Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 4-р сарын 11 өдөр
Улаанбаатар хот
БАЙГАЛЬД ЗОРЧИХ, ЯВГАН АЯЛАХ ЭРХИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь иргэдийн байгальд зорчих, явган аялах эрхийг хангахтай холбогдуулан газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон төрийн байгууллагын эрх үүрэг, тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Байгальд зорчих эрхийн тухай хууль тогтоомж
2.1. Байгальд зорчих, явган аялах эрхийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай /Газрын ерөнхий хууль/, Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Байгальд зорчигч, явган аялагчийн эрх
3.1. Иргэд хуулиар хориглоогүй бол ой, ой хамгааллын зурвас, амралт, сувилал, цэцэрлэгт хүрээлэн, спортын цогцолбор, наран шарлагын газар болон усан сан, гол мөрөн, нуурын мандал, эргээр чөлөөтэй зорчих, явган аялах эрхтэй.
3.2. Байгальд зорчих, явган аялах зорилгоор бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалахыг эрх бүхий байгууллагаас зөвшөөрснөөс бусад тохиолдолд тухайн газарт хохирол учруулахгүйгээр нэвтэрч, дайран өнгөрч болно.
4 дүгээр зүйл. Байгальд зорчигч, явган аялагчийн үүрэг
4.1. Иргэд байгальд зорчих, явган аялахдаа дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
4.1.1. газар, түүний хөрс, газрын хэвлий, түүний баялаг, ус, ургамал, амьтан, агаар болон байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас сэргийлж, байгаль орчиныг бохирду улах, муутгах, гэмтээх, сүйтгэх үйлдэл /эс үйлдэхүй/ гаргахгүй байх;
4.1.2. хог хаях, ил зайдгай гал түлэх, тусгайлан гаргасан орц, гарцнаас өөр газраар нэвтрэх, шинээр зам, зөрөг гаргах, зэрлэг ан амьтны амьдрах орчинг сүйтгэхгүй байх;
4.1.3. оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, 24 цагаас дээш хугацаагаар отоглох, уламжлалт зан үйл, соёлын өвтэй холбоотой үйл ажиллагаанаас бусад олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах;
4.1.4. хориглосон тохиолдолд механикжсан тээврийн хэрэгсэл ашиглах.
5 дугаар зүйл. Төрийн захиргааны байгууллагын эрх
5.1. Төрийн захиргааны байгууллага нь байгальд зорчих, явган аялах эрхийг дараах нөхцөлд хязгаарлах эрхтэй.
5.1.1. байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газрын хэв шинж, унаган төрхийг хадгалах, хамгаалах, экосистемийн хувьд эмзэг газрыг хамгаалах зорилгоор зорчих, явган аялахыг хориглох;
5.1.2. гал түймрийн эрсдэл, зэрлэг ан амьтдын үржилийн үеэр газраар дамжин өнгөрөх буюу зорчих, явган аялахыг хориглох;
5.1.3. тусгай зам гаргах, хог хаях цэг байгуулах.
6 дугаар зүйл. Төрийн захиргааны байгууллагын үүрэг
6.1. Төрийн захиргааны төв байгууллага нь дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
6.1.1. иргэд, аж ахуйн нэгж байгууллагад газар олгохдоо иргэдийн байгальд зорчих, явган аялах эрхийг хангах зорилгоор тодорхой газруудад орц, гарц гаргах, тусгай тэмдэглэгээ хийх;
6.1.2. нэгэнт олгогдсон газруудад шинээр гарц, орц гаргах талаар газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч нартай зөвшилцөн, нөхөн олговор олгох, өөрийн зардлаар гарц орц гаргах, аялагсдад зориулсан тусгай зам гаргах;
6.1.3. орц, гарцыг зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн саналыг харгалзан тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
7 дугаар зүйл. Газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн эрх, үүрэг
7.1. Газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь энэхүү хуулийн 6.1.3-т заасны дагуу тогтоосон орц, гарцыг хааж, аливаа үл хөдлөх эд хөрөнгө, хаалт, хашаа барихгүй байх үүрэг хүлээнэ.
7.2. Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гарц, орцыг хааж үл хөдлөх эд хөрөнгө, хаалт, хашаа барьсан тохиолдолд буруутай этгээдийн зардлаар хамгийн боломжит ойрын зайд шинээр орц, гарц гаргана.
7.3. Энэхүү хуулийн 7.2-т заасны дагуу орц, гарц шинээр гаргах боломжгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийг зөрчиж барьсан үл хөдлөх эд хөрөнгө, хаалт, хашааг албадан чөлөөлж, орц гарцыг нээнэ.
8 дугаар зүйл. Хохирол нөхөн төлүүлэх
8.1. Энэ хуулийн 4.1 дэх хэсгийг зөрчсөн этгээд байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
8.2. Уг хохирлыг өөрийн хүч хөрөнгөөр арилгах арга хэмжээ авах бөгөөд хэрэв мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн бол үүнтэй холбогдон гарсан зардлыг бүрэн хариуцна.
9 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
9.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
9.2. Энэ хуулийг зөрчсөн хувь хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
10 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
10.1. Энэ хуулийг 20... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал

Төсөл боловсруулагчид

Б. ЭНХБАЯР

Ж. СҮХБААТАР

Хуулийн төсөл санаачлагч

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх