Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 1-р сарын 02 өдөр
Ulaanbaatar city
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц /цаашид “Цэц” гэх/-ийн бүрэн эрх, үйл ажиллагааны үндсэн зарчим, зохион байгуулалт, бие даасан байдлын баталгаа, Цэцийн гишүүний эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хууль тогтоомж
2.1. Цэцийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль /цаашид “Үндсэн хууль” гэх/,1 Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2. Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хянан шийдвэрлэнэ.
3 дугаар зүйл. Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим
3.1. Цэц үйл ажиллагаандаа гагцхүү Үндсэн хуульд захирагдах, Үндсэн хуульд нийцсэн хууль дээдлэх, тал үл харах, судалгаанд үндэслэх, бие даасан, нээлттэй байх үндсэн зарчмыг баримтална.
4 дүгээр зүйл. Үндсэн хуулийн цэц, түүний бүрэн эрх
4.1. Цэц Үндсэн хуулийг чандлан сахиулах, иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах баталгаа бөгөөд Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий Үндсэн хуулийн шүүх мөн.
4.2. Цэц дараах маргааныг хянан шийдвэрлэж дүгнэлт гаргах замаар энэ хуулийн 4.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлнэ:
4.2.1. хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
4.2.2. ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
4.2.3. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;
4.2.4. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх;
4.2.5. үндсэн эрхийн маргаан.
4.3. Энэ хуулийн 4.2.1, 4.2.2-т заасан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЦЭЦИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
5 дугаар бүлэг. Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлага
5.1. Цэцийн гишүүн Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болзлоос гадна дараах шаардлагыг хангана:
5.1.1. эрх зүйч мэргэжилтэй;
5.1.2. Цэцийн гишүүнээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйтэй.
5.2. Дараах иргэнийг Цэцийн гишүүнээр томилохыг хориглоно:
5.2.1. төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;
5.2.2. сүүлийн дөрвөн жилийн хугацаанд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлсэн;
5.2.3. эрүүгийн хариуцлага хүлээж байсан.
6 дугаар зүйл. Цэцийн гишүүнийг томилох
6.1. Цэц есөн гишүүнээс бүрдэх бөгөөд тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүх /цаашид “эрх бүхий байгууллага, албан тушаалтан” гэх/-ийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно. Цэцийн гишүүнээр зөвхөн нэг удаа дахин томилж болно.
6.2. Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон өдрөөс хойш 45-аас доошгүй хоногийн дотор эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлж, саналаа Улсын Их Хуралд энэ хуулийн 6.6-д заасан танилцуулга, холбогдох баримт бичгийн хамт хүргүүлнэ.
6.3. Улсын Их Хурал Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг санал болгохдоо дараах журмыг баримтална:
6.3.1. Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусах өдрөөс хоёроос доошгүй сарын өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор, хэрэв чуулганы чөлөө цагт эдгээр нөхцөл бий болсон бол ээлжит чуулган эхэлсэн өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор Улсын Их Хурал дахь олонх, цөөнхөөс тэнцвэртэйгээр, аль ч нам, эвсэл олонх болоогүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвслийг авсан суудлын тоогоор нь хувь тэнцүүлж бүрдүүлсэн 9 гишүүн бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурал байгуулна. Нам, эвслийн бүлэг ажлын хэсгийн гишүүнээ өөрөө сонгоно;
6.3.2. Ажлын хэсэг байгуулагдсан өдрөөсөө хойш ажлын 15 өдрийн дотор нийт гишүүнийхээ гуравны хоёрын саналаар Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг сонгоно.
6.4. Ерөнхийлөгч Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг санал болгох тухай захирамж гаргана.
6.5. Улсын дээд шүүх хяналтын шатны шүүхийн шүүгчдээс Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг нийт шүүгчийнхээ олонхын саналаар нууц санал хураалтаар сонгоно. Улсын Их Хурал хяналтын шатны шүүхийн шүүгчийг Цэцийн гишүүнээр томилсноор Улсын дээд шүүхийн шүүгчийн бүрэн эрх нь дуусгавар болно.
6.6. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхээс өмнө тухайн нэр дэвшигч Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг бүрэн хангасан талаарх танилцуулгыг цахим хуудастаа таваас доошгүй ажлын өдөр байршуулна.
6.7. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо энэ хуулийн 6.2-т заасны дагуу санал болгосон нэр дэвшигчийн сонсголыг холбогдох хуульд заасны дагуу зохион байгуулна. Цэцийн гишүүнээр дахин томилогдох тохиолдолд нэр дэвшигчийн сонсголд оруулахгүй.
6.8. Энэ хуулийн 6.2-т заасны дагуу санал болгосон нэр дэвшигчийг Улсын Их Хурал томилохоос татгалзсан бол санал гаргасан байгууллага, албан тушаалтан 30 хоногийн дотор энэ зүйлд заасны дагуу өөр нэр дэвшигчийг санал болгоно.
6.9. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангах боломжтой хүмүүсийг судлах, ярилцлага хийх, ил тод байх, олон нийтийн болон мэргэжлийн оролцоог хангах зэрэг асуудлыг зохицуулсан журмыг энэ хуульд нийцүүлэн баталж, цахим хуудастаа байршуулна.
7 дугаар зүйл. Цэцийн гишүүний бүрэн эрх эхлэх, дуусгавар болох
7.1. Цэцийн гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхэлж энэ хуулийн 7.2-т заасан үндэслэлээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ.
7.2. Цэцийн гишүүний бүрэн эрх дараах үндэслэлээр дуусгавар болно:
7.2.2. бүрэн эрхийн хугацаа дуусаж дараагийн гишүүн томилогдсон;
7.2.3. чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг үндэслэн Улсын Их Хурал чөлөөлсөн;
7.2.4. Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан;
7.2.5. энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Цэцийн гишүүнийг эгүүлэн татах тухай Улсын Их Хурлын шийдвэр гарсан;
7.2.6. гэмт хэрэг үйлдсэн талаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
7.3. Цэцийн гишүүнээр томилогдсоноос хойш төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн нь тухайн гишүүний бүрэн эрх дуусгавар болох үндэслэл болохгүй.
8 дугаар зүйл. Цэцийн гишүүний тангараг
8.1. Цэцийн гишүүн томилогдсоноос хойш 30 хоногийн дотор “Үндсэн хуулийн цэцийн гишүүн би Монгол Улсын Үндсэн хуулийг чин үнэнчээр хамгаалж, маргааныг гагцхүү Үндсэн хуульд захирагдан тал үл харж, хараат бус, шударгаар хянан шийдвэрлэж, Цэцийн гишүүний үүргээ чандлан биелүүлэхээ тангараглая” хэмээн Цэцийн хуралдааны танхимд Үндсэн хуульд тангараг өргөнө.
8.2. Цэцийн гишүүний тангараг өргөх журмыг Үндсэн хуулийн цэцийн дэг /цаашид “Дэг” гэх/-ээр зохицуулна.
9 дүгээр зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн
9.1. Цэц маргааныг Бага, Дунд, Их суудлын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ.
9.2. Бага суудал гурван гишүүнээс, Дунд суудал зургаан гишүүнээс, Их суудал нийт гишүүнээс тус тус бүрдэнэ.
10 дугаар зүйл. Цэцийн зөвлөгөөн
10.1. Цэцийн нийт гишүүнээс бүрдсэн Цэцийн зөвлөгөөн /цаашид “Зөвлөгөөн” гэх/ ажиллана.
10.2. Зөвлөгөөнд хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад Цэцийн гишүүн оролцоно. Зөвлөгөөнийг долоогоос доошгүй гишүүн хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцох бөгөөд энэ хуульд өөрөөр заагаагүй бол Зөвлөгөөнд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлаа шийдвэрлэнэ.
10.3. Зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
10.3.1. Цэцийн даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах;
10.3.2. Үндсэн хуулийн цэцийн дэгийг батлах;
10.3.3. Бага, Дунд суудлын бүрэлдэхүүний хуваарийг жил бүр батлах;
10.3.4. Цэцийн төсвийн талаар санал гаргах, төсвийн гүйцэтгэлтэй танилцах;
10.3.5. Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх;
10.3.6. Цэцийн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг тогтоох, энэ тухай шийдвэрээ Улсын Их Хуралд хүргүүлэх;
10.3.7. Цэцийн ажлын алба /цаашид “ажлын алба” гэх/-ны бүтэц, орон тоо, дүрмийг батлах;
10.3.8. Цэцийн даргын саналаар ажлын албаны дарга, Цэцийн судалгааны төвийн эрхлэгчийг томилох, чөлөөлөх, огцруулах;
10.3.9. Ажлын албаны үйл ажиллагааны тайлан, мэдээлэл сонсох, чиглэл өгөх;
10.3.10. Цэцийн гишүүдийн гуравны нэгээс доошгүйн санал болгосон асуудал.
10.4. Зөвлөгөөн хэлэлцсэн асуудлаараа хууль тогтоомжид нийцүүлэн тогтоол гаргана.
10.5. Зөвлөгөөний хуралдааны тэмдэглэлийг хөтлөн баримтжуулж, архивын нэгж үүсгэн хадгална.
10.6. Дэгийг Цэцийн цахим хуудаст байршуулна.
10.7. Зөвлөгөөн ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байна. Ээлжит Зөвлөгөөнийг улиралд нэгээс доошгүй удаа хуралдуулна. Ээлжит бус Зөвлөгөөнийг энэ хуулийн 11.2-т заасан хугацаанд, эсхүл Цэцийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь, эсхүл Цэцийн даргын саналаар хуралдуулна.
10.8. Цэцийн гишүүн Зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудалтай гурваас доошгүй ажлын өдрийн өмнө урьдчилан танилцаж, хуралдаанд оролцох, санал гаргах тэгш боломжоор хангагдана.
10.9. Зөвлөгөөний ажиллах журмыг Дэгээр зохицуулна.
11 дүгээр зүйл. Цэцийн дарга, түүний бүрэн эрх
11.1. Цэцийн даргыг гурван жилийн хугацаагаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно.
11.2. Цэцийн даргын бүрэн эрх дуусгавар болсон бол Цэцийн нийт гишүүн бүрдсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор түүнийг нөхөн сонгоно. Зөвлөгөөнд Цэцийн нийт гишүүн оролцох, саналаа өгөх үүрэгтэй.
11.3. Цэцийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууцаар санал хурааж нийт гишүүний олонхын санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно. Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш гишүүн нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхын санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхын санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно.
11.4. Цэцийн дарга нь гишүүний бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.4.1. Цэцийг дотоод, гадаадад төлөөлөх;
11.4.2. Зөвлөгөөнийг хуралдуулах, даргалах;
11.4.3. төрийн бусад байгууллагатай харилцахдаа Цэцийн бие даасан байдлыг сахин хамгаалах;
11.4.4. Цэцийн төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Цэцийн төсвийн төслийг Улсын Их Хуралд хүргүүлэх;
11.4.5. Цэцийн гишүүний саналаар судлаачийг нь томилох, чөлөөлөх;
11.4.6. хуульд заасан бусад.
11.5. Цэцийн дарга маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол, бусад бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана.
11.6. Цэцийн тамгыг Цэцийн дарга барина.
11.7. Цэцийн даргын түр эзгүйд Цэцэд хамгийн удаан ажилласан гишүүн Цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ.
Тайлбар:Энэ зүйлд заасан “Цэцэд хамгийн удаан ажилласан гишүүн” гэдэгт хамгийн эхний дугаар бүхий Улсын Их Хурлын тогтоолоор томилогдсон гишүүнийг, хэрэв Улсын Их Хурлын нэг тогтоолоор хэд хэдэн Цэцийн гишүүнийг томилсон бол тухайн тогтоол дахь нэрсийн дараалалд хамгийн эхэнд бичигдсэн гишүүнийг ойлгоно.
12 дүгээр зүйл. Цэцийн ажлын алба
12.1. Цэц нь Цэцийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй, аюулгүй явуулах, ажиллах нөхцөлөөр хангах, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэшсэн, чадварлаг ажлын албатай байна.
12.2. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг шаардлага хангасан эсэх, Цэц урьд нь тухайн асуудлыг шийдвэрлэсэн эсэхийг нягтлан үзэж, бүртгэсэн эсэх талаар үндэслэл бүхий хариуг маргагчид өгөх чиг үүрэг бүхий Ерөнхий бүртгэгч, мөн энэ чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий бүртгэгч ажиллана.
12.3. Ерөнхий бүртгэгч долоогоос доошгүй жил, бүртгэгч гурваас доошгүй жил тус тус мэргэжлээрээ ажилласан байх бөгөөд тэдгээр нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байна.
12.4. Цэцийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий судалгааны төв, номын сан, тусгай архив болон зохион байгуулалтын бусад нэгж ажиллана.
13 дугаар зүйл. Цэцийн гишүүний туслах, судлаач
13.1. Цэцийн гишүүн туслахтай байна. Цэцийн гишүүний туслахыг томилох, чөлөөлөхөд тухайн гишүүний саналыг үндэслэнэ.
13.2. Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой судалгаа хийх чиг үүрэг бүхий гурав хүртэл судлаачтай байна. Судлаач нь харьцуулсан эрх зүйн судалгаа хийх чадвартай эрх зүйч байна.
13.3. Их, дээд сургууль, төрийн бусад байгууллагын удирдлагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр тухайн байгууллагын албан хаагчийг Цэцийн гишүүний судлаачаар хоёр жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно.
13.4. Цэцийн гишүүний хүсэлтээр анх илгээсэн байгууллага болон энэ хуулийн 13.3-т заасан албан хаагчийн өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгаж болно. Албан хаагчийг сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ ХАРААТ БУС, ЦЭЦИЙН БИЕ ДААСАН БАЙДАЛ
14 дүгээр зүйл. Цэцийн гишүүний хараат бус байдал
14.1. Цэцийн гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хараат бус, эрх тэгш байх бөгөөд бусад гишүүний хараат бус байдалд хүндэтгэлтэй хандана.
14.2. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, бусад аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч Цэцийн гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно.
14.3. Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэх явцад бусад этгээдээс нөлөөлөхөөр оролдсон үйлдэл, эс үйлдэхүйг тэмдэглэн баталгаажуулах зорилгоор нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.
14.4. Цэцийн гишүүний нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар маргаан үүсгэсэн даруйд тухайн маргааны оролцогчид тайлбарлан, энэ тухай баримтжуулна.
14.5. Цэцийн гишүүн нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн бол маргааны материалд хавсаргаж, хувийг Цэцийн даргад хүргүүлнэ.
14.6. Цэцийн дарга нөлөөллийн мэдүүлэгт тэмдэглэн баталгаажуулсан үйлдэл, эс үйлдэхүйг шалгуулахаар зохих байгууллага, албан тушаалтанд шилжүүлнэ.
14.7. Энэ хуулийн 14.6-д заасны дагуу шилжүүлсэн баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэж, нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн Цэцийн гишүүн болон Цэцийн даргад хариу мэдэгдэнэ.
14.8. Ажлын алба энэ хуулийн 14.7-д заасны дагуу ирүүлсэн шийдвэрийг тухай бүр нийтэд мэдээлнэ.
15 дугаар зүйл. Цэцийн гишүүний халдашгүй байдал
15.1. Цэцийн гишүүний амь бие, орон байр, ажлын байр, тээвэр, холбооны хэрэгсэл, захидал харилцаа халдашгүй байна.
15.2. Албан үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай материал, техник, тээврийн хэрэгсэл, бие хамгаалах тусгай хэрэгслээр Цэцийн гишүүнийг хангана.
15.3. Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, дуусгавар болгох, эсхүл түүнийг эгүүлэн татахыг хориглоно.
15.4. Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд Цэцийн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр түүнийг баривчлах, албадан саатуулах, цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, орон байр, ажлын байр, биед нь үзлэг, нэгжлэг хийх, баримт бичиг, эд зүйлийг хураан авахыг хориглоно.
15.5. Цэцийн гишүүн, эсхүл түүний гэр бүлийн гишүүний амь нас, аюулгүй байдалд аюул занал учрах нөхцөл үүссэн бол цагдаагийн байгууллага таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг нэн даруй авна.
15.6. Цэцийн гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд болон дараа нь аливаа албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.
15.7. Гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нотлогдоогүй тохиолдолд Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүний бүрэн эрх нь дуусгавар болсны дараа бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үедээ илэрхийлсэн санал, гаргасан шийдвэрийнх нь төлөө аливаа хариуцлагад татахыг хориглоно.
16 дугаар зүйл. Цэцийн гишүүний эдийн засаг, нийгмийн баталгаа
16.1. Цэцийн гишүүний албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байна.
16.2. Цэцийн гишүүний цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.
16.3. Цэцийн төсвийг батлахдаа гишүүний цалин хөлсний хэмжээг өмнөх жилийнхээс бууруулж болохгүй.
16.4. Цэцийн гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг Цэцийн төсвөөс санхүүжүүлнэ.
16.5. Энэ хуулийн 7.2.2-т заасан үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бол Цэцийн гишүүнд сүүлийн нэг жилийн албан тушаалын цалингийн дундаж хэмжээгээр тооцон 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг улсын төсвөөс олгоно.
16.6. Энэ хуулийн 7.2.2-т заасан үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бол гишүүнээр томилогдохын өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах үүргийг тухайн байгууллага, ажил олгогч хүлээх бөгөөд ийм боломжгүй тохиолдолд түүнээс багагүй цалин, хангамж бүхий ажлаар төр хангана. Тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртэлх гурван жилийн хугацаанд Цэцийн гишүүний албан тушаалын цалингийн хэмжээнээс бууруулахгүйгээр тэтгэмжийг сар бүр олгоно. Бага цалинтай ажил эрхэлж байгаа бол өндөр насны тэтгэвэрт гарах хүртэл цалингийн зөрүүг улсын төсвөөс сар бүр олгоно.
16.7. Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүний өндөр насны тэтгэврийг Цэцийн гишүүний цалин хөлсний 60-аас доошгүй хувиар бодож тогтооно.
16.8. Цэцийн гишүүн албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл дараах баталгаагаар хангагдана:
16.8.1. хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол авч байсан цалин хөлсийг бүрэн хэмжээгээр олгох;
16.8.2. хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, авч байсан цалин хөлсний зөрүүг олгох;
16.8.3. хиймэл эд, эрхтэн хийлгэх бол түүний зардал, түүнчлэн гишүүнд туслалцаа, үйлчилгээ үзүүлэх ажилтны хөлс олгох;
16.8.4. магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан бол зардлынх нь 70-аас доошгүй хувийг төр хариуцах.
16.9. Цэцийн гишүүн албан үүргээ гүйцэтгэх үедээ амь насаа алдсан тохиолдолд 60 сарын, өвчний улмаас нас барсан бол 36 сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгоно.
Тайлбар: Цэцийн гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсон иргэний амь насанд урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбогдуулан хохирол учруулсан бол энэ хуулийн 16.9-т заасан буцалтгүй тусламжийг түүний ар гэрт мөн адил олгоно.
17 дугаар зүйл. Цэцийн бие даасан байдал
17.1. Цэцийн бүрэн эрхэд хэн ч халдаж үл болно.
17.2. Цэц аливаа байгууллага, албан тушаалтнаас бие даасан байж, үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлөөр хангагдана.
17.3. Цэцийн гишүүний хараат бус, Цэцийн бие даасан байдалд халдсан, дордуулсан эрх зүйн акт гаргахыг хориглоно.
17.4. Аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн Цэцийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.
17.5. Цэц тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, хэвлэмэл хуудастай байна.
17.6. Цэц өөрийн бэлгэдэлтэй, Цэцийн гишүүн өмсгөл, энгэрийн тэмдэгтэй байх бөгөөд тэдгээрийн загвар, хэрэглэх журмыг Дэгээр зохицуулна. Цэцийн бэлгэдэл, Цэцийн гишүүний өмсгөл, энгэрийн тэмдэг өөрчлөх асуудлыг Цэцийн нийт гишүүн санал нэгтэйгээр шийдвэрлэнэ.
17.7. Цэцийн бэлгэдэл, оноосон нэртэй адил хэлбэр, агуулгатай бэлгэдэл, нэршлийг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.
17.8. Цэц үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг хангасан өөрийн байртай байна.
17.9. Цэцийн байрны аюулгүй байдлыг төрийн тусгай хамгаалалтын байгууллага хариуцна.
17.10. Цэц, түүний гишүүний болон хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хуралдааны дэг сахиулах үүргийг төрийн тусгай хамгаалалтын байгууллага гүйцэтгэх бөгөөд холбогдох журмыг Цэцийн дарга, төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга хамтран батална.
18 дугаар зүйл. Цэцийн төсөв, санхүүгийн баталгаа
18.1. Цэц бие даасан төсөвтэй байх бөгөөд төсөв нь үйл ажиллагаагаа явуулахад хангалттай хүрэлцэхүйц байна.
18.2. Цэцийн төсөв, цалингийн сан, гишүүдийн цалин хөлсний хэмжээг Зөвлөгөөний санал болгосноор Улсын Их Хурал тогтоож, батална.
18.3. Цэцийн гишүүний туслах, судлаач, Ерөнхий бүртгэгч, бүртгэгч болон ажлын албаны бусад ажилтны цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг Улсын Их Хурал батална.
18.4. Цэцийн үйл ажиллагааны төсвийг өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ ХАРИУЦЛАГА
19 дүгээр зүйл. Цэцийн гишүүний баримтлах зарчим, хүлээх үүрэг, хориглох, хязгаарлах зүйл
19.1. Цэцийн гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ зарчимч байж, хүний эрхийг дээдлэх, шударга, хараат бус, бодитой, үндэслэлтэй хандах, тал үл харах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг чанд баримтална.
19.2. Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан холбогдох үүрэг, хориглолт, хязгаарлалтыг дагаж мөрдөнө.
19.3. Цэцийн гишүүнд дараах зүйлийг хориглоно:
19.3.1. бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулах, албан үүрэгтэйгээ холбоогүй зорилгоор ашиглах;
19.3.2. Цэцээр хянан шийдвэрлэх асуудал болон Цэцийн хянаж байгаа маргааны талаар Цэцийн шийдвэр гараагүй байхад өөрийн санал, дүгнэлтийг нийтэд урьдчилан илэрхийлэх, зөвлөгөө өгөх;
19.3.3. өөрийн, эсхүл гэр бүлийн гишүүний эрх, ашиг сонирхол хөндөгдсөнөөс бусад тохиолдолд шүүхэд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд оролцох, бусдыг төлөөлөх, хууль зүйн зөвлөгөө өгөх;
19.3.4. багшлах болон судалгааны ажил гүйцэтгэхээс бусад албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсрах;
19.3.5. улс төрийн, худалдааны, эсхүл хараат бус, тал үл харах байдалд нь харшлах бусад үйл ажиллагаа эрхлэх, оролцох.
20 дугаар зүйл. Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх
20.1. Цэцийн гишүүнд холбогдуулан үүсгэсэн гэмт хэргийг мөрдөн шалгах явцад уул гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзвэл энэ тухай саналаа Улсын ерөнхий прокурор Цэцэд хүргүүлнэ.
20.2. Зөвлөгөөн энэ хуулийн 20.1-д заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын арван өдрийн дотор хуралдаж, Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
20.3. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж байгаа Цэцийн гишүүн Зөвлөгөөнд үг хэлэх эрхтэй бөгөөд санал хураалтад оролцохгүй. Зөвлөгөөнд Улсын ерөнхий прокурор саналаа үндэслэлийн хамт амаар танилцуулна.
20.4. Зөвлөгөөнд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь энэ хуулийн 20.1-д заасан саналыг үндэслэлтэй гэж үзсэн бол Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ.
20.5. Дараах тохиолдолд Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацааны албан тушаалын цалинг бүхэлд нь нөхөн олгоно:
20.5.1. Цэцийн гишүүнд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон;
20.5.2. Цэцийн гишүүнийг гэм буруугүйд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
20.6. Зөвлөгөөний шийдвэргүйгээр Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хориглоно.
20.7. Зөвлөгөөн Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн бол уул шийдвэр гарсан өдрөөс тухайн гишүүний бүрэн эрх дуусгавар болох хүртэл Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн байцаалтын хугацаа зогсоно. Цэцийн гишүүний бүрэн эрх дуусгавар болсон өдрөөс уг хугацааг сэргээн шалгаж болно.
21 дүгээр зүйл. Цэцийн гишүүнийг эгүүлэн татах
21.1. Цэцийн гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан нь түүнийг эгүүлэн татах үндэслэл /цаашид “Цэцийн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл” гэх/ болно.
21.2. Цэцийн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл бий болсон гэж Улсын Их Хурал үзвэл энэ тухай саналаа Цэцэд хүргүүлнэ.
21.3. Зөвлөгөөн энэ хуулийн 21.2-т заасан саналыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хуралдаж, Цэцийн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
21.4. Эгүүлэн татах эсэхийг хэлэлцэж байгаа Цэцийн гишүүн Зөвлөгөөнд үг хэлэх эрхтэй бөгөөд санал хураалтад оролцохгүй. Зөвлөгөөнд Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч Улсын Их Хурлын саналыг үндэслэлийн хамт амаар танилцуулна.
21.5. Цэцийн гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй тухай шийдвэрийг Зөвлөгөөнд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар гаргана.
21.6. Цэцийн гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй тухай шийдвэр гаргасан бол ажлын таван өдрийн дотор уг шийдвэрийг Улсын Их Хурал болон тухайн гишүүнийг анх илгээсэн байгууллага, албан тушаалтанд хүргүүлж нийтэд мэдээлнэ.
21.7. Анх илгээсэн байгууллага, албан тушаалтан Зөвлөгөөний шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор саналаа Улсын Их Хуралд хүргүүлнэ. Уг хугацаанд саналаа хүргүүлээгүй бол Улсын Их Хурал энэ хуулийн 21.8-д заасны дагуу шийдвэрлэхийг зөвшөөрсөнд тооцно.
21.8. Энэ хуулийн 21.6-д заасны дагуу Зөвлөгөөний шийдвэрийг Улсын Их Хурал чуулганы үеэр хүлээн авсан бол ажлын таван өдрийн дараа 14 хоногийн дотор, чуулганы чөлөө цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Зөвлөгөөний шийдвэр, анх илгээсэн байгууллага, албан тушаалтны саналыг үндэслэн Цэцийн гишүүнийг эгүүлэн татах эсэхийг шийдвэрлэнэ.
21.9. Зөвлөгөөний шийдвэргүйгээр Цэцийн гишүүнийг эгүүлэн татахыг хориглоно.
Тайлбар:Энэ зүйлд заасан “анх илгээсэн байгууллага, албан тушаалтан” гэдэгт энэ хуулийн 6 дугаар зүйлийн дагуу Цэцийн тухайн гишүүнийг санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтныг ойлгоно.

ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
22 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
22.1. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
22.2. Энэ хуулийг зөрчсөн төрийн албан тушаалтны үйлдэл гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
22.3. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг, эсхүл бусад гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гарсан бол энэ талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.
23 дугаар зүйл. Дагаж мөрдөх журмын зохицуулалт
23.1. Энэ хууль батлагдсан өдрөөс өмнө томилогдсон Цэцийн гишүүнд энэ хуулийн 5.1, 5.2, 6.5-д заасан шаардлага хамаарахгүй.
24 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
24.1. Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

 . зохицуулагч

Ц. МӨНХ-ОРГИЛ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх