Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 2-р сарын 08 өдөр
Ulaanbaatar city
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдал, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэргэжлийн нэр хүнд, ёс зүй, хариуцлага, нийгэм эрх зүйн хамгаалалт, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалттай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж
2.1. Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах, үргэлжилсэн сургалт зохион байгуулах, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нэгдсэн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх, зохион байгуулалтыг хангах, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаан дахь ёс зүйн зөрчилтэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх, нийгмийн болон эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэх зэрэг харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил нь гэмт хэрэг болон зөрчлийн шинжтэй бол эмнэлгийн мэргэжилтний танхим хянан шийдвэрлэхгүй.
4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “эмнэлгийн мэргэжилтэн” гэж эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасныг,
4.1.2. .“эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл” гэж эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагааг энэ хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг баталгаажуулсан албан ёсны баримт бичгийг;
4.1.3. “эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа” гэж эмчлэх, сувилах, эх барих, эм барих, сэргээн засах үйл ажиллагааг;
4.1.4. “эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага” /цаашид “Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхим” гэх/ гэж эмнэлгийн мэргэжилтэн заавал гишүүнчлэлтэй, өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг.
5 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн ёс зүйн зарчим
5.1. Хүний эрхийг дээдлэх.
5.2. Хүнлэг, энэрэнгүй сэтгэлээр хандах.
5.3. Хүндэтгэлтэй хандах.
5.4. Чин үнэнч, шударга байх.
5.5. Хүн бүрт тэгш хандаж, үл ялгаварлах, мэдээллээр хангах.
5.6. Хамтын оролцоотой, дэмжлэг үзүүлэх.
5.7. Хариуцлагатай байх, боловсорч хөгжих.
6 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим
6.1. Эмнэлгийн мэргэжилтэн үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална.
6.1.1. үйлчлүүлэгчийн эрүүл мэндтэй холбоотой нууцыг тусгайлан хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд чандлан хадгалах;
6.1.2. мэдлэг, ур чадвараа хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх;
6.1.3. мэргэжил, мэргэшсэн давуу байдлаа ашиглан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзахгүй, саад тотгор учруулахгүй байх;
6.1.4. өвчний түүх болон үйлчлүүлэгчийн нууцтай холбоотой бичиг баримтыг үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр үзэх, бусдад дамжуулах буюу ашиглуулахгүй байх;
6.1.5. шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан хүний амь нас, эрүүл мэндийн төлөө мэдлэг, ур чадвар, туршлага, энэрэх сэтгэлээ зориулан ажиллах;
6.1.6. яаралтай тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд эмчлэгч эмчийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр эмч үзлэг хийх, эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зааварчилгаа өгөхгүй байх;
6.1.7. үйлчлүүлэгчийг илт төөрөгдүүлж, худал ташаа мэдээлэл бүхий сурталчилгаа явуулахгүй байх, аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглаж оролцохгүй байх;
6.1.8. .үйлчлүүлэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр анагаахын болон шинжлэх ухааны туршилтад оруулахгүй байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТ
7 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт
7.1. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт /цаашид “мэргэжлийн шалгалт” гэх/-ын зорилго нь эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн хүний эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтооход чиглэнэ.
7.2. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
7.3. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь эмчлэх, эм барих, сувилах, эх барих, сэргээн засах гэсэн төрөлд тохирсон шалгалтыг өгнө.
8 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах
8.1. Энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос байгуулсан шалгалтын комисс мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг зохион байгуулна.
9 дүгээр зүйл. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад орох эрх
9.1. Магадлан итгэмжлэгдсэн анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад орох эрхтэй.
9.2. Гадаадын иргэн, харьяалалгүй Эрүүл мэндийн тухай хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад орно.
10 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын нууцлал
10.1. Шалгалтын комисс мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын даалгаврын нууцлалыг шалгалт эхлэх хүртэл, түүний хариултын нууцлалыг шалгалт дуусах хүртэл хамгаална.
11 дүгээр зүйл. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт авах журам
11.1. Шалгалт нь мэдлэгийг сорьсон сорилгын болон эмнэлзүйн тодорхой тохиолдлыг стандарт, технологи, удирдамжийн дагуу шийдвэрлэх гардан үйлдлийн шалгалтын хэлбэрээр явагдана.
11.2. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад оролцогч сорилгын шалгалтын нийт онооны 70 ба түүнээс дээш хувийг авсан бол гардан үйлдлийн шалгалтад орох эрхтэй болно.
11.3. Сорилгын болон гардан үйлдлийн шалгалтад авсан нийлбэр дүн нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын нийт онооны 70 ба түүнээс дээш хувьд хүрсэн бол шалгалтад тэнцсэнд тооцно.
11.4. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын журмыг Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн их хурлаар батална.
12 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад тэнцсэн тухай гэрчилгээ олгох
12.1. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо шалгалтад тэнцсэн эмнэлгийн мэргэжилтний жагсаалт болон холбогдох бусад бичиг баримтыг бүрдүүлж мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгуулахаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
12.2. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимаас ирүүлсэн шалгалтын дүнд үндэслэж мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 30 хоногийн дотор эмнэлгийн мэргэжилтэнд олгох үүрэгтэй.
13 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хүргүүлэх
13.1. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг эмнэлгийн мэргэжилтний танхимийн Ерөнхийлөгч эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлж шийдвэрлүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТАНГАРАГ, ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА
14 дүгээр зүйл. Эмнэлгийн мэргэжилтний тангараг
14.1. Хүний их эмчийн тангараг
Анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий их, дээд сургуулийг их эмчийн мэргэжлээр төгссөн хүн бүр "Эмч би, эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангараглая, тангараглая, тангараглая" гэсэн тангараг өргөнө.
14.2. Сувилагчийн тангараг
Анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий их, дээд сургуулийг сувилагч мэргэжлээр төгссөн хүн бүр “Сувилагч би, хүнлэг энэрэнгүй, эелдэг зөөлөн ариун сэтгэлтэй байж, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалж, үйлчлүүлэгчийнхээ зовиур шаналал эмгэгийг анагаахын төлөө, эрдэм мэдлэг, авьяас, чадвараа дайчлан ажиллах, өндөр чадвартай мэргэжилтэн байхаа, Эх орон, ард түмнийхээ өмнө андгайлан тангараглая” гэсэн тангараг өргөнө.
14.3. Эмнэлгийн мэргэжилтний тангараг өргөх ёслолын журмыг Эмнэлгийн мэргэжилтний танхимийн зөвлөл батална.
15 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний эрх
15.1. Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхдээ дараах эрхийг эдэлнэ:
15.1.1. энэ хууль болон холбогдох бусад хуульд заасан нөхцөл, баталгааг эдлэх, шаардах;
15.1.2. өөрт холбогдуулан гаргасан эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн шийдвэртэй танилцах, шийдвэрийг зөвшөөрөх, эс зөвшөөрөх, гомдол гаргах;
15.1.3. мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар хууль зүйн зөвлөгөө авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр хангуулах;
15.1.4. мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой илт худал мэдээлэлд танхимийн зүгээс олон нийтэд залруулга мэдээлэл хийлгүүлэх;
15.1.5. эмнэлгийн мэргэжилтний бусад эрхийг эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн дүрмээр зохицуулна.
15.2. Эмнэлгийн мэргэжилтэн энэ хуулийн 17.1-т заасан эрхээ хууль тогтоомж, олон улсын анагаах ухааны эрх зүйн бичиг баримт, мэргэжлийн ёс зүйн дүрмийн хүрээнд хэрэгжүүлнэ.
16 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний үүрэг
16.1. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхдээ дараах үүрэг хүлээнэ:
16.1.1. Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн ёс зүйн дүрэмд захирагдах;
16.1.2. эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн гишүүн байж, гишүүний татвараа төлөх;
16.1.3. эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн үйл ажиллагаанд хамрагдах, тус танхимаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх;
16.1.4. эмнэлгийн мэргэжилтэн үргэлжилсэн сургалтад хамрагдаж, тодорхой багц цаг хангах;
16.1.5. эмнэлгийн мэргэжилтний бусад үүргийг эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн дүрмээр зохицуулна.
17 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтэнд хориглох зүйл
17.1. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаанд дараах үйлдлийг хориглоно:
17.1.1. эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчих, зөрчихөөр завдах, мэдсээр байж бусдыг тийм үйлдэл хийхэд туслах, хатгах;
17.1.2. эмнэлгийн мэргэжилтэн үнэнч шударга, итгэл даах байдал болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн шаардлагад сөргөөр нөлөөлөх гэмт хэрэг, зөрчил үйлдэх.
18 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагааны ёс зүйн зөрчилд хүлээлгэх хариуцлага
18.1. Энэ хууль, мэргэжлийн болон ёс зүйн дүрмийг зөрчсөн эмнэлгийн мэргэжилтэнд Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороо дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ:
18.1.2. эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 1-6 сарын хугацаагаар хүчингүй болгох саналыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ НИЙГЭМ-ЭРХ ЗҮЙН ХАМГААЛАЛТ
19 дүгээр зүйл. Нийгмийн хамгааллын эрхийг дэмжих
19.1. Хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд Эмнэлгийн мэргэжилтний танхимийн гишүүдэд дэмжлэг үзүүлнэ.
20 дугаар зүйл. Эрх зүйн хамгаалалт
20.1. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхим нь эмнэлгийн мэргэжилтэн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн дараах тохиолдолд түүний хүсэлтээр үнэ төлбөргүй өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлнэ.
20.1.1. эмнэлгийн мэргэжилтний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан;
20.1.2. эмнэлгийн мэргэжилтний биед халдаж, зодсон;
20.1.3. эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байхад нь үл хүндэтгэж, хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгаж танхайрсан;
20.1.4. эмнэлгийн мэргэжилтэнд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн;
20.1.5. эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нууцад халдсан, зөвшөөрөлгүй задруулсан;
20.1.6. эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байхдаа аливаа төрлийн хүчирхийлэлд өртсөн.
20.2. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн хариуцлагын даатгал
20.2.1. эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхим нь эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжлийн хариуцлагын даатгалд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулна.
20.2.2. эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн хариуцлагын даатгалд хамруулах даатгалын байгууллагыг сонгон шалгаруулж, сонгоно.

ТАВДУГААР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАНХИМ
21 дүгээр зүйл. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхим, түүний гишүүнчлэл
21.1. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхим эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн нэр хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх болон энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
21.2. Эмнэлгийн мэргэжилтэн бүр эмнэлгийн мэргэжилтний танхимийн гишүүн байна.
21.3. Эмнэлгийн мэргэжилтний танхим эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн бүртгэлийн сан байгуулж, эмнэлгийн мэргэжилтэнд бүртгэлийн дугаар олгоно.
21.4. Энэ хуулийн 21.3-д заасан бүртгэлийн сан, дугаар олгох журмыг эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн зөвлөл батална.
22 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн чиг үүрэг
22.1. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхим дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
22.1.1. эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах;
22.1.2. эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох саналыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүнд хүргүүлэх;
22.1.3. эмнэлгийн мэргэжилтний үргэлжилсэн болон албан бус сургалтыг зохион байгуулах, багц цагийг тооцох;
22.1.4. эмнэлгийн мэргэжилтний нийгэм, эрх зүйн хамгаалалтыг дэмжиж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
22.1.5. эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм батлах, сахиулах;
22.1.6. анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийн магадлан итгэмжлэлийн комисст орж ажиллах;
22.1.7. эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, бодлогын баримт бичигт санал өгөх, оролцох;
22.1.8. эрүүл мэндийн болон анагаахын шинжлэх ухааны хөгжлийн бодлогыг дэмжих, судалгаа хийх;
22.1.9. төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагатай хамтран ажиллах.
23 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн их хурал
23.1. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн өөрөө удирдах ёсны эрх барих дээд байгууллага нь Эмнэлгийн мэргэжилтнүүдийн их хурал байна.
23.2. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн их хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
23.2.1. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
23.2.2. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
23.2.3. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх, түүний цалингийн хэмжээг тогтоох;
23.2.4. эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн зөвлөлийн гишүүнийг сонгох,
23.2.5. эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны бүрэлдэхүүнийг батламжлах, чөлөөлөх;
23.2.6. эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох, чөлөөлөх;
23.2.7. эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн зөвлөлийн үйл ажиллагааны тайланг сонсох, зөвлөмж өгөх;
23.2.8. эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн гишүүний татварын хэмжээг тогтоох;
23.2.9. эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн дүрмээр тогтоосон бусад бүрэн эрх.
23.3. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн их хурлын ээлжит хуралдаан гурван жилд нэг удаа хуралдах бөгөөд Эмнэлгийн мэргэжилтний их хурал хуралдаан даргалагчаа сонгож, хуралдааны дэгээ тогтооно.
23.4. Эмнэлгийн мэргэжилтний их хурал эмнэлгийн мэргэжилтний төлөөлөгчдийн олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно.
23.5. Эмнэлгийн мэргэжилтний их хуралд оролцох эмнэлгийн мэргэжилтний төлөөлөгчдийг сонгох журмыг Эмнэлгийн мэргэжилтний танхимийн дүрмээр тогтооно.
23.6. Эмнэлгийн мэргэжилтний их хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь эмч, 30 хувь нь сувилагч, 20 хувь нь бусад эмнэлгийн мэргэжилтний төлөөлөл байна.
23.7. Эмнэлгийн мэргэжилтний их хурлын тов болон хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хуралдаан эхлэхээс 30 хоногийн өмнө Эмнэлгийн мэргэжилтний танхимийн Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана.
23.8. Эмнэлгийн мэргэжилтний их хурал энэ хуулийн 23.2.1, 23.2.2, 23.2.7-д заасан асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн дийлэнх олонхын саналаар, бусад асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар тус тус шийдвэрлэж, хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргана.
24 дүгээр зүйл. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн Ерөнхийлөгч
24.1. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн Ерөнхийлөгч нь эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувьд манлайлагч, нэр хүнд, ёс зүйн хувьд үлгэр дуурайлал үзүүлэгч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн байр суурь, бодлогын хувьд илэрхийлэгч байх бөгөөд Анагаах ухааны зөвлөх зэрэгтэй, 50-иас дээш насны Монгол Улсын иргэн байна.
24.2. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн Ерөнхийлөгч нь улс төрийн намын болон намын дэргэдэх төрийн бус байгууллагын гишүүнчлэлгүй хүн байна
24.3. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг улируулан сонгохгүй.
24.4. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн Ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.4.1. эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн зөвлөлтэй зөвшилцөн эмнэлгийн мэргэжилтнүүдийн их хурлыг зарлан хуралдуулах;
24.4.2. эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн зөвлөлийн хуралдааныг даргалах;
24.4.3. эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийг гадаад, дотоод харилцаанд төлөөлөх;
24.4.4. эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн зөвлөлд эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн тамгын газрын даргад нэр дэвшүүлэх;
24.4.5. энэ хуулиар болон эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн дүрмээр олгосон бусад бүрэн эрх.
24.5. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн Ерөнхийлөгч нь Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн захиргааны үйл ажиллагаанд оролцохгүй.
25 дугаар зүйл.. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн зөвлөл
25.1. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ нь Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох чиг үүрэгтэй хамтын удирдлагын байгууллага байна.
25.2. Зөвлөл нь 31 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
25.3. Зөвлөлийн гишүүнийг Эмнэлгийн мэргэжилтнүүдийн их хурлаас гурван жилийн хугацаагаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно.
25.4. Зөвлөлийн гишүүнийг хүндэтгэн үзэх шалтгаан болон өөрийн хүсэлтээр нь зөвлөлийн гишүүнээс чөлөөлж болно.
25.5. Зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.
25.6. Энэ хуулийн 25.2-т заасан Зөвлөлийн гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр Зөвлөлийн хурал хүчинтэй болох бөгөөд хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр батлагдана.
25.7. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн Ерөнхийлөгч, Зөвлөлийн хуралд оролцсон гишүүдийн санал тэнцсэнээс бусад тохиолдолд саналын эрхгүй байна.
25.8. Зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
25.8.1. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
25.8.2. энэ хуульд заасан бусад үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журмыг батлах;
25.8.3. эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал эрхэлсэн хорооноос бусад хороог байгуулж, даргыг нь гурван жилийн хугацаатайгаар томилох;
25.8.4. сайн дурын хороог батламжлах;
25.8.5. эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн тамгын газрын дарга /цаашид “тамгын газрын дарга” гэх/-ыг томилох, чөлөөлөх, түүний цалингийн хэмжээг тогтоох;
25.8.6. эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн тамгын газар /цаашид “тамгын газар” гэх/-ын бүтэц, орон тоог батлах, ажилтны цалингийн хэмжээг тогтоох;
25.8.7. эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн төсөв, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, батлах;
25.8.8. эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн орон нутаг дахь салбар, нэгжийг байгуулах, татан буулгах;
25.8.9. эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар эмнэлгийн мэргэжилтнүүдээс гаргасан өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэх;
25.8.10. энэ хууль болон эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн дүрэм, эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимаас баталсан журмын биелэлтэд хяналт тавих;
25.8.11. энэ хууль болон эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн дүрэмд зааснаас бусад танхимийн зохион байгуулалтын бүтцийг байгуулах, өөрчлөх, татан буулгах.
25.9. Зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байна.
25.10. Зөвлөлийн хуралдааны шийдвэрийг нийтэд мэдээлнэ.
26 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн хороо
26.1. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхим хороодоор дамжуулан чиг үүргээ хэрэгжүүлнэ.
26.2. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхим нь чиг үүргийн болон сайн дурын хороодтой байна.
26.3. Энэ хуулиар Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн тодорхой чиг үүргийг тусгайлан хариуцаж ажиллахаар заасан хороодыг “Чиг үүргийн хороо” гэж нэрлэх бөгөөд Чиг үүргийн хороо үйл ажиллагаагаа Зөвлөлийн өмнө хариуцан тайлагнана.
26.4. Чиг үүргийн хорооны хуралдаан гишүүдийн олонх ирснээр хүчинтэй болох бөгөөд, хуралдаанаас гарах шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батална. Санал тэнцсэн тохиолдолд хорооны даргын саналаар шийдвэрлэнэ.
26.5. Эрүүл мэндийн салбар, мэргэшлийн чиглэлээр Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн гишүүд сайн дураараа нэгдэж хороо /цаашид “сайн дурын хороо” гэх/ байгуулж болно.
26.6. Энэ хуулийн 26.5-т заасан хороо нь дараах шаардлагыг хангана:
26.6.1. хороонд нэгдсэн гишүүдийн тоо 50-аас доошгүй байх;
26.6.2. хорооны оноосон нэр, түүнийг тодорхойлж байгаа салбар, мэргэшлийн үйл ажиллагаа нь бусад хороотой давхцахгүй байх;
26.6.3. хорооны үйл ажиллагаа Чиг үүргийн хорооны үйл ажиллагаатай зөрчилдөхгүй байх.
26.7. Энэ хуулийн 26.6-д заасан шаардлагыг хангаагүй хороог Зөвлөл батламжлахгүй.
26.8. Энэ хуулийн 26.5-т заасан хорооны ажиллах журмыг зөвлөл батална.
26.9. Эмнэлгийн мэргэжилтэн сайн дурын хоёроос илүүгүй хороонд харьяалагдаж, Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй.
26.10. Эмнэлгийн мэргэжилтэн Чиг үүргийн хорооны гишүүнээр ажиллаж байгаа тохиолдолд сайн дурын хорооны гишүүнээр ажиллахыг хориглоно.
26.11. Хорооны энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн дүрмээр зохицуулна.
27 дугаар зүйл. Тамгын газар
27.1. Тамгын газар нь Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхим, түүний Чиг үүргийн хороодын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, бусад хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.
27.2. Тамгын газрыг Тамгын газрын дарга удирдана.
27.3. Тамгын газрын дарга болон бусад ажилтан эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй этгээд байж болно.
27.4. Тамгын газрын даргын эрх хэмжээг Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн дүрмээр тогтооно.
28 дугаар зүйл. Хяналтын зөвлөл
28.1. Хяналтын зөвлөл нь Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн эд хөрөнгийн хуримтлал, зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.
28.2. Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг Эмнэлгийн мэргэжилтний их хурлаас 5 гишүүний бүрэлдэхүүнтэй сонгоно.
28.3. Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн их хурлаар батална.
29 дүгээр зүйл. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо
29.1. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо /цаашид “Шалгалтын хороо” гэх/ нь Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн эмч, сувилагч, бусад эмнэлгийн мэргэжилтэн хорооны гишүүд, түүнчлэн анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийн төлөөлөл оролцсон 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
29.2. Шалгалтын хорооны бүрэлдэхүүнийг Зөвлөл батална.
29.3. Шалгалтын хороо дараах эрх хэмжээтэй байна:
29.3.1. эмнэлгийн мэргэжилтний шалгалт зохион байгуулах үүрэг бүхий Шалгалтын комисс байгуулах;
29.3.2. эмнэлгийн мэргэжилтний шалгалт зохион байгуулах журам боловсруулж, Зөвлөлөөр батлуулах;
29.3.3. эмнэлгийн мэргэжилтний шалгалтын зохион байгуулалт болон даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөхтэй холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх.
29.4. Шалгалтын комисс нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
29.4.1. энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг зохион байгуулах;
29.4.2. сорилгын болон тохиолдолд суурилсан шалгалтад оролцогчдын даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөх;
29.4.3. эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтын дүнг үнэн зөв нэгтгэн Шалгалтын хороонд хүргүүлэх;
29.4.4. шалгалтын даалгаврын боловсруулалт, даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөх аргачлалыг боловсронгуй болгох талаар санал боловсруулах.
29.5. Шалгалтын комиссын гишүүнд урамшуулал олгоно.
29.6. Энэ хуулийн 29.4-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, энэ хуулийн 29.5-д заасан урамшууллыг олгох журмыг Зөвлөл тогтооно.
30 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо
30.1. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн Эмнэлгийн мэргэжилтний үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо /цаашид “Сургалтын хороо” гэх/ нь анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийн төлөөлөл, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй клиникийн төлөөллөөс бүрдсэн 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
30.2. Сургалтын хороо нь эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтын бодлого, үндсэн чиглэл, хэлбэрийг тодорхойлж, эмнэлгийн мэргэжилтний үргэлжилсэн сургалтад зориулан боловсруулсан сургалтын хөтөлбөрийг хянаж хэлэлцэх, сургалт явуулах багш нарын талаар санал өгөх, сургалтын явц үр дүнгийн талаар дүгнэлт гаргах, үргэлжилсэн сургалтын багц цагийг тооцох аргачлал, журмыг боловсруулж Зөвлөлөөр батлуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
30.3. Сургалтын хороо нь эмнэлгийн мэргэжилтний үргэлжилсэн сургалтын чанар, хүртээмж, заавал мэдвэл зохих агуулгад суурилсан сургалтын тогтолцоог бүрдүүлэх, эмнэлгийн мэргэжилтний үргэлжилсэн сургалт зохион байгуулахад Эмнэлгийн мэргэжилтний танхимийн бусад хороог оролцуулах ажлыг хариуцна.
31 дүгээр зүйл. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хариуцлагын асуудал эрхэлсэн хороо
31.1. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, анагаах ухааны эрх зүйн сургалтыг зохион байгуулах, сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйг боловсруулах, сургалтын үр дүнг тодорхойлох, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудлаар судалгаа хийх зэрэг ажлыг Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал эрхэлсэн хороо /цаашид “Ёс зүйн хороо” гэх/ зохион байгуулна.
31.2. Ёс зүйн хороонд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудлаар судалгаа хийдэг, анагаах ухааны боловсрол олгох, их дээд сургууль, коллежид тухайн чиглэлээр хичээл заадаг эмнэлгийн мэргэжилтэн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн боловсролыг дээшлүүлэх, ёс зүйн хувьд эмнэлгийн мэргэжилтнүүдийг манлайлах эрмэлзлэлтэй эмнэлгийн мэргэжилтэн ажиллана.
31.3. Ёс зүйн хороо нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн их хурлаас гурван жилийн хугацаагаар сонгоно
31.4. Ёс зүйн хороо нь эмнэлгийн мэргэжилтэнд холбогдуулан гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй.
31.5. Ёс зүйн хороо Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн болон ёс зүйн дүрмийн хэрэгжилтийн тайланг зөвлөлд танилцуулж, тус дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргаж болно.
31.6. Ёс зүйн хорооны маргаан хянан шийдвэрлэх журмыг Эмнэлгийн мэргэжилтний танхимийн их хурал батална.
32 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хороо
32.1. Эмнэлгийн мэргэжилтний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хороо /цаашид “эрхийг хамгаалах хороо” гэх/ нь эмнэлгийн мэргэжилтэн хуульч нараас бүрдсэн 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
32.2. Эрхийг хамгаалах хороо нь эмнэлгийн мэргэжилтний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, дэмжих замаар хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хангах чиг үүрэгтэй байна.
32.3. Эрхийг хамгаалах хороо нь энэ хуулийн 32.2-т заасан чиг үүргээ эмнэлгийн мэргэжилтнүүдийн нэгдсэн сонирхол хөндөгдсөн нөхцөлд өөрийн санаачилгаар болон Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн даалгавраар хэрэгжүүлнэ.
33 дугаар зүйл. Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг магадлан итгэмжлэлд дүн шинжилгээ хийх хороо
33.1. Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг магадлан итгэмжлэлд дүн шинжилгээ хийх хороо /цаашид “Магадлан итгэмжлэлд дүн шинжилгээ хороо” гэх/ нь анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг магадлан итгэмжлэх журам, анагаах ухааны боловсролын зохистой хөтөлбөрийн стандартын шаардлагыг тогтоох, сургалтын чанар, сургалтын үйл ажиллагаанд судалгаа, шинжилгээ хийх, хэрэгжилтийг хангахад Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд санал хүргүүлнэ.
33.2. Магадлан итгэмжлэлд дүн шинжилгээ хийх хорооны гишүүд нь дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын бүрэлдэхүүнд орж ажиллаж болно.
33.3. Магадлан итгэмжлэлд дүн шинжилгээ хийх хорооны бүрэлдэхүүн нь анагаах ухааны чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг сургалтын байгууллагын багш, судлаач, эмнэлзүйд ажиллаж буй магистр болон түүнээс дээш зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтнээс бүрдсэн 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
34 дүгээр зүйл. Эрүүл мэндийн салбарын бодлогын үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх, бодлогын нөлөөлөл хийх
34.1. Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хүсэлтээр эрүүл мэндийн салбарын бодлогын үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх ажлыг Зөвлөл зохих хороодтой хамтран зохион байгуулна.
34.2. Энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан хороо нь 3-5 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
34.3. Эрүүл мэндийн салбарын бодлогын асуудлаар эмнэлгийн мэргэжилтнүүдийн байр суурийг Улсын Их Хурал, Засгийн газрын өмнө Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхим төлөөлнө.
34.4. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхим бодлогын нөлөөллийн ажлыг зохион байгуулах асуудлыг Тамгын газраараа дамжуулан хэрэгжүүлнэ.
35 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн санхүүжилт
35.1. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн санхүүжилт нь гишүүдийн татвар, хандив, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын хураамж, сургалтын төлбөр, гэрээний дагуу эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэсний орлого, хэвлэн нийтлэлийн ашгаас бүрдэнэ.
35.2. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхим нь тодорхой чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэхээр төрөөс санхүүжилт авах, улсын болон гадаадын байгууллагын хандив, тусламж авч, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж болно.
35.3. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн санхүүгийн тайлан нээлттэй шилэн байх ба санхүүгийн аудитыг 18 сар жил тутамд нэг удаа хийлгэж, гишүүддээ тайлагнана.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
36 дугаар зүйл. Төрийн байгууллага, албан тушаалтанд хориглох зүйл
36.1. Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимаас энэ хуулийг зохих ёсоор хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанд төрийн байгууллага, албан тушаалтнаас нөлөөлөх, саад хийх аливаа үйлдлийг хориглоно.
37 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих
37.1. Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх талаарх Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимийн үйл ажиллагаанд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дэмжлэг үзүүлнэ.
37.2. Улсын Их Хурал, Засгийн газар, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь баталсан хууль, тогтоол, шийдвэр болон бүртгэсэн нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг тухай бүр Эмнэлгийн мэргэжилтнүүдийн танхимд хүргүүлж, эмнэлгийн мэргэжилтнүүдийг эрх зүйн мэдээллээр хангахад дэмжлэг үзүүлэн ажиллана.
38 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
38.1. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
39 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
39.1. Энэ хуулийг 2021 оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх