мэдээллийн сан, хот байгуулалтын кадастр, ойн мэдээллийн систем болон бусад холбогдох төрийн мэдээллийн системтэй дундаасаа өгөгдөл солилцох нөхцөлийг бүрдүүлнэ.
21.9. Сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн ногоон байгууламжид жил бүр тооллого хийж, арчилгаа, хамгаалалт, санхүүжилтийн мэдээ, тайланг жил бүрийн 4 дүгээр улиралд багтаан цахим системд оруулж, шинэчлэх ажлыг зохион байгуулна.
21.10. Иргэн, хуулийн этгээд өөрийн тарьж ургуулсан мод, бут, сөөг, зүлгийн талаарх мэдээллийг цахим системд оруулна.
21.11. Цахим системд мэдээлэл илгээсэн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд өгөгдлийн үнэн зөвийг хариуцна.
21.12. Цахим системийг хөтлөх, мэдээлэл оруулах, өгөгдөл солилцох, тайлан гаргах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
21.13. Иргэн, хуулийн этгээд ногоон байгууламжтай холбоотой зөрчлийн талаар цахим системээр дамжуулан мэдээлэх, гомдол гаргах эрхтэй.
21.14. Ирүүлсэн мэдээлэл, гомдлыг тухайн шатны Засаг дарга хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
21.15. Ногоон байгууламжтай холбоотой зөрчлийн талаар мэдээлсэн иргэнийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаална.