Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 6-р сарын 03 өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫГ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАРААНЫ БИЗНЕСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮС БОЛГОХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилго нь Монгол Улсыг мэдээллийн технологийн гарааны бизнесийн эдийн засгийн чөлөөт бүс болгож, мэдээллийн технологийн салбар дахь хөрөнгө оруулалт, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэрүүдийг тодорхойлох, тус салбарын эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд оршино.
1.2. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсыг мэдээллийн технологийн гарааны бизнесийн эдийн засгийн чөлөөт бүс болгох, мэдээллийн технологийн гарааны компанид төрөөс үзүүлэх дэмжлэгийн хамрах хүрээ, хэлбэр, удирдлага, зохицуулалтын эрх зүйн үндсийг тогтооход чиглэнэ.
2 дугаар зүйл. Монгол Улсыг мэдээллийн технологийн гарааны бизнес, эдийн засгийн чөлөөт бүс болгох хууль тогтоомж
2.1. Монгол Улсыг мэдээллийн технологийн гарааны бизнесийн эдийн засгийн чөлөөт бүс болгох хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хуулиар тодорхойлсон ерөнхий болон нэмэлт шаардлагыг хангасан мэдээллийн технологийн гарааны бизнес эрхлэгчид төрөөс дэмжлэг үзүүлэх харилцаанд үйлчилнэ.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. .“мэдээллийн технологи” гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг;
4.1.2. .“мэдээллийн технологийн гарааны бизнес” гэж шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох зорилгоор мэдээллийн технологийн үйл ажиллагаа эрхэлж буй сонгодог хэлбэрээр болон цахим орчинд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийг;
4.1.3. .“судалгаа, хөгжүүлэлтийн зардал” гэж экспортын чиг баримжаатай мэдээллийн технологийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох зорилгоор судлах, турших, хөгжүүлэх, үйл ажиллагаанд зарцуулагдсан техник хангамж, программ хангамж, үйлчилгээ, ажлын хөлсийг;
4.1.4. “гадаадын хөрөнгө оруулалттай мэдээллийн технологийн гарааны бизнес” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа аж ахуйн нэгжийг;
4.1.5. “мэдээлэл технологийн гарааны бизнесийн эдийн засгийн чөлөөт бүс” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрийг;
4.1.6. “кластер” гэж компани нь үйлдвэрлэл, үйлчилгээний зорилго, төрөл, чиглэл, газар зүйн байршлын хувьд хорших, төрөлжих хэлбэрээр харилцан уялдаатай хамтран ажиллахыг;
4.1.7. .”виртуал хаяг” гэж цаасан хэлбэртэй бичиг баримт, шуудан, илгээмжийг эзэмшигчийн өмнөөс төлөөлөн хүлээн авч дамжуулах үүргийг гэрээгээр хүлээсэн үйлчилгээ үзүүлэгчээс олгосон хаягийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮСЭД БҮРТГЭХ, ТҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
5 дугаар зүйл. Мэдээллийн технологийн гарааны бизнест тавигдах шаардлага
5.1. Мэдээллийн технологийн гарааны бизнес дараах ерөнхий шаардлагыг хангасан байна:
5.1.1. Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тодорхойлолт авсан байх;
5.2. Гадаадын хөрөнгө оруулалттай мэдээлэл технологийн гарааны бизнест дараах нэмэлт шаардлага тавигдана:
5.2.1. Монгол Улсын иргэн болон дотоодын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд тодорхой хувь эзэмшдэг байх;
5.2.2. Монгол Улсад бодит эсхүл виртуал хаягтай байх;
6 дугаар зүйл. Мэдээллийн технологийн гарааны бизнесийн бүртгэл
6.1. Мэдээллийн технологийн гарааны бизнес эрхлэгч нь дараах баримт бичгийг бүрдүүлж Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэх хүсэлтээ цахимаар гаргана.
6.1.1. Монгол Улсад татвар төлөгчөөр бүртгэгдсэн тодорхойлолт;
6.1.2. Мэдээлэл технологийн гарааны бизнест дэмжлэг авах хүсэлт;
6.1.3. Иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
6.2. Гадаадын хөрөнгө оруулалттай мэдээллийн технологийн гарааны бизнес нь энэ хуулийн 6.1-д заасан хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:
6.2.1. Монгол хувь эзэмшигчийн мэдээлэл;
6.2.2. Монгол Улсад бодит эсхүл виртуал хаягийг баталгаажуулах гэрээ, бичиг баримт.
6.3. Хүсэлт гаргагч нь энэ хуулийн 5.1, 5.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзвэл хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдээллийн технологийн гарааны бизнес эрхлэгчээр бүртгэж, цахим мэдээллийн санд оруулна.
6.4. Хүсэлт гаргагч энэ хуулийн 5.1, 5.2-т заасан шаардлагыг хангаагүй, эсхүл баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд татгалзсан хариуг ажлын 5 өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ.
6.5. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дор дурдсан үндэслэлээр мэдээллийн технологийн гарааны бизнес эрхлэгчээр бүртгэхээс татгалзана:
6.5.1. бүртгүүлэхдээ хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;
6.5.2. мэдээлэл, холбооны салбарын ангилалд багтаагүй үйл ажиллагааны чиглэл нэмж бүртгүүлсэн, эсхүл давхар эрхэлсэн;
6.5.3. мэдээллийн технологийн компани татан буугдсан;
6.6. Мэдээллийн технологийн гарааны бизнесийн дэмжлэгт хамрагдах бизнес эрхлэгчийн цахим мэдээллийн сан /цаашид “Мэдээллийн сан” гэх/ нь дараах мэдээллээс бүрдэнэ:
6.6.1. төрийн байгууллага, албан тушаалтнаас гаргасан холбогдох эрх зүйн акт;
6.6.2. бизнес эрхлэгчийн бизнесийн товч мэдээлэл;
6.6.3. техник, технологийн хөгжил, зах зээлийн мэдээлэл;
6.6.4. бүртгэлтэй бизнес эрхлэгчийн оюуны өмч, патентын мэдээлэл;
6.6.5. мэдээллийн технологийн салбарт гадаад, дотоодын буцалтгүй тусламж, зээлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн талаарх мэдээлэл;
6.6.6. гадаад, дотоодод зохион байгуулах үзэсгэлэн, худалдааны тухай мэдээлэл;
6.6.7. хуулиар нууцад хамааруулаагүй бусад мэдээлэл.
6.7. Мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, мэдээлэл цуглуулах, үйлчилгээ үзүүлэх журмыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага боловсруулж, батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ТӨРИЙН БОДЛОГО
7 дугаар зүйл. Мэдээллийн технологийн гарааны бизнесийг дэмжихэд баримтлах зарчим
7.1. Мэдээллийн технологийн компанийг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
7.1.1. төрөөс мэдээллийн технологийн талаар баримтлах бодлогод нийцсэн байх;
7.1.2. экспортын баримжаатай эдийн засгийг бий болгоход чиглэсэн байх;
7.1.3. улс, бүс нутаг, дэлхийд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнтэй байх;
7.1.4. хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжүүлэгчдийг дэлхийд гарахад дэмжих;
7.1.5. өрсөлдөөнийг хязгаарлахгүй, шударга, тэгш боломж олгох.
8 дугаар зүйл. Мэдээллийн технологийн гарааны бизнест төрөөс үзүүлэх дэмжлэг
8.1. Дэмжлэг үзүүлэхэд тавигдах ерөнхий шаардлага:
8.1.1. Монгол Улсад программ хангамжийн бүтээлийн зохиогчийн эрх бүртгүүлсэн байх;
8.2. Гадаадын хөрөнгө оруулалттай мэдээлэл технологийн гарааны бизнест тавигдах нэмэлт шаардлага:
8.2.1. Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлдөг монгол ажилтны тоо 10-аас доошгүй байх;
8.2.2. нийт орлогын 90 хувиас доошгүй хувийг мэдээлэл технологийн үйл ажиллагаанаас олсон байх.
9 дүгээр зүйл. Мэдээллийн технологийн гарааны бизнест төрөөс үзүүлэх дэмжлэг
9.1. Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан шаардлагыг хангасан мэдээллийн технологийн гарааны бизнест төрөөс дараах дэмжлэг үзүүлнэ:
9.1.1. энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан бүртгэлд бүртгүүлсний дараах тайлант хугацаанаас эхлэн 3 жил хүртэлх хугацаанд мэдээллийн технологийн үйл ажиллагаанаас олсон орлогын албан татвараас чөлөөлөх;
9.1.2. мэдээлэл технологийн бизнес эрхлэгч нь 3 буюу түүнээс дээш жил энэ хуульд заасан шалгуурыг хангасан бол 4 дэх жилээс эхлэн мэдээллийн технологийн үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох албан татвараас 50 хувиар чөлөөлөх;
9.1.3. мэдээллийн технологийн компанид хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээдийн оруулсан хөрөнгийн өгөөж, ногдол ашигт ноогдох орлогын албан татварыг чөлөөлөх;
9.1.4. бүтээгдэхүүн, үйлчилгээ экспортод гаргаж байгаа тохиолдолд тухайн гаргаж буй бүтээгдэхүүнийг 8 жилийн хугацаанд экспортын татвараас 50 хувь чөлөөлөх;
9.1.5. экспортод гаргасан болон оюуны өмчид бүртгүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрт судалгаа, хөгжүүлэлтийн зардлын 70 хүртэлх хувьтай тэнцэх 1 удаагийн дэмжлэгийг дотоодын мэдээлэл технологийн гарааны бизнест олгох;
9.1.6. алслагдсан суурин газар, орон нутагт мэдээлэл технологийн гарааны бизнес явуулах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг газар эзэмшиж, ашигласны төлбөрөөс эхний таван жилд 100 хувь, дараагийн таван жилд 50 хувиар чөлөөлөх;
9.1.7. мэдээллийн технологийн гарааны бизнес эрхлэх гадаадын харьяат иргэнд визний хөнгөвчилсөн нөхцөл үзүүлнэ. Хөнгөлөлтийг холбогдох журмаар зохицуулна
9.1.8. Ажиллах хүчний 30 хүртэл хувьтай тэнцэх тооны гадаадын өндөр ур чадвартай мэргэжилтэн авч ажиллуулах бол “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлд заасан ажлын байрны төлбөр төлөх үүргээс 3 хүртэлх жилийн хугацаагаар чөлөөлөх.
9.2. Энэ хуульд заасан дэмжлэгт хамрагдсан мэдээллийн технологийн бизнес нь үйл ажиллагааны санхүү, татварын тайланг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫГ ДЭМЖИХ ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ
10 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
10.1. Засгийн газар мэдээллийн технологийн салбарыг дэмжих талаар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
10.1.1. мэдээллийн технологийн салбарыг дэмжих тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах;
10.1.2. мэдээллийн технологийн салбарын хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх эх үүсвэрийг гадаадын зээл, тусламж, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөвт тусган шийдвэрлүүлэх;
10.1.3. дэмжлэгт хамрагдах мэдээллийн технологийн гарааны бизнесийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, хүсэлт хүлээн авах, үзүүлэх дэмжлэгийг тооцох, хяналт тавихтай холбоотой журмыг батлах;
10.1.4. хуульд заасан бусад бүрэн эрх.
11 дүгээр зүйл. Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
11.1. Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь мэдээллийн технологийн салбарыг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1. шаардлага хангасан мэдээллийн технологийн гарааны бизнесийн бүртгэлийг хөтлөх;
11.1.2. дэмжлэгт хамрагдах мэдээллийн технологийн гарааны бизнесийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, хүсэлт хүлээн авах, үзүүлэх дэмжлэгийг тооцох, хяналт тавихтай холбоотой журмыг боловсруулах;
11.1.3. мэдээллийн технологийн гарааны бизнесийн дэмжлэгийн хэрэгцээг тооцон жил бүрийн улсын төсөвт тусгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
11.1.4. хуульд заасан бусад бүрэн эрх.

ТАВДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
12 дугаар зүйл. Мэдээлэл технологийн гарааны бизнес эрхлэгчийн эрх, үүрэг
12.1. Энэ хуульд заасан шаардлагыг хангаж, дэмжлэгт хамрагдсан мэдээлэл технологийн бизнес эрхлэгч дараах эрх, үүрэгтэй:
12.1.1. өөрийн үйл ажиллагааны санхүү, татварын тайланг холбогдох хууль, тогтоомжийн дагуу гаргах;
12.1.2. харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас гаргасан маягтын дагуу тайлан гаргаж өгөх;
12.1.3. хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан, эрх бүхий байгууллага үйл ажиллагааг нь зогсоосон бол энэ тухайгаа ажлын 5 хоногт багтаан харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бичгээр буюу цахимаар мэдэгдэх;
12.1.4. Төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус аливаа шийдвэр, шаардлагыг биелүүлэхээс татгалзах, зохих журмын дагуу гомдол гаргах эрхтэй.
12.2. Хуульд заасан бусад эрх, үүрэг.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
13 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
13.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
13.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
14 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
14.1. Энэ хуулийг 20… оны … дугаар сарын … - ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Үзэл баримтлал
2. Танилцуулга
3. Судалгаа, лавлагаа, тооцоо, бусад мэдээлэл

Төслийн хэрэглэгчид

Д. ЦОГТБААТАР

Д. ЦОГТБААТАР

Хуулийн төсөл санаачлагч
Д. ЦОГТБААТАР

Н. УЧРАЛ

Administrator
Д. ЦОГТБААТАР

У. ХҮРЭЛСҮХ

Administrator

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх