9.1. Асран хамгаалагч, түр харагч нь дараах үүрэг хүлээнэ:
9.1.1. олон нийтийн газар гэрийн тэжээвэр амьтантай зорчихдоо тухайн амьтны төрөл, биеийн хэмжээнд тохирсон хүзүүвч, хошуувч, цүнх, хөтөлгөө зэрэг зориулалтын хэрэгсэлтэй авч явах;
9.1.2. гэрийн тэжээвэр амьтан бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх;
9.1.3. гэрийн тэжээвэр амьтан ашиглан бусад хүн, амьтныг айлган сүрдүүлэхгүй байх;
9.1.4. гэрийн тэжээвэр амьтныг хоол хүнсээр хангах, халдварт өвчин, бэртэл гэмтэл авахаас урьдчилан сэргийлэх;
9.1.5. гэрийн тэжээвэр амьтныг зориулалтын буюу улирлын онцлогт тохирсон, агаар солилцоо сайтай, байгалийн гэрэл нэвтрэх боломжтой, хөдлөх хангалттай орон зай бүхий байр, үүр, орчин нөхцөлөөр хангах;
9.1.6. гэрийн тэжээвэр амьтныг цэвэр, аюулгүй орчинд байлгах;
9.1.7. гэрийн тэжээвэр амьтан орон сууц, хашаанаас хараа хяналтгүй гарахгүй байх, бусад амьтан орохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;
9.1.8. гэрийн тэжээвэр амьтан өвдсөн, бэртсэн тохиолдолд анхан шатны тусламж үзүүлж, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид хандах, тусламж үйлчилгээ авах.
9.2. Нохой, муурын асран хамгаалагч нь энэ хуулийн 9.1-т зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ:
9.2.1. нохой, мууранд бичил чип суулгуулж, бүртгүүлэх;
9.2.2. нохой, муурыг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад жил бүр, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад гурваас доошгүй удаа, туулгад улирал тутам хамруулах;
9.2.3. нохой, муур төрснөөс хойш зургаагаас арван хоёр сарын дотор үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх;
9.2.4. нохой, муурын хүзүүвч эсхүл цээживчинд асран хамгаалагчтай холбоо барих мэдээлэл бүхий пайз байршуулах;
9.2.5. олон нийтийн газар, авто зам, гудамж, талбай, орон сууцны орчны газар, цахилгаан болон явган шат, орц, хонгилыг нохой, муурын ялгадсаар бохирдуулахгүй байх, бохирдуулсан тохиолдолд орчныг цэвэрлэж, ялгадсыг зориулалтын хогийн сав болон цэгт хаях;
9.2.6. нохой, муурыг хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгийн талбайд салхилуулахгүй байх;
9.2.7. нохой, муурыг тав хоногоос дээш хугацаагаар хараа хяналтгүй орхихгүй байх;
9.2.8. гэр хороолол, амины орон сууц, зуслангийн хашаанд нохойг уях тохиолдолд зориулалтын хүзүүвч, гурван метрээс багагүй урттай гүйлгээ уяа ашиглах.
9.3. Нохой, муурыг түр харагч нь энэ хуулийн 9.2.5-9.2.8-д заасан үүрэг хүлээнэ.